Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 01776

 

 

 

Т.Д-ийннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,     

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/01545 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Д-ийнхариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонжаргал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Д нь “Төрийн банк” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байгаад 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллахаар 4 жилийн хугацаатай контракт байгуулсан. Т.Д нь ажиллах хугацаандаа банкинд хохирол учруулаагүй байхад тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 11/24 тоот тушаалаар албан үүргээ гүйцэтгэхийг түр түдгэлзүүлсэн. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 139 тоот тогтоолоор Т.Дийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж гэмт хэргийн улмаас олсон 25 000 000 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэсэн бөгөөд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, нэмэгдэл ялын хугацаа дууссан тул гүйцэтгэх захирлын орлогчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Төрийн банк” ХХК-ийн төлөөлөгч Ч.Рэгзэн, Ж.Болорчимэг нар шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Д нь “Төрийн банк” ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр контрактын гэрээний дагуу ажиллаж байсан.  Энэхүү гэрээний 1.3-д зааснаар контрактыг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 3 жилийн хугацаатай байгуулж, 5 дугаар зүйлд заасны дагуу жил бүр дүгнэн баталгаажуулна гэж заасан. Контрактын хугацаа 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дууссан, цаашид сунгаадаагүй. Гүйцэтгэх захирлын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 11/24 тоот Т.Д-ийналбан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай тушаал гарсан. Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч комиссар Н.Ганхуягийн тогтоолын дагуу банкны зүгээс тушаалаар албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн. Уг тогтоолын тогтоох хэсэгт “Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум Дөрвөлжин орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 800 000 000 төгрөгийн зээл олгохдоо хууль тогтоомж зөрчин шийдвэр гаргуулж 25 000 000 төгрөгийн хээл хахуулыг бусдаар дамжуулан авсан хэрэгт шалгагдаж байгаа тул түүний ажил үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсүгэй” гэсэн тул албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлсэн. Мөн шүүхийн шийтгэх тогтоолоор Т.Дд ял оноосон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдох урьд эрхэлж байсан гүйцэтгэх захирлын орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэгч Т.Д-ийннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэлийн шаардалагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 139 тоот тогтоол, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-т хэсэгт "Ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно." гэж заасныг үндэслэсэн. Эрүүгийн хэргийн шүүхийн тогтоол нь өөрөө хуулийн хүчин төгөлдөр шүүхийн тогтоол биш өөрөөр хэлбэл, тус хэргийг давж заалдах шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн болно. Талууд хэн аль ч хуулийн хүчин төгөлдөр бус шүүхийн тогтоолыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй байхад хуулийн хүчин төгөлдөр бус шүүхийн тогтоолыг үндэслэсэн нь Иргэний хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйл, 116.2 дахь хэсэгт "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, мөн зүйлийн 116.3. дахь хэсэг “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана" гэж заасныг зөрчсөн.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад “Төрийн банк болон Т.Д нарын хооронд байгуулагдсан контрактыг дүгнэсэн эсэх, эс дүгнэсэн эсэх талаар талууд хэн нь ч тодорхой хариулт өгөөгүй, мөн талуудын хооронд байгуулагдсан контрактын хугацааг ямар хугацаагаар тодорхойлж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь контрактын 1.3-т "Контрактыг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 3 жилийн хугацаанд байгуулж байгаа бөгөөд Контрактын 5 дугаар зүйлд заасны дагуу жил бүр дүгнэн баталгаажуулна" гэж, Контрактын 7 дугаар зүйл 7.1.2-т "Контрактын 4 жилийн хугацаа дууссан бөгөөд цаашид сунгагдахгүй болсноор Контрактыг дуусгавар болгоно" гэж заасан байна. Эндээс үзвэл энэхүү талуудын хооронд байгуулагдсан контрактын хугацаа нь контрактыг дуусгавар болгохоор заасан зүйл заалт буюу контрактын 7 дугаар зүйлд заасны дагуу зохицуулагдах хууль зүйн үндэслэлтэй байтал шүүх контрактын аль заалтыг үндэслэл болгон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэсэн нь ойлгомжгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид эвлэрэх талаар ярилцаж, Эвлэрлийн гэрээний нөхцөл зүйлийн талаар харилцан тохиролцоонд хүрэх боломжтой байх тул эвлэрэх боломжит хугацаа олгохыг хүсэхэд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүсэн маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн, зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн  байна.

Нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдуулан нийтийн албанд томилох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялын хугацаа дууссан тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч комиссарын тогтоолын дагуу нэхэмжлэгчийг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн. Мөн шүүхийн шийтгэх тогтоолоор Т.Дд ял оноосон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэж маргажээ.

“Төрийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/1197 дугаар тушаалаар Т.Дийг 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тус банкны гүйцэтгэх захирлын орлогчоор томилж, мөн оны 12 дугаар сарын 10-ны өдөр контрактын гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан /хх-6, 7-9/ боловч гүйцэтгэх захирлын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Н/24 дугаар тушаалаар 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн түүний албан үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлсэн байна. /хх-5/

Хариуцагч байгууллага нь Т.Д-ийнажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлэхдээ эрх бүхий байгууллага болох Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч комиссарын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоол болон Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлүүлж, цалин хөлс олгохыг зогсооно” гэж заасныг үндэслэл болгожээ. 

Нэхэмжлэгч Т.Д нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 139 дугаар шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялаар шийтгүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон ба энэ талаар зохигч маргаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсноор хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох үндэслэлийг заасан тул талуудын хооронд байгуулсан контрактын гэрээний харилцаа хуульд зааснаар дуусгавар болжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч “Төрийн банк” ХХК-тай байгуулсан контрактын гэрээний хугацаанд ял шийтгүүлсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт зааснаар контрактын гэрээний хугацааг сунгасанд тооцох боломжгүй юм.

Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацаа дууссан байхад хариуцагч нь урьд эрхэлж байсан ажилд нь томилоогүй, түүний хөдөлмөрлөх эрхийг ажил олгогч зөрчсөн гэх гомдол угаас хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

   Нэхэмжлэгч Т.Д-ийнхариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан гүйцэтгэх захирлын орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах  гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/01545 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                       \ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                          Д.БАЙГАЛМАА