Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2020/01309

 

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2020/01309

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэгт байрлах МИК  ОССК ХХК /РД:50/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэгт оршин суух Б овогт Г.Ө  /РД:ХП74/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 57,818,178.06 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, өмгөөлөгч З.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г овогтой Ө  нь РД:/ХП74/ 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр К  банктай №152 тоот зээлийи гэрээ, 152 тоот Барьцааны гэрээ байгуулан 75,000,000 төгрөгийн зээлийг 2034 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаатайгаар Дорноговь аймаг, Замын-Үүд 1-р баг ХМХА-ны 16 айлын 1-3 тоот хаягт байрлах, 52 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авахад зориулан орон сууцны зээл авсан.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар худалдан авсан Ү-0714000053 улсын бүртгэлийн дугаартай Дорноговь аймаг, Замын-Үүд 1-р баг, ХМХА-ны 16 айлын 1-3 тоот хаягт байрлах, 52 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 46-р байр 03 тоот хаягт байрлах 32 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 46-р байр 03 тоот хаягт байрлах 32м.кв талбайтай 2 өрөө орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлж орон сууцаа зээлийн барьцаанаас чөлөөлүүлсэн. Үндсэн барьцаа буюу Дорноговь аймаг, Замын-Үүд 1 дүгээр баг ХМХА-ны 16 айлын 1-3 тоот хаягт байрлах, 2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн М-07-024/56 тоот дүгнэлтээр хүн амьдрах боломжгүй гэж, ашиглахыг хориглосон дүгнэлт гарсан.

К  банк, МИК  ХХК нь 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн "Ипотекийн зээлийг худалдах худалдан авах ерөнхий гэрээ-ний дагуу 2015 оны 07 дугаар сарын 09 -ний өдөр Ипотекийн зээл худалдан авах нэмэлт гэрээ байгуулан К  банк нь иргэн Г  овогтой Ө ийн зээлийг МИК  ОССК ХХК-д худалдсан. К  банк нь МИК  ОССК ХХК-д тухайн зээлийг худалдсанаас хойш зээлийн төлбөрийг цуглуулах, зээлдүүлэгчийн өмнөөс зээлдэгчтэй харьцах болон бусад төлбөр авагчийн эрхийг хэрэгжүүлэн Үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан үйлчилгээ үзүүлэн ажиллаж байсан боловч 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Монгол банкны Ерөнхийлөгчийн А-96 тоот тушаалаар татан буугдсан.

Зээлдэгч Г.Ө  нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний Хавсралт 1-т заасан хувиарт төлбөрөө санаатайгаар төлөхгүй өнөөдрийг хүртэл хугацаа хэтрэлт гаргаж байгаа тул зээлдэгч Г.Ө ийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр К  банктай байгуулсан №152 тоот Зээлийн гэрээ, №152 тоот Барьцааны гэрээг цуцалж, Үндсэн зээл 52,298,724.96 төгрөг, үндсэн зээлийн хүү 5,519,453 төгрөг нийт 57,818,178.06 төгрөгийг болон тухайн зээлийг шүүхэд шилжүүлэхтэй холбогдон гарсан улсын тэмдэгтийн хураамжийн зардлыг Г.Ө ийн цалин хөлс бусад орлого, эд хөрөнгөнөөс гаргуулж, МИК  ОССК ХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Г.Ө  нь 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр К  банктай №152 тоот зээлийн гэрээг байгуулж зээл авсан нь үнэн. Гэвч хариуцагч Г.Ө  нь гэрээнд заасны дагуу төлбөрийг тогтмол /хугацаандаа/ төлдөг байсан. Сүүлд Covid-19-c улбаалан санхүүгийн хувьд асуудалтай болсон тул хугацаа хэтрүүлэх тохиолдол гарсан ч энэ талаар МИК  ОССК ХХК-д мэдэгдэж байсан. Гэтэл гэрээний үүргийг зөрчсөн хэмээн шүүхэд хандсанд гомдолтой байна.

Иймд 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №152 тоот Зээлийн гэрээ, №152 тоот Барьцааны гэрээ-г цуцалж Үндсэн зээл 52,298,724.96 төгрөг, үндсэн зээлийн хүү 5,519,453 төгрөг, нийт 57,818,178.06 төгрөгийг болон тухайн зээлийг шүүхэд шилжүүлэхтэй холбогдон гарсан улсын тэмдэгтийн хураамжын зардлыг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан МИК  ОССК ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч МИК ОССК ХХК нь хариуцагч Г.Ө д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 57,818,178 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, хариуцагч нь К  банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш зөрчиж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 52,298,724 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 5,519,453 төгрөгийн зөрчилтэй, тус зээлийн гэрээний үүргийг зээлдэгчээс шаардах эрхийг К  банк ХХК-аас хууль болон гэрээний дагуу шилжүүлэн авсан гэж тайлбарлаж байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, 75,000,000 төгрөгийн зээл хүлээж авсан бөгөөд зээл хэвийн төлөлттэй байх үед 17,000,000 төгрөгийн бэлэн төлөлт хийж байсан. Уг дүнг буруу тооцон хассан байна. Түүнчлэн МИК нь банкны тусгай зөвшөөрөлтэй этгээд биш тул хуулиас гадуур мөнгө хүүлэх ажиллагаа явуулах эрхгүй. Иймд хүүгийн төлбөрийг зөвшөөрөхгүй, тодорхой тоо хэлэх боломжгүй байгаа хэдий ч үндсэн төлбөрийн дүн ч 52,298,724 төгрөгөөс бага байх ёстой гэж маргаж байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

1.           Зохигчид 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэг талаас К  банк ХХК, нөгөө талаас Г.Ө  нарын хооронд орон сууц худалдан авах зориулалтаар 75,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэйгээр 20 жилийн хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан, тус гэрээний дагуу зээлдэгч Г.Ө  75,000,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтын тухайд маргаагүй. К  банк ХХК болон Г.Ө  нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банкны зээлийн гэрээ байгуулагджээ.

 

2.           Нэхэмжлэгч МИК ОССК ХХК нь зээлийн гэрээний үүргийг зээлдэгчээс шаардан нэхэмжлэх эрхийг зээлдүүлэгч К  банк ХХК-аас шилжүүлэн авсан гэж тайлбарлаж байна. Хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгч байгууллага нь банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй учир дээрх эрхийг шилжүүлэн авсан байж болох ч ийнхүү шаардах эрх шилжиж ирснээс хойших хугацааны үндсэн хүүг тооцон нэхэмжлэх эрхгүй гэж маргаж байна.

 

Хавтаст хэргийн 8-16 дугаар талд нэг талаас МИК ОССК ХХК, нөгөө талаас К  банк ХХК нарын хооронд байгуулагдсан Ипотекийн зээлийн хөрөнгө худалдах худалдан авах ерөнхий гэрээ авагджээ. Тус гэрээний дагуу худалдагч тал болох К  банк ХХК нь өөрийн өмчлөлд байгаа ипотекийн зээлийн хөрөнгө буюу ипотекийн зээлийн гэрээний дагуу банкны үндсэн ба дагалдах шаардах эрхийн багцыг МИК ОССК ХХК-нд шилжүүлэх, худалдан авагч нь тус хөрөнгөд тохирох хариу төлбөр төлөх үндсэн үүргийг хүлээжээ. Улмаар эдгээр талуудын хооронд 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Ипотекийн зээл худалдан авах нэмэлт гэрээ байгуулагдсан байх ба нийт 2,051,547,474 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн багцыг К  банк ХХК-аас МИК ОССК ХХК-нд худалджээ. /хх-ийн 17-19 дүгээр тал/. Тус гэрээний хавсралтад дээрх үнийн дүн бүхий ипотекийн зээлийн гэрээг жагсаалтаар баталсан байх ба энэ жагсаалтын 18-д Г ын Ө ийн зээлийн гэрээ дурдагджээ. /хх-ийн 20 дугаар тал/. Энэхүү нэмэлт гэрээний зүйл нь жагсаалтад дурдсан зээлийн гэрээнүүдийн дагуу банкинд үүссэн шаардах эрх болон барьцааны эрх байна /хх-ийн 11 дүгээр талын арын нүүр, гэрээний 7.1 дэх заалт/.

Маргаан бүхий зээлийн гэрээний зээлдүүлэгчийн шаардах эрх МИК ОССК ХХК-нд тус нэмэлт гэрээний дагуу 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шилжсэн байх ба Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль, Ипотекийн зээлийн хөрөнгө худалдах худалдан авах ерөнхий гэрээний 7.1, Ипотекийн зээлийн үйлчилгээний гэрээний дагуу К  банк ХХК нь МИК ОССК ХХК-нд худалдсан хөрөнгийн багцын эргэн төлөлтийг зээлдэгчдээс цуглуулах зэрэг асуудлыг хариуцан үйлчилгээ үзүүлж ирсэн байна /хх-ийн 57-73 дугаар тал/. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу орон сууцны санхүүжилтийн компани нь арилжааны банкнаас худалдан авсан зээлийн багцын шаардах эрхээр баталгаажсан барьцаат үнэт цаас-ыг зах зээлд гарган худалдаж ипотекийн зээлийн (олон нийтэд нэрлэгдэж заншсанаар 8 хувийн зээл) санхүүжилтийг босгох механизмтай. Энэ ч агуулгаар тус корпорацийн гаргаж байгаа үнэт цаасыг орон сууцны зээлийн болон энэ хуулиар зөвшөөрсөн бусад үл хөдлөх эд хөрөнгийн барьцаатай холбоотой шаардах эрхээр баталгаажуулахаар тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан. Энэ үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн шаардах эрх шилжсэн тухайн цаг мөчид байсан хэмжээгээр зээлийн эрх МИК ОССК ХХК-д шилжинэ, энэ өдрөөс хойших хугацаанд МИК ОССК ХХК үндсэн төлбөрт хүү тооцох эрхгүй гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

МИК ОССК ХХК нь Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр оноосон нэртээ өөрчлөлт оруулж орон сууцны санхүүжилтийн компани буюу ОССК гэх товчлолыг нэмэн бүртгүүлж байжээ. /хх-ийн 3 дугаар тал/. Өөрөөр хэлбэл МИК ОССК ХХК нь Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлд заасан барьцаат үнэт цаас гаргах эрх бүхий орон сууцны санхүүжилтийн компани гэж үзэх үндэстэй байна.

 

Эдгээр үндэслэлээр МИК ОССК ХХК нь зээлдэгч Г.Ө д холбогдох К  банк ХХК-ийн зээлдүүлэгчийн шаардах эрхийг хууль ёсоор болон гэрээний дагуу шилжүүлэн авсан гэж дүгнэх үндэстэй.

 

3.           Нэхэмжлэгч МИК ОССК ХХК нь дээрх зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор зээлийн үндсэн төлбөрт 52,298,724 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 5,519,453 төгрөг, нийт 57,818,178 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч үндсэн төлбөрийн хэмжээг эс зөвшөөрөн алдаатай тооцоолсон гэж маргахдаа 2017 оны 03 дугаар сард төлсөн 17,500,000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хэрхэн хасалт хийсэн нь тодорхойгүй гэж маргадаг. Түүний тооцооллоор энэ төлбөрийг үндсэн төлбөрөөс хасалт хийсэн бол одоогоор үндсэн төлбөрт 40 гаруй сая төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж үзэж байгаа.

Хавтаст хэргийн 77 дугаар талд авагдсан Г.Ө ийн зээлийн дансны хуулгаас үзвэл 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зээлдэгч 17,500,000 төгрөгийг шилжүүлсэн байх ба тус төлбөрийг төлөх үед зээлдэгч зээлийн үндсэн төлбөрт 69,799,214 төгрөгийн үлдэгдэлтэй байжээ. Тухайн үед зээлийн гэрээ хүүгийн болоод үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн аливаа зөрчилгүй байсан үйл баримтын тухайд талууд маргадаггүй. Улмаар дээрх 17,500,000 төгрөг дансны хуулганы хасагдсан баганад байх бөгөөд 69,799,214 төгрөгөөс энэ дүнг хасаж, үндсэн төлбөрт 52,299,214 төгрөгийн үлдэгдэлтэй болжээ. Уг төлбөрийг төлсөн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс хойш зээлдэгч 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд гагцхүү хүүгийн төлбөрийг төлж байсан нь зээлийн дансны хуулгаас тогтоогдож байна. Тодруулбал, зээлийн гэрээнд тохирсон хуваарийн дагуу зээлдэгч сар бүр хамгийн багадаа зээл ба үндсэн хүүгийн төлбөрт нийт 626,981 төгрөг төлөх ёстойгоос 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс хойших хугацаанд 355,348 төгрөгөөс 418,177 төгрөгийн хооронд төлж байжээ. Иймд энэ хугацаанд үндсэн төлбөрөөс хасалт хийгдээгүй байна.

Түүнчлэн 2018 оны 08 дугаар сараас 11 сарын хооронд зээлийн төлөлт хийгээгүйгээс хүүгийн төлбөрт ч зөрчил үүсэж эхэлжээ. Дээрх байдлаар зарим тохиолдолд гагцхүү хүүгийн төлбөрийг нөхөж төлөх замаар 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүрсэн байх ба энэ өдрөөс хойш үндсэн ба хүүгийн төлбөрийн төлөлт зогсжээ. Энэ үед зээлийн үндсэн төлбөр 52,298,724 төгрөг байсан нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-ийн 77 дугаар талын арын нүүр/ Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн 2017 оны 03 дугаар сард төлсөн 17,500,000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрөөс хасаагүй гэх дүгнэлтийг зөвшөөрөх боломжгүй байна.

 

Энэ үндэслэлээр хариуцагч Г.Ө аас зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үүргийн зөрчилд 52,298,724 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасантай нийцнэ.

 

4.           Нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний хүүгийн төлбөрт 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд 5,519,453 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагчийн өмгөөлөгч хүүгийн төлбөрийг МИК ОССК ХХК нь банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд биш гэх үндэслэлээр хүүгийн төлбөрийг эс зөвшөөрөн маргаж байна.

Нэхэмжлэгч МИК ОССК ХХК-ийн эрх зүйн байдал, бизнесийн үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулиар тусгайлан зохицуулж байгаа талаар шүүх өмнө нь дүгнэсэн ба иргэдийг орон сууцжуулах төрийн бодлоготой уялдуулан банкнаас олгох ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох үндсэн зорилготойгоор орон сууцны санхүүжилтийн компанийг байгуулдаг. Энэ ч агуулгаар тус байгууллагад арилжааны банкуудаас худалдан авч буй зээлийн багцын шаардах эрх бүхэлдээ аливаа хязгаарлалтгүйгээр шилжихээр хуульд заажээ. Иймд МИК ОССК ХХК-ийн хариуцагч Г.Ө аас 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаагаар шаардан нэхэмжилсэн үндсэн хүүгийн төлбөрийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай тус нийцэж байна.

 

Эдгээр үндэслэл, үйл баримтад суурилан Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу хариуцагч Г.Ө аас зээлийн гэрээний үүрэгт 57,818,178 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МИК ОССК ХХК-нд олгох үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.      Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу хариуцагч Г.Ө аас зээлийн гэрээний үүрэгт 57,818,178 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МИК ОССК ХХК-нд олгосугай.

 

2.      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447,041 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 447,041 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МИК ОССК ХХК-нд олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.      Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА