Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 00563

 

 

 

 

 

 

 

 

 

П.О, С.Г нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/00113 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.О, С.Г нарын хариуцагч Б.Б-д холбогдуулан гэрээний үүрэгт 198 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Оюунцэцэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Наранцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2004 онд А ХХК-ийг байгуулж, Орхон аймгийн Жаргалант суманд 8.0 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээ авч, тус сумын Улаан толгой багт тоосго шатах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахаар болсон. 2004-2008 оны хооронд тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг БНХАУ-аас оруулж, тоосго үйлдвэрлэх ажлаа эхлүүлсэн. Бид тоосгоны үйлдвэр байгуулахдаа Г ХЗХ-оос болон хувь хүмүүсээс зээл авсан байсан. Б.Б нь манай компанийг худалдан авах санал тавьсан ба тэрээр ойрын хамаатны эгч гэх Ц.С-ийн хамт компанийг худалдан авъя гэхлээр нь зөвшөөрч, 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж компанийн бичиг, баримт, тамга тэмдэг, тайлан баланс, ажилчидтай холбоотой бүх бичиг баримтыг Б.Б, Ж.Содбилэг нар хүлээн авсан. Ингэж худалдахдаа компанийн балансад тусгагдсан бүх өр, дээр нь хувьцааны үнэ 110 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Эдгээр баримтууд бүгд хэрэгт байгаа. Үүнээс хойш Б.Б-тай байнга холбоотой байсан. Г ХЗХ-нд төлөх 220 000 000 төгрөгийн өрийг төлөх байсан. Шүүхийн шийдвэрээр С.Г бид хоёроос 309 353 333 төгрөг гаргуулж, Г ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх өр төлбөрөөс 21 500 000 төгрөг төлж, үлдэх мөнгийг төлөөгүй ба өр төлбөр төлнө гэх амлалтууд өгч байсан. Мөн компанийн баланс дээр тусгагдсан өрийг барагдуулсан байсан ба Г ХЗХ-ны төлбөрийг барагдуулаагүй. 2009 оноос хойш Б.Б-аас энэ өрийг төлөхийг байнга шаардаж байсан. Хариуцагч 150 000 000 төгрөгийг С.Г -д төлсөн гэдэг. Гэтэл хавтаст хэрэгт 150 000 000 төгрөг, 110 000 000 төгрөг төлсөн баримт байдаггүй. Б.Б нь 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулагдсан тухайд маргадаггүй. Үүнээс хойш шаардаж байсан нь хэргийн баримтаар нотлогддог. Тухайлбал шийдвэр гүйцэтгэлийн албанаас авсан баримтууд байна. Өр шилжсэн эсэх нь А ХХК-ийн 2008 оны 04 дүгээр улирлын санхүүгийн тайланд балансад тусгагдсанаар нотлогддог. А ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Б, Ж.С нар 2009 оны 04 дүгээр сард компанийн нэрийг Г ХХК гэж өөрчилсөн. Тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Б.Б, 50 хувийн эзэмшигч нь Ж.С нар болсон. Г ХЗХ-нд төлөх 220 000 000 төгрөгийн өрийг Б.Б-д компанийн хувь эзэмших эрхийн гэрээгээр шилжүүлсэн ба үүнээс 21 500 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 198 500 000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр компанийн хувьцаа худалдан авах гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр С.Г, П.О нар нь А ХХК-ийн 50 хувийн 265 000 ширхэг хувьцааг нийт 110 000 000 төгрөгөөр худалдсан. Энэ гэрээний хамт, мөн өдөр компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан. Эдгээр гэрээний дагуу Б.Баярбатын хүлээсэн үүрэг нь компанийн 50 хувийн хувьцааг өөртөө шилжүүлэн авч, хариу төлбөрт 110 000 000 төгрөг шилжүүлэх байсан. Хэрэгт 110 000 000 төгрөг төлсөн гэх баримт байдаггүй боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад, нэхэмжлэгч талаас 110 000 000 төгрөг хүлээн авсан гэж тайлбарладаг. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний зүйл нь 220 000 000 төгрөгийн өр шилжүүлэн авах байсан гэж нэхэмжлэгч тал ярьж байна. Компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Б.Б 220 000 000 төгрөг төлөх үүрэг хүлээгээгүй. Харин С.Г, П.О нар нь 220 000 000 төгрөгийг Г ХЗХ-нд төлөхөөр байгаа. Хэрэгт баримтаар Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 108 дугаар шийдвэр байгаа. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-т зааснаар Б.Б нь 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх шилжүүлэх гэрээгээр зөвхөн А ХХК-ийн 265 000 000 төгрөг бүхий 50 хувийн хувьцааг 110 000 000 төгрөгөөр худалдан авах үүрэг хүлээсэн ба харин компанийн өрийг хувиараа төлөх үүрэг хүлээгээгүй. Шүүхийн шийдвэрээр С.Г, П.О нар нь Г ХЗХ-нд төлбөр төлөх үүрэгтэй гэх агуулгаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад Г ХХК албан тоот өгч байсан болохоос биш Б.Б өөрөө энэ өр төлбөрийг төлнө гэж байгаагүй. Талуудын гэрээ байгуулах үед тохиролцож байсан зүйл нь 371 753 658 төгрөгийн өртэй А ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах талаар харилцан тохиролцсон. Б.Б нь С.Г, П.О нарын бусдад төлөх ёстой өр төлбөрийг өөртөө шилжүүлэн аваагүй, төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. Нэхэмжлэгч талын ярьж байгаа зүйл үндэслэлгүй. Б.Б нь 21 500 000 төгрөгийн төлбөрийг төлсөн гэж байна. Б.Б төлөөгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Г ХХК-ийн үйлдвэрээс 21 500 000 төгрөгийн үнэ бүхий тоосгыг албадан авсан гэх үйл баримт хэрэгт байгаа баримтаас тодорхой харагдаж байгаа. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх хуулийн заалттай бөгөөд энэ хугацаа өнгөрсөн, компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээний 2.1-д заасан өрийг шилжүүлэн аваагүй. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8, мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж тус тус заасан хуулийн зохицуулалттай. Гэтэл Г ХЗХ-той тохиролцсон бичгээр хийсэн гэрээ байхгүй. Энэ хэрэгт нэхэмжлэгч нар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байсан байдаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Б-аас 99 250 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.О, С.Г нарт олгож, нэхэмжлэлээс 99 250 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 150 450 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 654 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Б. Баярбат нь 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр С.Г, П.О нартай компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ, мөн өдрөө компанийн эрх шилжүүлэн авах гэрээ гэх 2 төрлийн гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн тус гэрээний 1-д заасны дагуу А ХХК-ийн 50 хувийн хувьцаа буюу 1 бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий 265 000 ширхэг хувьцааг нийт 110 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах байсан. Зохигчид энэ талаар маргаагүй. Компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээний тухайд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасныг үндэслэн гэрээний 1.3-д заасны дагуу компанийн эрх, үүргийг эрх хүлээн авагчид шилжүүлэн өгөх байсан нь гэрээний зүйл заалтаас тодорхой байх ба С.Г, П.О нар нь компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд эдэлбэл зохих, эрх үүргийг эрх шилжүүлэн авагчид шилжүүлэн өгсөн болох нь гэрээний зүйл заалт, агуулгаас тодорхой байна. Гэтэл анхан шатны шүүх нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг тус тусд нь дүгнэлгүйгээр хамтад нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэнд гомдолтой байна. Мөн анхан шатны шүүх нь талуудын хооронд байгуулагдсан компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээний 2.1, 3.1 дэх заалтуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “дээрх заалт, үйл баримтуудаас үзвэл талууд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар компанийн 50 хувийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэхээс гадна өр төлбөрийг шилжүүлэхээр тохиролцсон гэж үзэхээр байна" хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч нар нь Г ХЗХ-ны өр төлбөр болох 220 000 000 төгрөгийн төлбөрөөс 21 500 000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 198 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодорхойлсон. Хавтаст хэргийн 11 дэх талд авагдсан Орхон аймаг дахь сумдын шүүхийн шүүгчийн 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 201 дугаар захирамжаар хариуцагч С. Г, П.О нараас 309 353 333 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн хүчин төгөлдөр захирамжаар “Г” ХЗХ-д төлбөр төлөх үүрэг бүхий этгээд нь П.О, С. Гэрэлмаа нар байсан ба үүний дараагаар тэд өөрсдийн “Г” ХЗХ-д төлөх төлбөрийн 220 000 000 төгрөгийн төлбөрийг А ХХК-д шилжүүлэн өгч тус компанийн 2008 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгуулсан байна. Дээрхээс үзвэл П.О, С.Г нар нь өөрсдийн Г ХЗХ-д төлөх төлбөрийг А ХХК-д шилжүүлэн өгсөн гэх үндэслэлтэй юм. Нэгэнт П.О, С.Г нар нь өөрсдийн Г ХЗХ-нд төлөх өрийг А ХХК-д шилжүүлэн өгч, компанийн тайлан балансад тусгуулсан байх тул Г ХЗХ-д төлбөр төлөх үүрэг бүхий этгээд нь 2009 оны 01 дүгээр сараас эхлэн А ХХК буюу одоогийн Г ХХК болж өөрчлөгдсөн гэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч П.О, С.Г нар нь Б.Б-аас Г ХЗХ-нд төлөх 220 000 000 төгрөгийг төлөхийг шаардах эрхтэй байхын тулд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 123.8 дахь хэсэгт заасны дагуу зохигчдын хооронд хүчин төгөлдөр өр шилжих тухай гэрээ байгуулагдсан байхыг шаардана. Гэтэл талуудын хооронд А ХХК-ийн өрийг шилжүүлэн өгөх талаар гэрээ байгуулагдах боломжгүй. Өөрөөр хэлбэл П.О, С.Г нар нь өөрсдийн Г ХЗХ-нд төлөх өрийг А ХХК-д шилжүүлэн өгсөн байх тул уг өрийг бусдад шилжүүлэн өгөх эрх бүхий этгээд нь А ХХК болохоос биш, А ХХК-ийн хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлэгч нь шилжүүлэн өгөх эрхгүй юм. Энэ утгаараа П.О, С.Г нар нь бусдад 371 сая гаруй төгрөгийн өртэй А ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмших эрхийг Б.Б-д шилжүүлэн өгөхөөр 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан гэх үндэслэлтэй байна. Б.Б нь П.О, С.Г нараас А ХХК-ийн 50 хувийн хувьцаа буюу 1 бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий 265 000 ширхэг хувьцааг 110 000 000 төгрөгөөр худалдан авснаараа тухайн компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэх тодорхойгүй, нотлоогүй байхад 220 000 000 төгрөгийг төлөх үүрэг үүссэн гэвэл энэ нь өрөөсгөл ойлголт байна. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-т заасны дагуу хувьцаа эзэмшигч нь компанийн өрийг хариуцахгүй, мөн компани нь хувьцаа эзэмшигчийн өрийг хариуцахгүй байхаар заасан байдаг. Тиймээс компанийн хувьцаа эзэмшигч болсноороо өрийг төлөх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч нар нь шаардах эрхгүй юм. Мөн Б. Баярбат нь 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн А ХХК буюу Г ХХК-ийн хувьцаа эзэмшигч байхаа больж, өөрийн тус компанид эзэмшдэг хувьцааг Ч.Амарбаярт шилжүүлэн өгсөн болно. Түүнчлэн, анхан шатны шүүх нь талуудын хооронд байгуулагдсан компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасны дагуу өр шилжих гэрээ байгуулагдсан гэж дүгнэхдээ шаардах эрхийг эзэмшигч буюу “Грави” ХЗХ-тай тохиролцсон эсэхийг анхаараагүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаар С.Г, П.О нь Г ХЗХ-той тохиролцсон талаар баримт нэг ч байдаггүй. Хэрэв Г ХЗХ-той тохиролцоогүй бол өр шилжих тухай гэрээ хийгдэх боломжгүй болох нь дээрх хуулийн заалтаас тодорхой байхад анхан шатны шүүх нь энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Түүнчлэн, хэрэв Г ХЗХ-той тохиролцож, С.Г, П.О нар нь өөрийн төлөх өрийг Б.Б-д шилжүүлэн өгсөн байвал Г ХЗХ нь Б.Б-аас П.О, С.Г нарын төлөх төлбөрийг шаардах эрхтэй байх юм. Гэтэл “Грави” ХЗХ-ноос нэхэмжлэл гаргасан боловч Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 838 дугаар шийдвэр, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 137 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 001/ШТ2016/00193 дугаар тогтоолоор Г ХЗХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийг шаардах эрхгүй гэж үзсэн болно. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 001/ШТ2016/00193 дугаар тогтоолын хянавал хэсэгт “С.Г, П.О нар нь Г ХЗХ-нд төлөх төлбөрийг А ХХК-ийн санхүүгийн баримтад тусгаж төлбөрийг А ХХК төлөх болсон гэх боловч энэ нъ Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2007 оны 108 дугаар захирамжид заасан төлбөр төлөгчийг шүүхийн шийдвэр биелүүлэх үургээс чөлөөлөхгүй ” гэж дүгнэсэн. Дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр “С.Г, П.О нар нь 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Г ХЗХ-д төлөх 220 000 000 төгрөгийн өрийг Б.Б-д шилжүүлэн өгсөн гэж тайлбарладаг ч талуудын хооронд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан өр шилжих талаар харилцаа үүсээгүй, Г ХЗХ-той тохиролцоогүй, түүний зөвшөөрлийг аваагүй, мөн Г ХЗХ хороо нь компаний хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу Б.Б-аас П.О, С.Г нарын төлбөл зохих 220 000 000 төгрөгийн төлбөрийг шаардах эрхгүй болох нь тогтоогдсон болно. Гэтэл анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, Б.Б-аас 99 250 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Дээрх үндэслэлүүдээр С.Г, П.О нар нь өөрсдийн Г ХЗХ-нд төлөх 220 000 000 төгрөгийн төлбөрийн үлдэх 198 500 000 төгрөгийг Б.Б-аас шаардах эрхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “... хариуцагч Б.Б нь С.Г, П.О нараас нэгэнт 371 753 657 төгрөгийн өрийг шилжүүлж байсан шшжүүлж авсан байх бөгөөд дурдсан өр төлбөрт нь А ХХК-ийн 2008 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгагдсан Г ХЗХ-д төлөх 220 000 000 төгрөгийн өр төлбөр багтсан, тэрээр уг төлбөрөөс 2012 онд 21 500 000 төлсөн болох нь зохигчдийн тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. С.Г, П.О нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн материалд Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материал нотлох баримтаар авагдсан. Эдгээр баримт, мөн дээр дурдсан 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Орхон аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 201 дугаар захирамжаар гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа “Голден брик” ХХК-д холбогдуулан ажиллагаа явуулсан, тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага нартай уулзсан уулзалтын тэмдэглэлүүд авагдсан байх ба 1-р хх-ийн дахь талд авагдсан баримтаар шийдвэр гүйцэтгэгч нь Г ХХК-ийн үйлдвэрийн хашаанаас 21 500 000 төгрөгийн үнэ бүхий тоосго авч, Г ХЗХ-д өгсөн 220 000 000 төгрөгийн төлбөрөөс суутгасан нь нотлогддог бөгөөд энэ талаар зохигчид тайлбарладаг. Мөн хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны баримтаар “Голден брик” ХХК-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан бөгөөд уг ажиллагаанд Г ХХК нь албан бичгээр хариу албан тоотууд өгсөн байхад анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй бодит байдалд нийцэхгүй, холбогдох баримтаар нотлогдоогүй дүгнэлтийг хийсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх ийнхүү С.Г, П.О нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй юм. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч П.О, С.Г нар нь хариуцагч Б.Б, Ч.А, М.Э, Ж.С нарт холбогдуулан гэрээний үүрэгт 198 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.А, М.Э, Ж.С нараас татгалзсан ба хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч П.О, С.Г нар нь “...А ХХК-ийг 2004 онд байгуулсан, “Грави” хадгаламж зээлийн хоршооноос 2007 онд зээлсэн 220 000 000 төгрөгөөр А ХХК-д тоног төхөөрөмж авсан, 2007 онд нэхэмжлэгч нараас “Г” Хадгаламж зээлийн хоршоонд 309 353 333 төгрөг  төлүүлэх шүүхийн шийдвэр гарсан, П.О, С.Г нар өөрсдийн А ХХК-ийн 50 хувийн хувьцааг 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Б.Б-д худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ байгуулж шилжүүлэхдээ тус компанийн 2008 оны жилийн эцсийн тайланд тусгагдсан өглөг болох Г ХЗХ-ны 220 000 000 төгрөгийн зээлийн өрийг хамт хүлээлгэн өгсөн тул 198 500 000 төгрөг гаргуулна” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан байна.

 

Хариуцагч Б.Б нь татгалзлаа “нэхэмжлэгч П.О, С.Г нартай 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр А ХХК-ийн 50 хувийн хувьцааг 110 000 000 төгрөгөөр худалдан авах, мөн өдөр байгуулсан эрх шилжүүлэх гэрээгээр А ХХК-ийн эрх үүргийг шилжүүлэн авснаас биш “Грави” хадгаламж зээлийн хоршоонд П.О, С.Г нарын төлөх 220 000 000 төгрөгний өрийг шилжүүлж аваагүй, тус компаниас 2016 онд гарсан тул 198 500 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй” гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч П.О, С.Г нарын хариуцагч Б.Б-д холбогдуулан 198 500 000 төгрөгийг шаардаж буй хууль зүйн үндэслэл нь тодорхой бус буюу иргэний эрх зүйн ямар харилцаанаас үүссэн үүрэг болохыг тодруулах шаардлагатай байв. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасантай нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч нар нь хариуцагч Б.Б-аас тодорхой үүргийн хүрээнд шаардлага гаргах эрхтэй. Тухайлбал, Б.Б-ын шилжүүлэн авсан өрийг өмнөөс нь төлсний улмаас, эсхүл түүний өмнөөс өр төлөх нөхцөл байдалд орсон, эрхийн зөрчил үүссэнийг таслан зогсоолгохоор шаардаж байгаа аль болох нь тодорхой бус байна.

 

Анхан шатны шүүх тодорхой эрх зөрчсөн үйлдлийг ямар аргаар таслан зогсоолгох эсхүл иргэний зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр иргэний эрх зүйн ямар төрлийн хамгаалалт шаардаж байгааг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны хууль буюу гэрээгээр үүрэг үүссэн тохиолдолд тодорхой мөнгө болон эд хөрөнгийг гаргуулах зарчимтай. Нэхэмжлэгч П.О, С.Г нар нь “Г” Хадгаламж зээлийн хоршоонд төлөх өр төлбөр буюу үүрэг нь А ХХК-ийн өмнөөс өөрсдийн нэр дээр авсан өр төлбөр учраас тус компанийн баланст “Грави” хадгаламж зээлийн хоршоонд төлөх 220 000 000 төгрөгний өр төлбөрийг тусгасан гэх агуулга бүхий тайлбар гаргасан. Гэтэл нэхэмжлэгч П.О, С.Г нарын “Г” хадгаламж зээлийн хоршоонд төлөх өр төлбөр А ХХК-д шилжсэн гэх нөхцөл байдал, “А” ХХК-ийн өр төлбөр хариуцагч Б.Б-д шилжсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Нэхэмжлэгч П.О, С.Г нарт хариуцагч Б.Б өр төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэлд хамаарах нөхцөл байдлууд хэргийн баримтаар тогтоогдоогүй тодорхой бус үлджээ.

 

 Мөн хэрэгт 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн “Г” хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй Ж.С, Б.Б, Ч.А нарт холбогдох 198 500 000 төгрөг гаргуулах тухай хэргийг шүүхийн шийдвэрт заагаагүй этгээдээс шаардсан нь хууль зөрчсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан байна.

 

Дээрх нөхцөл байдлууд бүрэн тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэгч нарын ямар эрхийг шүүхээр хэрхэн сэргээлгэх асуудал тодорхой болох юм. Иймд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, маргааны зүйлийн талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/00113 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 654 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ