Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2020/01611

 


 

 

      2020             06              12                                                    183/ШШ2020/01611

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 01 дүгээр хороо, 19 хороолол, хаягт оршин суух,  овогт Бгийн Б- /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Үндсэн хуулийн гудамжинд байрлах Н- газарт холбогдох,

 

Үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

                        ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б- миний бие Хан-Уул дүүргийн Анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №183/ШШ2019/01897 дугаартай шийдвэрээр инвестмент ББСБ ХХК-д 38 634 454 төгрөгийг төлөхөөр болсон ба тус төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Б.Б- миний өмчлөлийн ... дүүргийн 4 дүгээр хороо, байрны 32 тоот хаягт байрлалтай хуучнаар 27 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Миний бие инвестмент ББСБ ХХК-иас зээлсэн мөнгийг бусдад залилуулсны улмаас санхүүгийн хүнд нөхцөл байдалд орж, шүүхийн шийдвэрт тусгасан төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлийг орон сууц борлуулж шийдвэрлэхээс өөр арга замгүй болсон. Ингээд Б.Б- миний өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тухайн үед сайн мэдэхгүй байсан тул 105 000 000 төгрөгөөр үнэлж байгаа талаарх үнийн саналаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан. Гэтэл 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №4/15690 дугаар мэдэгдлээр миний өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 58 621 000 төгрөгөөр үнэлэгдсэн гэж мэдэгдсэн. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь төлбөр төлөгч буюу Б.Б- надаас гаргасан үнийн саналыг огт харгалзаагүй төдийгүй, үл хөдлөх эд хөрөнгийн одоогийн зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, миний өмчлөх эрхэд хохирол учруулахуйц байдал бий болсон тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01897 дугаар шийдвэрээр Бгийн Б-аас 38 634 454 төгрөгийг гаргуулж инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Б.Б-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ү-2205003683 дугаартай ... дүүргийн 4 дүгээр хороо, 2 хороолол, байрны 32 тоот хаягт байршилтай 27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 19291236/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 19291236/02 тоот тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу зах зээлийн үнийг тогтоохоор талуудаас санал авахад харилцан тохиролцож үнэлгээг тогтоогоогүй. Үнийн санал зөрүүтэй өгсөн тул 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 4/216 тоот Шинжээч томилох тогтоолоор Виннер вэй ХХК-ийг томилж, үнэлгээг тогтоосон. Шинжээчийн үнэлгээ тогтоосон тайланг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 11 цаг 06 минутанд хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу төлбөр төлөгч Б.Б-т 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 4/15690 тоот албан бичгээр үнэлгээг мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

           

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б- нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан ... дүүргийн 4 дүгээр хороо, байр, 32 тоот хаягт байрлалтай 27 м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01897 дугаар шийдвэрээр Б.Б-аас 38 634 454 төгрөг гаргуулахаар, хэрэв сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, улсын тэмдэгтийн хураамжид 421 323 төгрөг гаргуулж инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Н- газар тус шүүхийн 2019 оны 9 сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01897 дугаар шийдвэр болон 2019 оны 10 сарын 30-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн дагуу бичигдсэн 183/ГХ2019001099 дүгээр гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна. /хх-ийн 22-25/

 

Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Б.Б- нь шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага үүргийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг хуульд нийцүүлэн гүйцэтгэжээ.

 

Төлбөр төлөгч нь барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 105 000 000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч барьцаа хөрөнгийн 105 000 000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг эс зөвшөөрсөн хариу тайлбараа ирүүлсэн байна. /хх-28-3/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч болон үүрэг гүйцэтгүүлэгч нар  дуудлага худалдаагаар худалдагдах эд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Н- газрын 2020 оны 4 сарын 20-ны өдрийн 4/216 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор төлбөр төлөгч Б.Б-ын өмчлөлийн улсын эрхийн бүртгэлийн Ү-2205003683 дугаарт бүртгэлтэй,  ... дүүргийн 4 дүгээр хороо, 2 хороолол, байр, 32 тоот  орон сууцны үнэлгээг тогтоолгохоор хөндлөнгийн үнэлгээний байгууллага болох “Виннер вэй” ХХК-ийг шинжээчээр томилсон нь хууль зөрчөөгүй байна.

 

“Виннер вэй” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 04 сарын 24-ний 58 621 000  төгрөгөөр үнэлж, Н- газрын 2020 оны 04 сарын 28-ны өдрийн 4/15690 тоот албан бичгээр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Б-т 2020 оны 04 сарын 28-ны өдөр гардуулан өгсөн байна. /хх-41/

 

Нэхэмжлэгч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо тус шүүхэд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд гомдол гаргасан гэж үзнэ.

 

Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй, төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нарын хуульд заасан эрхийг зөрчсөн, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

“Виннер вэй” ХХК эд хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа зах зээлийн жишиг хандлага, орлогын хандлага, өртгийн хандлагын аргыг ашиглаж, Хөрөнгө үнэлгээний хуульд нийцүүлэн үнэлгээг гаргажээ.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Б-ын Н- газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Н- газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Тус шүүхийн 2020 оны 5 сарын 29-ний өдрийн 183/ШЗ2020/08016 дугаар  шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНХЦЭЦЭГ