Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 01695

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2020/01317 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Э-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М-” ХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 109 756 702 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээ болон эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, улсын тэмдэгтийн хураамжийн зөрүү 3 333 860 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөөгч: В.Мандах,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Тунгалагтуяа, Э.Удвал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: “Э-” ХХК нь “М-” ХК-тай 2014 оны 5 сарын 20, 2015 оны 5 сарын 20-ны өдрүүдэд ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 7 сарын 29 өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, 2014 оноос хойш жил бүр гэрээгээ сунган ажиллаж ирсэн. “М-” ХК-д бүтцийн өөрчлөлт хийгдэж гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн ба шинэ удирдлага нь төлбөр төлөхөөс зайлсхийж талуудын хооронд байгуулсан гэрээний агуулга, хийгдсэн ажил, төлбөр тооцоотой холбоотой асуудлаар үл ойлголцол үүссэн. Манай компанийн зүгээс удаа дараа гэрээ дүгнэх, тооцоо нийлэх тухай хүсэлт, санал албан бичгээр болон цахим шуудангаар хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл “М-” ХК нь тооцоо нийлж, төлбөр төлөхөөс зайлсхийж ирсэн. “Э-” ХХК нь “М-” ХК-тай байгуулсан гэрээний дагуу дараах төлбөр тооцооны өр үүссэн байгаа: Иргэн М.Даваанямын нэхэмжлэлтэй иргэний хэрэг. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд иргэн М.Даваанямаас ажлаас үндэслэлгүйгээр халсан болохыг тогтоолгох, ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 34 116 279 төгрөг гаргуулах, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хугацааны урамшуулалд 47 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг “М-” ХК-д холбогдуулан гаргасан бөгөөд хариуцагч “М-” ХК нь байгууллагаас зээлсэн 8 000 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж Улсын Дээд шүүхийн тогтоолоор иргэн М.Даваанямыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 34 116 279 төгрөгийг гаргуулж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хугацааны урамшуулал болох 47 000 000 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, иргэн М.Даваанямаас зээл 8 000 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Нийт ажлын хөлс 8 015 813.95 төгрөг болж байгаагаас “М-” ХК нь 840 000 төгрөг шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 7 175 814 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иргэн Г.Энхтайвантай холбоотой иргэний хэрэг. “М-” ХК-тай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. “М-” ХК-иас энэхүү хэрэгтэй холбоотойгоор дараах тооцоог 2018 оны 4 сарын 06 өдрийн 181/487 тоот албан бичгээр ирүүлж төлөхийг зөвшөөрсөн бөгөөд ажлын хөлс болох 3 250 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй байна. “Мобиком корпораци” ХХК-ийн тоног төхөөрөмжийн даатгалын гэрээний нөхөн төлбөрийн баримтанд хийсэн дүгнэлт. Тоног төхөөрөмжийн даатгалын гэрээний дагуу “Мобиком корпораци” ХХК-ийн 111 ширхэг нөхөн төлбөрийн баримтанд шинжилгээ хийж 130 004 415 төгрөгийн зөрчил илрүүлсэн бөгөөд шинжилгээний дүгнэлтийг хүргүүлсэн. “М-” ХК нь ажлын хөлс болох 5 550 000 төгрөгийг төлөөгүй байна. “М-” ХК-ийн “Мобиком корпораци” ХХК-д холбогдох иргэний хэрэг. “М-” ХК нь “Мобиком корпораци” ХХК-иас нотлогдоогүй даатгалын тохиолдолд олгосон нөхөн төлбөр болох 201 985 022 төгрөг, даатгалын зүйлд хамаарахгүй гар утасны зээлийн гэрээний төлбөрт олгосон 32 029 569 төгрөг, даатгалын зүйлд хамаарахгүй интернет ашигласны төлбөрт олгосон 11 249 608 төгрөг, нийт 245 264 199 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “М-” ХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. “М-” ХК, “Мобиком корпораци” ХХК нарын хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг эвлэрлийн гэрээгээр “Мобиком корпораци” ХХК-ийн хэрэглэгч нараас нэхэмжлэх 245 264 199 төгрөгийн шаардах эрх “М-” ХК-д үлдсэн бөгөөд “Мобиком корпораци” ХХК нь тоног төхөөрөмжийн даатгалын гэрээний дагуу нэхэмжилсэн тоног төхөөрөмжийн даатгалын нөхөн төлбөр болох 117 828 045 төгрөгийн шаардах эрхээсээ татгалзсан. “Э-” ХХК ба “М-” ХК нарын хооронд байгуулсан гэрээний дагуу ажлын хөлсний тооцоо 36 309 224 төгрөг байх бөгөөд үүнээс шилжүүлсэн 22 110 568 төгрөгийг хасаж тооцохоор 14 198 656 төгрөгийн үлдэгдэл ажлын хөлсийг төлөх үүрэгтэй байна. “Мобиком корпораци” ХХК-ийн хэрэглэгч нартай холбоотой тооцоо. “М-” ХК-ийн нэхэмжлэлтэй “Мобиком корпораци” ХХК-ийн хэрэглэгч нарт холбогдох иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрхэх эсэх нь 2016 оны 4 сараас хойш тодорхойгүй байсан ба 2017 оны 10 сарын 06 өдрийн “М-” ХК дээр хийсэн уулзалтаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Жавхлан нь “Мобиком корпораци” ХХК-ийн хэрэглэгч нараас төлбөрийн өрийг нэхэмжлэх ажиллагааг цаашид явуулахаас татгалзаж, байгаа гэж хэлсэн. “Мобиком корпораци” ХХК-ийн хэрэглэгч нартай холбоотой шүүхийн журмаар төлүүлсэн ажиллагааны ажлын хөлс 36 585 567 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Талуудын хооронд байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 7.2-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн өдрийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон бөгөөд “М-” ХК нь ажлын хөлсний төлбөрт 73 171 134 төгрөгийн 50%-иар алдангийг тооцоход алданги 36 585 567 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Иймд хариуцагч “М-” ХК-иас ажлын хөлсний төлбөрт 73 171 134 төгрөг, алданги 36 585 567 төгрөг, нийт 109 756 702 төгрөгийг гаргуулж “Э-” ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э-” ХХК нь 2014 оны 5 сарын 20-ны өдөр 14/015 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагчийн нэхэмжлэлийг барагдуулах ажлыг хуулийн дагуу шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гүйцэтгүүлж барагдуулах ажлыг 2015 оны 5 сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон байдаг. Мөн тус гэрээний 4 болон 10 дугаар заалтуудад өөрчлөлт оруулж “Мобиком корпораци” ХХК-ийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа хэрэглэгчдийн төлбөрийг төлүүлэх ажлыг гүйцэтгэхээр 2014 оны 10 сарын 02-ны өдөр нэмэлт гэрээ байгуулсан. Мөн 2015 оны 3 сарын 02-ны өдөр тус гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан 10 ширхэг нөхөн төлбөрийн материалд эрх зүйн шинжилгээ хийх дүгнэлт гаргах ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байдаг. Мөн тус гэрээний 3, 4 дүгээр зүйлүүдэд өөрчлөлт оруулж, захиалагчийн эрх ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд төлөөлөх ажлыг гүйцэтгэхээр 2014 оны 4 сарын 27-ны өдөр 15/022 гэрээ байгуулсан байдаг. 2015 оны 5 сарын 20-ний өдөр АГГ15/01 тоот ажил гүйцэтгэх гэрээг 2016 оны 5 сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд байгуулж, захиалагчийн эрх ашиг сонирхлыг шүүхэд төлөөлөх, ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. 2016 оны 7 сарын 29-ний өдөр 16/121 тоот эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан байдаг. “М-” ХК-ийн зүгээс “Э-” ХХК-ийн захиралтай хэд хэдэн удаа уулзалт хийж, тооцоо гаргаж хүргүүлж байсан боловч “Э-” ХХК-ийн захирал В.Мандах нь үндэслэлгүй өндөр төлбөр нэхэмжилдэг байсан тул талууд тооцоо нийлж чадалгүй өдий хүрсэн бөгөөд “М-” ХК-ийн эрхийг зөрчсөн, олон ёс зүйгүй үйлдлүүдийг гаргаж байсан. Тухайлбал, Г.Энхтайваны нэхэмжлэлтэй “М-” ХК-д холбогдох маргаанд хариуцагчийг төлөөлж оролцохдоо шүүхийн шийдвэр гарахаас өмнө маргааны зүйл болсон орон сууцыг өөрийн холбоотой этгээд (эхнэр/найз бүсгүй Э.Маргад)-ын нэр дээр шилжүүлэн банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийнхээ барьцаанд тавьж, “М-” ХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан. Үүнээс болж, “М-” ХК нь шүүхийн шийдвэрийн дагуу Г.Энхтайванд орон сууцыг шилжүүлэх боломжгүй байдалд орж, “Э-” ХХК болон Э.Маргад нарын зээлийг төлж, барьцаанаас суллан шүүхийн шийдвэрийн дагуу Г.Энхтайванд шилжүүлж байсан. “Э-” ХХК болон Э.Маргад нар нь одоо болтол манайд тус зээлээ төлөөгүй байгаа бөгөөд манайх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлд дурдсан хэрэг маргаанд шүүхэд төлөөлж, оролцсоны телбөр тооцооны хувьд: М.Даваанямын нэхэмжлэлтэй “М-” ХК-д холбогдох хэргийг 3 шатны шүүх шийдвэрлэж, “М-” ХК-иас ажилгүй байсан хугацаан цалин 34 116 279.00 төгрөгийг гаргуулж, гүйцэтгэх захирлын урамшуулалд 39 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, М.Даваанямаас 8 000 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тус тус шийдвэрлэсэн. Үүний дүнд талуудын хооронд байгуулсан 2015 оны 5 сарын 20-ний өдөр АГГ15/01 тоот ажил гүйцэтгэх гэрээний 4.1.6 болон 4.1.2-д заасны дагуу “Э-” ХХК-д 5 255 814 төгрөгийг төлөх тооцоо гарсан. Г.Энхтайваны нэхэмжлэлтэй “М-” ХК-д холбогдох хэргийн тооцоо: Тус хэргийг 3 шатны шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан. Үүний дүнд талуудын хооронд байгуулсан 2015 оны 5 сарын 20-ний өдөр АГГ15/01 тоот ажил гүйцэтгэх гэрээний 4.1.б-д заасны дагуу тооцоход “Э-” ХХК-д 600 000 төгрөгийг илүү шилжүүлсэн. Нөхөн төлбөрийн баримтад хийсэн дүгнэлтийн төлбөрийн тухайд: “Э-” ХХК 63 ширхэг нөхөн төлбөрийн материалд дүгнэлт хүргүүлсэн бөгөөд үүний төлбөрийг 2015 оны 5 сарын 20-ний өдөр АГГ15/01 тоот ажил гүйцэтгэх гэрээний 4.1.10-д заасны дагуу тооцоход төлбөрийн үлдэгдэлгүй байх бөгөөд бүх төлбөрийг шилжүүлсэн байна. “Мобиком корпораци” ХХК-тай холбоотой ажиллагааны төлбөрийн тухайд, “М-” ХК болон “Мобиком корпораци” ХХК нь шүүхийн өмнөх шатанд харилцан гэрээ байгуулахад эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд 2015 оны 5 сарын 20-ний өдөр АГГ15/01 тоот ажил гүйцэтгэх гэрээний 4.1.1-д заасны дагуу тооцоход 3 750 000 төгрөгийг илүү шилжүүлсэн. “Мобиком корпораци” ХХК-ийн хэрэглэгч нартай холбоотой ажиллагааны төлбөрийн түхайд: “Мобиком корпораци” ХХК-ийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа хэрэглэгчдийн төлбөрийг төлүүлэх ажлыг гүйцэтгэхээр 2014 оны 10 сарын 02-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний 4.1-т зааснаар урьдчилгаа 5 000 000 төгрөг төлөх бөгөөд төлбөрийг дансанд төлүүлсэн төлбөрийн 20%-иар төлөхөөр харилцан тохиролцож, 5 000 000 төгрөгийн урьдчилгааг төлсөн боловч “Э-” ХХК нь “Мобиком корпораци” ХХК-ийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа хэрэглэгчдэд холбогдуулж, авлага барагдуулах ажил хийж, манай байгууллагын дансанд төлүүлсэн баримт, шүүхийн шийдвэр захирамжийг ирүүлж байгаагүй. Мөн нэхэмжлэлдээ энэхүү ажиллагааны хөлсийг 2016 онд байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2.1.2 болон 2.1.4-т заасны дагуу тооцсон байх боловч тухайн тооцоололд дурдсан тоо баримтууд ямар ч үндэслэлгүй бөгөөд 2016 оны эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу шаардлага гаргасан нь үндэслэлгүй тул тооцоог хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх тооцооноос үзэхэд “М-” ХК нь “Э-” ХХК-д төлөх төлбөрийн үлдэгдэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Э-” ХХК нь 2014 оны 5 сарын 20-ны өдөр 14/015 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагчийн нэхэмжлэлийг барагдуулах ажлыг хуулийн дагуу шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гүйцэтгүүлж барагдуулах ажлыг 2015 оны 5 сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон байдаг. Мөн тус гэрээний 4, 10 дугаар заалтуудад өөрчлөлт оруулж, “Мобиком корпораци” ХХК-ийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа хэрэглэгчдийн төлбөрийг төлүүлэх ажлыг гүйцэтгэхээр 2014 оны 10 сарын 02-ны өдөр нэмэлт гэрээ байгуулсан. Мөн 2015 оны 3 сарын 02-ны өдөр тус гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан, 10 ширхэг нөхөн төлбөрийн материалд эрх зүйн шинжилгээ хийх дүгнэлт гаргах ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байдаг. Мөн тус гэрээний 3, 4 дүгээр зүйлүүдэд өөрчлөлт оруулж, захиалагчийн эрх ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд төлөөлөх ажлыг гүйцэтгэхээр 2014 оны 4 сарын 27-ны өдөр 15/022 гэрээ байгуулсан байдаг. Дараа он буюу 2015 оны 5 сарын 20-ны өдөр АГГ15/01 тоот ажил гүйцэтгэх гэрээг 2016 оны 5 сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд байгуулж, захиалагчийн эрх ашиг сонирхлыг шүүхэд төлөөлөх, ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. 2016 оны 7 сарын 29-ний өдөр 16/121 тоот эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан. Хариуцагч “Э-” ХХК нь хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг байх бөгөөд тус компани болон хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал В.Мандах нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй атлаа компанийн өмнөх удирдлагуудтай гэрээ байгуулж, мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байсан нь харагддаг. “Э-” ХХК нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан мэргэжлийн үйл ажиллагааг тус хуулийг зөрчиж явуулсан. Тус компани нь бизнесийн зөвөлгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэлд хамаарч байна. Иймд талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг тус тус хууль зөрчиж, хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү. “М-” ХК-ийн илүү төлсөн төлөлтийн тухайд “Э-” ХХК нь “Мобиком корпораци” ХХК-ийн хэрэглэгч нарт холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг “М-” ХК-иас авсан бөгөөд үлдэгдэл 3 333 860.81 төгрөгийн баримтыг өгч, хаалгаагүй байх тул 3 333 860.81 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу “Э-” ХХК нь “М-” ХК-иас олгосон итгэмжлэлийн хүрээнд итгэмжлэгдэгчийн олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлж ирсэн. Энэ нь хэрэгт авагдсан “Мандал женерал даатгал” ХХК-иас “Э-” ХХК-д олгосон итгэмжлэл, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдоно. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэгт зааснаас үзэхэд хуулийн этгээдийн эрх зүйн туслалцаа үзүүлэх, шүүхэд төлөөлөх чиглэл нь тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааны чиглэлд хамаарахгүй байна. Талуудын байгуулсан гэрээнүүд, “М-” ХК-иас өгсөн даалгаврын дагуу олгосон итгэмжлэлийн хүрээнд “Э-” ХХК нь зохих ёсоор, шударгаар үүргээ гүйцэтгэж тайлагнаж, гэрээнд заасан ажлын хөлсийг тодорхой хэсгийг авч зарим хэсгийг аваагүй байгаа болно. Мөн 2014 оны 5 сарын 20 өдрийн 14/15 тоот ажил гүйцэтгэх гэрээ, 2015 оны 5 сарын 20 өдрийн АГГ15/01 тоот ажил гүйцэтгэх гэрээний 10.3-т талууд гэрээнд гарын үсэг зурж тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно, 2016 оны 7 сарын 29 өдөр 16/121 тоот эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ гэрээний 8.1-д талууд гэрээнд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус заасан бөгөөд дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр болж гэрээний дагуу ажиллагаа хийгдсэн. Шүүхэд төлөөлөх итгэмжлэл хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан. Илүү төлсөн төлбөр гаргуулах тухайд: “М-” ХК-иас сөрөг нэхэмжлэлд хавсаргасан 3 санхүүгийн баримт байна. Нэгд 2016 оны 4 сарын 08-ны өдрийн “М-” ХК-иас “Э-” ХХК-руу шилжүүлсэн 328 532 төгрөгийн “Мандалаас тэмдэгтийн хураамжийн төлбөр шилжүүлэв” гэсэн утгатай санхүүгийн баримтын тухайд, Иргэн М.Даваанямын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт “М-” ХК нь давж заалдах гомдол гаргасан бөгөөд уг гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 328 532 төгрөгийг “Э-” ХХК-руу шилжүүлсэн. Уг мөнгийг 2016 оны 4 сарын 08-ны өдөр Улаанбаатар хотын банкинд 2611016809 тоот дансанд тушаасан. Энэ нь шүүхэд гаргаж өгсөн тэмдэгтийн хураамж төлсөн шилжүүлгийн баримт, хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 сарын 06 өдрийн 891 тоот магадлалын тогтоох хэсгийн 2-т зааснаар нотлогдоно. Хоёрт, 2016 оны 02 сарын 05-ны өдрийн “Э-” ХХК-руу “Мандалаас гэрээний дагуу төлбөр шилжүүлэв” гүйлгээний утгатай 478 500 төгрөг шилжүүлсэн санхүүгийн баримтын тухайд, уг шилжүүлгийн баримтын гүйлгээний утга нь “Мандалаас гэрээний дагуу төлбөр шилжүүлэв” гэсэн байна. Энэхүү шилжүүлэг нь улсын тэмдэгтийн хураамжид хамаарахгүй байгаа нь нотлогдож байгаа бөгөөд “М-” ХК-иас гаргасан сөрөг нэхэмжлэлд хамаарахгүй болно. Манай компани нь “М-” ХК-ийн даалгавраар “Мобиком корпораци” ХХК-ийн 1000 хэрэглэгчтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэсэн бөгөөд их хэмжээний бичгийн хэрэгслийн зардал гарсан. Гуравт, 2016 оны 02 сарын 08-ны өдрийн “Э-” ХХК-руу Мандалаас улсын тэмдэгтийн хураамж шилжүүлэв гүйлгээний утгатай 5 199 926 төгрөг шилжүүлсэн санхүүгийн баримтын тухайд “М-” ХК нь “Мобиком корпораци” ХХК-д өр төлбөртэй 1000 хэрэглэгчийг эхний ээлжинд шүүхэд шилжүүлсэн бөгөөд үүний тэмдэгтийн хураамжийг хамт шилжүүлсэн. Манай компани нь 1000 хэрэглэгчид холбогдох шүүхийн тэмдэгтийн хураамжийг харьяа дүүргийн татварын албанд төлж, 1000 нэхэмжлэлийг шүүхэд өгсөн. 1000 хэрэглэгчид холбогдох ажиллагааны тайланг хариуцагчид хүргүүлсэн. Төлбөрийг төлөхөөр шийдвэрлэсэн иргэний хэргийн шийдвэрүүдийн дагуу тэмдэгтийн хураамжийг хэрэглэгч төлөхөөр хуульчилсан байгаа. Шийдвэрлэгдээгүй иргэний хэргийн шүүхийн тэмдэгтийн хураамжийг харьяа дүүргийн татвар, төрийн сангаас буцаан шилжүүлдэг бөгөөд үүний дагуу гэрчилгээний хуулбар, албан хүсэлт, тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг холбогдох материалыг өгдөг. Эдгээр материалууд нь хариуцагчид өөрт нь байгаа бөгөөд гэрээгээр “Э-” ХХК нь тэмдэгтийн хураамжийг төрийн байгууллагаас гаргуулах үүрэг хүлээгээгүй болно. Иймд “Мобиком корпораци” ХХК-ийн хэрэглэгч нарт холбогдох иргэний хэргийн шүүхийн тэмдэгтийн хураамжийг манай компаниас нэхэмжилдэг нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд харьяа дүүргийн татвар, төрийн сангаас шүүхийн шийдвэрийн дагуу буцаан шаардах нь зүйтэй. Дээрхи үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “М-” ХК-иас 7 368 837 төгрөг гаргуулж, “Э-” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 102 387 865 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар “М-” ХК-ийн 2014 оны 5 сарын 20-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, 2015 оны 5 сарын 20-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 7 сарын 29-ний өдөр байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, улсын тэмдэгтийн хураамжид авсан төлбөрийн зөрүү болох 3 333 860 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 708 000 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278 900 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 132 851 төгрөг гаргуулж, “Э-” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй. “Э-” ХХК нь “М-” ХК руу 2015 оны 10 сарын 21-ний өдөр албан бичгээр санал хүргүүлсэн. Энэхүү албан бичиг нь нэхэмжлэгчийн хүсэл зоригийг илэрхийлсэн бөгөөд уг хүсэл зоригийг хариуцагч хүлээж авсан талаар шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй. Хүсэл зоригийг хүлээн авсныг нотлох баримт бол санхүүгийн баримт, тооцоо нийлсэн акт эсвэл хариу албан бичиг байна. Гэтэл эдгээр нотлох баримтуудыг хариуцагч гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгчийн 2015 онд явуулсан хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч 2020 оны 5 сард хүлээн авч суутган тооцсон гэх тайлбараар нэхэмжлэгчид 5 жилийн дараа шүүх хуралдаан дээр мэдэгдэж байгаа бөгөөд өөрийн тайлбарыг нотолсон нотлох баримт гаргаж өгөөгүй. Шүүх “нэхэмжлэгч үгүйсгээгүй тул” гэж дүгнэсэн. Гэтэл 2015 оны 10 сард явуулсан хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч 2020 оны 5 сар хүртэл хүлээж авсан тухай мэдээгүй байсан, гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардсан холбогдох тооцоололтой албан бичгийг хариуцагч руу удаа дараа явуулж байсан нь нотлох баримтаар авагдсан байхад “нэхэмжлэгч үгүйсгээгүй” гэж дүгнэж байгаа нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь хүлээн авсан 840 000 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг огт суутгаж аваагүй, суутган тооцоололт хийгдээгүй болно. Тиймээс “Э-” ХХК нь М.Даваанямын нэхэмжлэлтэй иргэний хэрэг дээр ажилласан ажлын хөлсөнд 7 205 813 төгрөгийг авах эрхтэй байна. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримтыг хавсаргаж өгсөн. Хэргийн 32 дугаар талд нэхэмжлэгчээс хариуцагч руу явуулсан 2015 оны 7 сарын 02-ны өдрийн албан бичиг нотлох баримтаар авагдсан. Уг албан бичгээр баримт дээр хийсэн дүгнэлтийг хүргүүлсэн байгаа. Энэхүү нотлох баримтыг шүүх огт үнэлээгүй байна. Мөн хариуцагч 63 ширхэг нөхөн төлбөрийн баримтанд шинжилгээ хийлгэж, 3 150 000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд хариуцагч өөрийн тайлбараа нотлох баримтаар нотлоогүй буюу 3 150 000 төгрөг шилжүүлснийг нотолсон нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй. Шүүх зөвхөн хариуцагчийн тайлбарт үндэслэн нэхэмжлэгчийг 3 150 000 төгрөгийг шилжүүлж авсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Талууд гэрээний 4.1.4-т “Захиалагч нь буруутай этгээдээс төлбөр гаргуулах ажиллагаа хийгдэж байхад өөрийн хүсэлтээр зогсоох санаачилга гаргавал тухайн этгээдээс төлбөрийг гаргасан гэж үзэх бөгөөд төлбөл зохих төлбөрийн 10 хувь хөлс авна” гэж тохиролцсон. Мобиком корпорацид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2015 оны 10 сарын 06-ны өдөр эвлэрлийн гэрээ болон 2015 оны 10 сарын 22н-ы өдөр эвлэрлийн гэрээний нэмэлт гэрээ тус тус байгуулсан. Уг гэрээний 3.1-т “М-” ХК нь “Мобиком корпораци” ХХК-иас 245 526 420 төгрөг гаргуулахаар 3 бие даасан нэхэмжлэл, шаардах эрхээсээ татгалзаж, шүүхийн шийдвэрүүдийг “Мобиком корпораци” ХХК-д өгөх үүрэг хүлээсэн. Энэхүү эвлэрлийн гэрээгээр “М-” ХК, “Мобиком корпораци” ХХК-иас төлбөр гаргуулах ажиллагааг зогсоосон нь тогтоогдоно. Тиймээс гэрээний 4.1.4-т заасны дагуу ажлыг хөлсийг 245 526 420 төгрөгийг 10 хувиар тооцож, хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. Мобикомоос төлбөр гаргуулж “М-” ХК-д олгосон шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй байхад шүүх эвлэрлийн гэрээгээр тохиролцсон 57 000 000 төгрөгийн төлбөрөөс гэрээний 4.1.2-т заасны дагуу ажлын хөлс тооцдог нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан гэрээний дагуу уг ажиллагааны нийт хөлс 36 309 224.40 төгрөг байх бөгөөд үүнээс шилжүүлсэн 22 110 568 төгрөгийг хасаж тооцохоор 14 198 656.40 төгрөгийн үлдэгдэл ажлын хөлсийг “М-” ХХК нь төлөх үндэслэлтэй байна. 2014 оны 10 сарын 02-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээгээр Мобикомын төлбөрийн үлдэгдэлтэй байгаа хэрэглэгчдийн төлбөрийг төлүүлэх гэрээт ажил дээр 5 000 000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг авах бөгөөд шүүхээр төлбөрийг шийдвэрлүүлсэн, ШШГГ-аар шийдвэрийг гүйцэтгүүлж, захиалагчийн дансанд байршуулсан төлбөрийг 20 хувиар хөлс авахаар тохиролцсон. НШШГГ-ын 2020 оны 3 сарын 05-ны өдрийн мэдэгдлийн дагуу Мобикомын хэрэглэгчдийн “М-” ХК-ийн дансанд төлсөн төлбөрийн жагсаалтаар нийт 11 772 549 төгрөгийн төлбөр төлөгдсөн болох нь тогтоогдож байна. Иймд дээрх гэрээний дагуу “Мобиком корпораци” ХХК-ийн хэрэглэгчдийн төлбөрөөс “М-” ХК-ийн дансанд орсон 11 772 549 төгрөгийн 20 хувиар ажлын хөлсийг тооцоход 2 354 509 төгрөг болж байнаа  гэжээ. Ажлын хөлсний урьдчилгаа 5 000 000 төгрөгийн тухайд, 2014 оны 10 сарын 02-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээгээр Мобикомын төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгчдийн төлбөрийг төлүүлэх, гэрээт ажил дээр 5 000 000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг авсан бөгөөд уг төлбөрийг гүйцэтгэлээр хаасан хариуцагчаас 2018 оны 4 сарын 06-ны өдрийн 18/1487 тоот тооцоо нийлэх тухай албан бичиг хавсаргасан хавсралтаар тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 5 000 000 төгрөгийн урьдчилгааг 2014 оны 9 сараас 2015 оны 6 сард хийсэн ажлын гүйцэтгэлээр авах байсан ажлын хөлсөөр тооцоог хаасан байна. Тиймээс “М-” ХК-иас ирүүлсэн албан бичгээр нэхэмжлэгч нь 5 000 000 төгрөгийн урьдчилгааг 2014 оны 9 сараас 2015 оны 6 сард хийсэн ажлын гүйцэтгэлээр авах байсан ажлын хөлсөөр тооцоог хаасан нь нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх авах ёстой ажлын хөлснөөс 5 000 000 төгрөгийг дахин суутгасан нь алдаатай байна. Мобикомын хэрэглэгчдийн төлбөр төлөлтийн тухайд нэхэмжлэгч эхний ээлжинд 1000 хэрэглэгч дээр ажиллагаа хийсэн бөгөөд  хариуцагчаас манайд шилжүүлсэн Мобикомын 2246 хэрэглэгчийн мэдээлэл нийт ажиллагааны тайланг хариуцагчийн эрх бүхий албан тушаалтнууд руу цахим шуудангаар хүргүүлсэн бөгөөд мөн үзлэгээр тогтоогдсон. “М-” ХК-ийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 18/533 тоот албан бичигт Мобикомын хэрэглэгчдээс 17 722 992,77 төгрөг “М-” ХК-ийн дансанд төлөгдсөн тухай нотолжээ. Нэхэмжлэгч төлбөр төлүүлэх ажиллагаа хийж байх явцад хэрэглэгч нар Мобикомын данс руу шууд шилжүүлж байсан. Энэ талаар хариуцагчид мэдэгдэж байсан бөгөөд энэ нь үзлэгээр тогтоогдсон. Ажлын тайлангийн дагуу талуудын хооронд байгуулсан гэрээний холбогдох заалтуудын дагуу тооцоолол хийж, 37 163 265 төгрөгийн ажлын хөлс авах эрхтэй нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь шүүхэд Мобикомын 1959 хэрэглэгчтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх зөвхөн 1000 хэрэглэгчтэй холбоотой шийдвэр гаргасан бөгөөд 959 хэрэглэгчтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэх эсэхийг шийдвэрлээгүй нь процессийн хуулийг зөрчсөн. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, нотлох баримт дээр үндэслэж бодит тооцоолол хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын 102 387 865 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нийт 109 756 702 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2020 оны 5 сарын 18-ны өдрийн 1317 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 7 368 837 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн тухайд М.Даваанямын нэхэмжлэлтэй “М-” ХК-д холбогдох иргэний хэргийн ажлын хөлсийг дараах байдлаар тооцох байсныг шүүх нэхэмжлэгч талын гаргасан үндэслэлгүй тайлбарыг үндэслэн “М-” ХК-иас 4 485 813 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна гэсэнд гомдолтой байна. Нийт 5 255 813,95 төгрөг төлөхөөс 2 720 000 төгрөг төлж, үлдэгдсэл 2 535 813,95 төгрөг болох юм.  Г.Энхтайваны нэхэмжлэлтэй хэргийн ажлын хөлсийг шүүх дүгнэхдээ ... ажлын хөлсийг тооцоход 2 000 000 төгрөг болж байна. Уг ажлын хөлсөнд 2 600 000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч баримтаар нотлоогүй тул хариуцагч “М-” ХК-иас 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны өмнө 2 600 000 төгрөг төлсөн төлбөрийн баримтыг нотлох баримтаар гаргаж өгснийг үнэлээгүй орхигдуулсан байна. “Мобиком корпораци” ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулсан хэргийн ажлын хөлсний тухайд шүүх үндэслэлгүйгээр хамааралгүй гэрээний заалтыг үндэслэж дүгнэсэнд гомдолтой байна. “М-” ХК нь төлбөрийг бүрэн төлсөн бөгөөд 3 750 000 төгрөгийн авлага үүссэн. “М-” ХК нь “Мобиком корпораци” ХХК-ийн хэрэглэгч нартай холбоотой ажлын хөлсний урьдчилгаа 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үүнээс 2 354 509 төгрөгийн ажлыг хийлгүүлсэн бөгөөд энэ талаар дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Үлдэгдэл 2 645 491 төгрөгийг М.Даваанямын нэхэмжлэлтэй хэргийн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 2 535 813.95 төгрөгийг хасаж тооцвол “М-” ХК нь “Эй эс парнёрс” ХХК-ийн өмнө ажлын хөлсний төлбөрийн үлдэгдэлгүй байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Э-” ХХК нь хариуцагч “М-” ХК-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 109 756 702 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээ болон эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, улсын тэмдэгтийн хураамжийн зөрүү 3 333 860 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Зохигчид 2014 оны 5 сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Э-” ХХК нь хариуцагч “М-” ХК-ийн захиалгаар гуравдагч этгээдээс авах авлагыг барагдуулах, хариуцагч “М-” ХК нь гэрээт ажилд хяналт тавих, ажлын тайланг хүлээн авах, гэрээний дагуу төлбөр төлөхөөр /хх-ийн 11-13-р тал/,

2014 оны 10 сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээ байгуулж, захиалагчийн даатгуулагч болох “Мобиком корпораци” ХХК-ийн хэрэглэгчдийн төлбөрийг шүүхийн журмаар төлүүлэх, шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлж, захиалагчийн дансанд байршуулсан төлбөрийн 20 хувийг авахаар /хх-ийн 14-р тал/,

2015 оны 3 сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, 1 ширхэг даатгалын нөхөн төлбөрийн материалд 50 000 төгрөгөөр эрх зүйн шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар /хх-ийн 15-р тал/,

2015 оны 5 сарын 20-ны өдөр талууд анх байгуулсан гэрээний нөхцөлөөр дахин ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. /хх-ийн 16-19-р тал/

2016 оны 7 сарын 29-ний өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч “Э-” ХХК нь хууль эрх зүйн асуудлаар шаардлагатай хууль зүйн туслалцаа, зөвлөгөө өгөх, шүүхэд төлөөлөх, эрх зүйн үйлчилгээг зохих ёсоор үзүүлэх, хариуцагч “М-” ХК нь гэрээнд заасны дагуу ажлын хөлсийг төлөхөөр тус тус тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, талуудын байгуулсан гэрээ зэргээр тогтоогджээ. /хх-ийн 20-30-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж буруу дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна.

 

Хэдийгээр талууд ажил гүйцэтгэх болон эрх зүйн туслалцаа үзүүлэх нэртэй гэрээ байгуулсан боловч гэрээний агуулга, хэрэгжилтээс дүгнэвэл тодорхой ажлын үр дүн бий болгох талаар бус тодорхой ажил, үйлчилгээ үзүүлж тохирсон хөлс төлөхөөр тохиролцсон байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

 

М.Даваанямын нэхэмжлэлтэй, “Мандал женерал даатгал” ХХК-д холбогдох иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 сарын 09-ний өдрийн 2179 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 сарын 06-ны өдрийн 891 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 1384 дүгээр тогтоолоор хянан шийдвэрлэжээ. /хх-ийн 147-163-р тал/

 

Дээрх хэргийн ажлын хөлсийг анхан шатны шүүх 2015 оны 5 сарын 20-ны өдөр байгуулсан гэрээний 4.1.6, 4.1.5, 4.1.2-т зааснаар тооцож, нийт 7 205 813 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 840 000 төгрөг болон суутган тооцуулах хүсэлт гаргасан 1 880 000 төгрөгийг тус тус хасч, төлөх дүнг 4 485 813 төгрөг гэж тогтоосон нь үндэслэлтэй болно. /хх-ийн 145-р тал/

 

Г.Энхтайваны нэхэмжлэлтэй “Мандал женерал даатгал” ХХК-д холбогдох иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 сарын 09-ний өдрийн 6740 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 сарын 28-ны өдрийн 32 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 3 сарын 15-ны өдрийн 250 дугаар тогтоолоор хянан шийдвэрлэхдээ, нэхэмжлэлийн шаардлагыг 40 000 000 төгрөгийн хэмжээнд шийдвэрлэсэн байх бөгөөд талууд уг хэргийн ажлын хөлсийг 2015 оны 5 сарын 20-ны өдрийн гэрээний 4.1.6-т заасны дагуу үнийн дүнгийн 5 хувь буюу 2 000 000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-ийн 164-174-р тал/

 

Хариуцагч “М-” ХК нь дээрх хэргийн ажлын хөлсний урьдчилгаанд 2 650 000 төгрөгийг нэхэмжлэгч “Э-” ХХК-д шилжүүлсэн болох нь 2015 оны 9 сарын 23-ны өдрийн “Хаан банк”-ны шилжүүлгийн баримтаар тогтоогдсон ба 650 000 төгрөгийг илүү шилжүүлжээ. /2хх-ийн 225-р тал/

 

Талууд 2015 оны 3 сарын 02-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр, 1 ширхэг даатгалын нөхөн төлбөрийн материалд 50 000 төгрөгийн ажлын хөлс төлөх, эрх зүйн шинжилгээ хийхээр тохиролцсон. Нэхэмжлэгч “Э-” ХХК нь 111 ширхэг баримтад шинжилгээ хийсэн гэж 5 550 000 төгрөг нэхэмжилсэн боловч уг шаардлагаа баримтаар нотолж чадаагүй тул хариуцагч “М-” ХК-ийн зөвшөөрсөн хэмжээ буюу 63 ширхэг баримтад шинжилгээ хийсэн гэж үзэж, ажлын хөлсийг 3 150 000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна. 

 

Дээрх даатгалын нөхөн төлбөрийн материалд шинжилгээ хийсэн ажлын хөлсөнд хариуцагч “М-” ХК нь 2015 оны 8 сарын 14-ний өдрийн “Хаан банк”-ны шилжүүлгийн баримтаар 3 100 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх тул 50 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж үзлээ. /2хх-230-р тал/

 

Хариуцагч “М-” ХК нь “Мобиком корпораци” ХХК-иас нийт 245 264 199 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн зарим шаардалгаасаа татгалзсан. “Мобиком корпораци” ХХК нь даатгалын гэрээний дагуу нэхэмжлэх 117 828 045 төгрөгийн сөрөг нэхэмжлэлээсээ мөн татгалзаж, “М-” ХК-д 30 000 000 төгрөгийг шилжүүлэх, 27 000 000 төгрөгийн үйлчилгээ үзүүлэхээр талууд эвлэрч, 2015 оны 10 сарын 06-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ. /1-р хх-ийн 212-213, 2-р хх-ийн 64-р тал/

 

Анхан шатны шүүх дээрх маргааны ажлыг хөлсийг тооцохдоо эвлэрлээр хангагдсан 57 000 000 төгрөгөөс тооцсон нь учир дутагдалтай болсон байна. Учир нь талуудын байгуулсан гэрээний:

 4.1.4-т “захиалагч нь буруутай этгээдээс төлбөр гаргуулах ажиллагаа хийгдэж байхад өөрийн хүсэлтээр зогсоох санаачилга гаргавал тухайн этгээдээс төлбөрийг гаргасан гэж үзэх бөгөөд төлбөл зохих төлбөрийн 10 хувийн хөлс авна” гэж,

4.1.5-д “Захиалагч нь иргэний маргаанд хариуцагчаар татагдсан, гүйцэтгэгч нь уг маргаанд төлөөлж, оролцож шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаагүй тохиолдолд ажлын хөлс нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байна” гэж,

Эвлэрлийн гэрээний нэмэлт гэрээний 1.1.4-т “Мобиком нь 117 828 045 төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг “М-” ХК-иас нэхэмжлэх эрхээсээ сайн дураар татгалзсанаа батлах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар нэхэмжлэлээс татгалзах” гэж тус заасан байх тул 245 264 199 төгрөгийн 10 хувь 24 526 420 төгрөг, 117 828 045 төгрөгийн 10 хувь 11 782 804 төгрөг, нийт 36 309 224 төгрөгийн ажлын хөлсийг хариуцагч нь төлөх үүрэгтэй байна. Үүнээс хариуцагч “М-” ХК нь 22 110 568 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул үлдэгдэл төлбөрт 14 198 656 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. /2хх-ийн 64-65-р тал/

 

“Мобиком корпораци” ХХК-ийн хэрэглэгч нартай холбоотой ажиллагааны ажлын хөлсний тухайд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, талуудын байгуулсан гэрээний 4.1-т заасны дагуу 2 354 509 төгрөгөөр тооцож, хариуцагч “М-” ХК-ийн илүү төлсөн төлбөрийг нийт төлбөрөөс хассан нь зөв болжээ. /2хх-ийн 50-52-р тал/.

 

Түүнчлэн талуудын байгуулсан гэрээний 7.2-т “захиалагч нь ажлын хөлсийг гэрээнд заасны дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгээс 0.5 хувийн алдангийг гүйцэтгэгчид төлнө” гэж заажээ.

 

Иймд хариуцагч “М-” ХК-ийн нийт төлбөл зохих төлбөрийг нэгтгэн дүгнэвэл: Иргэн М.Даваанямын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт 4 485 813 төгрөг, “Мобиком корпораци” ХХК-ийн тоног төхөөрөмжийн даатгалын гэрээний нөхөн төлбөрийн баримтад шинжилгээний хийсэн төлбөрийн зөрүү 50 000 төгрөг, “М-” ХК-ийн нэхэмжлэлтэй “Мобиком корпораци” ХХК-д холбогдох хэрэгт 14 198 656 төгрөг, “Мобиком корпораци” ХХК-ийн хэрэглэгч нартай холбоотой ажиллагааны ажлын хөлс 2 354 509 төгрөг, нийт 21 088 978 төгрөг /4 485 813₮ + 50 000₮ + 14 198 656₮+ 2 354 509₮ = 21 088 978₮/ болж байна. Үүнээс хариуцагч “М-” ХК-ийн илүү төлсөн 3 295 491 төгрөгийг /650 000₮ + 2 645 491/ хасч, 17 793 487 төгрөг, алданги 8 896  743 төгрөг, нийт 26 690 230 төгрөгийг хариуцагч “М-” ХК-иас гаргуулан, нэхэмжлэгч “Э-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 83 066 647 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцнэ. 

 

Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээ болон эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, улсын тэмдэгтийн хураамжийн зөрүү 3 333 860 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлага гаргасан боловч зохигчид хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, нэхэмжлэгч “Э-” ХХК нь хариуцагч “М-” ХК-иас олгосон итгэмжлэлийн хүрээнд үйлчилгээ үзүүлсэн болох нь хэрэгт авагдсан итгэмжлэл, гэрээ зэргээр тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. Нөгөө талаар, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй болно.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж даалдах гомдолдоо хариуцагч “М-” ХК нь нэхэмжлэгч “Э-” ХХК-д төлөх ажлын хөлсийг бүрэн төлж дууссан, төлбөрийн үлдэгдэлгүй гэх боловч хариуцагч “М-” ХК нь иргэн М.Даваанямын нэхэмжлэлтэй хэрэг болон “М-” ХК-ийн нэхэмжлэлтэй, “Мобиком корпораци” ХХК-д холбогдох хэргийн ажлын хөлсийг бүрэн төлсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, нэхэмжлэгч “Э-” ХХК-ийн санал, дүгнэлт хүргүүлэх тухай албан бичиг, мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга зэргээр нийт ажлын хөлс 109 756 702 төгрөг болох нь нотлогдоно гэх боловч талууд тооцоо нийлсэн баримтгүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар бүрэн нотлоогүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсан болно.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2020/01317 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 ...” гэснийг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1” гэж, “ ... 7 368 837 /долоон сая гурван зуун жаран найман мянга найман зуун гучин долоо/ ...” гэснийг “26 690 230” гэж, “... 102 387 865 ...” гэснийг “83 066 647” гэж,

3 дахь заалтын “ ... 132 851 /нэг зуун гучин хоёр мянга найман зуун тавин нэгэн/ ...” гэснийг “291 401” гэж тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 132 860 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс төлсөн 670 260 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ                                          

                                         ШҮҮГЧИД                                        Б.НАРМАНДАХ

                                                                                                 

                                                                                                    Г.ДАВААДОРЖ