Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0548

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 8 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0548

Улаанбаатар хот

А.Цэрмаагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч А.Цэрмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, Ц.Ням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болдбаатар нарыг оролцуулан хийж, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 111/ШШ2016/0018 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, А.Цэрмаагийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 11/ШШ2016/0018 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн баримтлан нэхэмжлэгч А.Цэрмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй, Хөдөлмөрийн хууль, Төрийн албаны тухай хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... Нэхэмжлэгч А.Цэрмаа ...2006 оноос Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хяналт шалгалтын байцаагчаар томилогдон улмаар 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тус хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор ажилласан. Тэрээр төрийн албанд ажиллаж байхдаа алдаа дутагдал гаргаж, удирдлагын зүгээс сахилгын шийтгэл хүлээж байгаагүй.

2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын Санхүү бүртгэлийн газрын дарга Ч.Чулуунчимэг ирж Нийгмийн даатгалын газрын дарга Ц.Сэмжиддорж, нягтлан А.Цэрмаа нарыг дарамтлан “ажлаа өг, өргөдлөө өг” гэж загнаж, шахалт үзүүлсний дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын Төлөвлөлт, санхүү бүртгэлийн газарт хандан “өөрийн эрхэлж байсан албан тушаалаас чөлөөлөгдөж, түүний доод албан тушаал болох хяналт шалгалт хариуцсан байцаагчийн ажилд орох хүсэлтэй байгаагаа уламжлан өргөдөл гаргасан”-ыг Ч.Чулуунчимэг дарга нь “хүсэлтийг харгалзан өөр ажилд томилох тухай” гэж цохож Д.Одонтунгалагт өгчээ.

Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс А.Цэрмааг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргахдаа өөрийн хүсэл зоригийн дагуу гаргаагүй, дээд шатны даргын шахалтаар бичсэн өргөдлийг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл заалтуудыг зөрчсөн. А.Цэрмаа нь 3 нас хүрээгүй хүүхэдтэй, төрийн албанд ажиллаж байхдаа удирдлагын зүгээс ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу юм.

Хэдийгээр А.Цэрмаа нь “мэдээ тайлангаа удаа дараа хожигдуулсан зөрчил гаргасан тул ерөнхий нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөгдөх, цаашид өмнө нь ажиллаж байсан хяналт шалгалт хариуцсан байцаагчаар ажиллах тухай” хүсэлт гаргасан гэх боловч энэ нь бусдын дарамт шахалтын улмаас бичсэн өргөдөл гэдэг нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: шалгалтаар ирсэн Ч.Чулуунчимэг даргын “түшиж тулах ахлах нягтлан бодогч та ажлаа сайн хийж чадаагүйн төлөө ажлаа өгөхөө хүлээн зөвшөөрч байна уу” гэх ажлаа өгөхийг шаардсан асуулт бүхий хурлын тэмдэглэл, гэрч н.Азжаргалын “ажлаа өгөхийг шаардсан нь үнэн” гэх мэдүүлэг болон бусад баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Төрийн албан хаагч нь төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ бусдын ямар нэгэн дарамт шахалтгүйгээр зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу бичих байтал “чи алдаа гаргасан, ажлаа өгөхөө хүлээн зөвшөөрч байна уу” гэх дээд шатны даргын тулгасан, шахсан асуултын дагуу бичсэн өргөдлийг үндэслэн, тухайн төрийн албан хаагчаас өөрөөс нь асуулгүй, ямар нэгэн байдлаар тодруулалгүйгээр шууд ажлаас чөлөөлсөн нь буруу юм. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч А.Цэрмаа нь “Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэл, орлого бүрдүүлэлт, хяналтын албаны дарга, ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргажээ.

Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар “Нийгмийн даатгалын ерөнхий газрын Төлөвлөлт, санхүү бүртгэлийн газарт хандаж гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн өргөдлийн дагуу өөрийнх нь хүсэлтээр Санхүү бүртгэл, орлого бүрдүүлэлт, хяналтын албаны дарга, ахлах нягтлан бодогч А.Цэрмааг 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэж Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасныг үндэслэн А.Цэрмааг ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст Нийгмийн даатгалын ерөнхий газрын Төлөвлөлт, санхүү бүртгэлийн дарга хяналт шалгалт явуулж, тус хэлтсийн Санхүү бүртгэл, орлого бүрдүүлэлт, хяналтын албаны дарга, ахлах нягтлан бодогч А.Цэрмааг ажил, албандаа алдаа дутагдал гаргасан тул ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан болох нь 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Баянхонгор аймгийн Барилга, хот байгуулалтын хэлтсийн сургалтын зааланд хийсэн хурлын протокол нь нотлох баримтаар хэрэгт авагдсан байна.

Харин нэхэмжлэгч А.Цэрмаа нь дээрх шаардлагын дагуу “...ажиллаж байх хугацаандаа мэдээ, тайлангаа удаа дараа хожигдуулсан зөрчил гаргасан тул нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна. Цаашид өмнө нь ажиллаж байсан хяналт шалгалт хариуцсан байцаагчаар ажиллах хүсэлтэй байна” гэсэн өргөдлийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын Төлөвлөлт, санхүү бүртгэлийн газарт хандаж 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гаргажээ.

Дээрх үйл баримт болон дүгнэлтээс үзэхэд нэхэмжлэгч А.Цэрмааг өөрийн санаачилгаар буюу Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, А.Цэрмаа нь төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй, харин 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “өмнө ажиллаж байсан хяналт шалгалт хариуцсан байцаагчийн ажилд шилжүүлэн томилох” хүсэлтийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын Төлөвлөлт, санхүү бүртгэлийн газарт хандаж гаргасан байхад хариуцагч Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь төрийн албанаас чөлөөлж байгаа буруу юм.

Тиймээс нэхэмжлэгч А.Цэрмаа нь төрийн албанаас бүрмөсөн чөлөөлөгдөх бус харин өөр ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулах хүсэлтийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын Төлөвлөлт, санхүү бүртгэлийн газарт гаргасан байхад хариуцагч түүнийг төрийн албанаас бүр чөлөөлсөн тушаал гаргасан нь хууль бус юм.

Өөрөөр хэлбэл, ажил, албан тушаалдаа хайнга хандсан, алдаа дутагдал гаргасан эсэхийг тогтоогоогүй, нөгөөтэйгүүр “өөр ажил, албан тушаалд” ажиллахаар гаргасан төрийн албан хаагчийн хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй атлаа өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн нэрийдлээр төрийн албанаас чөлөөлж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэж заасантай нийцээгүй байна.

Хариуцагчаас “Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8.1-д заасныг ноцтойгоор удаа дараа, давхардсан тоогоор 9 удаа зөрчсөн, байгууллагын 2015 оны Төсвийн гүйцэтгэлийн мэдээний орлого, зарлага, хариуцсан дансны дүнг зөрүүтэй гаргасан, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг зөрчсөн зөрчлүүдийг гаргасан” гэж тайлбар гарган нэхэмжлэгч А.Цэрмааг буруутгаж байгаа боловч маргаан бүхий тушаал нь энэхүү үндэслэлээр гараагүй байна.

Иймд, маргаан бүхий акт болох Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Цэрмааг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэл, орлого бүрдүүлэлт, хяналтын албаны дарга, ахлах нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй бөгөөд түүний цалинг ажилгүй байсан хугацаанд буюу 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Цэрмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 111/ШШ2016/0018 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 24 дүгээр зүйлийн 24.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгож, А.Цэрмааг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэл, орлого бүрдүүлэлт, хяналтын албаны дарга, ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацаанд буюу 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаагаар цалинг тооцож, хариуцагч Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                  

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.МӨНХТУЯА

        ШҮҮГЧ                                                                Д.БАТБААТАР

       ШҮҮГЧ                                                                  Э.ХАЛИУНБАЯР