Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 01750

 

 

 

 

 

 

 

 

 

М ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2020/01309 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч Г.Ө-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 57 818 178.06 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ө нь 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Капитал банктай №152 тоот зээлийи гэрээ, 152 тоот Барьцааны гэрээ байгуулан 75 000 000 төгрөгийн зээлийг 20 4 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаатайгаар Дорноговь аймаг, Замын-Үүд 1-р баг ХМХА-ны 16 айлын 1-3 тоот хаягт байрлах, 52 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авахад зориулан орон сууцны зээл авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар худалдан авсан Ү-0714000053 улсын бүртгэлийн дугаартай Дорноговь аймаг, Замын-Үүд 1-р баг, ХМХА-ны 16 айлын 1-3 тоот хаягт байрлах, 52 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 46-р байр 0  тоот хаягт байрлах 32 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 46-р байр 0  тоот хаягт байрлах 32м.кв талбайтай 2 өрөө орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлж орон сууцаа зээлийн барьцаанаас чөлөөлүүлсэн. Үндсэн барьцаа буюу Дорноговь аймаг, Замын-Үүд 1 дүгээр баг ХМХА-ны 16 айлын 1-3 тоот хаягт байрлах, 2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн М-07-024/56 тоот дүгнэлтээр хүн амьдрах боломжгүй гэж, ашиглахыг хориглосон дүгнэлт гарсан.

Капитал банк, Монголын ипотекийн корпораци ХХК нь 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн "Ипотекийн зээлийг худалдах худалдан авах ерөнхий гэрээ-ний дагуу 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Ипотекийн зээл худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Капитал банк нь иргэн Г.Ө-ийн зээлийг М ХХК-д  худалдсан. Капитал банк нь М ХХК-д  тухайн зээлийг худалдсанаас хойш зээлийн төлбөрийг цуглуулах, зээлдүүлэгчийн өмнөөс зээлдэгчтэй харьцах болон бусад төлбөр авагчийн эрхийг хэрэгжүүлэн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан үйлчилгээ үзүүлэн ажиллаж байсан боловч 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Монгол банкны Ерөнхийлөгчийн А-96 тоот тушаалаар татан буугдсан.

Зээлдэгч Г.Ө нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний хавсралт 1-т заасан хувиарт төлбөрөө санаатайгаар төлөхгүй өнөөдрийг хүртэл хугацаа хэтрэлт гаргаж байгаа тул зээлдэгчийн зээлийн гэрээ, барьцааны гэрээг цуцалж, үндсэн зээл 52 298 724.96 төгрөг, үндсэн зээлийн хүү 5 519 453 төгрөг нийт 57 818 178.06 төгрөгийг болон тухайн зээлийг шүүхэд шилжүүлэхтэй холбогдон гарсан улсын тэмдэгтийн хураамжийн зардлыг Г.Ө-ийн цалин хөлс бусад орлого, эд хөрөнгөнөөс гаргуулж, М ХХК-д  олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.Ө нь 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Капитал банктай №152 тоот зээлийн гэрээг байгуулж зээл авсан нь үнэн. Гэвч хариуцагч Г.Ө нь гэрээнд заасны дагуу төлбөрийг тогтмол /хугацаандаа/ төлдөг байсан. Сүүлд Covid-19-c улбаалан санхүүгийн хувьд асуудалтай болсон тул хугацаа хэтрүүлэх тохиолдол гарсан ч энэ талаар М ХХК-д  мэдэгдэж байсан. Гэтэл гэрээний үүргийг зөрчсөн хэмээн шүүхэд хандсанд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу хариуцагч Г.Өлзий-Аюушаас зээлийн гэрээний үүрэгт 57 818 178 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447 041 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 447 041 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: М ОССК  нь банкны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд биш мөртлөө Капитал банкийг татан буугдсанаас хойш зээлийг өөр дээрээ авч, банкны адил хүү нэмж тооцоон иргэдийн мөнгийг хууль бусаар хүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа нь илтэд үндэслэлгүй юм.

Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 банк гэдгийг, 6 дугаар зүйлийн 6.1.1. мөнгөн хадгаламж, 6.1.2. зээл, 6.1.3. төлбөр тооцооны үйлчилгээ гэх зэрэг үйл ажиллагаануудыг банк Монгол банкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ гэж дурдсан байна.

Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар банк нь Монгол банкнаас зохих журмын дагуу шаардлага хангасны үндсэн дээр тусгай зөвшөөрөл авч банкны үйл ажиллагааг Монгол банкны хяналтад хийж гүйцэтгэх үүрэгтэй хуулийн этгээд байна. Гэтэл М ОССК  нь банкны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд биш мөртлөө Капитал банкийг татан буугдсанаас хойш нэхэмжлэл гаргасан 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл банкны адил хүү нэмж тооцоон иргэдийн мөнгийг хууль бусаар хүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа нь илтэд үндэслэлгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу зээлдэгчийн зээлийг хэрхэн яаж тооцсон тооцооллоо гаргаж өгөх ёстой бөгөөд шүүх хуралдаан дээр программ бодсон учир алдаагүй гэсэн тайлбарыг өгөхөөс өөрөөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж чадаагүй.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талаас зээл хүүгийн төлбөрийг хэрхэн яаж тооцсон тооцооллоо гаргаж өгөөгүй нь уг тооцоолол зөв эсэх дээр маргах боломжгүй байна гээд уг тооцооллыг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээж аваагүй нь талууд тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлцэх боломжийг хангаагүй.

Мөн анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ зээл, хүүгийн төлбөрийг хэрхэн яаж тооцсон талаар огт дурдаагүй нь юуг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаад байгаа нь огт ойлгомжгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талаас үндсэн зээлийн хүү болох төгрөгийг үндэслэлгүй гэж хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч М ОССК  нь хариуцагч Г.Ө-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 57 818 178 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“Капитал банк” ХХК, Г.Ө нар нь 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 75 000 000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 20 4 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 20 жилийн хугацаатай зээлдүүлсэн, дээрх гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгч хүлээн авсан /хх-28-38/ үйл баримтын талаар талууд маргаагүй, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

М ХХК , “Капитал банк” ХХК-ийн хооронд  2011 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ипотекийн зээлийн хөрөнгө худалдах худалдан авах ерөнхий гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээний 7.1-д заасны дагуу худалдагч “Капитал банк” ХХК нь өөрийн өмчлөлийн ипотекийн зээлийн хөрөнгө, ипотекийн зээлийн гэрээний дагуу банкны үндсэн ба дагалдах шаардах эрхийн багцыг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч М ОССК  нь тус хөрөнгөд тохирох төлбөрийг худалдагчид төлөх үүрэг тус тус хүлээсэн талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна. /хх8-16/

 

Талууд 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 002 тоот Ипотекийн зээлийн үйлчилгээний гэрээ байгуулж уг гэрээний дагуу худалдсан ипотекийн зээлийн багцын эргэн төлөлтийг хариуцаж, зээлийг төлүүлэх, цуглуулах үйлчилгээ үзүүлж байжээ. /хх-57-73/

 

Мөн М ХХК , “Капитал банк” ХХК-ийн хооронд  2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ипотекийн зээл худалдан авах нэмэлт гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч нь гэрээний хавсралтад тусгасан 2 051 547 474 төгрөгийн үнэ бүхий ипотекийн зээлийн багцыг худалдан авагчид худалдсан байх бөгөөд хавсралт №1-ийн 18 дугаарт Г.Ө-ийн зээлийн гэрээ тусгагдсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх17-20/

 

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлд заасны дагуу М ХХК нь барьцаат үнэт цаас гаргах эрх бүхий орон сууц санхүүжилтийн компани болох талаар хийсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгт “шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ” гэж заасны дагуу дээрх гэрээнүүдээр М ХХК  нь “Капитал банк” ХХК-иас С.Ө-ийн зээлийн гэрээний дагуу бүх эрх үүргийг шилжүүлэн авсан тул шаардах эрхийг шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Түүнээс гадна талууд Ипотекийн зээлийн хөрөнгө худалдах худалдан авах ерөнхий гэрээний 7.1-д “худалдагч нь Худалдан авагчаас хаалтын Өдрөөр Ипотекийн зээлийн үнийг хүлээн авснаар худалдсан хөрөнгөтэй холбогдох бүх эрх үүрэг болон өмчлөх эрх, аливаа бүхий л ашиг сонирхлыг /хамтад нь “Худалдан авсан хөрөнгө” гэх/ холбогдох баталгааных нь /Ипотекийн үйлчилгээ үзүүлэх гэрээнд заагдсан үйлчилгээний эрхийн/ хамт шилжүүлнэ” гэж тохиролцсоныг анхан шатны шүүх Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасантай нийцүүлэн зөв тайлбарлан хэрэглэжээ. Иймд хариуцагчийн “шаардах эрх шилжих үед байсан хэмжээгээр зээлийн эрх М ХХК-д шилжсэн тул уг өдрөөс хойшхи хугацаанд М ХХК зээлийн төлбөрт хүү тооцохгүй” гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь гэрээнд заасны дагуу төлбөрийг хугацаандаа төлдөг байсан, зээлийн хүүг хэрхэн тооцсон нь тодорхойгүй гэж маргасан боловч шүүх хэргийн 33-37, 77 дугаар талд авагдсан банкны зээлийн дансны хуулга, зээл эргэн төлөлтийн хуваарь болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэж, Г.Ө нь 69 799 214 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан ба тэрээр 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 17 500 000 төгрөг төлснийг хасаж тооцож, үндсэн зээлийн үлдэгдэл 52 299 214 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх зээлийн хуримтлагдсан хүү 5 519 453 төгрөг болсныг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Г.Өлзий-Аюушаас гаргуулж М ХХК -д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

 

Хэргийн 100 дугаар талд Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаар тушаал авагдсан бөгөөд уг тушаалаар “Капитал банк” ХХК-г татан буулгаж эрх хүлээн авагчийг томилсон байна. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 26, 27 дугаар зүйлийн 27.6.1, 27.6.2-т заасны дагуу М ХХК нь санхүүгийн байгууллагаас хөрөнгө шилжүүлэн авах, хөрөнгийн багц бүрдүүлэх эрхийнхээ хүрээнд “Капитал” банкнаас ипотекийн зээл худалдан авсан авсан тул Монгол банкны эрх хүлээн авагчаас зөвшөөрөл авах шаардлагагүй. Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2020/01309 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 10  300 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ