Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2018/0033

 

2018 оны 01 сарын 10 өдөр                   Дугаар 221/МА2018/0033                          Улаанбаатар хот

       Ц.Б ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0836 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Ц.Б ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0836 дугаар шийдвэрээр: “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Б ээс Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн БНХАУ-ын иргэн А В К ийг “Ж Э Д В ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэлийн хүчингүй болгож, улсын бүртгэлд зохих өөрчлөлт хийхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Б  давж заалдах гомдолдоо: “...Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн /ямар үндэслэлээр 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн бүртгэлтэй холбоотой маргаанд 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр батлагдаж, 2015 оныц 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх хуулийг хэрэглэсэн нь тодорхойгүй/ 23 дугаар зүйлд заасан хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардах баримт бичиг бүрдсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайлбал Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 2.1.2-т заасны дагуу өргөдөл хүлээн авахдаа хүлээлгэн өгч байгаа нотлох баримт нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан бүрдлийг хангасан эсэхийг шалгаагүй. Журмын 6.1.5-д “хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл /УБ-05/ бүртгэсэн огноог бичиж, тэмдэг дарах” гэж заасан байна.

...Мөн өргөдөл гаргасан этгээд нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн жагсаалтад оруулах өөрчлөлтийг бүртгүүлэх эрх бүхий этгээдүүдийн аль нь ч биш бөгөөд компанийн тамга, тэмдэг дарагдаагүй, мөн гарын үсэг зурж баталгаажигдаагүй байхад гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн бүртгэлийг энэ өргөдлийн дагуу хүлээн авч бүртгэсэн нь үндэслэлгүй.

Журмын 8-д гүйцэтгэх удирдлага /гүйцэтгэх захирал/-ыг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг зааж өгсөн. Үүнд:

1.УБ-5 маягт /өргөдөл/

2. Гүйцэтгэх удирдлага /гүйцэтгэх захирал/-ыг чөлөөлж, томилох тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр /2 ба түүнээс үүсгэн байгуулагчтай бол хурлын тогтоол, тэмдэглэл/

3. Харьяа татварын албаны тодорхойлолт

4. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

5. Гүйцэтгэх удирдлагын иргэний үнэмлэхийн хуулбар

6. Улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиар

Анхаарах зүйлс: шийдвэр, хурлын тогтоол, тэмдэглэлд үүсгэн байгуулагч бүр гарын үсэг зурж баталгаажуулах гэжээ.

Гэтэл УБ-05 маягтад байхгүй шийдвэр, тушаалыг дурдсан, гүйцэтгэх удирдлагаар томилогдсон этгээдийн үнэмлэхийн хуулбар болон татварын албаны тодорхойлолт байхгүй, улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиараа байхгүй, хоёр үүсгэн байгуулагчтай хамтарсан компанийн хувьд хурлын тэмдэглэл болон тогтоолд нэг хувьцаа эзэмшигчийн нэгний гарын үсэг зурагдаагүй, хуулийн этгээдийн тамга тэмдэг дарагдаж баталгаажигдаагүй, өргөдөл гаргагч этгээд нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд биш байхад материалыг хүлээн авч бүртгэлд өөрчлөлт оруулсан нь 2003 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийг зөрчиж хийсэн бүртгэл гэж үзэхээр байна.

...Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон “Ж Э Д В”  ХХК-ийн 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэл, тогтоол нь хууль бус бөгөөд өөрөөр хэлбэл тус компанийн хоёр хувьцаа эзэмшигчийн хувьд эдлэх эрхээ хэрэгжүүлээгүй байхад нэг хувьцаа эзэмшигчийн гарын үсэггүй тогтоол болон мөн компанийн тухай хуульд заасан шаардлага хангаагүй хурлын тэмдэглэлийг үндэслэж гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийн бүртгэлийг хийсэн байна. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Ц.Б  нь А В К ийг “Ж Э Д В ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон тус компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн талаар маргаж байгаагүй гэжээ.

...Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Ц.Б  нь “Ж Э Д В”  ХХК-д холбогдуулан тус компанийн 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийг томилсон шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар гаргасан нэхэмжлэл татан авсан байна гэж дүгнэсэн байна. Дээрх 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийг томилсон шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлдээ татан авсан үйл баримт нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай ямар ч хамааралгүй байхад дээрх үйл баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

            Нэхэмжлэгчээс “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн БНХАУ-ын иргэн А В К ийг “Ж Э Д В ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, улсын бүртгэлд зохих өөрчлөлт хийхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгах” нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь хууль зөрчиж, хувьцаа эзэмшигчдийн хурлын хүчин төгөлдөр бус шийдвэр, тогтоол болон Хуулийн этгээдийн бүртгэл хөтлөх журамд заасан шаардлагыг хангаагүй баримт бичгүүдийг үндэслэн тус компанийн гүйцэтгэх захирлаар А В К ийг томилсон өөрчлөлтийг бүртгэсэн гэж, хариуцагчаас тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэл, мөн өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 14/01, 14/02 дугаартай тогтоол зэрэг баримтуудыг үндэслэн бүртгэл хийсэн нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүхээс “нэхэмжлэгч Ц.Б  нь “Ж Э Д В ” ХХК-ийн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсон, тус компанийн гүйцэтгэх захирлаар А В К ийг томилсон хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн талаар маргаж байгаагүй, Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

            Учир нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 22 дугаар зүйлийн 22.1-д “Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараахь баримт бичиг бүрдүүлнэ, 22.1.1-д “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл”, 22.1.2-т “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр”, 22.1.3-т “үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт”, 22.1.4-т “улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт” гэж заажээ.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь “Ж Э Д В ” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулж, гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын иргэн А В К ийг бүртгэж, тэмдэглэгээ хийхдээ тус компаниас ирүүлсэн баримт бичгүүд болох хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл, тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит бус хурлын тэмдэглэл, мөн өдрийн хувьцаа эзэмшигчдийн 14/01, 14/ 02 дугаар тогтоолуудыг үндэслэн бүртгэл хийсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.

 

            Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Ц.Б  нь “Ж Э Д В ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 14/01, 14/02 дугаар тогтоолуудыг хүчин төгөлдөр бус гэж маргах хэдий ч уг тогтоолуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүйгээс гадна Ц.Б  нь тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хуралд өмгөөлөгчийн хамт хүрэлцэн ирсэн боловч бүрэн оролцолгүй өөрөө орхин явсан, компанийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг өөртөө хадгалж байсан төдийгүй “Ж Э Д В ” ХХК-ийн 93 хувийн хувьцаа эзэмшигч “Гэйн леженд лимитед” /Gain legend limited/ ХХК-ийн захирал Нжи Вай Хуэнг нь тус хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, тус хурлаас холбогдох шийдвэрүүд гарсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогджээ.

            Нэгэнт хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр, үүсгэн байгуулах баримт бичиг болон бусад мэдээлэлд өөрчлөлт оруулахаар эрх бүхий этгээд хуульд заасан бүрдүүлбэрийг хангуулан улсын бүртгэлийн байгууллагад хандсан тохиолдолд холбогдох бүртгэлийг хийх нь хариуцагчийн үүрэг болно.

 

            Мөн нэхэмжлэгч Ц.Б ээс хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулахаар өргөдөл гаргагч этгээд нь эрх бүхий этгээд биш байсан гэж маргах боловч Д.Пунцаг нь “Гэйн леженд лимитед” ХХК-ийн захирал Нжи Вай Хуэнгээс итгэмжлэл[1] авсан байх тул Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 15 дугаар зүйлийн 15.1.6-д заасан өргөдөл гаргах эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ж Э Д В ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон А В К ийг гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж холбогдох ажиллагааг хийсэн боловч шүүхийн даалгавар биелэгдээгүй тул сэргээж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон төдийгүй энэ талаар талуудын хэн аль нь маргаагүй, гомдол гаргаагүй болно.        

 

Хэдийгээр анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч 2014 оны үйл баримтад 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр батлагдаж, 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь буруу байх тул залруулсан өөрчлөлтийг шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон                                                              ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0836 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т зааснаар...” гэснийг  “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 8 дугаар зүйлийн 8.1.1, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-д заасныг баримтлан...” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                     

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                    Г.БИЛГҮҮН