| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 103/2020/00277/И |
| Дугаар | 01696 |
| Огноо | 2020-08-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 01696
Э.Г-ын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 103/ШШ2020/00354 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Э.Г-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.Г-д холбогдох
Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, орон сууц ашигласны төлбөр болон хэрэглээний зардалд нийт 8 669 966 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг
Хариуцагч талын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн өмгөөлөгч: Л.Ганганбарс,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн өмчлөлийн Багануур дүүрэг 1 дүгээр хороо, 96 дугаар байрны 19 тоот 2 өрөө орон сууцыг 2016 онд Төрийн банкны ипотекийн зээлээр худалдан авсан. Уг орон сууцаа 2018 онд Т.Намуунбайгальд худалдахаар тохиролцож Т.Намуунбайгалиас 20 000 000 төгрөгийг аваад орон сууцандаа оруулсан байсан. Сарын дараа манай эгч Мөнхтуяа байрыг маань Гантулгад зарахаар шийдэж, намайг нотариат дээр ирж Гантулгатай гэрээ хийлгүүлэхээр дуудсан. Би эгчийнхээ шаардсанаар М.Г-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийх гэсэн боловч нотариат орон сууц зээлийн барьцаанд байгаа учир энэ төрлийн гэрээг хийх боломжгүй гэсэн. М.Г- байрыг чинь авмаар байна, өвлийн хүйтэнд хэцүү байна, байрны гэрчилгээ буюу ордероо явцын дунд гаргаад өгчихнө биз гээд гуйгаад байсан учир нотариат дээр очиж, М.Г-ас орон сууцны урьдчилгаанд төлж байгаа 47 000 000 төгрөгийг зээж байгаа мэтээр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үедээ 2019 оны 5 сарын 14-ний үеэр ордерийг гаргаж өгье хэмээн амаар тохиролцсон боловч Солонгос явж чадаагүй тул мөнгөгүйн улмаас банкны зээлээ төлж чадаагүй. Тухайн үед Гантулга байрны үлдэгдэл мөнгөө төлөөгүй. Энэ шалтгааны улмаас би байраа барьцаанаас чөлөөлж чадаагүй. Гантулга намайг ятгасаар байгаад Т.Намуунбайгальд 4 000 000 төгрөг илүү өгөхөд хүргэсэн. Т.Намуунбайгалийг байрнаас гарангуут би зөрөөд орчихно, тэгэхээр чи Т.Намуунбайгалийг шүүхэд өгөөд 4 000 000 төгрөгийг буцаагаад авчихна биз гэж надад хэлээд хамт банкинд очиж 4 000 000 төгрөгийг Т.Намуунбайгальд шилжүүлсэн. М.Г- нь Т.Намуунбайгальд 24 000 000 төгрөгийг өгч, Т.Намуунбайгаль байрыг чөлөөлж өгснөөр 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Гантулга манай орон сууцанд амьдарч эхэлсэн. Гантулга намайг гэрчилгээ гаргаж өгсөнгүй хэмээн шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж надад 47 000 000 төгрөгийг, алдангийн хамт 54 230 000 төгрөгийг надаас нэхэмжилсэн. Тэгээд би Гантулгад 54 080 000 төгрөгийг төлөхөөр болсон. М.Г- нь нэгэнт надтай байгуулсан гэрээнээсээ татгалзаж, зээлийн гэрээ байгуулсан байдлаа ашиглаж өгсөн мөнгөө алдангитай нь нэхэмжилсэн тул би мөн түүнээс орон сууцаа ашиглуулсны төлбөрөө нэхэмжлэх хүсэлтэй байна. Иймд М.Г-ас орон сууцны хэрэглээний төлбөрт 1 019 966 төгрөг, орон сууц ашигласны төлбөрт 7 650 000 төгрөг, нийт 8 669 966 төгрөг, Багануур дүүрэг 1 дүгээр хороо, 96 дугаар байр 19 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг чөлөөлөхийг даалгаж, 8 669 966 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ байрыг нэхэмжлэгчийн эгч Мөнхтуяа гэж хүнээр дамжуулж худалдаж авсан нь үнэн. Эгчтэй нь утсаар ярихад дүү бид хоёр мөнгөө нийлүүлж энэ байрыг худалдаж авсан, одоо дүү маань байраа түрээслүүлж байгаа гэсэн. Эгч нь эхлээд 3 000 000 төгрөгийн урьдчилгаа өгчих, тэгвэл одоо байр хөлсөлж байгаа хүнээ байрнаасаа гаргая гэсэн. Тэгээд би өөрийнхөө өмчлөх эрхийн гэрчилгээтэй 2 өрөө орон сууцаа 53 000 000 төгрөгөөр худалдаж, тэгээд Э.Г-ын байрыг худалдан авах болсон. Би 3 000 000 төгрөгийг эгчид нь өгсний дараа Ганболд эгчдээ байр хөлслүүлж байгаа гэж хэлээд нөгөө байранд нь сууж байсан хүнээсээ 20 000 000 төгрөг авчихсан байсныг мэдсэн. Ганболдыг энэ асуудлаа шийдэж өг, би танай байрыг авна гээд өөрийнхөө байрыг зарчихсан гэж хэлсэн. Бид 59 000 000 төгрөгөөр байр авна гэж яриагүй, харин орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ гарчихвал 1 000 000 төгрөг нэмж өгье гээд нийт 51 000 000 төгрөгөөр Э.Г-ын байрыг худалдаж авахаар тохиролцсон. Би 2018 оны 11 сард байранд нүүж орсон. 2019 оны 01 сард хэрэглээний мөнгөө төлөхөөр очиход өмнөх ус, дулааны хэрэглээний төлбөрийг төлөөгүй байсан. Тэгээд би Э.Г- руу залгаад өмнөх төлбөрөө төлчих би төлбөрөө төлмөөр байна гэж хэлсэн, Э.Г- одоог хүртэл тэр мөнгийг төлөөгүй учраас би хэрэглээний мөнгийг төлөөгүй. Хэрвээ энэ хүн надад гэрчилгээгээ гаргаж өгсөн бол өөрийнхөө хэрэглээний төлбөрийг төлөөд амьдрах байсан. Гэрчилгээ гаргаж өгөөгүй учраас түүнд зээлсэн мөнгөө нэхэмжилж шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Шүүхээс албадан гүйцэтгэх тухай захирамж гарсны дагуу хашаа байшин, надаас авсан мөнгөөрөө авсан малыг нь заруулахаар Э.Г-ынд очтол хүүхдүүдтэйгээ очих газаргүй гээд байхаар нь 2020 оны 3 сарын 15-ны өдөр гэрчилгээ гаргаж өгөхөөр тохиролцож, нотариатаар гэрчлүүлсэн. Гэтэл Э.Г- одоог хүртэл надад мөнгө ч өгөөгүй, байрны ч гэрчилгээг ч өгөөгүй байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 96 дугаар байрны 19 тоот 2 өрөө орон сууцыг Хиад овогт Мандахбаярын Гантулгын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Э.Г-од олгож, Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасанаар М.Г-ас 8 072 776 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Г-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 597 190 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 869 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 144 114 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдэврлэжээ.
Хариуцагч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасан зохицуулалтыг баримтлан М.Гантулгыг Э.Г-ын өмчлөлийн орон сууцыг шударга бусаар, үндэслэлгүйгээр эзэмшиж байсан гэх дүгнэлт хийжээ. Гэтэл нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, талуудын шүүх хуралдаанд хийсэн тайлбар болон гаргаж өгсөн нотлох баримтуудаас харахад нэхэмжлэгч болон хариуцагч талууд анхнаасаа энэхүү орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авах сонирхолтой байсан бөгөөд орон сууц нь банкны өмчлөлд байсантай холбоотойгоор энэхүү худалдан авах гэрээ байгуулах боломжгүй болсон тул зээлийн гээрээ байгуүлан, 47 000 000 төгрөг өгөн Э.Г- нь өөрийн орон сууцанд М.Гантулгыг тодорхой хугацаа заан 2019 оны 5 сарын 14-ний өдөр гэхэд банкны зээлээ төлчихөөд гэрчилгээгээ шилжүүлж өгнө гээд орон сууцандаа оруулсан. Гэрээнд заасан хугацаа болсон боловч орон сууцныхаа зээлийг төлж барагдуулан гэрчилгээгээ аван М.Гантулгын нэр дээр шилжүүлэн өгөөгүй тул М.Г- нь шүүхэд нэхэмжлэл гарган зээлийн гэрээний дагуу мөнгөө алдангийг хамт нэхэмжилж эвлэрлээр шийдвэрлүүлсэн. Үүний дараа шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөө М.Гантулгыг шаардахаар өгөх ёстой 54 080 000 төгрөгтөө байрны бүх тооцоог өөрөө барагдуулан, орон сууцаа шилжүүлж өгье гэж Э.Г- гуйж тохирсон энэ нөхцөлд шүүх нь М.Гантулгыг үндэслэлгүйгээр тус орон сууцыг ашигласан гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Төлбөрийн үндэслэл болж буй тус орон сууцыг нэхэмжлэгч тал өөрөө худалдах, хариуцагч тал худалдан авах сонирхлын үүднээс мөнгөө өгч авалцан хариуцагч М.Гантулгыг эхний ээлжинд 2018 оны 12 сарын 15-ны өдрөөс 2019 оны 5 сарын 14-ний өдөр хүртэл орон сууцандаа суулгасан. Э.Г- болон М.Г- нарын хооронд байрны гэрчилгээг шилжүүлэн өгтөл ч юм уу, тус орон сууцанд байх хугацааны төлбөрийг түрээсийн журмаар төлнө гэсэн ямар нэгэн гэрээ хэлцэл огт байгаагүй. Нэгэнт гэрээ байхгүй тул түрээсийн гэрээний үүрэг үүсэхгүй бөгөөд зөвхөн нэхэмжпэгч нь бусдад түрээслэн олж болох орлого, өөрөөр хэлбэл хохирлыг, гарцаагүй орлого олох нотлогоог үндэслэн нэхэмжлэх эрхтэй байж болно. Гэтэл Э.Г- нь тухайн үед М.Гантулгыг орон сууцандаа оруулаагүй байсан тохиолдолд тус байрыг өөр хэн нэгэн этгээд нэг сарын 450 000 төгрөгөөр 17 сарын хугацаанд түрээслэн эзэмших байсан гэдэг нь ямар баримтаар нотлогдоод байна вэ, энэ хүн урьд өмнө нь орон сууцаа хөлслүүлсэн гэх гэрээг хэрэгт өгсөн боловч энэ нь тухайн цаг хугацаанаас өмнө байсан, яг бодит гэрээ гэдэг нь эргэлзээтэй. Цаашид түрээслүүлэх, хөлслүүлэх журмаар орлого олно гэсэн баталгаа байхгүй. Орон нутагт 2 өрөө байр сард хэдэн төгрөгөөр хөлсөлж, түрээслэдэг тухай үнэлгээ тогтоолгоогүй. Шүүхийн шийдвэрт М.Г- 2019 оны 12 сараас эхлэн 2020 оны 5 сар хүртэл эзэмшсэн гэж бичсэн мөртөө 17 сар гэж төлбөрийг тооцсон нь ойлгомжгүй. 2019 оны 6 сард шүүхээс Э.Г-ыг 54 050 000 төгрөгийг М.Г-д төлөхөөр шийдвэр гаргасан бөгөөд үүнийгээ төлөхгүй явсаар 2020 оны 1 сард тус мөнгөндөө орон сууцаа өгье гээд тохирчихсон тухай хариуцагч тал хариу тайлбартаа өгүүлсэн ба гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ нь Э.Г- нь тухайн орон сууцыг М.Гантулгын өмчлөлд өгөх ёстой, өгнө гэдгээ өөрөө илэрхийлсэн байх бөгөөд түүнийг уг орон сууцанд амьдрах эрхтэй гэдгийг баталж буй баталгаа юм. Гэтэл энэ нотлох баримтыг шүүх хэрхэн үнэлж үзсэн нь тодорхойгүй бөгөөд шууд орхигдуулан эсрэг шийдвэр гаргаж, М.Г- нь үндэслэлгүйгээр тус орон сууцанд амьдарсан гэж үзсэн нь хэт нэг талыг баримталсан шийдвэр гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь орон сууцны хэрэглээний төлбөр гэж 1 019 966 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд энэ талаар гаргасан шүүхийн шийдвэрт маргаагүй болно. Шүүхээс хэрэгсэхгүй болгосон хэрэглээ буюу 597 190 төгрөгийг Э.Г- өмнө нь төлөөгүй байсан учраас М.Г- хэрэглээг тушаах гэхээр өмнөх өрөнд оруулан тооцох гээд байсан учир төлж чадахгүй яваад байсан болно. Иймээс дээрх нөхцөл байдал нотлох баримтыг үндэслэн орон сууц ашигласны төлбөр 7 650 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Э.Г- нь хариуцагч М.Г-д холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, орон сууц ашигласны төлбөр буюу түрээсийн төлбөр гэх 7 650 000 төгрөг, орон сууцны ус, дулаан, СӨХ-ийн төлбөрт 1 019 966 төгрөг, нийт 8 669 966 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Зохигчид 2018 оны 12 сард орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч М.Г- нь 47 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Г-од төлсөн байх бөгөөд нэхэмжлэгч нь орон сууцны гэрчилгээг 2019 оны 5 сард хариуцагчийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн боловч гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлын талаар буруу дүгнэлт хийж, хууль хэрэглээний алдаа гаргасан байх бөгөөд нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх боломжтой гэж үзлээ.
Нэхэмжлэгч Э.Г- нь гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцны гэрчилгээг хариуцагч М.Гантулгын нэр дээр шилжүүлээгүйн улмаас талууд гэрээнээс татгалзаж, хариуцагч нь орон сууцны урьдчилгаанд шилжүүлсэн 47 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардан, улмаар талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байна. /хх-ийн 26-р тал/
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заажээ.
Нэгэнт талууд гэрээнээс татгалзсан тул Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 96 дугаар байрны, 19 тоот, 2 өрөө орон сууцыг хариуцагч М.Гантулгын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Э.Г-од олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.
Харин нэхэмжлэгчийн 8 669 966 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирол гаргуулах агуулгатай байх бөгөөд мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт зааснаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ цуцлагдахад хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байхад шүүх үндэслэлгүйгээр, шударга бусаар бусдын эд хөрөнгийг олж авахтай холбоотой Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасныг баримтлан орон сууц ашигласны төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Өөрөөр хэлбэл, талууд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсны улмаас хариуцагч М.Г- нэхэмжлэгчийн орон сууцанд амьдарсан үйл баримт нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт хамаарахгүй, хариуцагч хууль бусаар орон сууцыг эзэмшиж, ашиглаж байсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч Э.Г- нь хариуцагч М.Гантулгыг 2018 оны 12 сараас 2020 оны 5 сар хүртэл 17 сарын хугацаанд орон сууцанд амьдарсан гэж түрээсийн төлбөрийг сарын 450 000 төгрөгөөр тооцон, нийт 7 650 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нотлох баримтаар орон сууц хөлслөх гэрээ, дансны хуулга зэргийг гаргаж өгчээ. Гэвч нэхэмжлэгч Э.Г- тайлбартаа н.Чулуунбаатартай орон сууц хөлслөх гэрээ байгуулсан гэх боловч н.Чулуунцэцэгтэй байгуулсан орон сууц хөлслөх гэрээ хэрэгт авагдсан байна. /хх-ийн 36-39-р тал/
Түүнчлэн нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг н.Чулуунбаатарт хөлслүүлж байсан гэх боловч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд, тухайн орон сууцанд М.Г- орохоос өмнө Т.Намуунбайгаль амьдарч байсан гэжээ. /хх-ийн 1-2-р тал/
Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч Э.Г- нь орон сууцыг 450 000 төгрөгөөр бусдад хөлслүүлж байсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй бөгөөд тухайн Багануур дүүрэгт 2 өрөө орон сууцыг, 1 сарын 450 000 төгрөгөөр хөлслөх зах зээлийн ханштайг нотлох баримт байхгүй гэх хариуцагч талын гомдол үндэслэлтэй. Иймд орон сууцыг бусдад хөлсөлснөөс олох байсан орлого гэх 7 650 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна. /хх-ийн 36-р тал/.
Харин усны төлбөр 199 876 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 222 900 төгрөг, нийт 422 776 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд энэ талаар зохигчид гомдол гаргаагүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:
1.Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 103/ШШ2020/00354 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
2 дахь заалтын “... 493 дугаар зүйлийн 493.6 дахь ...” гэснийг “227 дугаар зүйлийн 227.1 дэх” гэж, “ ... 8.072.776 ...” гэснийг “422 776” гэж, “ ... 597 190 ...” гэснийг “8 247 190” гэж,
3 дахь заалтын “ ... 144.114 ...” гэснийг “13 333” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 137 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Г.ДАВААДОРЖ