Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 01767

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/01767

 

 

 

ЖДҮХСУТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/01618 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ЖДҮХСУТҮГ-ын хариуцагч С.ГХХК, А.Улсболд нарт холбогдох 324 847 441 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч А.Улсболдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Халиун, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Онон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” УТҮГ шүүхэд болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч С.ГХХК нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 2017/3-159 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 300 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй Үнээний ферм төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Даваажавын Болд-Эрдэнийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо, Үйлдвэр хд-86 байр 28 тоот зоорийн давхарт 26 тоот хаягт байрлалтай, эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2206014973, гэрчилгээний 000506809 дугаартай 115,9 м,кв болон 18 м.кв талбайтай Орон сууц, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа 964 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч зээлээ хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн бөгөөд зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тооцооллоор анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хүү 2 693 102 төгрөг, алданги 490 199 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, нийт 324 847 441 төгрөг гаргуулах, нэхэмжлэлд заасан төлбөрийг төлөөгүй тохиолдол гэрээнд дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын төлөөлөгч Г.Эрдэнэмөнх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төсөл хэрэгжих боломжгүй болсон учраас зээлийн төлбөрөө огт төлж чадаагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш хүү, алданги зогсдог гэж сонссон. Тийм учраас нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагч А.Улсболд нь манай ажилтан байсан бөгөөд энэ хүнд зээл хамааралгүй тул энэ хүнээс төлбөр гаргуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.ГХХК, Гал овогт Айлтгүйн Улсболд нараас 321 012 810 төгрөг гаргуулж Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан УТҮГ-т олгож, нэхэмжлэлээс 3 834 631 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.ГХХК, А.Улсболд нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо Үйлдвэр ХД-86 байр 28 тоотод байршилтай 115.9м2 талбай бүхий орон сууцны зориулалттай, зоорийн давхарын 26 тоотод байршилтай 18м2 талбай бүхий гаражийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014973 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч С.ГХХК, А.Улсболд нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 833 214 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Улсболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэмөнх давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад бодитой дүгнэлт хийлгүй, хэтэрхий нэг талыг баримтлан хариуцагч А.Улсболдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохиролтой шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч “Жижиг, дунд уйлдвэрийг хөгжүүлэх сан” УТҮГ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үндсэн зээлийн төлбөрт 300 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 21 012 810 төгрөг гэж нэхэмжпэлийн шаардлагаа тодорхойлсон байдаг бөгөөд хариуцагч А.Улсболд нь нэхэмжлэлийн шаардлагыг яагаад бүхэлд нь хамтран хариуцах үүрэгтэй талаар нэхэмжлэгч өөрийн шаардлага түүний үндэслэлээ тодорхой тайлбарлаж шүүхэд нотлоогүй. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн хэн нь анх зээлийг ямар зориулалтаар авсан нөхцөл байдлыг харгалзан үзээгүйгээс гадна нэхэмжлэгч нь хариуцагч нарын хамтран үүрэг хүлээх үүргийг хэрхэн тодорхойлж байгаа талаар тодруулаагүй атлаа шүүх хариуцагч А.Улсболд нь зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үүрэгтэй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй үндэслэл муутай дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр зээлийг тодорхой хугацаатайгаар ашигласныхаа төлөө зээлдүүлэгчид төлж буй төлбөрийг зээлийн хүү гэж үзэх юм бол тухайн зээлийг хариуцагч А.Улсболд нь зээлийг авч ашиглаагүй атлаа зээлийн хүүд 21 012 810 төгрөгийг хамтран хариуцан төлөх хууль зүйн үндэслэл нь ойлгомжгүй байгаа бөгөөд анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт огт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагч А.Улсболдод холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрдэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын эрх зүйн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлсэх сан” УТҮГ нь хариуцагч С.ГХХК болон А.Улсболд нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 324 847 441 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг хариуцагч С.ГХХКомпанийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, хариуцагч А.Улсболд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

            “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлсэх сан” УТҮГ болон С.ГХХК, А.Улсболд нар нь 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 60 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй, 300 000 000 төгрөгийг зээлж, зээлийн барьцаанд Д.Болд-Эрдэнийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр хд-86 байр, 28 тоот 115,9 м.кв орон сууц, 18 м.кв гараашийн хамт барьцаалсан үйл баримт хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх7-18 дугаар тал/

Талуудын хооронд зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт нийцнэ.

            Хариуцагч буюу зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй, зөрчсөн тул нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар шаардах эрхтэй бөгөөд шүүх үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нийт 321 012 810 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт нийцсэн.

Хэргийн 31 дүгээр талд авагдсан нотлох баримт болох зээлийн эргэн төлөлтийн хуваарь нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх хэдий ч талууд зээлийн тооцоолол болон үндсэн зээл, хүүгийн төлбөрөөс огт төлөгдөөгүй үйл баримтын талаар маргаагүй болно.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заасан ба 300 000 000 төгрөг С.ГХХК-ийн дансанд 2017 оны 02 сарын 14-ны өдөр орж, зээлдүүлэгч нь зээлдэгч нарын өмчлөлд мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн, зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан гэж үзнэ. /хх-24/

Хариуцагч А.Улсболд “зээлийг би авч ашиглаагүй, энэ хэргийн хариуцагч биш байтал мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, хэнээс хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй” гэх тайлбар, гомдол гаргах боловч тэрээр зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох талаар зохицуулсан тул зээлдүүлэгч хоёр зээлдэгчээс мөнгийг шаардсныг буруутгах үндэслэлгүй юм. Мөн зээлийн гэрээний 6.2.17-т “хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ” гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хангах боломжгүй байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд хариуцагч С.ГХХК болон А.Улсболд нар зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үндэслэлтэй.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1. Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан.

            Анхан шатны шүүх зээлийн барьцааны зүйл болох Д.Болд-Эрдэнийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр хд-86 байр, 28 тоот 115,9 м.кв орон сууц, 18 м.кв гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв юм.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч А.Улсболдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/01618 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.Улсболдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч А.Улсболдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 833 214 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА

                                                                                            Б.НАРМАНДАХ