Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2020/01379

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр  даргалж,тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Чингисийн өргөн чөлөө-1, өөрийн байранд байрлах “Б ХХК/РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Нархан хотхон, 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух “Г”ХХК /РД:0000/-д холбогдох

            ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 25.235.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Б, М.О хариуцагчийн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Жавхлан  нар оролцов.

              

                                                                                                                                ТОДОРХОЙЛОХ   нь:

         Нэхэмжлэгч “Б ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь  дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: “Б ХХК нь өнгөрсөн онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн газар дээр агуулахын өргөтгөлийн барилга барихаар төлөвлөж, улмаар тус барилга баригдах талбайн мод бутыг чөлөөлж, нөхөн сэргээлт хийлгэх шаардлагатай болсон юм. Энэ зорилгоор тухайн чиглэлэээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй компани болох “Г ХХК-ийг сонгон 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр В-18/00 тоот биологийн нөхөн сэргээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу гүйцэтгэгч нь 7000 м.кв талбайд байгаа мод, бутанд таналт тайралт хийх, суулгац бэлдэх, зохих газарт шилжүүлэн суулгах ажлыг НӨАТ орсон дүнгээр нийт 50.470.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Захиалагч “Б ХХК нь гэрээний 3.2.1-т заасны дагуу урьдчилгаа төлбөрт гэрээний үнийн дүнгийн 50 хувь буюу 25.235.000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Г ХХК-ийн данс руу төлбөрийн нэхэмжлэхэд үндэслэн шилжүүлсэн юм. Харин “Г ХХК нь гэрээний 2.6-т заасны дагуу мод, бутны таналт, тайралт, суулгац бэлдэх ажлыг, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 15 хоногийн хугацаанд гүйцэтгэх ёстой байсан. Гэвч дээрх хугацаанд огт ажил хийгдээгүй. Улмаар манай  компанийн зүгээс удаа дараа шаардлага тавьж, хугацаа олгож байсан хэдий ч энэ байдал үргэлжилсээр 6 сарын хугацаа өнгөрсөн. Иймээс манай компанийн зүгээс 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 18/000 тоот албан бичгээр гэрээг цуцлаж буйгаа тус компанид мэдэгдэж, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 25.235.000 төгрөгийг буцааж шилжүүлэхийг шаардсан юм. Харамсалтай нь заасан хугацаанд мөн л урьдчилгаа төлбөрийг шилжүүлэхгүй байсан тул  2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 18/000 тоот албан бичгээр дахин шаардлага хүргүүлж, тухайн компанийн гүйцэтгэх захирал А.О-тай өөртэй нь уулзаж урьдчилгаа төлбөрийг яаралтай шилжүүлэхийг мэдэгдэж байсан ч өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байна. “Б ХХК-ийн зүгээс “Г ХХК-д ажил гүйцэтгэх хангалттай хугацаа олгосон ч ийнхүү гүйцэтгээгүй тул тус оны 11 дүгээр сард гуравдагч этгээдтэй гэрээ байгуулж, ажлыг гүйцэтгүүлсэн. “Г ХХК-тай байгуулсан гэрээний 10.3 дахь хэсэгт гэрээ цуцлагдсан тохиолдолд буруутай тал нь нөгөө талдаа гэрээний зөрчилтэй холбоотой учирсан хохирлыг хариуцна гэж заасан байдаг. Иймд хариуцагч Г ХХК-иас урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 25.235.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б ХХК-д олгож өгнө үү гэв.

            Хариуцагчийн төлөөлөгч Б.Б шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Тухайн гэрээнд 7000 м.кв талбайн мод, бут сөөгийг шилжүүлэн суулгаж, технологи стандартын дагуу тухайн ажлыг гүйцэтгэхээр болсон. Энэ үүргийнхээ дагуу “Б ХХК-ийн эзэмшил газрын талбай дахь модыг үхүүлэхгүйгээр илүү олон болгож үржүүлж ашиглах, ургуулахаар төлөвлөж тухайн мод, бут, эсхүл түүний үндэс, мөчрийг тайрах, үндсээр нь хуулах, суулгац бэлдэх, Туул голын нөхөн сэргээлтэд ашиглах,  шилжүүлэн суулгахаар төлөвлөж үүнийхээ дараагаар “Б ХХК-д ажлын төлөвлөгөөг гарган танилцуулж тухайн талбайн хэмжилтийг хийж ажил эхлүүлэх бэлтгэлээ хангаж эхэлсэн. Гэрээний 3.2.1-т зааснаар ажлын нийт хөлсний 50 хувь буюу 25.235.000 төгрөгийг гэрээ байгуулснаар 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “Б ХХК нь  ХХК нь хүлээн авсан. Ажил эхлэхэд бэлтгэж “Г ХХК   нь машин техник түрээслэгч хувь хүмүүсээс татагчтай кран, жижиг оврын экскаватор, тээвэрлэлт хийх ачаны машин зэргийг  түрээслэн урьдчилгаа төлбөрүүдийг шилжүүлж ажилд бэлэн болгон  талбай дээр байршуулан зарим техник хэрэгсэл аль хэдийн ажлаа эхэлж, манай компанийн найрамдал дахь талбайд тухайн мод шилжүүлэн суулгахад бэлдэж, жижиг оврын экскаватор ажиллуулж, хэдэн хүн хөлслөн шуудуу гарган 40-50 нүх ухаж мод суулгахад бэлэн болсон. Тухайн ажил эхлэх бэлтгэлийг хангаж “Г ХХК-ийн ахлах мэргэжилтэн н.М нь  зохион байгуулж ажиллаж байсан бөгөөд машин техникийн  түрээс, ажилчдын цалин хөлс, бензин, хоол ундны зардал, хөрсний судалгаа, талбайн хэмжилт, өдөр өдөрт хийгдэх ажлын төлөвлөгөө зэргийг гарган гэрээт ажлын мөнгийг захиран зарцуулж ажиллаж байсан болно. Гэтэл ажил эхлэхээс өмнө  уг 7000 м.кв талбайд нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай байсан бөгөөд тус үнэлгээг гэрээний 5.2.4-т зааснаар  “Г ХХК-ийг  гэрээний үүргээ биелүүлэхэд шаардагдах бичиг баримт болон бусад мэдээ, мэдээллээр хангана хэмээн заасны дагуу уг үнэлгээг “Б ХХКнь  хийлгэх ёстой байсан хэдий ч хийгээгүйгээс болоод 5 дугаар сарын 16-нд дуусах байсан  ажил “Б ХХК-ийн гарган өгөх нарийвчилсан үнэлгээнээс болж  тухайн цагт  явагдаагүй, нэхэмжлэгч  компанийн шууд буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс болсон. Улмаар тухайн мод, бутны тайван шатанд байх үе нь дуусч нахиа,  үндэс нь  хөөж шилжүүлэн суулгах боломжгүй болсон. Үүний дараагаар 11 дүгээр сард  мод тайван байдалд шилжин тухайн ажлыг хийх боломжтой болох цаг хугацаа эхлэхэд нөгөө талаас  ажил төлөвлөлтийн талаар  ярилцаж төлөвлөгөөг гаргаагүй ба  нарийвчилсан үнэлгээг хийлгэж, ажил эхлэхэд болсон эсэх нь тодорхой бус байсан байж 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 18/000 тоот албан бичгээр гэрээг цуцлах  мэдэгдэх хуудас ирсэн. Манай компани өөрийн биш гэрээний нөгөө талын буруутай үйл ажиллагааны улмаас гэрээ цуцалсан нөхцөлд, тус гэрээнд зарцуулсан бүхий л зардлыг   өөрөөсөө  гарган төлөх нь шударга ёсонд нийцэхгүй хэмээн үзэж байна. Хэрэв бидний буруутай үйл ажиллагаанаас болж гэрээ цуцлагдсан бол бид 100 хувь нөхөн төлөх нь шударга ёсонд нийцнэ. Иймд нэхэжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

       Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад 

                                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Б ХХКнь хариуцагч Г ХХК-нд холбогдуулж, ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 25.235.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч “Б ХХК нь хариуцагч Г ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр биологийн нөхөн сэргээлийн гэрээг байгуулж, өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7000 м.кв талбайд байрлах мод, бутанд таналт тайралт хийх, суулгац бэлдэн зохих газарт шилжүүлэн суулгах ажлыг хийлгүүлэх ба хариуцагч байгууллага дээрх ажлыг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 15 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэн ажлын хөлсөнд 50.470.000 төгрөгийг авахаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээгээр нотлогдож байна. /хх-11-12/

            Дээрх биологийн нөхөн  сэргээлтийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тусгасан, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байх ба  гэрээний гол болон ердийн нөхцлүүд зэрэгт дүгнэлт хийвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ  байгуулагдсан гэж үзнэ.

            Талуудын хооронд байгуулсан биологийн нөхөн  сэргээлтийн гэрээний 3.2-т ажлын хөлсний 50 хувь буюу 25.235.000 төгрөгийг гэрээ байгуулснаар төлнө гэж заасан тул нэхэмжлэгч “Б ХХК-иас Г ХХК-д урьдчилгаа төлбөрт 25.235.000 төгрөгийг шилжүүлсэн, талууд энэ талаар маргаагүй байна.

            Харин нэхэмжлэгч “Б ХХК-иас хариуцагч “Г ХХК-ийг гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгээгүй, удаа дараа шаардлага тавьж нэмэлт хугацаа олгосон хэдий боловч гүйцэтгээгүй тул гэрээг цуцлаж, ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 25.235.000 төгрөг гаргуулахаар шаардсан бол хариуцагч “Г ХХК-иас нэхэмжлэгч “Б ХХК нь ажил эхлэхээс өмнө  уг 7000 м.кв талбайд нарийвчилсан үнэлгээ хийлгэх үүргээ биелүүлээгүй учир ажил эхлээгүй, гэрээ цуцалсан нь бидний буруутай үйл ажиллагаанаас болоогүй, ажил эхлэх бэлтгэл ажлын хүрээнд машин техник түрээслэгч хувь хүмүүсээс татагчтай кран, жижиг оврын экскаватор, тээвэрлэлт хийх ачаны машин зэргийг  түрээслэн урьдчилгаа төлбөрүүдийг шилжүүлж ажилд бэлэн болгон  талбай дээр байршуулан зарим техник хэрэгсэл аль хэдийн ажлаа эхэлж, манай компанийн найрамдал дахь талбайд тухайн мод шилжүүлэн суулгахад бэлдэж, жижиг оврын экскаватор ажиллуулж, хэдэн хүн хөлслөн шуудуу гарган 40-50 нүх ухаж мод суулгахад бэлэн болгоход нийт 15.375.838 төгрөгийг зарцуулсан учир урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн төлбөрөө бүхэлд нь манайхаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

            Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.

            Учир нь хариуцагч “Г ”ХХК нь гэрээгээр хүлээсэн нэхэмжлэгчийн эзэмшлийн байрлах 7000 м.кв талбайд байрлах мод, бутанд таналт тайралт хийх, суулгац бэлдэн зохих газарт шилжүүлэн суулгах ажлыг хийх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, “Б ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдэл зэргээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй.

Гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй тул хариуцагч “Г ХХК-иас гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 25.235.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч “Г ХХК-иас гэрээ цуцалсан талаар маргаагүй бөгөөд харин ажил гүйцэтгэх бэлтгэл ажлын хүрээнд 15.375.838 төгрөгийг зарцуулсан, ажил гүйцэтгээгүй нь нэхэмжлэгч “Б ХХК-ийн мод, бут бүхий талбайд нарийвчилсан үнэлгээ хийлгээгүйгээс болсон гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч байгууллагаас нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулга болон зарлагын баримтаас үзэхэд тухайн гаргасан зардал, худалдан авсан бараа бүтээгдэхүүн нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгт ажилд зарцуулагдсан гэж шууд дүгнэх боломжгүй,  түүнтэй холбоотой орлого, зарлагын баримтууд байхгүй байна.

Мөн ухсан нүх бүхий гэрэл зургууд нь хаана байрлах, хэний эзэмшлийн талбайд байгаа, ажил гүйцэтгэх бэлтгэл ажлын хүрээнд ухсан нүх мөн эсэх нь тодорхойгүй тул бэлтгэл ажлын хүрээнд Найрамдал дахь талбайд тухайн мод шилжүүлэн суулгахад бэлдэж, жижиг оврын экскаватор ажиллуулж, хэдэн хүн хөлслөн шуудуу гарган 40-50 нүх ухаж мод суулгахад бэлэн болсон гэх тайлбар нотлогдохгүй байна.

Газрын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т газрын хэвлийг ашиглагч нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, газрыг хамгаалах, нөхөн сэргээх төсөлтэй байна гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч “Б ХХК нь дээрх гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгүүлэхдээ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэх үүргээ биелүүлээгүй учир ажлыг хийж гүйцэтгээгүй гэх хариуцагчийн тайлбар  Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасантай нийцэж байна.

Гэвч тухайн ажлыг хариуцагч “Г ХХК-иас хийж гүйцэтгээгүй, нэхэмжлэгч “Б ХХК-иас уг ажлыг хийж гүйцэтгүүлэх гэрээнээс татгалзах санал  гаргасныг хүлээн хүлээн зөвшөөрч гэрээг цуцалсан байх тул урьдчилгаа төлбөрт хүлээн авсан 25.235.000 төгрөгийг буцаан төлөх үүргээс чөлөөлөх, бэлтгэл ажлын хүрээнд зарцуулах гэх зардлыг урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн төлбөрөөс суутган тооцох боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284.125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 284.125 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон                     

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

           1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г ХХК-иас 25.235.000 /хорин таван сая хоёр зуун гучин таван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б ХХК-д олгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 284.125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 284.125 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б ХХК-д олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ        Б.МӨНХБАЯР