Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 01202

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ж-” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/01020 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Ж-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.О-, Б.Ө- нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 22 300 500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Батчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.О-, Б.Ө- нар нь манай байгууллагад хандаж өөрсдийн хэрэгцээнд зориулж 14 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай зээл олгохыг хүссэн. Зээлдэгч нарын хүсэлт, холбогдох баримтыг үндэслэж 2018 оны 02 сарын 13-ны өдрөөс 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр, 14 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан олгосон. Зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаа гудамж, 32а байрны зоорийн давхар, 21 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205058133 дугаартай, 24 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Манай байгууллагын зүгээс зээлийн эргэн төлөлтийг төлж, зээлийн графикт орохыг удаа дараа сануулж, бичгээр мэдэгдэл өгч тодорхой хугацаанд зээлийн болон барьцааны гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжит хугацааг зээлдэгч нарын хүсэлтийн дагуу өгч байсан. Гэвч хариуцагч С.О-, Б.Ө- нар нь өнөөдрийг хүртэл зээлийн нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү болон үндсэн төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч С.О-, Б.Ө- нараас нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 935 550 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 7 864 950 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт          13 500 000 төгрөг, нийт 22 300 500 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.О- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би “Ж-” ХХК-иас 2015 оноос удаа дараа зээл авч, хамтран ажиллаж байсан. Сүүлийн удаа 2018 онд 13 000 000 төгрөгийн зээл авч, хүүг төлж байсан боловч 2019 оноос эхлэн эдийн засгийн хүндрэлийн улмаас төлж чадаагүй. Ажил эхлэх учраас энэ оны 8 сар хүртэлх хугацаанд төлөх үнийн дүнг 18 000 000 төгрөгөөр тогтоон, хуваан төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.О-, Б.Ө- нараас 12 478 300 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ж-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 822 200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339 653 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 281 574 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ж-” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох С.О-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаа гудамж 32а байрны зоорийн давхрын 21 тоот хаягт байршилтай, 24 м.кв талбай бүхий авто зогсоолыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан процесс ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж 2020 оны 4 сарын 21-ний өдөр гарсан атал шүүх хурлыг 2020 оны 4 сарын 21-ний өдрийн 10:00 цагт товложээ. Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 4.3.1-т “Тухайн шатны шүүхийн шүүгчийн туслах шүүгчийн даалгаснаар шүүх хуралдаан хэзээ, хаана болох тухай “Шүүх хуралдаанд ирүүлэх тухай мэдэгдэх хуудас” баримт №8, “Шүүх хуралдаанд ирүүлэх тухай мэдэгдэх хуудас” баримт №21 зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, иргэдийн төлөөлөгчид тус тус 5-аас доошгүй хоногийн өмнө хүргүүлэх буюу мэдэгдэж, баримтыг хэрэгт хавсаргана. Шүүх хуралдааны товыг цахимаар болон утсаар мэдэгдсэн тохиолдолд тэмдэглэл үйлдэж баримтжуулсан байна” гэж заасан. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааныг товлоод 5-аас доошгүй хоногийн өмнө товыг хэргийн оролцогчид мэдэгдэх ёстой. Шүүх хуралдаан эхний удаа орох гэж байгаа бол товлоод хэргийн оролцогчид товыг “мэдэгдэх хуудсаар” хүргүүлэхээр хуульчилсан. Гэтэл хариуцагч Б.Ө-д шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн хэргийг хэлэлцүүлэх тухай захирамж гарсан өдрөө шүүх хуралдааныг хуралдуулахаар товлосон нь хуульд үл нийцжээ. Хэргийг шүух хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн оролцогч хэргийн материаптай танилцах ёстой. Гэтэл хариуцагч нар нь хуульд заасны дагуу хэргийн материалтай танилцаагүй байна. Хэрэгт авагдсан хэрэг танилцуулсан баримтад хариуцагч нар гарын үсэг зурсан ч он сар бичээгүй, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гарахаас өмнө танилцуулсан байна. Хариуцагч нарт хуульд заасны дагуу хэргийн материал танилцуулаагүй, шүүх хуралдааны товыг хариуцагч Б.Ө-д мэдэгдэх хуудсаар илгээгээгүй буюу мэдэгдээгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж дүгнэх үндэслэл болно. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүулсэн хүү төлнө” гэж заасан. Өөрөөр хэлбэл банк бус санхүүгийн байгууллага нь зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлэх хүртэлх хугацаанд хүү тооцож авах эрхтэй юм. Тиймээс бид шүүхэд нэхэмжлэл гаргах үе хүртэл хүү тооцож хариуцагч нараас нэхэмжилсэн. Талууд гэрээний 3.3-т “Зээлдэгч нь зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлнө” гэж тохирсон. Өөрөөр хэлбэл гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талууд зээл төлөх дарааллаа гэрээгээр тохирсон юм. Мөн дээрх заалт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд хэрэглэх практик байгаа болно. Иймд шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль хэрэглээ болон процессын журам зөрчсөн алдаа гаргасан байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Ж-” ХХК нь хариуцагч С.О-, Б.Ө- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 22 300 500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2018 оны 02 сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Ж-” ХХК нь 14 000 000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, хариуцагч С.О-, Б.Ө- нар нь зээлийн төлбөрийг гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь төлөхөөр харилцан тохиролцож, 14 000 000 төгрөгийг зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 10-11-р тал/

                        Мөн өдөр талууд зээлийн барьцааны гэрээ байгуулж, хариуцагч С.О-ын өмчлөлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаа гудамж, 32а байр, зоорийн давхар, 21 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205058133 дугаартай, 24 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. /хх-ийн 14-15, 17-р тал/  

           

                        Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь зөв боловч шүүхийн шийдвэрт тооцоолол болон хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна. 

 

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “ ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй” гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “ Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.1.3, 3.1.4-т зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хэмжээний талаар нарийвчлан тохиролцсон байгаа нь хуулиар хориглоогүй хэлцэл тул уг хэлцлээр хүлээсэн үүргээ хариуцагч нар нь биелүүлэх үүрэгтэй юм.

 

            Нэхэмжлэгч “Ж-” ХХК нь 2019 оны 2 сараас 2019 оны 10 сарын 22-ны өдөр хүртэл зээлийн гэрээний үүргийг биелүүлэх талаар хариуцагч нарт утсаар болон бичгээр мэдэгдэж байсан нь зээлдэгчтэй холбоо барьсан тэмдэглэл, мэдэгдэл зэргээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч С.О-, Б.Ө- нар нь зээлийн гэрээний үүрэгт нийт 4 663 500 төгрөгийг төлж, гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй байна. /хх-ийн 13, 24-25-р тал/

           

            Анхан шатны шүүх хэтэрсэн хугацааны хүү ямар хэмжээтэй байх талаар зохигчид тохиролцоогүй, энэ талаар зээлийн гэрээнд тусгаагүй, хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

            Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дах хэсэгт “Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана” гэж заасан бөгөөд хуулийн дээрх зохицуулалт нь хэтэрсэн хугацааны хүү зээлийн үндсэн хүүгээс хэтрэхгүй гэсэн ойлголт юм. Иймд шүүх хэтэрсэн хугацааны хүүг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

 

            Тодруулбал, 14 000 000 төгрөг х 3.5% = 490 000 төгрөг /сарын хүү/, 490 000 төгрөг : 30хоног = 16 333 төгрөг /хоногийн хүү/ байна. Хариуцагч нар нь 2018 оны 4 сарын 11-ний өдөр 1 431 000 төгрөг төлсөн бөгөөд 1 сар 28 хоногийн хүү нь 947 324 төгрөг /1сар х 490 000₮ = 490 000₮, 28 хоног х 16 333₮ = 457 324₮, 490 000₮ + 457 324₮ = 947 324₮/, нийт зээлийн үүрэг 14 947 324 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн 1 431 000 төгрөгийг хасвал үндсэн зээлийн үлдэгдэл 13 516 324 төгрөг /1 431 000₮ – 947 324₮ = 483 676₮, 14 000 000₮ – 483 676₮ =13 516 324₮/ байна.

            13 516 324 төгрөг х 3.5% = 473 071 төгрөг /сарын хүү/, 473 071 : 30хоног = 15 769 /хоногийн хүү/. Хариуцагч нар нь 2018 оны 8 сарын 07-ны өдөр 1 000 000 төгрөг төлсөн бөгөөд 2018 оны 4 сарын 12-ны өдрөөс 2018 оны 8 сарын 07 хүртэл 3 сар 25 хоногийн хүү нь 1 813 438 төгрөг /473 071₮ х 3 сар = 1 419 213₮, 15 769₮ х 25 хоног = 394 225₮, 1 419 213₮ + 394 225₮ = 1 813 438₮/, үүнээс хариуцагч нарын төлсөн 1 000 000 төгрөгийг хасвал 813 438 төгрөг /хүүгийн үлдэгдэл/. 2018 оны 8 сарын 07-ны өдрөөс 8 сарын 13-ны өдөр хүртэл 6 хоногийн хүү нь 94 614 төгрөг /15 769₮ х 6 хоног = 94 614₮/, гэрээний хугацааны нийт хүү нь 908 052 төгрөг /813 438₮ + 94 614₮ = 908 052₮/ буюу үндсэн зээл 13 516 324 төгрөг, хүү 908 052 төгрөг болно.

 

            Зээлийн гэрээний хугацаанд төлөх ёстой нийт хүү 2 940 000 төгрөг /14 000 000₮ х 3.5% = 490 000₮, 490 000₮ х 6 сар = 2 940 000₮/ буюу хэтэрсэн хугацааны нийт хүүг Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт нийцүүлэн тооцвол              2 940 000 төгрөг болж байх бөгөөд нийт хүү нь 3 848 052 төгрөг /2 940 000₮ + 908 052₮ = 3 848 052₮/ байна.

 

            Хариуцагч нар нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2018 оны 8 сарын 28-ны өдрөөс 2019 оны 5 сарын 07-ны өдрийг хүртэл нийт 2 232 500 төгрөг төлсөн байх бөгөөд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 13 516 324 төгрөгөөс 2 232 500 төгрөгийг хасвал 11 283 824 төгрөг болж байна.

 

            Иймд хариуцагч С.О-, Б.Ө- нараас үндсэн зээлийн үлдэгдэл 11 283 824 төгрөг, хүү 3 848 052 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 769 610 төгрөг, нийт 15 901 486 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Ж-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 399 014 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, үүрэг гүйцэтгэгч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцнэ.

 

             Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдолдоо хариуцагч нарт хэргийн материал танилцуулаагүй, шүүх хуралдааны товыг хариуцагч Б.Ө-д мэдэгдээгүй буюу шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх боловч хэргийн 40  дүгээр талд авагдсан хэрэг танилцуулсан тухай баримтад хариуцагч нар нь гарын үсэг зурсан байх тул хариуцагч нарт хэргийн материалыг танилцуулаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт “... шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна” гэж заажээ. Шүүхээс хариуцагч Б.Ө-ийн 95994548 дугаарын утсанд шүүх хуралдааны товыг мэдэгдэж, баталгаажуулсан байхаас гадна дээрх асуудлаар хариуцагч нар давж заалдах гомдол гаргаагүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй болно. /хх-ийн 42-43-р тал/

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт “шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг заана” гэж заасан байхад анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарыг шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгаагүй алдаа гаргасныг дурьдах нь зүйтэй бөгөөд энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/01020 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... 12 478 300 /арван хоёр сая дөрвөн зуун далан найман мянган гурван зуу/ төгрөг ...” гэснийг “15 901 486 төгрөг” гэж, “... 9 822 200 ...” гэснийг “6 399 014” гэж,

2 дахь заалтын “ ... 281.574 төгрөг ...” гэснийг “307 657 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 106 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                                    

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

         ШҮҮГЧ                                     Д.НЯМБАЗАР

 

Г.ДАВААДОРЖ