Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/00943

 

   

  Б.Булганбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/01611 дүгээр шийдвэртэй,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1747 дугаар магадлалтай,

 

Б.Булганбаярын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Булганбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Булганбаяр миний бие Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.13-ны өдрийн 183/ШШ2019/01897 дугаар шийдвэрээр Есөн шижир инвестмент ББСБ ХХК-д 38,634,454 төгрөгийг төлөхөөр болсон ба тус төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд миний өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, СОТ-1 байрны 32 тоот хаягт байрлалтай, 27 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Миний бие Есөн шижир инвестмент ББСБ ХХК-иас зээлсэн мөнгийг бусдад залилуулсны улмаас санхүүгийн хүнд нөхцөл байдалд орж, шүүхийн шийдвэрт тусгасан төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлийг орон сууц борлуулж шийдвэрлэхээс өөр арга замгүй болсон. Ингээд Б.Булганбаяр миний өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тухайн үед сайн мэдэхгүй байсан тул 105,000,000 төгрөгөөр үнэлж байгаа талаарх үнийн саналаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан. Гэтэл 2020.04.28-ны өдрийн 15690 дугаар мэдэгдлээр орон сууцыг 58,621,000 төгрөгөөр үнэлэгдсэн гэж мэдэгдсэн. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь төлбөр төлөгч буюу Б.Булганбаяр надаас гаргасан үнийн саналыг огт харгалзаагүй төдийгүй, үл хөдлөх эд хөрөнгийн одоогийн зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, миний өмчлөх эрхэд хохирол учруулахуйц байдал бий болсон тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.13-ны өдрийн 183/ШШ2019/01897 дугаар шийдвэрээр Б.Булганбаяраас 38,634,454 төгрөгийг гаргуулж, Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Б.Булганбаярын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ү-2205003683 дугаартай Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 хороолол, СОТ-1 байрны 32 тоот хаягт байршилтай, 27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2020.01.07-ны өдрийн 19291236/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2020.04.13-ны өдрийн 19291236/02 тоот тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу зах зээлийн үнийг тогтоохоор талуудаас санал авахад харилцан тохиролцож үнэлгээг тогтоогоогүй. Үнийн санал зөрүүтэй өгсөн тул 2020.04.20-ны өдрийн 4/216 тоот шинжээч томилох тогтоолоор Виннер Вэй ХХК-ийг томилж, үнэлгээг тогтоосон. Шинжээчийн үнэлгээ тогтоосон тайланг 2020.04.27-ны өдрийн 11 цаг 06 минутад хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч Б.Булганбаярт 2020.04.28-ны өдрийн 4/15690 тоот албан бичгээр үнэлгээг мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/01611 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.Булганбаярын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,. Тус шүүхийн 2020 оны 5 сарын 29-ний өдрийн 183/ШЗ2020/08016 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1747 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/01611 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Булганбаярын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай заалтыг зөрчсөн ба давж заалдах шатны шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Б.Булганбаяр би шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хийгдсэн үнэлгээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан ...түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлнэ гэх заалтыг ноцтой зөрчсөн тул үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон Виннер Вэй ХХК нь эд хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа, төлбөр төлөгч Б.Булганбаяр надаас гаргасан саналыг огтхон ч харгалзан үзээгүйгээр үнэлгээ гаргасан ба тус компанийн үнэлгээ нь зах зээлийн бодит ханшид нийцсэн эсэх нь эргэлзээтэй байхад шүүхээс хөндлөнгийн хараат бус шинжээч томилуулж, шүүхийн шатанд дахин хөрөнгийн үнэлгээ гаргуулах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох гол үндэслэл болох дахин шинжээч томилж, үнэн зөвөөр үл хөдлөх эд хөрөнгийнхөө үнэлгээг тогтоолгох эрхийг хязгаарласан гэж үзэж байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд төлбөр төлөгч тал хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, хууль бус гэж үзсэн тохиолдолд гомдол гарган, дахин хөрөнгийн үнэлгээ хийх зохицуулалт тусгагдаагүй бөгөөд шууд шүүхэд гомдол гаргах эрхтэй байхаар тус хуулийн 55.7 дахь хэсэгт хуульчлагдсан. Гэтэл Анхан шатны шүүхээс энэ эрхийг хязгаарлаж, шинжээч томилоогүй байхад давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээс шинжээч томилоогүй нь үндэслэлтэй байна гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь шийдвэр гүйцэтгэх байгууллагад Б.Булганбаяр миний өмчлөлийн орон сууцыг хэд бол хэдэн төгрөгөөр үнэлүүлэх боломжтой гэж хардаж байгаа бөгөөд тус байгууллагын томилсон шинжээч Виннер Вэй ХХК-иас миний орон сууцыг 10 сая төгрөгөөр үнэлсэн байсан ч би үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй бол шүүхэд хандаж, шүүхийн шатанд хөндлөнгийн хараат бус шинжээчээр дахин үнэлгээ тогтоолгож байж, өмнө буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед хийгдсэн хөрөнгийн үнэлгээ нь үндэслэлтэй байсан эсэхийг харьцуулан дүгнэлт гаргах боломжит нөхцөл байдал үүсэх юм. Миний бие өөрийн орон сууцны зах зээлийн бодит ханшийг Виннер Вэй ХХК-ийн хөрөнгийн үнэлгээнээс илүү үнэ хүрэх боломжтой гэж үзэж байгаа бөгөөд шүүхээс шинжээч томилохгүйгээр асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд хөрөнгийн үнэлгээ гаргасан Виннер Вэй ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан төлбөр төлөгчийн саналыг харгалзан үзнэ гэх заалтыг ноцтой зөрчсөн байдаг. Виннер Вэй ХХК нь хөрөнгийн үнэлгээ гаргахдаа төлбөр төлөгч Б.Булганбаяр миний гаргасан саналыг харгалзан үзэж, үндэслэлтэй эсэх, эсхүл үндэслэлгүй хэт өндөр үнэлсэн эсэх талаар дүгнэлт өгөх шаардлагатай байсан гэж үзэж байна. Миний бие өөрийн орон сууцны зах зээлийн бодит ханшийг мэдэхгүй тул 105,000,000 төгрөгөөр үнэлсэн нь хэт өндөр байсан эсэхийг үгүйсгэхгүй боловч энэхүү үнийн саналыг харгалзан үзэж, яагаад үндэслэлгүй гэж үзэж байгаа талаараа тайлбар гаргах ёстой байсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч этгээд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох ёстой байдаг боловч үл хөдлөх эд хөрөнгийн тухайн зах зээлийн бодит ханшийг иргэн хүн, Б.Булганбаяр би аль эсхүл манай өмгөөлөгч хавтаст хэрэгт авагдсан баримтууд, зах зээлийн ханш, эрэлт хэрэгцээг, газрын болон орон сууцны талбайн үнэ цэнийг тодорхойлон тогтоох боломжгүй бөгөөд нарийн мэргэшсэн мэргэжлийн байгууллага, тусгай зөвшөөрөл бүхий шинжээч шаардлагатай байх тул Б.Булганбаяр би нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотолж чадахгүйд хүрээд байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ гэх заалтаас үзэхэд шинжээчийн дүгнэлт буюу хөрөнгийн үнэлгээ нь үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал дахин шинжилгээ хийлгэж болохоор хуульчлагдсан байх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд дахин хөрөнгийн үнэлгээ хийлгэх зохицуулалт тусгагдаагүй, шууд шүүхэд хандахаар хуульчлагдсан байх тул талууд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргаж дахин үндэслэл бүхий, хараат бус хөндлөнгийн шинжээчээр хөрөнгийн үнэлгээ гаргах эрхээ иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, аль эсхүл 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр эрхээ хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Иймд Б.Булганбаяр миний бие хэргийг шийдвэрлүүлэхэд зайлшгүй хөндлөнгийн хараат бус шинжээчээр дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэж байгаа тул миний эрхийг зөрчиж, шинжээч томилохоос татгалзаж, хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, тус шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасны дагуу дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Б.Булганбаяр нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа, ...шинжээч үнэлгээг хэт багаар тогтоосон, үнэлгээ тогтоосон үндэслэл тодорхой бус гэсэн, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Нэхэмжлэгч Б.Булганбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тухай давж заалдах шатны шүүхийн, шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа болон үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийн хууль зүйн үндэслэлд хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн байна.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.13-ны өдрийн 183/ШШ2019/01897 дугаар шийдвэрээр Б.Булганбаяраас 38,634,454 төгрөг гаргуулж Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгох, хэрэв төлбөрөө төлөөгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Уг шийдвэрийг Б.Булганбаяр сайн дураар биелүүлээгүйгээс шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хариуцагч явуулж, Б.Булганбаярын өмчлөлийн, барьцааны зүйл болох Баянгол дүүрэг, 4-р хороо, 2 дугаар хороолол, СОТ-1 байр, 32 тоотод байрлах орон сууцыг битүүмжлэн хурааж, анхны дуудлага худалдааны үнэ тогтоосон баримтууд хэрэгт авагджээ.

 

1. Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцон тогтоож болохыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан байна. Шийдвэр гүйцэтгэгч нь дээрх хуульд заасны дагуу үнийн санал авах ажиллагааг хийсэн боловч талууд харилцан тохиролцоогүйгээс шинжээчээр Виннер вэй ХХК-ийг томилж, үнэлгээ тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ.

 

2. Шинжээч орон сууцны зах зээлийн үнийг 58,621,000 төгрөг гэсэн, энэ талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Б.Булганбаярт 2020.04.28-ны өдрийн 4/15690 тоотоор мэдэгдсэн, нэхэмжлэгч 2020.04.30-ны өдөр шүүхэд хандаж гомдлоо гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасныг зөрчөөгүй байна.

 

3. Шинжээч хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон холбогдох стандартыг баримталдаг бөгөөд Виннер вэй ХХК нь хууль болон стандартыг зөрчөөгүй, Хөрөнгө үнэлсэн тухай тайланд тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.1, 9.1-д заасан нөхцөл, журмыг хангасан талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

 

4. Нэхэмжлэгч нь гомдолдоо ...анхан шатны шүүх ...шинжээч томилох хүсэлтийг хүлээн аваагүйгээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлох боломж олгоогүй..., шинжээч үнэлгээ тогтоохдоо нэхэмжлэгчийн үнийн саналыг харгалзаагүй гэх үндэслэлийг заажээ.

 

а/ Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ...орон сууцны үнэлгээ тогтоолгох үндэслэлээр шинжээч томилох хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.06.09-ний өдрийн 183/ШЗ2020/08508 тоот захирамжаар хангахгүй орхиж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь шинжээчийн тогтоосон үнэлгээ зах зээлийн үнээс хэт бага гэсэн нэхэмжлэлийн үндэслэлээ өөрөө нотолж, нотлох баримтаа гаргах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлэх боломжтой гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.6-д заасныг зөрчихгүй юм.

 

б/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, ...хураагдсан, хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заасан.

 

Харин төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн хувьд анхны дуудлага худалдаанд санал болгох доод үнэ тогтоох журмыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д тусгайлан ...үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтоох-оор, энэ хуулийн дагуу талууд тохиролцоогүй бол шинжээч томилж үнэлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус заасан байна.

 

Иймээс төлбөрт хураагдсан, албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг шийдвэр гүйцэтгэгч тогтоохгүй, дээр дурдсанаар тусгай журам үйлчилнэ. Томилогдсон шинжээч нь шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тогтоолд заасны дагуу үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон баримталбал зохих олон улсын ба үндэсний стандартад тулгуурлан тогтоох тул шинжээч дүгнэлт гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу төлбөр төлөгчийн саналыг харгалзаагүй гэх гомдол үндэслэлгүй гэж үзлээ.

 

Дээр дурдсанаар нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/01611 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1747 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Булганбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.09.03-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД