Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2022/00412

 

  

Жи Эс Би капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/01020 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1202 дугаар магадлалтай,

 

Жи Эс Би капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

С.Отгонбаяр, Б.Өнөрцэнгэл нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 22,300,500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийн үнээс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч С.Отгонбаяр, Б.Өнөрцэнгэл нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор, шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч Жи Эс Би капитал ББСБ ХХК нь хариуцагч С.Отгонбаяр, Б.Өнөрцэнгэл нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 22,300,500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийн үнээс хангуулахаар шаардлага гаргасан, хариуцагч нар нь ...Зээл авч хүүг нь төлж байсан боловч эдийн засгийн хүндрэлийн улмаас төлж чадаагүй, нэхэмжлэлийн үнийн дүнг 18,000,000 төгрөгөөр тогтоон, хуваан төлөх хүсэлтэй байна... гэжээ.

 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/01020 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Отгонбаяр, Б.Өнөрцэнгэл нараас 12,478,300 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Жи эс би капитал ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,822,200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох С.Отгонбаярын өмчлөлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаа гудамж 32а байрны зоорийн давхрын 21 тоот хаягт байршилтай, 24 м.кв талбай бүхий авто зогсоолыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1202 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/01020 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...12,478,300 төгрөг... гэснийг 15,901,486 төгрөг гэж, ...9,822,200... гэснийг 6,399,014 гэж, 2 дахь заалтын ...281,574 төгрөг... гэснийг 307,657 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч С.Отгонбаяр, Б.Өнөрцэнгэл нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч талын өмгөөлөгч П.Эрхэмбаяр эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Улмаар давж заалдах шатны шүүх магадлалд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн дүгнэж, хариуцагчаас ...12,478,300 төгрөг төлөх гэснийг 15,901,486 төгрөг болгон өөрчилж 3,423,186 төгрөгийг нэмж төлөхөөр магадлажээ. Хариуцагч бид анхан шатны шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун байсан бөгөөд давж заалдах шатны шүүхийн энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

6. Нэхэмжлэгч Жи Эс Би капитал ББСБ ХХК зохигчийн хооронд байгуулагдсан 2018.02.13-ны өдрийн Зээлийн гэрээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож, гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 13,500,000 төгрөг, зээлийн хүү 7,864,950 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 935,550 төгрөг, нийт 22,300,500 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулахаар нэхэмжлэл гаргасан, хариуцагч нар зээлийн төлбөрт 18,000,000 төгрөгийг хувааж төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

7. Хэрэгт авагдсан баримтаар зохигч 2018.02.13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчээс зээлдэгч С.Отгонбаярт 14,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээгээр тохирсон эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн хамт төлөх үүрэг тус тус хүлээсэн, дээрх гэрээнд Б.Өнөрцэнгэл хамтран зээлдэгчийн үүрэг хүлээж оролцсон, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож С.Отгонбаярын өмчлөлийн БГД-ийн 18 дугаар хороо, 4-р хороолол, Амарсанаагийн гудамж, 32а байрны зоорийн давхрын 21 тоот авто зогсоолыг барьцаалж барьцааны гэрээ тус тус байгуулжээ.

 

Гэрээний дагуу зээлдүүлэгч зээлийн хөрөнгө 14,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч зээлийн төлбөрт 4,663,000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

 

8. Зохигчийн хооронд Банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 156.2 дахь зохицуулалтад нийцжээ.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

Түүнчлэн үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.3, 153 дугаар зүйлийн 153.1-д тус тус нийцжээ.

 

9. Анхан шатны шүүх хариуцагч нараас 12,478,300 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ зээлдэгчээс гэрээний хугацаа дууссаны дараа төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасч, мөн зохигч гэрээнд хэтэрсэн хугацааны хүүг тохиролцоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэсэн дүгнэлт хийжээ.

 

Зээлийн гэрээний 3.1.3-т зээлийн хүү сарын 3.5% гэж, 3.1.4-т зээлийн нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20% гэж, 4.9-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд ...зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож авна гэж тохиролцжээ.

 

Гэрээний дээрх заалтаас үзэхэд зээлдэгч гэрээний хугацаанд зээлээ төлөөгүй нөхцөлд зээлийг төлөгдөж дуустал буюу хэтэрсэн хугацаанд үндсэн хүүгийн хэмжээгээр хүү төлөх, үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байх тул талууд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тохироогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

 

Иймд шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагч нарын гомдлыг хангахгүй.

 

10. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, анхан шатны шүүхийн нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй алдааг залруулж, зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлдэгчийн гэрээний үүргийг нарийвчлан тохиролцсон тул зээлдэгч нь хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэсэн дүгнэлт хийж, хариуцагчийн төлөх төлбөрийн хэмжээг 15,901,486 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

11. Хариуцагч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо /тодорхойлох хэсгийн 4/ давж заалдах шатны шүүхийн магадлалыг зөвшөөрөхгүй байгаа хууль зүйн болон ямар нэг үндэслэлийг дурдаагүй байх бөгөөд давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх үндэслэлгүй байна.

 

12. Дээр дурдснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1202 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч С.Отгонбаяр, Б.Өнөрцэнгэл нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.Өнөрцэнгэлээс 2020.06.29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69,721 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД