Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 835

 

МАГАДЛАЛ

2018.9.11                                                            № 835                                             хянуулах

 

 

 

 

 

 

 

Н.Ат холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Мягмаржав, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Ж.Энхжаргал,

          хохирогч Смородникова Екатерина, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

          нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр  даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 910 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Энхжаргалын бичсэн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Н.Ат холбогдох 1803 0028 00201 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Соён овгийн Норжингийн А, 1962 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймагт төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ачийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо,

Н.А нь 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 16-17 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үйлчилгээний төвийн урд замд “Тоёота Приус” загварын 51-93 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Смородникова Екатеринаг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Н.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Ат холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дараах нөхцөл байдал илэрсэн тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Тээврийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж дүгнэж, дараах үндэслэлүүдийг заажээ. Үүнд:

1. Яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн талаар нотолбол зохих байдлыг нотлохоор заасан байхад яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт энэ талаар бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3, 4 дэх заалтыг зөрчсөн байна.

2. Шүүгдэгч Н.А нь 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 16-17 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг, Үйлчилгээний төвийн урд замд “Тоёота Приус” загварын, 51-93 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад зам дээр зогсож байсан явган зорчигч Смороникова Екатеринаг мөргөсөн баримт хэрэгт авагджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон хохирогч Смороникова Екатерина мэдүүлэхдээ: “...намайг мөргөсний дараа цагдаа, түргэн дуудсан юм уу гэхэд, дуудсан гээд цагдаа, түргэн ирэхгүй болохоор би охиноо дуудаж, Н.Аээр эмнэлэгт хүргүүлсэн, Н.Атэй тохирно гэж ярилцаагүй, юу болсон талаар би бүгдийг санаж байна...” гэж, шүүгдэгч Н.А “...Би хохирогчтой тохирсон учир цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй...” гэж мэдүүлснээс үзэхэд Н.Аийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгааг шалгах шаардлагатай, энэ талаарх ажиллагаа хийгээгүй байна.

3. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн 4219 тоот дүгнэлт 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр буюу гэмт хэрэг гарснаас хойш 6 сар 12 хоногийн дараа гарсан бөгөөд дүгнэлтэд “...1. Смороникова Екатерина-н биед баруун шагайн дотор гадна хавчаар яснуудын далд хугарал үүсчээ. ...3. эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн бөгөөд хохирогч энэ гэмтлийг хэзээ авсан нь тодорхойгүй, осол болсон цаг хугацаанд авсан эсэх, тухайн гэмтлүүд нь шинэ эсхүл хуучин гэмтэл болохыг шинжээч эмчээс тодруулж асуугаагүйн дээр, осол болсноос хойш 6 сарын дараа шинжээч дүгнэлт гаргахад хохирогчийн биед эдгэрэлт байгаа эсэх нь дүгнэлтээс харагдахгүй, энэ талаар ойлгомжгүй байна. Иймд шаардлагатай тохиолдолд шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах нь хэрэгт ач холбогдолтой байна.

4. “Тоёота Приус” загварын 51-93 улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэмт хэрэг гарах үед бүрэн бүтэн ажиллагаатай байсан талаар техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй байна. Өөрөөр хэлбэл энэ талаарх дүгнэлтийг гаргахад хэрэв тухайн тээврийн хэрэгсэл нь бүрэн бус ажиллагаатай бол бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон нь Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн эсэхийг шалгах шаардлагатай.

5. Ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Ганболд нь энэ хэрэгт техникийн шинжилгээг шинжээч томилж шинжилгээ хийлгэх шаардлагагүй, өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой гэж үзэн мөрдөгчийн магадлагааг гаргаж, Н.А нь 1.5, 2.5-д заасныг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй гэж гаргасан нь тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн ажиллаж байсан эсэхийг нягталж шалгаагүй байхад ийм магадлагаа гаргасан нь эргэлзээтэй байх тул тусгай мэдлэг бүхий техникийн шинжээчийг томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж шүүх дүгнэв.

Иймд дээрх зөрчлүүдийг арилгаж, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийж, Эрүүгийн хуулийг зөв зүйлчилсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлэх шаардлагатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй...” гэж, 12 дахь хэсэгт “...Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ...” гэж тус тус заасан бөгөөд шүүх шүүгдэгч Н.Ат холбогдох хэргийг шүүх хуралдаанаас прокурорт буцаажээ.

Прокурор Ж.Энхжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Шүүх хэргийг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлд зааснаар анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаан явуулж, мөн хуулийн Гучин дөрөвдүгээр бүлэг “Шүүх хуралдааны ерөнхий нөхцөл”, Гучин тавдугаар бүлэг “Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”, Гучин зургаадугаар бүлэг "Шүүхийн шийдвэр" гэсэн журмын дагуу шийдвэрлэх байтал шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоох шатнаас хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорт буцаах заалтыг удирдлага болгон буцаасан нь үндэслэлгүй байна.

2. Шүүх яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж дараах заалтуудаар хэргийг прокурорт буцаажээ. Үүнд:

2.1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд ...Яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ... гээд ТЭМДЭГЛЭХ хэсэгт яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг, ТОГТООХ хэсэгт яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх болон шүүхийн харъяаллыг тусгахаар заасан байна. Гэтэл шүүх яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нотолбол зохих байдлыг бичээгүй нь мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 3, 4 дэх заалтыг зөрчсөн гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

2.2. Хохирогчийн бичгээр гаргасан гомдол мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн ба хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн үед Н.А нь "цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөгүй, харин гэрч П.Эрдэнэ-Очир нь 103-т дуудлага өгсөн, тэгээд ирэхгүй удаад байхаар эмнэлэг рүү явж үзүүлсэн ..." гэж мэдүүлдэг, хохирогч "...би өөрөө цагдаа болон түргэн дуудаагүй, тухайн үед жолоочтой хамт, машинтай эмнэлэг орж үзүүлсэн. Харин сүүлд 2018 оны 3 дугаар сард Замын цагдаад бичгээр өргөдөл гаргасан..." талаар мэдүүлсэн, хохирогч осолд орсон даруй эмнэлгийн тусламж авсан байдал тогтоогдсон, гэрч П.Эрдэнэ-Очир цагдаад дуудлага өгөөгүй, түргэн тусламж дуудсан гэж мэдүүлсэн, яллагдагч Н.А нь осол хэргийн газарт зогсож, гэмтсэн хүнд тусламж үзүүлсэн, хохирогчоос өөрийн мэдээллээ нуусан байдал гаргаагүй зэрэг нотлох баримтууд болон бусад нөхцөл байдлыг дүгнээд Н.Аийн хэргийн талаар мэдээлж цагдаагийн байгууллагаар шалгуулаагүй үйлдэл нь "хэргийн газрыг зориуд орхиж зугтаах" гэмт хэргийн шинжгүй, харин Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан осолд холбогдсон жолоочийн зарим үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэн, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 19-д зааснаар шийтгэл оногдуулж, баримтыг хэрэгт хавсаргасан байхад Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгаагүй гэж буцаасныг хүлээн авах боломжгүй байна.

2.3. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн 4219 тоот дүгнэлтийн үзлэгийн хэсэгт шинжээч, хохирогч Смородникова Екатеринагийн осолд орсон цаг хугацаанд үзүүлж оношлуулж байсан эмнэлгийн бичиг баримт эмчлүүлэгчийн карт, шинжилгээний хариу зэрэг баримтуудад үндэслэл болгосон талаараа дэлгэрэнгүй тусгаж өгсөн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь энэ гэмтлийг тухайн ослоос өөр цаг хугацаанд авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байхад шүүх уг гэмтэл нь шинэ гэмтэл үү, хуучин гэмтэл үү гэдгийг тодруулж асуугаагүй, хохирогчийн биед эдгэрэлт байгаа эсэх нь дүгнэлтээс харагдахгүй байна гэсэн нь шинжээчийн дүгнэлтийг дахин гаргах үндэслэлд хамаарагдахгүй байна. Шүүх шинжээчийн дүгнэлтээс асууж тодруулах зүйл байгаа бол шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулж хэргийг шийдвэрлэх боломжтой юм.

2.4. “Тоёота Приус” загварын 51-93 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэмт хэрэг гарах үед бүрэн бүтэн байсан талаар шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй, энэ байдлыг шалгаагүй байхад мөрдөгч Н.Аийг 1.5, 2.5-д заасныг зөрчсөн гэж магадлагаа гаргасан нь эргэлзээтэй гэжээ. Гэтэл осол 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гарснаас хойш 6 сар 20 хоногийн дараа 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хохирогчийн бичгээр гаргасан мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэнээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн ба хэрэг бүртгэлтээр осолд холбогдолтой тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлтүүд нь хэрэг гарах цаг хугацаанд ямар байсныг тогтоох боломжгүй бөгөөд шинжилгээ хийлгэлээ гэхэд дүгнэлт нь цаг хугацааны хувьд ач холбогдлоо алдсан, нотлох баримтаар үнэлэх боломжгүй байхаар байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэхгүйгээр буцаасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 910 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн...” гэв.

Хохирогч Смородникова Екатерина тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би маш их гомдолтой байна. Эмчилгээ хийлгэх маш их цаг хугацаа алдаж байна. Би ганцаараа амьдардаг хүн. Осолд ороод 6 сар хөл дээрээ босч чадаагүй. Энэ хэргийг хурдан шийдвэрлүүлж, эмчилгээгээ хийлгэхгүй бол хоёр хөлгүй болох дээрээ тулчихаад байна. Удаан явбал хөл хавдаад, хөлөө чирч явж байгаа. Энэ хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна. ...” гэв.

Хохирогч Смородникова Екатеринагийн өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь дэмжиж байна. Шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тул шийтгэх эсхүл цагаатгах тогтоолын аль нэгийг нь гаргах ёстой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, урьдчилсан хэлэлцүүлгээр буцаадаг заалтыг баримталж буцаасан байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүгчийн захирамжид дурдсан дээрх үндэслэлүүдийг зайлшгүй шалгах шаардлагагүй гэж үзэж байна. Хамгийн гол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа юм. Тухайн хэрэг 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гарсан бөгөөд нэг жилийн хугацаа дуусах гэж байна. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

   ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Н.Аийг 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 16-17 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үйлчилгээний төвийн урд замд “Тоёота Приус” загварын 51-93 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Смородникова Екатеринаг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд тухайн үед болсон үйл баримтыг тогтоох талаар шалгавал зохих ажиллагаанууд хангалттай хийжээ.

Шүүгчийн захирамжид заасан яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй, шүүгдэгчийн үйлдэлд өөр гэмт хэргийн шинж байгаа эсэх, хохирогчийн биед дахин шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулах, тенхинийн шинжээчийн дүгнэлт гаргуулах зэрэг заалт нь энэ хэрэгт ач холбогдолгүй юм байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Дээрх ажиллагаануудыг хэрэгжүүлснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангахад нөлөөлөхгүйгээс гадна талууд энэ талаар маргаагүй байна.

Иймд шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй, Н.Ат холбогдох хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж зааснаар Н.Ат холбогдох хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эрх зүйн дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул прокурор Ж.Энхжаргалын бичсэн улсын яллагчийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 17 тоот эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Н.Ат  холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 910 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Н.Ат холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Н.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МЯГМАРЖАВ

 

М.АЛДАР