Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2022/00862

 

2022           09            27                                          001/ХТ2022/00862

"Б С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/01379 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1764 дугаар магадлалтай,

“Б С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Г П” ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 25,235,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Банзрагчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Болортуяа, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “Б С” ХХК нь “Г П” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 25,235,000 төгрөг нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/01379 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г П” ХХК-аас 25.235.000 /хорин таван сая хоёр зуун гучин таван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б С” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 284.125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г П” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд 284.125 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б С” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1764 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/01379 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284 125 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Банзрагч хяналтын гомдолдоо: ...Магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дүгээр зүйлийн 172.1-нд заасныг удирдлага болгон дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр нэг талаас үндэслэл бүхий болоогүй, нөгөө талаас хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцсэнгүй. Шүүх хэргийг дээрх байдлаар шийдвэрлэсэн нь талуудын тэгш байдлын зарчим алдагдсан. мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “40 дүгээр зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 Нотлох баримтыг “...үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй гэж үзэж байна. Үүнд: “Г П” ХХК нь хувь хүмүүсээс машин техник түрээсэлж, ажиллах хүч болон шаардлагатай материалаа худалдан авч ажил эхлэхэд бэлтгэж 2018.04.30-ны өдрийн орой гэхэд өөрөөс шаардагдах бүхийл бэлтгэлээ хангасан байсан. Гэтэл ажил эхлэхээс өмнө уг 7000 м.кв талбайд нарийвчилсан үнэлгээ хийлгэ шаардлагатай байсан бөгөөд тус үнэлгээг Биологийн нөхөн гэрээний сэргээлтийн гэрээний 5.2.4-т зааснаар “Г П” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлэхэд шаардагдах бичиг баримт болон бусад мэдээ, мэдээллээр хангана хэмээн заасны дагуу уг нарийвчилсан үнэлгээг “Б С” ХХК нь хийлгэх ёстой байсан хэдий ч хийлгээгүйгээс болоод гэрээний дагуу заагдсан ажил цаг хугацаандаа эхэлж чадаагүй. МУ-ын Газрын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 зааснаар Газрын хэвлийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагаа нь улс, аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байна. 55.2-т зааснаар Газрын хэвлийг ашиглагч нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, газрыг хамгаалах, нөхөн сэргээх төсөлтэй байна. Тиймээс ажил эхлээгүй шалтгаан нь нэхэмжлэгч компанийн шууд буруутай үйлдэл эс үйлдэхгүйгээс болсон. Одоог хүртэл “Б С” ХХК нь харьяа нутаг дэвсгэрийн Иргэдийн хурлын төлөөлөгчдөөр Газрын тухай хуульд заасан газрыг хамгаалах, нөхөн сэргээх төслөө батлуулсан эсэх мөн Байгаль орчны яам болон холбогдох мэргэжлийн байгууллагаар нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн эсэх нь тодорхой бус байгаа юм. азрын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар Газрын хэвлийг ашиглагч нь үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө байгаль орчны нөлөөллийн үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгүүлнэ/ хэмээн заасны дагуу уг нарийвчилсан үнэлгээ хийлгэж байсан эсэхийг тодруулах зорилготой 2020.04.21-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/Ш32020/05651 тоот захирамжаар Байгаль орчны яаманд “Б С” ХХК нь 2018 онд мод шилжүүлэн суулгахтай холбоотой нарийвчилсан үнэлгээ хийлгэх хүсэлт гаргаж, нарийвчилсан үнэлгээг хийлгэж байсан эсэх лавлагааг гаргуулсан боловч нарийвчилсан үнэлгээ хийлгэж байгаагүй гэсэн хариуг ирүүлсэн байдаг. Иймээс Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 зааснаар Өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.4-т заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй гэж заасны дагуу “Г П” ХХК нь тухайн урьдчилгаа төлбөрт төлсөн 25,235,000 төгрөгийг буцаан төлөх нь үндэслэлгүй юм. Мөн энэ хэргийн зохигчид гэрээнээс татгалзсан гэж огт маргадаггүй харин цуцалсан гэж хэн аль нь маргадаг тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-ийг шүүх хэрэглэх ёсгүй байсан. “Г П” ХХК-ийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн, мөн тэдгээрийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нийт нотлох баримтыг шинжлэн судалж үзсэний эцэст дараах үйл баримт тогтоогдож байна гэж үзэж байна. Г П” ХХК-ийн “Голомт банк” дахь /3005108820/ тоот дансны хуулгаар 2018.04.26-наас 2018.05.10-ны өдрийн хооронд тухайн урьдчилгаа төлбөрт төлсөн 25,235,000 төгрөгийг ажил эхлэхэд бэлдэж ажилчдад өгч байсан цалин, “Соёолж” ХХК-аас хөрс худалдан авч байсан баримт, машин техникийн түрээслэгч хувь хүмүүст урьдчилгаанд төлсөн мөнгө зэрэг нь уг дансны зардал гаргасан цаг хугацаа, гүйлгээний утга зэргээс тодорхой харагдаж байдаг. Мөн Биологийн нөхөн сэргээлтийн гэрээ болон ажил гүйцэтгэх төлөвлөгөөний дагуу Найрамдал дахь талбайд мод, бутыг шилжүүлэн суулгана гэж төлөвлөснөөр нүх, шуудуу ухан бэлдэж байсан фото зургийг шүүхэд гаргаж өгсөн. Энэхүү ухсан нүх шуудуу нь одоог хүртэл уг талбай дээрээ ашиглагдаагүй хэвээрээ байгаа болно. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгч “Б С” ХХК нь хариуцагч “Г П” ХХК-д холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрт төлсөн 25,235,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...гэрээний дагуу бараа материал, тоног төхөөрөмж, ажилчдаа авчирч, ажилдаа бэлтгэсэн, суулгацыг шилжүүлэн суулгахаар ...нүх, шуудуу ухаж газар шорооны ажил хийж байсан боловч нэхэмжлэгч нь Байгаль орчны яаманд 2018 онд нарийвчилсан үнэлгээ хийлгээгүйгээс шалтгаалж үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, гэрээ хэрэгжээгүйд нэхэмжлэгч буруутай” гэж маргажээ.

6. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

7. Талууд 2018.04.23-ны өдөр биологийн нөхөн сэргээлт хийх ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр “Г П” ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7000 м.кв талбайд байрлах мод, бутанд таналт тайралт хийх, суулгац бэлдэн зохих газарт шилжүүлэн суулгах ажлыг 15 хоногийн хугацаанд хийж хүлээлгэн өгөх, “Б С” ХХК нь ажлын хөлсөд 50,470,000 төгрөгийг төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн, ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт 25,235,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг зохигч маргаагүй ба энэ талаарх шүүхийн эрх зүйн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. / хх-ийн 11, 12, 19, 20 /

8. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Ажил гүйцэтгэгч “Г П” ХХК ажлын үр дүнг бий болгоогүй гэрээгээ зөрчсөн тул захиалагч болох “Б С” ХХК гэрээгээ цуцалсан ба хариуцагч нь урьдчилгаа төлбөрт тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн болохоо баримтаар нотлоогүй, гэрээний дагуу нүх, шуудуу ухан бэлдэж байсан гэж фото зураг, ... нийт 14 хуудас баримт шүүхэд гаргаж өгсөн боловч уг ажил нь захиалагчийн ашиг сонирхол буюу ажлын тодорхой үр дүнг бий болгосон гэх нөхцөл байдлыг нотлоогүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2-т заасан журмыг зөрчөөгүй байна.

9. Гэрээний нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал нь гэрээг цуцалж учирсан хохирлоо нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэйг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заажээ. “Б С” ХХК гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 202, 225, 226 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

Гэрээний 5.2.4-д захиалагч нь ажил гүйцэтгэхэд шаардлагатай баримт бичиг болон бусад мэдээ мэдээллээр хангах үүргийг хүлээжээ. /хх-11-12/

Гэрээний дээрх заалтад “Б С” ХХК нь байгаль орчны үнэлгээг хийлгэж, хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн гэдгийг тухайлан заагаагүй ба “Г П” ХХК нь байгалийн нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулдаг мэргэшсэн этгээдийн хувьд энэ талаар гэрээнд тусгах, тусгаагүй боловч ийм шаардлага хүргүүлж мэдэгдэж байсан баримт хэрэгт байхгүй, улмаар гэрээ хэрэгжээгүйд “Б С” ХХК-ийг буруутгах боломжгүй байна.

10. Иймд гэрээг цуцалсанд нэхэмжлэгч буруутай, үүргээ биелүүлээгүй болон урьдчилгаа төлбөрөөр ажил гүйцэтгэсэн гэх үйл баримтыг хариуцагч нотлоогүй тул “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах”-ыг хүссэн хариуцагч талын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/01379 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1764 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 284,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.БАНЗРАГЧ

                         ШҮҮГЧИД                                                     Н.БАЯРМАА

                                                                                               П.ЗОЛЗАЯА

                                                                                               Д.ЦОЛМОН

                                                                                               Х.ЭРДЭНЭСУВД