Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 504

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                  

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг, улсын яллагч Б.Мөнгөншагай /томилолтоор/, хохирогч С Е, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Н.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803002800201 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1962 оны 10 дугаар сарын 27-ны өдөр, Ховд аймагт төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тэтгэвэрт, ам бүл 2, ачийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 00000000000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Н.А /РД: 0000000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.А нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 16-аас 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг, Үйлчилгээний төвийн урд замд Тоёота Приус 0000УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч С Ег мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч С Е: “...2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр зам хөндлөн гарах гээд явган хүний зам дээр зогсож байхдаа машин ирж явахыг харсан. Тухайн машин их хурдтай явж байсан болохоор нь машиныг өнгөрөөчихөөд зам гарах гээд хашлага дээр зогсоод хажуу талд баригдаж байсан барилга руу харж байхад намайг мөргөсөн. Тухайн үед Н.А нилээн хол яваад зогссон бөгөөд бууж ирэхдээ түргэн, цагдаа дуудчихсан гэж хэлсэн. Тэгээд 30 орчим минут хүлээхэд түргэн, цагдаа аль аль нь ирээгүй тул намайг аваад эмнэлэг рүү явсан. Эхэндээ над руу утсаар яриад та юунд ч битгий санаа зов, миний буруу, би таныг хөл дээр чинь босгож өгнө, бүх төлбөрийг барагдуулна гэж хэлдэг байсан. Хохиролд 1,259,690 төгрөгийг авсан. 11 дүгээр сараас Н.А над руу ярихаа больсон, утас руу нь залгахаар утсаа авахгүй надаас зугтсан, би олон сар Н.Аийг хүлээсэн. Тухайн үед эмч намайг нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх ёстой гээд бичиж өгөхөөр нь би нэмэлтээр бүтээгдэхүүн авч хэрэглэсэн боловч өнөөдрийг хүртэл миний хөл дээрдээгүй. Баруун тал гэмтсэнээс болж, зүүн талын хөл, нуруунд ачаалал өгч таяггүй, нурууны бүсгүй явах боломжгүй болсон. Одоо нэмэлт бүтээгдэхүүн авч хэрэглэсэн 3,400,088 төгрөгийг нэхэмжилж байна. Би өөрөө дур мэдэж тэр бүтээгдэхүүнүүдийг хэрэглээгүй, эмч хэрэглэ гэсэн учраас найдвартай газраас тухайн уураг, омега, алое, кальци зэрэг бүтээгдэхүүн авч хэрэглэсэн. Маш их гомдолтой байна. Нэмэлт бүтээгдэхүүний зардлыг гаргуулж өгнө үү, мөн цаашид нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх учир нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Н.А: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хохиролд 1,259,690 төгрөг төлсөн, цаашид баримтаар гарсан хохирлыг барагдуулна...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч С.Е мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 16-аас 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 19-ийн Үйлчилгээний төвийн урд замын явган хүний замын хашлага дээр урагш хараад зогсож байхад хойноос урагш чиглэлтэй явсан Тоёота Приус маркийн автомашин  их хурдтай миний зүүн талаар орж ирэхдээ баруун талынхаа толиор миний нуруу хэсэгт мөргөх шиг болсон. Нэг мэдэхэд би газар уначихсан, тухайн машин урагшаа яваад зогссон байсан. Жолооч нь гэх эмэгтэй ирээд цагдаа, түргэн дуудчихлаа гэхээр нь 30 орчим минут хүлээгээд түргэн ирэхгүй байхаар нь машинд нь суугаад гэмтлийн эмнэлэг рүү явсан...” /хх-ийн 15/ гэсэн,

 

Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 16 цагийн орчимд 23 дугаар байрны баруун талын машины зогсоол дээр зогсож байхад явган хүний гарцын орчим нэг эмэгтэй урагшаа хараад зогсож байхад саарал өнгийн Тоёота Приус маркийн автомашин хойноосоо урагшаа чиглэлтэй явахдаа нөгөө эгчийг баруун талаараа шүргэж унагаад 30 алхам газар яваад зогссон. Тэгэхээр нь газар унасан эгч дээр очоод зүгээр үү гэхэд ёолоод уйлаад байсан. ...Мөргөсөн машины жолооч эмэгтэй хүн байсан, машинаас бас нэг эрэгтэй хүн бууж ирсэн. Би цагдаа дуудах уу гэж асуухад жолооч нь цагдаа дуудсан гэж хэлэхээр нь би машиндаа суугаад явсан...” /хх-ийн 26-27/ гэсэн,

 

Гэрч П.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр 16-аас 17 цагийн орчим Хан-Уул дүүргийн 19-ийн үйлчилгээний төвийн урд замаар хойноос урагшаа “АПУ” ХХК-ийн гэрлэн дохиотой уулзвар орохоор зөөлөн явж байсан. Машиныг Н.А жолоодоод би хажууд суугаад явж байхад машины баруун талын толь эвхэгдээд нэг хүн орж ирэх шиг болсон. Тухайн үед нэг эмэгтэй замынхаа баруун талд зогсож байхыг харсан боловч тухайн хүн зам хөндлөн гарч ирсэн эсэхийг хараагүй, гэнэт түс хийсэн. Н.А 1 метр орчим яваад зогссон, тэгээд машинаасаа бууж харахад нэг эмэгтэй зам дээр уначихсан байсан. Би 103-т дуудлага өгсөн боловч түргэн ирэхгүй байхаар нь Н.А машиндаа суулгаад Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. ...Тухайн өдөр зам хуурай, шулуун, тэгш, хөдөлгөөн бага байсан. ...Гэмтсэн эмэгтэй ганцаараа байсан. Осол болсны дараа нэг машинтай залуу хүрч ирээд эгчээ яасан бэ гэж асуучихаад явсан, таньдаг хүн нь юм шиг байсан...” /хх-ийн 28-29/ гэсэн,

 

Шүүгдэгч Н.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 16-17 цагийн орчим би өөрийнхөө эзэмшлийн 0000УНП улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг жолоодоод найз П.Эын хамт Хан-Уул дүүргийн арванесийн үйлчилгээний төвийн урд замаар хойноос урагш 20 км/цагийн хурдтай явж байсан. Тухайн үед замын баруун талд нэг эмэгтэй хашлага дээр урд зүг рүү харсан байдалтай зогсож байсан. Би тэр хүний хажуугаар зөрөөд өнгөрөх үед баруун талд түг хийх чимээ гарахаар нь шууд зогсоод баруун талынхаа толийг харахад эвхэгдсэн байхаар нь бууж харахад эмэгтэй унасан байсан. ...Надтай хамт явж байсан хүн түргэн дуудсан боловч ирэхгүй удаад байхаар нь гэмтсэн хүнийг машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү явсан. ...40-50 орчим метрийн зайнаас тухайн хүнийг замын баруун талд зогсож байхыг харсан, тэр хүн зам хөндлөн алхаагүй, хашлаган дээр зогсож байсан. ...Би уг хүнийг баруун талынхаа толь хэсгээр мөргөж шүргээгүй, уг хүн намайг хажуу талаар өнгөрч байгааг анхаараагүй шууд эргэж харахдаа миний машины баруун талд мөргөөд унасан гэж бодож байна...” /хх-ийн 42-43/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дугаар сарын 28-ны өдрийн №4219 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. С Е-н биед баруун шагайн дотор гадна хавчаар яснуудын далд хугарал үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...”  /хх-ийн 33/ гэсэн дүгнэлт,

 

2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 92 дугаар Мөрдөгчийн магадлагаанд “...1. Тоёота Приус маркийн 0000УНП улсын дугаартай автомашины жолооч Н.А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна .

2. Явган зорчигч С Е нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна...” /хх-ийн 36-37/ гэсэн магадлагаа, 

 

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10/,

- Шүүгдэгч Н.Аийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/,

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /44-46, 51-54/,

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 47/,

- Осол гэмтлийн тохиолдол бүртгэх хуудас /хх-ийн 35/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 18-19, 78, 117/,

- С.Е өвчний түүхийн хуулбар /20-25, /

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 49 / зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Н.Ат холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Н.А нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16-17 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлчилгээний төвийн урд замд Тоёота Приус маркийн 0000УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч С Ег мөргөж, эрүүл мэндэд нь баруун шагайн дотор, гадна хавчаар яснуудын далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Екатеринагийн  “...2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 16-аас 17 цагийн үед ...замын явган хүний хашлаган дээр урагш хараад зогсож байхад хойноос урагш чиглэлтэй явсан Тоёота Приус маркийн автомашин их хурдтай миний зүүн талаар орж ирэхдээ баруун талынхаа толиор миний нуруу хэсэгт мөргөх шиг болсон. Нэг мэдэхэд би газар уначихсан, тухайн машин урагшаа яваад зогссон байсан...” /хх-ийн 15/ гэсэн, гэрч Т.Батбаярын “...2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 16 цагийн орчим 23 дугаар байрны баруун талын машины зогсоол дээр зогсож байхад явган хүний гарцын орчим нэг эмэгтэй урагшаа хараад зогсож байхад саарал өнгийн Тоёота Приус маркийн автомашин хойноосоо урагшаа чиглэлтэй явахдаа нөгөө эгчийг баруун талаараа шүргэж унагаад 30 алхам газар яваад зогссон. Тэгэхээр нь унасан эгч дээр яваад очоод зүгээр үү гэхэд ёолоод уйлаад байсан...” /хх-ийн 26-27/ гэсэн, гэрч П.Эын “...Тухайн өдөр 16-аас 17 цагийн орчим ...хойноос урагшаа чиглэлтэй “АПУ” ХХК-ийн гэрлэн дохиотой уулзвар орохоор явж байсан. Машиныг Н.А жолоодоод би хажууд суугаад явж байхад машины баруун талын толь эвхэгдээд нэг хүн орж ирэх шиг болсон. Тухайн үед нэг эмэгтэй замынхаа баруун талд зогсож байхыг харсан боловч тухайн хүн зам хөндлөн гарч ирсэн эсэхийг хараагүй, гэнэт түс хийсэн...” /хх-ийн 28-29/ гэсэн, шүүгдэгч Н.Аийн “...Би өөрийнхөө эзэмшлийн 0000УНП улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг жолоодоод найз П.Эын хамт ...хойноос урагш чиглэлтэй 20 км/цагийн хурдтай явж байсан. Тухайн үед замын баруун талд нэг эмэгтэй хашлаган дээр урд зүг рүү харсан байдалтай зогсож байсан. Би тэр хүний хажуугаар зөрөөд өнгөрөх үед баруун талд түг хийх чимээ гарахаар нь шууд зогсоод баруун талынхаа толийг харахад эвхэгдсэн байхаар нь бууж харахад эмэгтэй газар унасан байсан...” /хх-ийн 42-43/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №4219 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. С Е-н биед баруун шагайн дотор гадна хавчаар яснуудын далд хугарал үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл м мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно...”  /хх-ийн 33/ гэсэн дүгнэлт,

 

2018 оны 92 дугаар Мөрдөгчийн “...1. Тоёота Приус маркийн 0000УНП улсын дугаартай автомашины жолооч Н.А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч С Е нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна...” /хх-ийн 36-37/ магадлагаа, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10/ тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 47/, осол гэмтлийн тохиолдол бүртгэх хуудас /хх-ийн 35/, хохирлын баримтууд /хх-ийн хх-ийн 18-19, 78, 117/, С.Е-гийн өвчний түүхийн хуулбар /20-25/ хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Н.Аийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасныг зөрчсөний улмаас явган зорчигч С Ег мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Н.Аийн гэм буруутай үйлдлийн улмаас С Егийн биед баруун шагайн дотор гадна хавчаар яснуудын далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.А нь хохирогч С Ед 1,259,690 төгрөгийг төлжээ.

Хохирогч С Е нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотойгоор уураг, омега, алое, кальци зэрэг бүтээгдэхүүн нэмэлтээр авч хэрэглэсэн зардалд 3,400,088 төгрөг /хх-ийн 18-19, 78, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтаар/ нэхэмжилжээ.

Хэрэгт авагдсан хохиролтой холбоотой дээрх баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүйн дээр уг бүтээгдэхүүнийг хэрэглэх талаар эмчийн заавар, мөн ямар хугацаанд нэмэлтээр хэрэглэх талаарх баримтууд хэрэгт авагдаагүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх, шүүгдэгч Н.Аийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба эрүүгийн  хариуцлага  оногдуулахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Тээврийн прокурорын газраас Н.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Н.Аийн үйлдсэн гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заагаагүй нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч хуульд заасан 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр дууссан байх тул Н.Аийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу Н.Ат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

 

Хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 1803002800201 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Мөрдөгчийн магадлагаагаар Н.Аийг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасныг зөрчсөн /хх-ийн 37/ гэх бөгөөд энэ зөрчилдөө 25,000 төгрөгөөр торгуулийг төлж /шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн/ барагдуулсан болохыг тэмдэглэж байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Н.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Ат холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн 1803002800201 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 1,259,690 төгрөгийг төлснийг дурдаж, хохирогч С Е гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР