Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2021/00861

 

           

                                                          Э.Т-ийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/00284 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 622 дугаар магадлалтай,

Э.Т-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дөлгөөний гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.20-ны өдрийн 548 дугаартай шийдвэрээр Б.Дархантамирт 30,607,950 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гарснаас хойш төлбөр авагчид 10,000,000 орчим төгрөгийг төлчихөөд байгаа. Тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Баянгол дүүргийн 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч П.Баясгалан явуулж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч П.Баясгалан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Э.Т-ийн барьцаа хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж, албадан дуудлага худалдаанд оруулахаар мэдэгдэл ирүүлсэн. Тус барьцаа хөрөнгө болох эрхийн Улсын бүртгэлийн Ү-2205033609 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 67 дугаар байрны 43 тоот, 38.4 мкв тус орон сууц нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, худалдаа үйлчилгээний газрууддаа ойр, ашигтай байршилд байдаг бөгөөд одоо тус байрны үнэлгээ нь 1 м.кв нь доод тал нь 2,000,000-2,500,000 төгрөгөөр үнэлэгдэхээр байдаг. Гэвч тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, ямар аргачлал ашиглаж, ямар судалгаагаар тогтоосон нь тодорхойгүй байх бөгөөд төлбөр төлөгч Э.Т-ийн эрх ашгийг зөрчиж, барьцаа хөрөнгийг хэт доогуур үнэлж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.10.01-ний өдрийн 4/20979 тоот мэдэгдлээр мэдэгдсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.20-ны өдрийн 548 дугаартай шийдвэрээр Б.Дархантамирт 30,607,950 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Э.Т-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205033609 дугаартай Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 67 дугаар байрны 43 тоотод байрлах 38.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөрөнгийн шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний “Баян модот” ХХК-г томилоход 61,356,200 төгрөгөөр үнэлгээг тогтоосон. Шинжээчийн тогтоосон үнэлгээг талуудад 2019.10.01-ний өдөр мэдэгдэхэд төлбөр төлөгч Э.Т-аас тус газарт хандан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3 дахь хэсэгт заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай саналыг гаргаж болно гэж зааснаар хүсэлт гаргах эрхтэй. Гэтэл эсрэгээрээ шүүхэд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаад байна. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд төлбөр төлөгчийн гаргасан нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/00284 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Э.Т-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 67 дугаар байрны 43 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205033609 дугаартай, 38.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 61,356,200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 622 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/00284 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дөлгөөн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Шүүхээс хэрэгт хамааралтай бөгөөд шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд эдгээр нөхцөл байдлын талаарх бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана. Анхан шатны шүүх “Хөрөнгийн үнэлгээний “Баян модот” ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх орон сууцыг үнэлэхдээ зах зээлийн хандлагын арга, өртгийн хандлагын арга, орлогын хандлагын аргыг тус тус ашиглан үнэлгээг гаргасан байх ба уг үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, судалгаа баримтад үндэслээгүй гэх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна." гэжээ. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар “Баян модот” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан нь судалгаа муу, ашигласан, эх сурвалжиндаа zarmedee.mn, unegui.mn, osmo.mn, say.mn зэргийг ашигласан гэх боловч зөвхөн unegui.mn-ийг эх сурвалж гэж тавьсан байна. Мөн тус эх сурвалж нь тодорхойгүй яг ямар зар гэдэг нь огт харагдахгүй байх бөгөөд маш муу тайлан байсан. Тус үнэлгээний тайланг ийнхүү маш муу хийсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар харагдаж байхад шүүх ийнхүү хэт нэг талыг баримталж бодит байдлыг харгалзалгүй шийдвэр гаргасан байна. Давж заалдах шатны шүүх “...Анхан шатны шүүхээс шинжээчээр томилогдсон “Баян модот" ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийхдээ барьцааны эд хөрөнгө байрлах Баянгол дүүрэг дотор харьцуулалт хийж зах зээлийн жишиг үнийн аргаар үнийг тодорхойлсон болох нь үнэлгээний тайлангаар тогтоогдож байгаагаас гадна нийслэлийн нэг дүүрэг доторх ижил төстэй объектуудыг жишиж харьцуулан үнэлгээ хийсэн тул шинжээчийн дүгнэлт хууль бус гэж үзэх үндэслэлгүй талаар шүүх зөв дүгнэжээ.” гэж магадлалын хянах хэсэгт тусгасан байна. Гэвч хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангаас жишиж харьцуулсан талаар ямар ч зүйл байхгүй бөгөөд хөрөнгийн үнэлгээчин юутай жишиж харьцуулсандаа ч тодорхойгүй тусгасан байхад ийнхүү өнгөцхөн дүгнэж шийдвэрлэсэн байгаад гомдолтой байна. Мөн хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан үнэлгээчний тусгай зөвшөөрөл хүчинтэй гэх боловч хөрөнгийн үнэлгээний тайланг харваас хангалтгүй хийсэн байгаа нь, бас энэ талаарх нотлох баримт гаргах боломжгүй байгааг шүүх харгалзалгүй шийдвэр гаргасан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Э.Т Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасанд хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дөлгөөний гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.20-ны өдрийн 102/ШШ2018/00548 дугаар шийдвэрээр Э.Т-аас 30,000,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 307,950 төгрөгийн хамт гаргуулж Б.Дархантамирт олгож, улсын бүртгэлийн Ү-2205033609 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 67 дугаар байрны 43 тоот хаягт байрших 38.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан улсын бүртгэлийн Ү-2205033609 дугаартай Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 67 дугаар байрны 43 тоот, 38.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан үндэслэл журмын дагуу явуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн  55.2.2.-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжээч оролцуулж болдог ба төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулдаг.

Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т зааснаар шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудад заасан журмыг баримтлах ёстой ба шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг явуулна.

Э.Т 2019.08.28-ны өдөр орон сууцыг 130,000,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд төлбөр авагч Б.Дархантамир 2019.08.29ий өдөр төлбөр төлөгчийн үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй шинжээч томилуулах тухай санал гаргасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019.09.02-ны өдрийн 265 дугаар тогтоолоор “Баян модот” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч 2019.09.27-ны өдрийн 190С/26 тоот үнэлгээний тайлангаар албадан дуудлага худалдаагаар худалдах орон сууцыг 61,356,200 төгрөгөөр тогтоосон талаар шүүх дүгнэлт хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж зохицуулан заажээ.

Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан орон сууцыг хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн орон сууцны бүтээц, хийц, төвийн шугам сүлжээ, ашиглалтанд орсон он, гадна тохижжилт, байршилтай ойролцоо, одоогоор худалдахаар зарлагдаж байгаа орон сууцтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна.

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй юм.

Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. Нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлт бодит бус, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэт доогуур тогтоосон болохыг нотлох баримтаар нотлож чадаагүй байна.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль болон бусад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/00284 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 622 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дөлгөөний гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.ЭРДЭНЭСУВД   

                              ШҮҮГЧИД                              П.ЗОЛЗАЯА            

                                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                             Г.ЦАГААНЦООЖ 

                                                                             Д.ЦОЛМОН