Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 01198

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.О-гийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/00862 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: О.О-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М- э” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Цэнгэл, Г.Чинбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ундрахтамир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “М- э” ХХК-д 2014 оны 10 сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан хуулийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. 2016 оны 2 сараас жирэмсний болон амаржсаны амралт болон хүүхэд асрах чөлөө авсан. Хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин жирэмсэн болж 2017 оны 12 сард хүүгээ төрүүлж, дахин хүүхэд асрах чөлөөгөө сунгах хүсэлтээ өгч үргэлжлүүлэн чөлөөтэй байж байгаад 2019 оны 12 сарын 15-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасны дагуу ажилдаа орох хүсэлтээ бичгээр өгсөн. 2020 оны 1 сарын 16-ны өдөр ажилд орох хүсэлтийг маань хэрхэн шийдвэрлэсэн талаар асуухад хуулийн мэргэжилтнээр тушаалын төсөл хянагдаж байгаа гэхдээ гүйцэтгэх захирал байхгүй тул шийдвэрлээгүй байна гэсэн. Тэгээд 2020 оны 1 сарын 17-ны өдөр хүний нөөцийн ажилтантай уулзахад “М- э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 сарын 17-ны өдрийн Б/17 дугаартай О.О-г ажилд эргүүлэн томилох тухай тушаалтай танилцуулсан. Тушаалд намайг захиргаа, хуулийн хэлтсийн өр, авлага хариуцсан ажилтнаар томилсон байсан. Тэгээд миний бие захиргаа, хуулийн хэлтсийн дарга гэх н.Төмөрхүүтэй уулзахад чиний өмнө ажиллаж байсан хуулийн зөвлөх гэх ажлын байр цомхотголд орж байхгүй болсон тул чамайг өр, авлага барагдуулагч гэх албан тушаалд томилсон гэсэн. Миний бие уг тушаалыг зөвшөөрөөгүй, огт ажиллаагүй, шууд шүүхэд хандсан. Гэтэл захиргаа, хуулийн хэлтэст хуулийн ахлах мэргэжилтэн, хуулийн мэргэжилтэн гэх албан тушаалд ажиллаж байгаа хүмүүс миний өмнөх ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргийг гүйцэтгэн ажиллаж байгааг бусад ажилтнуудаас мэдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасны дагуу “М- э” ХХК хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах үүрэгтэй байтал цомхотгол нэрээр харин ч орон тоог нэмэгдүүлж, ажлын байрны нэршлийг өөрчилж байгаад ажлын байрны гүйцэтгэх үүрэг, цалинг бууруулж өөр ажил албан тушаалд бусдыг томилж, ажилтныг хохироож байгааг ажлаас халсан буюу өөр ажилд үндэслэлгүй шилжүүлсэн гэж үзэж байна. 2016 оны байгууллагын бүтцээс харахад хуулийн зөвлөх гэсэн орон тоо нь байна. Харин өр барагдуулах ажил бүтэц зохион байгуулалтаас харагдахгүй байна. Иймд намайг өмнө ажиллаж байсан “М- э” ХХК-ийн хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “М- э” ХХК нь О.О-тай 2014 оны 10 сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, хуулийн албаны хуулийн зөвлөхөөр томилсон. О.О- 2016 оны 3 сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 сар хүртэлх хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй байсан. Энэ хугацаанд “М- э” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нь хуулийн дагуу бичилт хийж, ажлын байрыг нь хадгалж байсан. О.О- нь 2019 оны 12 сарын 16-ны өдөр ажилдаа орох хүсэлтийг гаргасан. Ажил олгогчийн зүгээс ажилтны хүсэлтийг шийдвэрлэж, 2020 оны 01 сарын 17-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар О.О-г ерөнхий удирдлагын газрын захиргаа, хуулийн хэлтсийн өр, авлага хариуцсан ажилтнаар томилсон. ТУЗ-ийн 2016 оны 11 сарын 09-ний өдрийн 59/01 дүгээр бүтэц батлах тухай тогтоолоор “М- э” ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг баталсан. Уг бүтцээр О.О-гийн ажиллаж байсан хуулийн алба нь ерөнхий удирдлагын газрын захиргаа, хуулийн хэлтэс болон өөрчлөн байгуулагдсан бөгөөд чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй. Ажил олгогчийн зүгээс хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтныхаа нийгмийн даатгалын шимтгэлийг З жил 10 сарын хугацаанд төлсөн байх бөгөөд ажлын байрыг нь хэвээр хадгалсан. Энэ хугацаанд ажилтнуудын цалин хөлс болон хоол, унааны мөнгө тодорхой хэмжээгээр нэмэгдсэн бөгөөд нэхэмжлэлд дурдсан шиг цалинг бууруулсан, өөр албан тушаалд томилсон, эрх зүйн байдлыг нь дордуулсан зүйлгүй болно. О.О-гийн томилсон өр барагдуулах ажлын чиг үүрэг нь хуулийн зөвлөхийн ажлын чиг үүрэгтэй бараг адил бөгөөд нэршил л өөрчлөгдсөн. О.О-г өөрийнх нь хүсэлтийн дагуу ажилд нь авсан тушаал нь гарсан, очоод ажиллахад бэлэн байна. Харин цалин хөлсийг зөвшөөрөхгүй, энэ хүн хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад ажилдаа орсон, тийм учраас цалин хөлс олгох боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч О.О-г хариуцагч “М- э” ХХК-ийн ерөнхий удирдлагын газрын захиргаа, хуулийн хэлтэст хуулийн зөвлөх /хуулийн мэргэжилтэн/-ийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч “М- э” ХХК-иас 70 200 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: ... Миний бие ажилд эргэн орох хүсэлтээ 2020 оны 12 сарын 16-ны өдөр гаргаж, 2020 оны 01 сарын 15-ны өдрөөс хүүхэд асрах чөлөөгөө хуульд заасан журмын дагуу дуусгасан. Хэрэв хариуцагч “М- э” ХХК нь хууль зөрчихгүйгээр, нэхэмжлэгч намайг хуулийн зөвлөх /мэргэжилтэн/-ийн орон тоонд эргүүлэн томилж ажиллуулсан бол миний бие 2020 оны 01 сарын 15-ны өдрөөс эхлэн өмнөх ажлаа эрхэлж, хууль болон гэрээнд заасан журмын дагуу цалин хөлс авах байсан. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн 47, 49 дүгээр зүйлд заасны дагуу цалин, хөлс авч чадаагүй бөгөөд хохирсон болно. Ийнхүү хуульд заасан журмын дагуу хадгалагдаж буй албан тушаалд эргүүлэн томилогдож, цалин хөлс авах ёстой байтал авч чадахгүй хохирсон байхад цалин хөлсөөр хохирсон гэж үзэхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч намайг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилсон атлаа, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан зохицуулалтын үр дагавар үүсэхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Тиймээс О.О- намайг хуулийн зөвлөх /хуулийн мэргэжилтэн/-ийн ажилд эгүүлэн тогтоож байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлж шийдэх ёстой. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч миний хүүхэд асрах чөлөө дуусгавар болсон өдөр болох 2020 оны 01 сарын 15-ны өдрөөс 2020 оны 5 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор болох 6 835 382 төгрөгийг “М- э” ХХК-иас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү. Дундаж цалин хөлсийг бодсон тооцоолол: О.О- миний бие 2016 оны 3 сарын 01-ний өдрөөс жирэмсний болон амаржсаны амралтаа “М- э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 3 сарын 04-ний өдрийн Б/48 дугаар тушаалаар авсан. Нийгмийн даатгалын дэвтэрт 2016 оны 3 сард цалин орсон бичилт хийгдсэн байгаа нь 2016 оны 02 сард олгосон шагналт цалин юм. Тиймээс дундаж цалин хөлсөө 2015 оны 12, 2016 оны 01, 2016 оны 02 сард авсан цалингаар бодсон болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч О.О- нь хариуцагч “М- э” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2014 оны 10 сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, нэхэмжлэгч О.О- нь тус компанийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2016 оны 3 сарын 04-ний өдөр жирэмсний амралтаа авч, 2016 оны 6 сарын 27-ны өдрөөс 2016 оны 8 сарын 01-ний өдөр хүртэл, 2016 оны 8 сарын 18-ны өдрөөс 2019 оны 8 сарын 01-ний өдөр хүртэл тус тус хүүхэд асрах чөлөө авсан болох нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, жирэмсний амралт болон хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаал зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 6-7, 20-22-р тал/

 

Нэхэмжлэгч О.О- нь хүүхэд асрах чөлөөгөө дуусган, 2019 оны 12 сарын 16-ны өдөр ажилдаа эргэн орох хүсэлтээ гаргасан байх бөгөөд хариуцагч “М- э” ХХК нь 2020 оны 01 сарын 17-ны өдөр нэхэмжлэгч О.О-г түүний урьд эрхэлж байсан ажлаас өөр ажил буюу ерөнхий удирдлагын газрын захиргаа, хуулийн хэлтсийн өр, авлага хариуцсан ажилтнаар томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. хх-ийн 23, 54-р тал/

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч О.О-гийн урьд эрхэлж байсан ерөнхий удирдлагын газрын захиргаа, хуулийн хэлтсийн хуулийн зөвлөхийн орон тоо хасагдаагүй хэвээр байгаа болох нь хариуцагч “М- э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 21-ний өдрийн А/98 дугаар тушаалаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч О.О-г тус ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцсэн байна. /хх-ийн 31-32-р тал/

 

Харин анхан шатны шүүх, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж заасан байна.

 

Хариуцагч “М- э” ХХК нь дээрх хуульд заасан үүргийг биелүүлээгүй, бүтэц орон тоо өөрчлөгдсөн үндэслэлээр нэхэмжлэгч О.О-г өөр ажилд томилж, цалин хөлс олгохгүй байгаа эс үйлдэхүйг ажлаас халсантай адилтган үзэж, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасантай тус тус нийцэх юм. 

Тодруулбал, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн Сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу ажилтны сүүлийн 3 сарын цалинг /2015 оны 12 сард 1 882 969₮, 2016 оны 01 сард 1 175 000₮, 02 сард 1 883 315₮, нийт 4 941 284₮ : 3 = 1 647 094₮ сарын цалин, 1 647 094₮ : 22 хоног = 74 867₮ хоногийн цалин/ ажилд орох хүсэлт гаргасан 2020 оны 01 сарын 15-ны өдрөөс 2020 оны 6 сарын 03-ны өдөр хүртэлх 4 сар 12 хоног /1 647 094₮ х 4 сар = 6 588 376₮, 74 867₮ х 12 хоног = 898 404₮, 6 588 376₮ + 898 404₮ = 7 486 780₮/-ийн цалин буюу 7 486 780 төгрөгийг хариуцагч “М- э” ХХК-иас гаргуулан, нэхэмжлэгч О.О-д олгох нь зүйтэй. /хх-ийн 24-25-р тал/

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/00862 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч О.О-г хариуцагч “М- э” ХХК-ийн ерөнхий удирдлагын газрын захиргаа, хуулийн хэлтсийн хуулийн зөвлөх /хуулийн мэргэжилтэн/-ийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “М- э” ХХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 7 486 780 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.О-д олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “М- э” ХХК-д даалгасугай.” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар хариуцагч “М- э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 134 738 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д  зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                               

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.ИЧИНХОРЛОО

                                               

                                         ШҮҮГЧИД                                                Д.НЯМБАЗАР

                                                                                                 

                                                                                                            Г.ДАВААДОРЖ