Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 166

 

 

 

Н.Ат холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 504 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 46 дугаар магадлалтай, Н.Ат холбогдох 1803002800201 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1962 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эмэгтэй, С овогт Н-н А нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Аийг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аээс 3.400.088 төгрөгийг гаргуулж хохирогч Смородникова Екатеринад олгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.А гаргасан гомдолдоо: “...Миний бие эмнэлгийн байгууллагын хэрэглэх ёстой гэсэн эм, эмнэлгийн хэрэгслийг хохирогчийн анхны шаардлагаар төлж барагдуулсан. Гэтэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуулийн заалтыг буруугаар хэрэглэн хохирогчийн өөрийн дураар хэрэглэсэн эм бодисын үнийг надаар төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Ямар ч хүн алое болон бусад эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж болдог. Энэ нь нийтийн хэрэгцээнд зарагддаг. Гэтэл хохирогч нь эмнэлгийн байгууллагаас ослын улмаас бэртсэн хөлийг эдгээх зорилгоор бичээгүй байхад сайн дураараа уусан нэмэлт бүтээгдэхүүний үнийг надаар төлүүлэх шийдвэр гаргасан нь илт хууль бус, шударга биш байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Х.Батчимэг хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Н.А авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хохирогч ослын улмаас гэмтэж бэртсэн бөгөөд хурдан эдгэрэхийн тулд кальци, алое зэрэг нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэснийг буруутгах боломжгүй. Иймд Н.Аээс төлбөр гаргуулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Аийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүгдэгч Н.А нь 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 16-17 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Үйлчилгээний төвийн урд замд “Тоёота Приус” загварын 51-93 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Смородникова Екатеринаг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Аийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр Н.Ат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэхдээ Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Давж заалдах шатны шүүх хавтаст хэргийн 19, 78, 115 дугаар хуудсанд авагдсан баримтуудыг үндэслэн хохирогч С.Е-н нэхэмжилсэн уураг, омега, алое, кальци зэрэг биеийн дархлаа, эсэргүүцэл сайжруулах нэмэлт бүтээгдэхүүний үнэ 3.400.088 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь … ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан … нэмэгдэл хоол өгөх, … зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэсэн заалтад нийцсэн байх бөгөөд 59 настай хохирогч зам тээврийн осолд орсны улмаас өөрт учирсан гэмтлээ эдгээх зорилгоор хэрэглэсэн нэмэлт бүтээгдэхүүнийг тухайн осолтой холбоогүй гэж үгүйсгэх үндэслэл байхгүй тул шүүгдэгчийн гаргасан “хохирогчийн өөрийн дураар хэрэглэсэн эм бодисын үнийг надаар төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 504 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 46 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Аийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                     ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

                                                     ШҮҮГЧ                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН