Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 01747

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/01611 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н-т холбогдох

 

Эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б- миний бие Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01897 дугаар шийдвэрээр “Есөн шижир инвестмент ББСБ” ХХК-д 38 634 454 төгрөгийг төлөхөөр болсон ба тус төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Б.Б- миний өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, СОТ-1 байрны 32 тоот хаягт байрлалтай, 27 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Миний бие “Есөн шижир инвестмент ББСБ” ХХК-иас зээлсэн мөнгийг бусдад залилуулсны улмаас санхүүгийн хүнд нөхцөл байдалд орж, шүүхийн шийдвэрт тусгасан төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлийг орон сууц борлуулж шийдвэрлэхээс өөр арга замгүй болсон. Ингээд Б.Б- миний өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тухайн үед сайн мэдэхгүй байсан тул 105 000 000 төгрөгөөр үнэлж байгаа талаарх үнийн саналаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан. Гэтэл 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 15690 дугаар мэдэгдлээр орон сууцыг 58 621 000 төгрөгөөр үнэлэгдсэн гэж мэдэгдсэн. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь төлбөр төлөгч буюу Б.Б- надаас гаргасан үнийн саналыг огт харгалзаагүй төдийгүй, үл хөдлөх эд хөрөнгийн одоогийн зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, миний өмчлөх эрхэд хохирол учруулахуйц байдал бий болсон тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01897 дугаар шийдвэрээр Б.Б-аас 38 634 454 төгрөгийг гаргуулж, “Есөн шижир инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Б.Б-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ү-2205003683 дугаартай Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 хороолол, СОТ-1 байрны 32 тоот хаягт байршилтай, 27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 19291236/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 19291236/02 тоот тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу зах зээлийн үнийг тогтоохоор талуудаас санал авахад харилцан тохиролцож үнэлгээг тогтоогоогүй. Үнийн санал зөрүүтэй өгсөн тул 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 4/216 тоот шинжээч томилох тогтоолоор “Виннер вэй” ХХК-ийг томилж, үнэлгээг тогтоосон. Шинжээчийн үнэлгээ тогтоосон тайланг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 11 цаг 06 минутанд хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч Б.Б-т 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 4/15690 тоот албан бичгээр үнэлгээг мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Н-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон “Виннер вэй” ХХК нь эд хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа, төлбөр төлөгч Б.Б- надаас гаргасан саналыг огтхон ч харгалзан үзээгүйгээр үнэлгээ гаргасан ба тус компанийн үнэлгээ нь зах зээлийн бодит ханшид  нийцсэн  эсэх  нь  эргэлзээтэй  байхад  шүүхэд хөндлөнгийн  хараат бус  шинжээч томилуулж, шүүхийн шатанд дахин хөрөнгийн үнэлгээ гаргуулах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох гол үндэслэл болох дахин шинжээч томилж, үнэн зөвөөр үл хөдлөх эд хөрөнгийнхөө үнэлгээг тогтоолгох эрхийг хязгаарласан гэж үзэж байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд төлбөр төлөгч тал хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, хууль бус гэж үзсэн тохиолдолд гомдол гарган, дахин хөрөнгийн үнэлгээ хийх зохицуулалт тусгагдаагүй бөгөөд шууд шүүхэд гомдол гаргах эрхтэй байхаар тус хуулийн 55.7 дахь хэсэгт хуульчлагдсан. Гэтэл анхан шатны шүүх энэ эрхийг хязгаарлаж, шинжээч томилоогүйд гомдолтой байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд хөрөнгийн үнэлгээ гаргасан “Виннер вэй” ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан “төлбөр төлөгчийн саналыг харгалзан үзнэ” гэх заалтыг ноцтой зөрчсөн байдаг. “Виннер вэй” ХХК нь хөрөнгийн үнэлгээ гаргахдаа төлбөр төлөгч Б.Б- миний гаргасан саналыг харгалзан үзэж, үндэслэлтэй эсэх, эсхүл үндэслэлгүй хэт өндөр үнэлсэн эсэх талаар дүгнэлт өгөх шаардлагатай байсан гэж үзэж байна. Миний бие өөрийн орон сууцны зах зээлийн бодит ханшийг мэдэхгүй тул 105 000 000 төгрөгөөр үнэлсэн нь хэт өндөр байсан эсэхийг үгүйсгэхгүй боловч энэхүү үнийн саналыг харгалзан үзэж, яагаад үндэслэлгүй гэж үзэж байгаа талаараа тайлбар гаргах ёстой байсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч этгээд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох ёстой байдаг боловч үл хөдлөх эд хөрөнгийн тухайн зах зээлийн бодит ханшийг иргэн хүн, Б.Б- би аль эсхүл манай өмгөөлөгч хавтаст хэрэгт авагдсан баримтууд, зах зээлийн ханш, эрэлт хэрэгцээг, газрын болон орон сууцны талбайн үнэ цэнийг тодорхойлон тогтоох боломжгүй бөгөөд нарийн мэргэшсэн мэргэжлийн байгууллага, тусгай зөвшөөрөл бүхий шинжээч шаардлагатай байх тул Б.Бупганбаяр би нэхэмжлэлийн шаарцлагаа өөрөө нотолж чадахгүйд хүрээд байна. Шинжээчийн дүгнэлт буюу хөрөнгийн үнэлгээ үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал дахин шинжилгээ хийлгэж болохоор хуульчлагдсан байх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд дахин хөрөнгийн үнэлгээ хийлгэх зохицуулалт тусгагдаагүй, шууд шүүхэд хандахаар хуульчлагдсан байх тул талууд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргаж дахин үндэслэл бүхий, хараат бус хөндлөнгийн шинжээчээр хөрөнгийн үнэлгээ гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Иймд Б.Б- миний бие хэргийг шийдвэрлүүлэхэд зайлшгүй хөндлөнгийн хараат бус шинжээчээр дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэж байгаа тул миний эрхийг зөрчиж, шинжээч томилохоос татгалзаж, хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.                      

 

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Н-т холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01897 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Б-аас 38 634 454 төгрөг гаргуулан, “Есөн шижир инвест ББСБ” ХХК-д олгож, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох нэхэмжлэгч Б.Б-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, сот-1 байр, 32 тоот хаягт байршилтай, 27 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003683 дугаартай, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 23-24-р тал/

 

Нэхэмжлэгч Б.Б- нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч “Есөн шижир инвест ББСБ” ХХК-ийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх  2019 оны 10 сарын 30-ны өдөр 1099 дугаар гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 22-р тал/

 

Хариуцагч Н- нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, сот-1 байр, 32 тоот хаягт байршилтай, 27 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003683 дугаартай, 2 өрөө орон сууцыг 2020 оны 01 сарын 07-ны өдөр битүүмжилж, 2020 оны 4 сарын 13-ны өдөр хураасан байна. /хх-ийн 26-28-р тал/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор нэхэмжлэгч Б.Б-аас үнийн санал авахад 105 000 000 төгрөг гэж санал өгсөн ч төлбөр авагч “Есөн шижир инвест ББСБ” ХХК шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх-ийн 29-30-р тал/

 

Талууд дээрх байдлаар үнийн саналд тохиролцоогүй байх тул хариуцагч Н- нь “Виннэр вэй” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь барьцаа хөрөнгийг 58 621 000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд хариуцагч Н- нь үнэлгээний мэдэгдлийг нэхэмжлэгч Б.Б-т 2020 оны 4 сарын 28-ны өдөр мэдэгдсэн байна. /хх-ийн 31-40-р тал/

 

                        Хариуцагч Н- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасанд нийцжээ.

           

                        Нэхэмжлэгч тайлбар болон давж заалдах гомдолдоо барьцаа хөрөнгийг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн гэх боловч “Виннэр вэй” ХХК нь барьцаа хөрөнгүүдийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу өртгийн, орлогын болон зах зээлийн харьцуулан жиших аргыг хэрэглэж, үнэлгээг гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгүүдийг хэт багаар үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй. Мөн дахин шинжээч томилуулж, үнэлгээ хийлгэх хүсэлтийг шүүх хүлээн аваагүйд гомдолтой гэх боловч уг хүсэлтийг хангахгүй орхисон шүүхийн ажиллагаа хууль зөрчөөгүй байна. 

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

                                       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/01611 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Н.БАТЗОРИГ

           

                                         ШҮҮГЧИД                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                 

                                                                                                            Г.ДАВААДОРЖ