Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 01739

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/01739

 

 

 

Д.Энхтайвны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01255 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Энхтайвны хариуцагч Ж.Г, П.Г нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 45 000 000 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч П.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Ж.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Ж.Г, П.Г нартай сарын 4 хувийн хүүтэй 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, гэрээний барьцаанд иргэн П.Гийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, үйлдвэр Туул гол гудамж 89 дүгээр байр 95 тоот хаягт байршилтай 57м.кв 2 өрөө байрыг барьцаалсан. Иргэн Пүрэвдоржийн Ганзориг нь өөрийн 2 өрөө байраа барьцаалуулан Ж.Гийг итгэмжлэгчээр томилуулж, энэ миний ах, найдвартай хүн гэж хэлэн зээлийн болон барьцааны гэрээн дээр зээлдэгч барьцаалуулагчаар П.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ж.Г гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэвч зээлийн гэрээний хүүнд 3 700 000 төгрөг төлөөд цааш гэрээг сунгах хүсэлт гаргасан тул гэрээг 2017 оны 03 сарын 04-ний өдрийг хүртэл 8 сарын хугацаатайгаар сунгасан. Энэ хугацаанд зээлийн хүүнд 23 000 000 төгрөгийг өгсөн болно. Түүнээс хойш 3 жил орчим хугацаанд үндсэн мөнгө болон зээлийн хүүнд огт мөнгө төлөлгүй хохироож байна. Иймд иргэн Ж.Г, П.Г нараас зээлийн гэрээний үүрэгт 45 000 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Ж.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Д.Эаас 40 000 000 төгрөг авч, зээлийн гэрээний барьцаанд П.Гийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан. П.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр гэрээнд гарын үсэг зурахаар зээлийг өөрөө авч байна гэж ойлгогдоно гэж үзсэн. Зээлийг П.Г аваагүй би авсан. Зээлж авсан 40 000 000 төгрөгийг 12 дугаар сарын сүүлчээс өмнө төлчих бодолтой байна гэжээ.

 Хариуцагч П.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг зээлийг иргэн Ж.Г нь миний орон сууцыг барьцаалж иргэн Д.Эаас авсан. Энэ нь иргэн Д.Эы Хаан банкны данснаас иргэн Ж.Гийн данс руу 40 000 000 төгрөгийг шилжүүлсэн баримтаар тогтоогдоно. Иймд Ж.Г уг зээлийг өөрөө төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн иргэн Ж.Гт итгэмжлэл өгөхдөө 2015 оны 12 сарын 25-ны өдөр иргэн Ж.Гт өөрт нь өөрийн өмч болох орон сууцыг барьцаанд тавих, зээлийн гэрээ хийх, холбогдох байгууллагад зээлийн гэрээг бүртгүүлэх сунгах эрхийг олгосон бөгөөд би өөрийн нэр дээр зээл авна гэсэн итгэмжлэл өгөөгүй байтал миний нэр дээр зээл гарсан байна. Иймд иргэн Д.Эы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу хариуцагч Ж.Гоос 39,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Эд олгон, түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 5,600,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч П.Гоос 45,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,    Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч Ж.Г үүргээ сайн дураар биелүүлээгүй бол барьцааны зүйл болох П.Гийн өмчлөлийн Ү-2206044031 дугаартай Хан-Уул дүүргийн 2-р хороо, Үйлдвэр Туул голын гудамж, 89 дүгээр байрны 95 тоот хаягт байрлах, 57 мкв, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

Хариуцагч П.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгончимэг давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх зээлийн гэрээний харилцаа Д.Э болон П.Г нарын хооронд үүсээгүй боловч энэ нь барьцааны шаардлага Д.Э болон П.Г нарын хооронд бий болоогүй гэж үзэх үндэслэл болохгүй гэж дүгнэн шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 2 дах заалтаар барьцааны зүйлийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Манай орон сууц нь гагцхүү П.Гийн зээлийн гэрээний барьцаанд бариулах итгэмжлэлийн зүйл. Нэхэмжлэгч нь нэгэнт П.Гт зээл өгсөн нь тогтоогдоогүй тул, уг зээлийн барьцаанд бариулсан хөрөнгө нь барьцааны зүйл болох учиргүй. Барьцааны зүйл биш хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэглэхийг хуулиар зөвшөөрөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын эрх зүйн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Ж.Г, П.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 45 000 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг хариуцагч Ж.Г зээлийн гэрээний үүргийг хүлээн зөвшөөрч, хариуцагч П.Г барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

            Д.Э болон Ж.Г, П.Г нар нь 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 6 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй, 40 000 000 төгрөгийг зээлж, зээлийн барьцаанд П.Гийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 89 дүгээр байр 95 тоот 57 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалсан, 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гэрээг 8 сарын хугацаатай сунгасан үйл баримт хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 5, 9-10 дугаар тал/

Талуудын хооронд зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт нийцнэ.

Зээлийн гэрээний 2.1-т талууд гэрээний хугацааг 6 сар байхаар, зээлийн үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоногийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцжээ.  Мөн гэрээний хугацааг 8 сараар сунгасан, зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч 23 000 000 төгрөгийг төлсөн, энэ талаар зохигчид маргаагүй байна./хх-5/

            Хариуцагч буюу зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй, зөрчсөн тул нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар шаардах эрхтэй бөгөөд шүүх үндсэн зээлийн үлдэгдэл 39 400 000 төгрөгийг зээлдэгч Ж.Гоос  гаргуулж, 5 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн болно.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заасан ба зохигчдын “40 000 000 төгрөг Ж.Гийн дансанд орсон” гэх агуулга бүхий тайлбар, мөнгө шилжүүлсэн баримт зэргээс үзэхэд зээлдэгч хариуцагч нарын өмчлөлд мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж заасан.

Хариуцагч П.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “П.Гт зээл өгсөн нь тогтоогдоогүй тул, уг зээлийн барьцаанд бариулсан хөрөнгө нь барьцааны зүйл болох учиргүй” гэх  гомдол гаргах боловч талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байх бөгөөд барьцааны зүйлийн өмчлөгч нь өөрийн үл хөдлөх хөрөнгийг зээлийн гэрээний барьцаанд тавих зөвшөөрлийг 2015 оны 12 сарын 25-ны өдөр хариуцагч Ж.Гт олгосон, итгэмжлэл нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.3 дахь хэсэгт нийцсэн тул энэ талаарх гомдол үндэслэлгүй юм./хх-12/

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч П.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01255 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч П.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч П.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                                  Д.НЯМБАЗАР

                                                                                            Б.НАРМАНДАХ