Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00293

 

 

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00293

 

 

 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан

УТҮГ-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/01618 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1767 дугаар магадлалтай,

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан УТҮГ-ын нэхэмжлэлтэй,

******* ХХК, А.******* нарт холбогдох

 

324,847,441 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, Д.Батхорол, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ш.Одонсүрэн, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан УТҮГ нь хариуцагч ******* ХХК, А.******* нарт холбогдуулан 324,847,441 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/01618 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК, Гал овогт Айлтгүйн ******* нараас 321,012,810 төгрөг гаргуулж, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан УТҮГ-т олгож, нэхэмжлэлээс 3,834,631 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК, А.******* нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо Үйлдвэр ХД-86 байр 28 тоотод байршилтай 115.9 м2 талбай бүхий орон сууцны зориулалттай, зоорийн давхрын 26 тоотод байршилтай 18 м2 талбай бүхий гаражийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014973 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК, А.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,833,214 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1767 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/01618 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шүүхийн 2020.05.22-ны өдрийн 01618 дугаар шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.14-ний өдрийн 1767 дугаар магадлалаар хариуцагч нараас 321,012,810 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн хэсгийн 21,012,810 төгрөгийг эс зөвшөөрч анхан болон давж заалдах шатны шүүхүүд нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс хариуцагч ******* ХХК, А.******* нараас 321,012,810 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан УТҮГ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үндсэн зээлийн төлбөрт 300,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 21,012,810 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байдаг бөгөөд хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг яагаад бүхэлд нь хамтран хариуцах үүрэгтэй талаар нэхэмжлэгч өөрийн шаардлага түүний үндэслэлээ тодорхой тайлбарлаж шүүхэд нотлоогүй. Түүнчлэн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн хэн нь анх зээлийг, ямар зориулалтаар авсан нөхцөл байдлыг харгалзан үзээгүйгээс гадна нэхэмжлэгч нь хариуцагч нарын хамтран үүрэг хүлээх үүргийг хэрхэн тодорхойлж байгаа талаар тодруулаагүй атлаа шүүх хариуцагч А.******* нь зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үүрэгтэй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй үндэслэл муутай дүгнэлт хийсэн. Нөгөөтээгүүр зээлийг тодорхой хугацаатайгаар ашигласныхаа төлөө зээлдүүлэгчид төлж буй төлбөрийг зээлийн хүү гэж үзэх юм бол тухайн зээлийг хариуцагч А.******* нь зээлийг авч ашиглаагүй мөртлөө зээлийн хүүд 21,012,810 төгрөгийг хамтран хариуцан төлөх хууль зүйн үндэслэл нь ойлгомжгүй байгаа бөгөөд анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт огт хийгээгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалын хариуцагч нараас 321,012,810 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн хэсгийн 21,012,810 төгрөгийн А.*******од холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

 

6. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан УТҮГ нь ******* ХХК, А.******* нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, 324,847,441 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргахдаа шаардлагаа ...үндсэн зээл 300,000,000 төгрөг, хүү 23,705,912 төгрөг, алданги 1,121,529 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг гэж тодорхойлсон байна. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хүү, алданги зогсдог, А.******* манай ажилтан байсан бөгөөд энэ хүнд зээл хамааралгүй... гэсэн тайлбар гаргажээ.

 

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

       7. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч нар нь Д.Болд-Эрдэнийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо Үйлдвэр ХД-86 байр 28 тоотод байршилтай 115.9 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай, зоорийн давхрын 26 тоотод байршилтай 18 м.кв талбай бүхий гараашийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014973 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан УТҮГ-аас 2016.12.22-ны өдөр 2016/З-111 тоот зээлийн гэрээгээр 200,000,000 төгрөг, 2017.02.01-ний өдөр 2017/З-159 тоот зээлийн гэрээгээр 100,000,000 төгрөгийг тус бүр 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн нь тэдгээрийн хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээгээр тогтоогджээ. /хх-7-17/

 

8. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээнд заасан үүргийг биелүүлэхийг талуудын хэн аль нь шаардах эрхтэй.   

 

        Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 

9. Нэхэмжлэгч гэрээний зүйл болох 300,000,000 төгрөгийг зээлдэгч ******* ХХК-ийн дансанд шилжүүлсэн, энэ талаар хариуцагч нар маргаагүй байна. /хх-24/

 

Зээлийн гэрээний 4.1-т зааснаар зээлдэгч нь зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүрэгтэй ба хариуцагч нар хуваарийн дагуу зээлийг төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.

 

Зээлдэгч гэрээний 8.1.1-т зээлдэгч зээлийг буцаан төлөх хуваарийг 3-аас дээш удаа зөрчсөн бол гэрээний үүргийг зөрчсөнд тооцохоор заасан, энэхүү зөрчлийг арилгахыг бичгээр шаардсан өдрөөс хойш заасан хугацаанд арилгаагүй бол Сан гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар гэрээний 10.2, 10.2.1, 10.2.6-т зохицуулсан.

 

Хариуцагч нар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, зээлийг төлбөрийг буцаан шаардсан, хариуцагч нэхэмжлэлийг үгүйсгэж буй үндэслэлээ нотолж чадаагүй байна. 

 

10. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний харилцааг зөв тодорхойлж, зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч нараас зээл, хүүгийн төлбөрт 321,012,810 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 175 дугаар зүйлийн 175.1-т нийцжээ.

 

11. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй гэж зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгч ******* ХХК, А.******* нараас зээлийн гэрээний үүргийг шаардсаныг буруутгах боломжгүй бөгөөд хариуцагч А.******* гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдож байна. Мөн зээлийн гэрээний 6.2.17-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ гэж заажээ.

 

12. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... хариуцагч нараас 321,012,810 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн хэсгийн 21,012,810 төгрөгийн А.*******од холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгуулах тухай гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/01618 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1767 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 263,015 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОЛМОН