Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2020/01618

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2020/01618

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг “Ж Д Ү Х С” УТҮГ /РД:**, утасны дугаар: **/

 

Хариуцагч: Баянгол дүүрэг  тоот “С Г” ХХК /РД:**, утасны дугаар: **/

 

Хариуцагч: Архангай аймаг Эрдэнэмандал сум оршин суух А У /РД:**, утасны дугаар:**/

 

324,847,441 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Х

                             хариуцагч нарын төлөөлөгч Г.Э

                             нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.

Нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ж Д Ү Х С” УТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч “С Г” ХХК нь Ж Д Ү Х С(Цаашид Сан гэх)-аас 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 2017/3-159 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 300,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй Үнээний ферм төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Даваажавын Болд-Эрдэнийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо, Үйлдвэр хд-86 байр 28 тоот зоорийн давхарт 26 тоот хаягт байрлалтай, эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-***, гэрчилгээний 000506809 дугаартай 115,9 м,кв болон 18 м.кв талбайтай Орон сууц, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа 964 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч зээлээ хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн бөгөөд зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд Сан зээлийн гэрээнд заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 2017/3-159 зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрийг гаргуулах, үндсэн зээлийн төлбөрт 300,000,000 төгрөг Б. Зээлийн хүүгийн төлбөрт 21,012,810 төгрөг, зээлийн алданги 631,330 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 321,664,140 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох Даваажавын Б өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Үйлдвэр тоот зоорийн давхарт 26 тоот хаягт байрлалтай, эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-***, гэрчилгээний 000506809 дугаартай 115,9 м,кв болон 18 м.кв талбайтай Орон сууц, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр ээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, алдангийг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл зээлийн гэрээ буюу хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагч нараас нэмж нэхэмжилнэ. Нэхэмжлэгч байгууллага нь Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны харьяа Ж Д Ү Х С бөгөөд төрийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугээо зүйлийн 41 1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болно.

 

Нэхэмжлэгч “Ж Д Ү Х С” УТҮГ ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Ж Д Ү Х Сгийн нэхэмжлэлтэй, “С Г” ХХК-д холбогдох иргэний хэрэг үүсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. “Ж Д Ү Х С” нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тооцооллоор үндсэн зээлийн төлбөрт 300,000,000 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 21,012,810 төгрөг, зээлийн алданги 631,330 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 321,664,140 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа хүүний төлбрөт 2,693,102 төгрөг, алдангийн төлбөрт 490,199 төгрөгөөр нэмэгдүүлж нэхэмжлэлийн шаардлагыг 324,837,441 төгрөг болгож байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “С Г” ХХК, А.У нар нь 2017 онд манай талтай зээлийн гэрээ байгуулж 300,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлсэн. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тооцооллоор анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тийм учраас 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хүү, алдангийг тооцож нийт 324,847,441 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. Үүнд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл бодогдсон хүү болон алданги орж байгаа юм. Манайд байгаа баримтад 2016 онд байгуулсан 200,000,000 төгрөгийн гэрээ байхгүй байгаа бөгөөд улсын бүртгэлийн байгууллагаас гэрээ нь ирсэн байна. Манайд 2017 оны 100,000,000 төгрөгийн гэрээ байгаа боловч зээлд 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 300,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Эхний 12 сар зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, хүү төлөхөөр тохирсон ч огт хүү болон зээлийн төлбөр төлж байгаагүй. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, 324,847,441 төгрөг гаргуулах, нэхэмжлэлд заасан төлбөрийг төлөөгүй тохиолдол гэрээнд дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

Хариуцагч нарын төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төсөл хэрэгжих боломжгүй болсон учраас зээлийн төлбөрөө огт төлж чадаагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш хүү, алданги зогсдог гэж сонссон.  Тийм учраас нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагч А.У нь манай ажилтан байсан бөгөөд энэ хүнд зээл хамааралгүй тул энэ хүнээс төлбөр гаргуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү.   

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

 

Нэхэмжлэгч “Ж Д Ү Х С” УТҮГ нь хариуцагч “С Г” ХХК, А.У нараас 324,847,441 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ.

 

Хариуцагч “С Г” ХХК, А.У нар нь Ж Д Ү Х Сгаас 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2016/З-111 тоот “зээлийн гэрээ”-гээр 200,000,000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 2017/З-159 тоот “зээлийн гэрээ”-гээр 100,000,000 төгрөгийг тус бүр 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй төлөх, гэрээний хугацааг мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн үеэс эхлэн тоолохоор тохирч гэрээг бичгээр байгуулсан байна. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Д.Болд-Эрдэнийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо Үйлдвэр ХД-86 байр 28 тоотод байршилтай 115.9м2 талбай бүхий орон сууцны зориулалттай, зоорийн давхарын 26 тоотод байршилтай 18м2 талбай бүхий гаражийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар талууд тохирч барьцааны гэрээг бичгээр хийж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж, нотариатчаар гэрчлүүлжээ.

 

Дээрх гэрээний агуулга, нөхцөл, шинж, талуудын эрх, үүргээс үзвэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүд байгуулагдсан байх ба талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Энэхүү гэрээгээр талууд тохиролцож хүү тогтоож болох бөгөөд хүү тогтоосон бол гэрээг бичгээр хийнэ. Дээрх гэрээгээр талууд хүү тохиролцсон, зээлдүүлэгч Ж Д Ү Х С гэрээний үүргээ биелүүлсэн байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.      

 

Хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй талаар зохигч маргаагүй бөгөөд харин хариуцагч нэхэмжлэл гаргаснаас хойш зээлийн хүү, алдангийг төлөх үндэслэлгүй гэж маргав.

 

Зээлийн гэрээгээр зээлдэгч нь эхний 12 сарын хугацаанд ашигласан хоногоор зөвхөн хүү төлөх, 13 дахь сараас зээлийн үндсэн төлбөр, хүү төлөхөөр тохирсон байх бөгөөд дээрх эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгч төлөлт хийгээгүй зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргээ тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар биелүүлэх үүргээ зөрчсөн гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацааны өмнө цуцлаж, цуцлахаас өмнөх үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. 

 

Гэрээ цуцлах гэдэг нь хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал гэрээ цуцлах хүсэл зоригоо /хүндэтгэн үзэх шалтгаан болон гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой/ илэрхийлснээр гэрээний биелэгдсэн хэсэг хэвээр үлдэж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг ойлгоно. Хариуцагч нар хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч тал гэрээ цуцлахаа илэрхийлсэн хүсэл зориг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нэхэмжлэл гаргасан үеэр цуцлагдсан гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь гэрээ цуцласнаас хойшхи хугацааны гэрээний үүрэг шаардах эрхгүй болно.  

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж зааснаар хариуцагч нар нь Ж Д Ү Х Стай байгуулсан зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчид бөгөөд уг гэрээний үүргийг хэн аль нь биелүүлэх үүрэгтэй. Иймд зээлийг ашиглаагүй нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй байх, зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч биш гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд хариуцагч А.У нь зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгэх үүрэгтэй.

 

Зээлийн хүүг 300,000,000 төгрөгөөс зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу эхний сараас нэхэмжлэл гаргах хүртэл жилийн 3 хувиар тооцох боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо зээлийн хүүг 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл /24 сар 220 хоног/ зээлийн төлбөрөөс төлсөн дүнгээр буюу 300,000,000 төгрөгөөс эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үндсэн төлбөрийг төлсөн дүнгээр тооцож хүү нэхэмжилсэн байх тул нэхэмжлэгчийн шаардлагын хэмжээнд хүү 21,012,810 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.  

 

Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх ба хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дахь хэсэгт заасан бөгөөд мөн зүйлийн 232.6 дахь хэсэгт “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги” гэж тодорхойлсон. Иймд алданги нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлага бөгөөд уг хариуцлагыг талууд харилцан тохиролцож, бичгээр баталгаажуулсан тохиолдолд хүлээнэ. Зохигчийн байгуулсан зээлийн гэрээгээр алдангийн тохиролцоо хийгээгүй байх тул алданги шаардах эрхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа алданги 1,121,529 төгрөг гэж тодорхойлсон боловч зээлийн гэрээ болон зээлийн тооцооллоос үзвэл нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээгээр тооцсон байх бөгөөд уг хүүг гэрээндээ “Зээлийн хүүгийн 20 хувь байна. Зээл, хүүг зээл буцаан төлөх хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно” гэж тодорхойлжээ. Энэ хүү нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний хариуцлага юм. Иймд нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй байна. Мөн нотариатын төлбөр нь нэхэмжлэгч шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ нотлох баримтыг хуульд заасан шаардлага ханган гаргаж өгөх үүргээ биелүүлэхэд гарсан зардал байх тул уг зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй. Иймд хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөр 300,000,000 төгрөг, хүү 21,012,810 төгрөг нийт 321,012,810 төгрөг гаргуулж, хүү 2,693,102 төгрөг, алданги 1,121,529 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг нийт 3,834,631 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.  

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг хэлнэ. Зохигчийн байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ хуульд нийцсэн тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С Г” ХХК, А У нараас 321,012,810 төгрөг гаргуулж “Ж Д Ү Х С” УТҮГ-т олгож, нэхэмжлэлээс 3,834,631 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С Г” ХХК, А.У нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо ** тоотод байршилтай 115.9м2 талбай бүхий орон сууцны зориулалттай, зоорийн давхарын 26 тоотод байршилтай 18м2 талбай бүхий гаражийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “С Г” ХХК, А.У нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,833,214 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ГАНДИЙМАА