Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/00434

 

 

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/00434

 

 

Монголын ипотекийн корпораци

ОССК ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2020/01309 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1750 дугаар магадлалтай,

Монголын ипотекийн корпораци ОССК ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Г.*******д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 57,818,178.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Монголын ипотекийн корпораци ОССК ХХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 57,818,178.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2020/01309 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу хариуцагч Г.*******аас зээлийн гэрээний үүрэгт 57,818,178 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МИК ОССК ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447,041 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 447,041 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МИК ОССК ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1750 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2020/01309 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.12-ны өдрийн 1750 дугаартай магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч миний бие дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Монголын ипотекийн корпораци ОССК нь 2015.07.09-ний өдөр Капитал банктай байгуулсан Ипотекийн зээл худалдан авах нэмэлт гэрээ-ний дагуу Г.*******ийн зээлийг худалдан авсан. Уг үндэслэлээр шүүхэд Г.******* болон Капитал банктай байгуулсан 2014.02.28-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 52,298,724.96 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 5,519,453 төгрөг, нийт 57,818,178.06 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Гэтэл Монголын ипотекийн корпораци ОССК нь банкны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд биш мөртлөө Капитал банкыг татан буугдсанаас хойш зээлийг өөр дээрээ авч, банкны адил хүү нэмж тооцон иргэдийн мөнгийг хууль бусаар хүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа нь илтэд үндэслэлгүй юм. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлнэ гэж, 6 дугаар зүйлийн 6.1-т Банк Монгол банкны тусгай зөвшөөрөлтэйгөөр дараах үйл ажиллагаа эрхлэнэ гээд 6.1.1. мөнгөн хадгаламж, 6.1.2. зээл, 6.1.3. төлбөр тооцооны үйлчилгээ гэх зэрэг үйл ажиллагаануудыг дурдсан байна. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-т Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна. Дээрх хуулийн зохицуулалтуудаас харахад Банк нь Монгол банкнаас зохих журмын дагуу шаардлага хангасны үндсэн дээр тусгай зөвшөөрөл авч банкны үйл ажиллагааг Монгол банкны хяналтан дор хийж гүйцэтгэх үүрэгтэй хуулийн этгээд байна. Гэтэл Монголын ипотекийн корпораци ОССК нь банкны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд биш мөртлөө Капитал банкыг татан буугдсанаас хойш нэхэмжлэл гаргасан 2020.04.08-ны өдрийг хүртэл банкны адил хүү нэмж тооцон иргэдийн мөнгийг хууль бусаар хүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа нь илтэд үндэслэлгүй юм. Мөн анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлээ 2011.06.02-ны өдрийн ипотекийн зээлийн хөрөнгө худалдах-худалдан авах ерөнхий гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээний 7.1-д заасны дагуу худалдагч Капитал банк ХХК нь өөрийн өмчлөлийн ипотекийн зээлийн хөрөнгө, ипотекийн зээлийн гэрээний дагуу банкны үндсэн ба дагалдах шаардах эрхийн багцыг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч Монголын Ипотекийн корпораци ОССК ХХК нь тус хөрөнгөд тохирох төлбөрийг худалдагчид төлөх үүрэг тус тус хүлээсэн талаар хийсэн дүгнэлт зөв хэмээн үзсэн. Гэвч шаардах эрхийн багцыг худалдан авагчид шилжүүлсэн нь худалдан авагч Монголын Ипотекийн корпораци ОССК ХХК иргэн А.*******аас үндсэн зээлийн төлбөр буюу 52,298,724.96 төгрөгийг нэхэмжлэх, багцын эргэн төлөлтийг хариуцаж, зээлийг цуглуулах эрхтэй гэдгийг нотлох боловч зээлийн хүүг үргэлжлүүлэн тооцож нэхэмжлэх эрхтэй гэх утгыг агуулахгүй юм. ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан. Энэ үүргийнхээ дагуу зээлдэгчийн зээлийг хэрхэн яаж тооцсон тооцооллоо гаргаж өгөх ёстой бөгөөд шүүх хуралдаан дээр праграмм бодсон учир алдаагүй гэсэн тайлбарыг өгөхөөс өөрөөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж чадаагүй юм. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талаас зээл, хүүгийн төлбөрийг хэрхэн яаж тооцсон тооцооллоо гаргаж өгөөгүй нь уг тооцоолол зөв эсэх дээр маргах боломжгүй байна гээд уг тооцооллыг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээж аваагүй нь талууд тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлцэх боломжийг хангаагүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал үндсэн зээлийн хүүг хэрхэн яаж тооцсон тооцооллоо гаргаж өгөлгүйгээр үндсэн зээл 52,298,724.6 төгрөг, үндсэн зээлийн хүү 5,519,453 төгрөг, нийт 57,818,178.06 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд программаар бодсон учир алдаагүй... гэх тайлбараас өөрөөр нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй юм. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд үндэслэлдээ зээл, хүүгийн төлбөрийг хэрхэн яаж тооцсон талаар огт дурдаагүй нь юуг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаад байгаа нь огт ойлгомжгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талаас үндсэн зээлийн хүү болох 5,519,453 төгрөгийг үндэслэлгүй гэж хүлээн зөвшөөрөхгүй байх тул ИХШХШТХуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дах хэсэгт заасныг үндэслэн шийдвэр, магадлалын зарим хэсгийн хүчингүй болгож, өөрчилж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

6. Нэхэмжлэгч Монголын ипотекийн корпораци ОССК ХХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 57,818,178.06 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

 

7. Хариуцагч Г.******* ...75,000,000 төгрөгийн зээл хүлээж авсан ба зээл хэвийн төлөлттэй байх үед 17,000,000 төгрөгийн бэлэн төлөлт хийж байсан. Уг дүнг буруу тооцон хассан байна. Түүнчлэн Монголын ипотекийн корпораци ОССК ХХК нь банкны тусгай зөвшөөрөлтэй этгээд биш тул хуулиас гадуур мөнгө хүүлэх ажиллагаа явуулах эрхгүй. Иймд хүүгийн төлбөрийг зөвшөөрөхгүй, тодорхой тоо хэлэх боломжгүй байгаа хэдий ч үндсэн төлбөрийн дүн 52,298,724 төгрөгөөс бага байх ёстой гэж гэж маргажээ.

 

8. Анхан шатны шүүх ...Капитал банк ХХК нь өөрийн өмчлөлд байгаа ипотекийн зээлийн хөрөнгө буюу ипотекийн зээлийн гэрээний дагуу банкны үндсэн ба дагалдах шаардах эрхийн багцыг МИК ОССК ХХК-д шилжүүлж, улмаар талуудын хооронд 2015.07.09-ний өдөр Ипотекийн зээл худалдан авах нэмэлт гэрээ байгуулагдаж, тус гэрээнд Ганбаатарын *******ийн зээлийн гэрээ багтжээ. Энэхүү нэмэлт гэрээний зүйл нь жагсаалтад дурдсан зээлийн гэрээнүүдийн дагуу банкинд үүссэн шаардах эрх болон барьцааны эрх байна гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

 

9. Давж заалдах шатны шүүх ...Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгт шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ гэж заасны дагуу дээрх гэрээнүүдээр Монголын ипотекийн корпораци ОССК ХХК нь Капитал банк ХХК-аас С.*******ийн зээлийн гэрээний дагуу бүх эрх, үүргийг шилжүүлэн авсан тул шаардах эрхийг шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэлтэй. гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэгийн ... Монголын ипотекийн корпораци ОССК ХХК нь банкны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд биш мөртлөө Капитал банкыг татан буугдсанаас хойш нэхэмжлэл гаргасан 2020.04.08-ны өдрийг хүртэл банкны адил хүү нэмж тооцон иргэдийн мөнгийг хууль бусаар хүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа нь илтэд үндэслэлгүй юм. ... нэхэмжлэгч тал үндсэн зээлийн хүүг хэрхэн яаж тооцсон тооцооллоо гаргаж өгөлгүйгээр үндсэн зээл 52,298,724.6 төгрөг, үндсэн зээлийн хүү 5,519,453 төгрөг, нийт 57,818,178.06 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд программаар бодсон учир алдаагүй... гэх тайлбараас өөрөөр нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй ба үндсэн зээлийн хүү болох 5,519,453 төгрөгийг үндэслэлгүй гэж хүлээн зөвшөөрөхгүй байх тул ИХШХШТХуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дах хэсэгт заасныг үндэслэн шийдвэр, магадлалын зарим хэсгийн хүчингүй болгож, өөрчилж өгнө үү гэсэн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

Учир нь, хэргийн 77 дугаар талд авагдсан Г.*******ийн зээлийн дансны хуулгаас харвал 2017.03.22-ны өдөр зээлдэгч 17,500,000 төгрөгийг шилжүүлсэн байх ба тус төлбөрийг төлөх үед зээлдэгч зээлийн үндсэн төлбөрт 69,799,214 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Улмаар дээрх 17,500,000 төгрөг төлөгдөж, үндсэн зээлийн төлбөр 52,299,214 төгрөг болжээ. Энэ төлбөрийг төлсөн 2017.03.22-ны өдрөөс хойш зээлдэгч 2017.08.24-ний өдрийг хүртэлх хугацаанд гагцхүү хүүгийн төлбөрийг төлж байсан нь зээлийн дансны хуулгаас тогтоогдож байна. Тодруулбал, зээлийн гэрээнд тохирсон хуваарийн дагуу зээлдэгч сар бүр хамгийн багадаа зээл ба үндсэн хүүгийн төлбөрт нийт 626,981 төгрөг төлөх ёстойгоос 2017.03.22-ны өдрөөс хойших хугацаанд 355,348 төгрөгөөс 418,177 төгрөгийн хооронд төлж, хамгийн сүүлд 2018.09.24-ний өдрөөс хойш үндсэн ба хүүгийн төлбөрийн төлөлт зогсжээ. Энэ үед зээлийн үндсэн төлбөр 52,298,724 төгрөг байсан нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 57,818,178 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн, шүүх хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгт шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ гэж заасны дагуу дээрх гэрээгээр Монголын ипотекийн корпораци ОССК ХХК нь Капитал банк ХХК-аас С.*******ийн зээлийн гэрээний дагуу бүх эрх, үүргийг шилжүүлэн авсан тул шаардах эрхийг шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэлтэй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

11. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн гэрээний маргааны үйл баримтад Иргэний хуулийн зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2020/01309 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1750 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 103,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

П.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОЛМОН