Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 622

 

 

 

 

 

 

Э.Т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/00284 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Э.Т-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 548 дугаартай шийдвэрээр Б.Д-т 30 607 950 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гарснаас хойш төлбөр авагчид 10 000 000 орчим төгрөгийг төлчихөөд байгаа. Тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Баянгол дүүргийн 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч П.Б явуулж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч П.Б нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Э.Т-гийн барьцаа хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж, албадан дуудлага худалдаанд оруулахаар мэдэгдэл ирүүлсэн. Тус барьцаа хөрөнгө болох эрхийн Улсын бүртгэлийн Ү-2205033609 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 67 дугаар байрны 43 тоот, 38.4 мкв тус орон сууц нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, худалдаа үйлчилгээний газрууддаа ойр, ашигтай байршилд байдаг бөгөөд одоо тус байрны үнэлгээ нь 1 м.кв нь доод тал нь 2 000 000-2 500 000 төгрөгөөр үнэлэгдэхээр байдаг. Гэвч тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, ямар аргачлал ашиглаж, ямар судалгаагаар тогтоосон нь тодорхойгүй байх бөгөөд төлбөр төлөгч Э.Т-гийн эрх ашгийг зөрчиж, барьцаа хөрөнгийг хэт доогуур үнэлж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 4/20979 тоот мэдэгдлээр мэдэгдсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 548 дугаартай шийдвэрээр Б.Д-т 30 607 950 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Э.Т-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205033609 дугаартай Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 67 дугаар байрны 43 тоотод байрлах 38.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөрөнгийн шинжээчээр “Хөрөнгийн үнэлгээний баян модот” ХХК-г томилоход 61 356 200 төгрөгөөр үнэлгээг тогтоосон. Шинжээчийн тогтоосон үнэлгээг талуудад 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдэхэд төлбөр төлөгч Э.Т-гаас тус газарт хандан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар “хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй  тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3 дахь хэсэгт заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай саналыг гаргаж болно гэж зааснаар хүсэлт гаргах эрхтэй. Гэтэл эсрэгээрээ шүүхэд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаад байна. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд төлбөр төлөгчийн гаргасан нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Т-гийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 67 дугаар байрны 43 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205033609 дугаартай, 38.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг  61 356 200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс хэрэгт хамааралтай бөгөөд шүүхээр судлан шинжпэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд эдгээр нөхцөл байдлын талаарх бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана. Анхан шатны шүүх "... “Хөрөнгийн үнэлгээний “Баян модот” ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх орон сууцыг үнэлэхдээ зах зээлийн хандлагын арга, өртгийн хандлагын арга орлогын хандлагын аргыг тус тус ашиглан үнэлгээг гаргасан байх ба уг үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, судалгаа баримтад үндэслээгүй гэх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна. ” гэжээ. Гэтэл хэрэгт авагдснаар “Хөрөнгийн үнэлгээний Баян модот” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан нь харваас судалгаа муу, ашигласан эх сурвалжиндаа /хэргийн 20 хуудас/ зармэдээ.мн, үнэгүй.мн, осм.мн, сэй.мн зэргийг ашигласан гэх боловч ганцхан /хэргийн 19 хуудас/ үнэгүй.мн-ийг эх сурвалж гэж тавьсан байна. Мөн тус эх сурвалж нь тодорхойгүй яг ямар зар гэдэг нь огт харагдахгүй байх бөгөөд харваас маш муу тайлан байсан. Тус үнэлгээний тайланг ийнхүү маш муу хийсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудад харагдаж байхад шүүх ийнхүү хэт нэг талыг баримталж бодит байдлыг харгалзалгүй шийдвэр гаргасан байна. Мөн хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан үнэлгээчний тусгай зөвшөөрөл хүчинтэй гэх боловч хөрөнгийн үнэлгээний тайланг харваас хангалтгүй хийсэн байгаа нь, бас энэ талаарх нотлох баримт гаргах боломжгүй байгаааг шүүх харгалзалгүй шийдвэр гаргасан юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Э.Т нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/00548 дугаар шийдвэрээр хариуцагч Э.Т-гаас 30 000 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 307 950 төгрөгийн хамт гаргуулж Б.Д-т олгож, энэхүү шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Э.Т-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205033609 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 67 дугаар байрны 43 тоот хаягт байрших 38.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг НШШГГ-т даалгаж шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх-21/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Э.Т-гийн өмчлөлийн,  улсын бүртгэлийн Ү-2205033609 дугаартай Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 67 дугаар байрны 43 тоот, 38.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр битүүмжилж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 08 дүгээр сарын 28-ны өдөр хураах ажиллагаа явуулсан ба уг ажиллагаанд талууд гомдол гаргаагүй байна. /хх-22-24, 25-27 дахь тал/ Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлбөр төлөгчөөс дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авахад 130 000 000 төгрөг гэж, төлбөр авагч Б.Дархантамир нь хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгоно гэх хүсэлтийг гаргажээ. /хх-29/ Төлбөр төлөгч төлбөр авагч нар нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээний “Баян модот” ХХК-ийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 265 дугаар тогтоолоор шинжээчээр томилж, шинжээч нь Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 67 дугаар байрны 43 тоот, 38.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 61 356 200 төгрөгөөр үнэлсэн нь холбогдох журмыг зөрчөөгүй болно. /хх-30, 31/

 

Анхан шатны шүүхээс шинжээчээр томилогдсон “Баян модот” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийхдээ барьцааны эд хөрөнгө байрлах Баянгол дүүрэг дотор харьцуулалт хийж зах зээлийн жишиг үнийн аргаар үнийг тодорхойлсон болох нь үнэлгээний тайлангаар тогтоогдож байгаагаас гадна Нийслэлийн нэг дүүрэг доторх ижил төстэй объектуудыг жишиж харьцуулан үнэлгээ хийсэн тул шинжээчийн дүгнэлтийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасны дагуу дээрх үнэлгээний талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 4/20979, 4/20980 дугаар албан бичгүүдээр мэдэгдэж, улмаар төлбөр төлөгч буюу Э.Т нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар дээрх үнэлгээний талаар 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мэдсэн бөгөөд эс зөвшөөрсөн гомдлоо шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хуульд заасан хугацаанд гомдол гаргасан гэж үзнэ./хх-1-2, 43, 44, 45/

 

Нэхэмжлэгч нь “үнэлгээний тайлан нь судалгаа муу, ашигласан эх сурвалж нь тодорхойгүй зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн” гэх үндэслэлийг зааж гомдол гаргасан боловч тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмын дагуу нотлоогүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/00284 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                    ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ