Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 01699

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2020/01699

 

 

М.Лын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/01427 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Лын хариуцагч Ш.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 277 890 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г Должинсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Н.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч М.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ш.М нь М.Лтай 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээг тус тус байгуулан 157,000,000 төгрөгийг бэлнээр сарын 4,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлж, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон /16030/ Энгельс гудамж, 28 дугаар байрын 2 тоотод байрлалтай, 95.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Гэрээний хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дууссан ч зээлдэгч өнөөдрийг хүртэл зээлийн үүргээ биелүүлэхгүй байна. Ингээд өнөөдрийн байдлаар үндсэн зээл 157,000,000 төгрөг, 6 сарын хүү нийт 42,390,000 төгрөг,  зээлийн гэрээний 3 дахь хэсэгт заасан зээлдэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн  232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,1 хувийн алданги тооцож зээлдэгчид төлнө гэж заасан бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийг буюу нийт 992 хоног Ш.М хугацаа хэтрүүлсэн. 1 хоногийн алданги 157,000 төгрөг, 992 хоног нь 155,744,000 төгрөг  байх бөгөөд алдангийн хэмжээ 50 хувиас хэтэрч болохгүй гэх заалтын дагуу 78,500,000 төгрөг болж байна. Иймд гэрээний үндсэн төлбөрт 157,000,000 төгрөг, хүү 42,390,000 төгрөг, алдангид 78,500,000 төгрөг, нийтдээ 277,890,000 төгрөгийг Ш.Мгаас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Ш.М нь зээлийн гэрээг М.Л гэдэг хүнтэй байгуулсан. Хариуцагч 57,000,000 төгрөгийг бэлнээр авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг, харин 100,000,000 төгрөг авсан гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Хариуцагч нь тухайн үед би 100,000,000 төгрөг аваагүй мөртлөө авсан гээд гарын үсэг анзааралгүй зурсан тухайгаа хэлдэг. Гэрээг М.Л гэдэг хүнтэй байгуулсан ч О.Түвшинтөгсийн данснаас “Амияа” банк бус санхүүгийн байгууллагын данс руу 57,080,000 төгрөгийг шилжүүлсэн нь зээлийг хаах зорилгоор  зээл авсан нь харагддаг. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Амияа” банк бус санхүүгийн байгууллагаас ирсэн тодорхойлолтоор Ш.Мтай байгуулсан барьцаат зээлийн гэрээг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр манай Хаан банкны данс руу 57,080,000 төгрөгийг шилжүүлж, үндсэн зээл болон хүүгийн хамт хаагдсан болно гээд нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ мөнгө нь М.Л гэдэг хүн өгсөн гэдэг ч О.Түвшинтөгс гэдэг хүнээс шилжигдэж орсон байдаг. Хариуцагчийн зүгээс 57,000,000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай авснаа зөвшөөрдөг. Гэтэл зээлийн гэрээ байгуулахдаа 157,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан боловч 100,000,000 төгрөгийг бэлнээр болон дансаар аваагүй. Үнэхээр 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Иргэний хуулийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн хэмжээгээ тодорхой заагаад өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар мэдэгдэл өгөөгүй, хүү шаардаагүй байж өнөөдөр 277,890,000 төгрөг нэхэмжилж байгааг шүүх анхаарч өгнө үү. Анхнаасаа зээлийн гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу хийгдээгүй. Гэрчүүд тайлбарлахдаа М.Төгсболд нөхөрлөл ажиллуулдаг, нөхөрлөлийн гишүүнээр О.Түвшинболд байдаг. М.Төгсболд энэ зээлийг О.Түвшинболдоор дамжуулсан болохоос биш хэдэн төгрөгийн зээл авсныг мэдэхгүй байна гэдэг. О.Түвшинболд 100,000,000 төгрөгийг уурхайн ажилд авч зарцуулсан гэдэг талаар тайлбарладаг. О.Түвшинболд нь М.Л эгчийг цүнхтэй мөнгө өгч байхыг харсан гэдэг байдлаар худлаа мэдүүлсэн. 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр М.Төгсболд, н.Энхтөмөр нар хөдөө уурхайн ажилтай байсан үдээс хойш хотод ирсэн гэдгээ хэлдэг. Иймд гэрч О.Түвшинболд худал мэдүүлэг өгсөн гэдэг нь нотлогдож байна. Нөгөө талаас Ш.М 57,000,000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд түүнтэй холбоотой хүү, алдангиа төлнө гэдэг. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж тодорхойлдог. Зээлдэгчийн өмчлөлд 100,000,000 төгрөг шилжсэн гэдэг баримт байдаггүй. О.Түвшинболд 100,000,000 төгрөгийг аваад уурхайн ажилд зарцуулсан гэдэг нь тодорхой байна. Иймд нэхэмжлэгчээс нөхөрлөлийг хариуцагчаар татаад 100,000,000 төгрөгөө гаргуулах нь зүйтэй. Харин Ш.Мгийн зүгээс 57,080,000 төгрөгтэй холбоотой хэсгийг зөвшөөрч байх тул 100,000,000 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ш.Мгаас 277,890,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Лд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.М шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагчийн өмчлөлийн  Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон /16030/ Энгельс гудамж, 28 дугаар байрын 2 тоотод байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2205058320 дугаарт бүртгэлтэй, 95.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,617,600 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Мгаас  улсын тэмдэгтийн хураамжид 1,617,600  төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Лд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ш.М би М.Лаас 2017 оны 5 сарын 31-ний өдөр 157 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан, гэрээ дүгнэсэн актад дээрх зээлийг авсан нь үнэн, зөвшилцөх зүйл байгаа учир тодорхой хугацааны дараа ирж гарын үсэг зурах болно гэсэн бичвэр нь мөнгө хүлээлцсэн гэж хангалттай бүрэн нотлогдохгүй. 2017 оны 5 сарын 31-нд “Амияа” ББСБ-д төлөх байсан 57 080 000 төгрөгийг бэлнээр биш бэлэн бусаар шилжүүлэн төлсөн ба ингэхдээ М.Лаас бус О.Түвшинтөгсийн данснаас шилжүүлсэн нь тухайн мөнгийг М.Л өгөөгүй, мөн гэрээ болон актад бичсэнчлэн бэлнээр хүлээлцээгүй нь нотолж, тухайн акт болон гэрээнд бичигдсэн зүйл нь нотлох баримтын чадварыг үгүйсгэж байна. М.Л нь 157 000 000 төгрөгийг олгоогүй, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй учраас шаардах эрхгүй ба О.Түвшинтөгсийн “Амияа” ББСБ-д шилжүүлсэн 57 080 000 төгрөг нь 2017 оны 5 сарын 31-нд байгуулсан гэрээний үүрэгт тооцогдох боломжгүй, тэрээр зээлдүүлэгч биш юм. Тиймээс О.Түвшинтөгсийн 57 080 000 төгрөгийг М.Л нь 2017 оны 05 дугаар сарын 31-нд байгуулсан гэрээний дагуу шаардах ёсгүй, тухайн мөнгийг О.Түвшинтөгс нь өөрөө шаардах эрхтэй. Гэтэл надад мэдэгдэлгүйгээр зарцуулагдсан 100 000 000 төгрөгийг Ш.М, миний бие хүлээн авсанд тооцож надаас буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь шудрага бус байна. Иймд М.Лын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

Нэхэмжлэгч М.Л нь хариуцагч Ш.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 157 000 000 төгрөг, хүү 42 390 000 төгрөг, алданги 78 500 000 төгрөг, нийт 277 890 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 157 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай сарын 4,5 хувийн хүүтэй, зээлийн болон барьцааны гэрээ бичгээр байгуулагдсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасантай нийцсэн байна.

Уг зээлийн гэрээний төгсгөл хэсэгт “Ш.М би 2017-05-31-ний өдөр иргэн М.Лаас 157 000 000 төгрөгийг бэлнээр авсан нь үнэн болно” гэж, мөн гэрээ дүгнэсэн акт гэх баримтад “Дээрх зээлийг авсан нь үнэн ба зөвшилцөх /гэр бүл болон бусад хүн/ зүйл байгаа учир тодорхой хугацааны дараа буюу даруйхан ирж гарын үсэг зурах болно. Ш.М” гэж тус тус тэмдэглэжээ. /хх-41,43/ Мөн “Амияа ББСБ” ХХК-д хариуцагчийн төлөх зээлийн өр болох 57 080 000 төгрөгийг О.Түвшинтөгсийн Хаан банкны 5447054699 дугаар данснаас шилжүүлэн төлсөн болох нь хэргийн 68 дугаар талд авагдсан Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон гэрч О.Түвшинтөгсийн “...М.Л эгч шилжүүлчих гэсэн, ...57 080 000 төгрөгийг шилжүүлсэн, ... хүнд зээл өгөх гэж байгаа гэж бодож шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдсон. Эдгээрээс гадна гэрч О.Түвшинболд, О.Түвшинтөгс нарын “...М.Л эгчид 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 100 000 төгрөгийг бэлнээр, 57 000 000 төгрөгийг дансаар өгсөн, ... М.Төгсболд мөнгө зээлээч гэхэд нь зуучилж өгсөн, Ш.М тэд гэр бүлийн хүмүүс гэж ойлгосон. Эгч банк бус дах байрыг нь чөлөөлөөд дээр нь 100 000 000 төгрөг өгсөн. ...Энэ нь өөрийнх нь мөнгө...” гэх мэдүүлгээр зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг зээлдэгчид зээлдүүлэгч нь шилжүүлэн өгсөн болох нь давхар тогтоогдсон, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн нь зөв байна./хх-116-117/

Мөн дээрх байдлаас үзэхэд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагчийн хувьд гүйцэтгэвэл зохих үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

Талууд зээлийн гэрээний 3-д зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.1 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт нийцжээ. 

Иймд нэхэмжлэгч нь үндсэн зээл, хүү, алдангийг гэрээгээр тохирсон хувь хэмжээгээр хариуцагчаас шаардах эрхтэй.  

Хариуцагч Ш.М нь татгалзлын үндэслэлээ “зээлийн гэрээгээр бэлэн 100 000 000 төгрөг аваагүй” гэх боловч, энэ талаарх тайлбар, гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасан.

            Анхан шатны шүүх зээлийн барьцаанд тавьсан Ш.Мгийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон /16030/ Энгельс гудамж, 28 дугаар байрны 2 тоот, Ү-2205058320 улсын бүртгэлийн дугаартай, 95.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Шүүх талуудын тайлбар болоод хэрэгт авагдсан зээлийн гэрээ, мөнгө шилжүүлсэн банкны баримт, шүүх хуралдаанд оролцсон гэрчүүдийн мэдүүлэг зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар харьцуулан дүгнэж хариуцагчаас зээлд 157 000 000 төгрөг, хүүд 42 390 000 төгрөг, алданги 78 500 000 төгрөг, нийт 277 890 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/01427 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 450 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

 

                                             ШҮҮГЧИД                               Г.ДАВААДОРЖ

 

                                                                                  Б.НАРМАНДАХ