Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 01764

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/01379 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ГП” ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 25 235 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Болортуяа, М.Отгонжаргал, хариуцагчийн төлөөлөгч Б.Банзрагч, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Болортуяа, М.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК нь өнгөрсөн онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн газар дээр агуулахын өргөтгөлийн барилга барихаар төлөвлөж, улмаар тус барилга баригдах талбайн мод бутыг чөлөөлж, нөхөн сэргээлт хийлгэх шаардлагатай болсон юм. Энэ зорилгоор тухайн чиглэлэээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй компани болох “ГП” ХХК-ийг сонгон 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр В-18/26 тоот биологийн нөхөн сэргээлтийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу гүйцэтгэгч нь 7000 м.кв талбайд байгаа мод, бутанд таналт тайралт хийх, суулгац бэлдэх, зохих газарт шилжүүлэн суулгах ажлыг НӨАТ орсон дүнгээр нийт 50.470.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Захиалагч “Б” ХХК нь гэрээний 3.2.1-т заасны дагуу урьдчилгаа төлбөрт гэрээний үнийн дүнгийн 50 хувь буюу 25.235.000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “ГП” ХХК-ийн данс руу төлбөрийн нэхэмжлэхэд үндэслэн шилжүүлсэн юм. Харин “ГП” ХХК нь гэрээний 2.6-д заасны дагуу мод, бутны таналт, тайралт, суулгац бэлдэх ажлыг, 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 15 хоногийн хугацаанд гүйцэтгэх ёстой байсан. Гэвч дээрх хугацаанд огт ажил хийгдээгүй. Иймээс манай компанийн зүгээс 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 18/271 тоот албан бичгээр гэрээг цуцлаж буйгаа тус компанид мэдэгдэж, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 25.235.000 төгрөгийг буцааж шилжүүлэхийг шаардсан юм. Иймд хариуцагч “ГП” ХХК-аас урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 25.235.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ГП” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Банзрагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн гэрээнд 7000 м.кв талбайн мод, бут сөөгийг шилжүүлэн суулгаж, технологи стандартын дагуу тухайн ажлыг гүйцэтгэхээр болсон. Энэ үүргийнхээ дагуу “Б” ХХК-ийн эзэмшил газрын талбай дахь модыг үхүүлэхгүйгээр илүү олон болгож үржүүлж ашиглах, ургуулахаар төлөвлөж тухайн мод, бут, эсхүл түүний үндэс, мөчрийг тайрах, үндсээр нь хуулах, суулгац бэлдэх, Туул голын нөхөн сэргээлтэд ашиглах, шилжүүлэн суулгахаар төлөвлөж үүнийхээ дараагаар “Б” ХХК-д ажлын төлөвлөгөөг гарган танилцуулж тухайн талбайн хэмжилтийг хийж ажил эхлүүлэх бэлтгэлээ хангаж эхэлсэн. Гэрээний 3.2.1-т зааснаар ажлын нийт хөлсний 50 хувь буюу 25.235.000 төгрөгийг гэрээ байгуулснаар 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Б” ХХК нь шилжүүлж “ГП” ХХК нь хүлээн авсан. Ажил эхлэхэд бэлтгэж “ГП” ХХК нь машин техник түрээслэгч хувь хүмүүсээс татагчтай кран, жижиг оврын экскаватор, тээвэрлэлт хийх ачааны машин зэргийг түрээслэн урьдчилгаа төлбөрүүдийг шилжүүлж ажилд бэлэн болгон талбай дээр байршуулан зарим техник хэрэгсэл аль хэдийн ажлаа эхэлж, манай компанийн найрамдал дахь талбайд тухайн мод шилжүүлэн суулгахад бэлдэж, жижиг оврын экскаватор ажиллуулж, хэдэн хүн хөлслөн шуудуу гарган 40-50 нүх ухаж мод суулгахад бэлэн болсон. Тухайн ажил эхлэх бэлтгэлийг хангаж гэрээт ажлын мөнгийг захиран зарцуулж ажиллаж байсан болно. Гэтэл ажил эхлэхээс өмнө уг 7000 м.кв талбайд нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай байсан бөгөөд тус үнэлгээг гэрээний 5.2.4-т зааснаар “ГП” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлэхэд шаардагдах бичиг баримт болон бусад мэдээ, мэдээллээр хангана хэмээн заасны дагуу уг үнэлгээг “Б” ХХК нь хийлгэх ёстой байсан хэдий ч хийгээгүйгээс болоод 5 дугаар сарын 16-нд дуусах байсан ажил “Б” ХХК-ийн гарган өгөх нарийвчилсан үнэлгээнээс болж тухайн цагт явагдаагүй, нэхэмжлэгч компанийн шууд буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс болсон. Улмаар тухайн мод, бутны тайван шатанд байх үе нь дуусч нахиа, үндэс нь хөөж шилжүүлэн суулгах боломжгүй болсон. Үүний дараагаар 11 дүгээр сард мод тайван байдалд шилжин тухайн ажлыг хийх боломжтой болох цаг хугацаа эхлэхэд нөгөө талаас ажил төлөвлөлтийн талаар ярилцаж төлөвлөгөөг гаргаагүй ба нарийвчилсан үнэлгээг хийлгэж, ажил эхлэхэд болсон эсэх нь тодорхой бус байсан байж 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 18/271 тоот албан бичгээр гэрээг цуцлах мэдэгдэх хуудас ирсэн. Манай компани өөрийн биш гэрээний нөгөө талын буруутай үйл ажиллагааны улмаас гэрээ цуцалсан нөхцөлд, тус гэрээнд зарцуулсан бүхий л зардлыг өөрөөсөө гарган төлөх нь шударга ёсонд нийцэхгүй хэмээн үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ГП” ХХК-аас 25.235.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 284.125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ГП” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд 284.125 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ГП” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Банзрагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ГП” ХХК нь хувь хүмүүсээс машин техник түрээсэлж, ажиллах хүч болон шаардлагатай материалаа худалдан авч ажил эхлэхэд бэлтгэж 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд өөрөөс шаардагдах бүхий л бэлтгэлээ хангасан байсан. Гэтэл ажил эхлэхээс өмнө уг 7000 м.кв талбайд нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай байсан бөгөөд тус үнэлгээг биологийн нөхөн гэрээний сэргээлтийн гэрээний 5.2.4-д заасны дагуу уг нарийвчилсан үнэлгээг “Б” ХХК нь хийлгэх ёстой байсан хэдий ч хийлгээгүйгээс болоод гэрээний дагуу заагдсан ажил цаг хугацаандаа эхэлж чадаагүй. Газрын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2 дахь хэсэгт заасан байна. Тиймээс ажил эхлээгүй шалтгаан нь нэхэмжлэгч компанийн шууд буруутай үйлдэл эс үйлдэхүйгээс болсон. Одоог хүртэл “Б” ХХК нь харьяа нутаг дэвсгэрийн Иргэдийн хурлын төлөөлөгчдөөр Газрын тухай хуульд заасан газрыг хамгаалах, нөхөн сэргээх төслөө батлуулсан эсэх мөн Байгаль орчны яам болон холбогдох мэргэжлийн байгууллагаар нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн эсэх нь тодорхой бус байгаа юм. Газрын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар заасны дагуу уг нарийвчилсан үнэлгээ хийлгэж байсан эсэхийг тодруулах зорилготой 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/Ш32020/05651 тоот захирамжаар Байгаль орчны яаманд “Б” ХХК нь 2018 онд мод шилжүүлэн суулгахтай холбоотой нарийвчилсан үнэлгээ хийлгэх хүсэлт гаргаж, нарийвчлан үнэлгээг хийлгэж байсан эсэх лавлагааг гаргуулсан боловч нарийвчилсан үнэлгээ хийлгэж байгаагүй гэсэн хариуг ирүүлсэн байдаг. Иймээс Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт заасны дагуу “ГП” ХХК нь тухайн урьчилгаа төлбөрт төлсөн 25.235.000 төгрөгийг буцаан төлөх нь үндэслэлгүй юм. Мөн энэ хэргийн зохигчид гэрээнээс татгалзсан гэж огт маргадаггүй харин цуцалсан гэж хэн аль нь маргадаг тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг шүүх хэрэглэх ёсгүй байсан. “ГП” ХХК-ийн “Голомт банк" дахь /3005108820/ тоот дансны хуулгаар 2018 оны 4 дүгээр сарын 26-наас 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хооронд тухайн урьдчилгаа төлбөрт төлсөн 25.235.000 төгрөгийг ажил эхлэхэд бэлдэж ажилчдад өгч байсан цалин, “Соёолж” ХХК-аас хөрс худалдан авч байсан баримт, машин техникийн түрээслэгч хувь хүмүүст урьдчилгаанд төлсөн мөнгө зэрэг нь уг дансны зардал гаргасан цаг хугацаа, гүйлгээний утга зэргээс тодорхой харагдаж байдаг. Мөн биологийн нөхөн сэргээлтийн гэрээ болон ажил гүйцэтгэх төлөвлөгөөний дагуу Найрамдал дахь талбайд мод, бутыг шилжүүлэн суулгана гэж төлөвлөснөөр нүх, шуудуу ухан бэлдэж байсан фото зургийг шүүхэд гаргаж өгсөн. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “ГП” ХХК-д холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 25.235.000 төгрөгийг  гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр биологийн нөхөн сэргээлгэхээр ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр хариуцагч “ГП” ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7000 м.кв талбайд байрлах мод, бутанд таналт тайралт хийх, суулгац бэлдэн зохих газарт шилжүүлэн суулгах ажлыг 15 хоногийн хугацаанд хийж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч “Б” ХХК нь уг ажлын хөлсөнд 50.470.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон, ажлын хөлсний урьдчилгаа 25.235.000 төгрөгийг хариуцагч “ГП” ХХК-д шилжүүлсэн зэргээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна. / хх-ийн 11, 12, 19, 20 /

 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажлын хөлсний урьдчилгаа 25.235.000 төгрөгийг төлсөн боловч хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээнээс нэхэмжлэгч татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ГП” ХХК-аас ажлын хөлсний урьдчилгаа 25.235.000 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь гэрээт ажлыг гүйцэтгэх төлөвлөгөөний дагуу нүх, шуудуу ухан бэлдэж байсан гэж нийт 14 хуудас баримт бичгүүдийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн боловч нэхэмжлэгч “Б” ХХК-ийн ашиг сонирхолд нийцэх ажил гүйцэтгэж байсан гэх  нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан тохиолдолд ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ашиг сонирхолтой бол ажлын хөлсийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь “...Байгаль орчны яамд “Б” ХХК нь 2018 онд нарийвчилсан үнэлгээ хийлгэж байгаагүй тул урьдчилгаа төлбөрт төлсөн 25.235.000 төгрөгийг буцаан төлөх нь үндэслэлгүй” гэж тайлбарлаж байгаа боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээнд нарийвчилсан үнэлгээ хийлгэх тухай дурдаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийг татгалзсан өөрийн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дах хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсан явдлыг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгч ажлын хөлсөнд урьдчилан төлсөн мөнгөн хөрөнгийг буцаан шаардсан нь үндэслэлтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн, хариуцагч “ГП” ХХК-аас гэрээний урьдчилгаанд төлсөн 25.235.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн  нь зөв болжээ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/01379 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг  хангахгүй хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284 125 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.БАЙГАЛМАА

                

                                ШҮҮГЧИД                                    Б.НАРМАНДАХ

 

                                                                                     Н.БАТЗОРИГ