Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2021/01517

 

П.О, С.Г нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2021/00622 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 958 дугаар магадлалтай,

 

П.О, С.Г нарын нэхэмжлэлтэй,

Б.Бад холбогдох,

 

Гэрээний үүрэгт 198,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.О, С.Г нар нь Б.Бад холбогдуулан гэрээний үүрэгт 198,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.  

 

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2021/00622 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Бад холбогдох 198,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.О, С.Г нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,150,450 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 958 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 12-ны өдрийн 182/ШШ2021/00622 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Баас 198,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Г, П.О нарт олгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,150,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжид 1,150,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Г, П.О нарт олгосугай гэж тус тус өөрчилж, тогтоох хэсэгт шинээр 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Г, П.О нар хариуцагч Г ХХК, Ч.Амарбаяр, М.Энхболд, Ж.Содгэрэл нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж нэмж, тогтоох хэсгийн 3 гэснийг 4 гэж дугаарлан, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.О, нэхэмжлэгч С.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.О, нэхэмжлэгч С.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунцэцэг нар нь давж заалдах журмаар гомдол гаргах улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг миний бие Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.6.11-ний өдрийн 958 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

4.1. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн талаар: 1. Нэхэмжлэгч П.О, С.Г нар нь Б.Бад холбогдуулан “талуудын хооронд 2009.3.30-ны өдөр байгуулагдсан “Компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч нарын Гуави ХЗХ-нд төлөх өрний 198,500,000 төгрөгийг гаргуулах” тухай гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2007.02.01-ний өдрийн 108 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, П.О, С.Г нараас 309,353,333 төгрөгийг гаргуулж Г ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шүүгчийн захирамж нь хуулийн хүчин төгөлдөр болж, Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус шийдвэрийг албадан гүицэтгэх ажиллагаа хийгдэж байгаа. Уг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд нэхэмжлэгч нар нь төлбөр төлөгчөөр оролцож байна. П.О, С.Г нар нь Г ХЗХ-нд төлөх 220,000,000 төгрөгийн өрийг “А” ХХК-ийн 2008 оны 4-р улирлын тайланд тусгах замаар шилжүүлэн өгсөн, улмаар уг өрийг Б.Б хариуцан төлөхөөр болсон гэж тайлбарладаг. Нэгдүгээрт Б. Бын зүгээс бусдад өртэй хуулийн этгээдийн 50 хувийн хувьцааг 110 сая төгрөгөөр худалдан авахыг зөвшөөрснөөс өөрөөр бусдад төлөх 220 сая төгрөгийн өрийг төлөхийг зөвшөөрсөн үйл баримт байхгүй. Ийм хүсэл зоригийг огт илэрхийлж байгаагүй. Иргэний хуулийн 124-р зүйлийн 124.1, 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нарын Г ХЗХ-нд төлөх өрийг хариуцан төлөх үүргийг шилжүүлэн авахын тулд ХЗХ-той тохиролцож, түүнээс зөвшөөрөл аван хэлцлийг бичгээр үйлдсэн байх шаардлагатай байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар ч тэр, зохигчдын гаргаж буй тайлбараар ч тэр Г ХЗХ-той тохиролцсон, түүний зөвшөөрлийг авсан үйл баримт огт байхгүй. Энэ талаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээрх иргэний хэргийг 2021.3.12-ны өдрийн 182/ШШ2021/00622 дугаар шийдвэрээр шийдвэрлэхдээ “...2009.3.31-ний өдрийн “А” ХХК-ийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээний 2.1-д Г ХЗХ-нд нэхэмжлэгч нарын төлөх өр гэж тусгагдсан байгаа боловч Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 123 дугаар зүйлийн 123.8-д заасан хуулийн шаардлага хангасан хэлбэрээр хэлцэл хийгдээгүй, Г ХЗХ болон шинэ үүрэг гүйцэтгэгч Б.Б нарын хооронд өр шилжих талаар тохиролцоо хийгдээгүй, тус хоршооноос зөвшөөрөл аваагүй болох нь зохигчийн тайлбар, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2015.8.18-ны өдрийн 838 дугаар шийдвэр зэргээр тогтоогдож байгаа нь талуудын хооронд компанийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, харин Г ХЗХ-нд төлөх өрийг шилжүүлэх тухайд талууд тохиролцож гэрээ хэлцэл байгуулаагүй гэж үзнэ” дүгнэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй. Гэтэл Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь дээрх иргэний хэрэгт нэхэмжлэгч нарын зүгээс гаргасан давж заалдах шатны гомдлыг хянан хэлэлцээд 2021.6.11-ний өдрийн 958 дугаар магадлалаар “...анхан шатны шүүх дээрх үндэслэлийг заан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл, шүүхээс анхан шатны шүүх дээр дурдсан “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” болон “Компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хоёр өөр тусдаа харилцааг зохицуулсан гэж үзэж, эдгээр гэрээнүүд иргэд хооронд байгуулагдсан байхад компанийн харилцааг зохицуулсан хуулийг тайлбарлан хэрэглэж маргааныг хянан шийдвэрлэсэн нь буруу. Хэлцэл хийгч этгээдүүдийн тухайн үед илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийг харгалзан үзэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 198 дугаар зүйлийн 198.1 дэх зохицуулалтад нийцээгүй байна” хэмээн хуулийг анхан шатны шүүхээс зөрүүтэй хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Хэрэв талууд “А” ХХК-ийн хувьцааг 330 сая төгрөгөөр худалдаж, худалдан авахаар тохиролцсон байсан бол энэ талаараа талууд бичгээр байгуулсан гэрээндээ тусгах бүрэн боломжтой байсан. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэрээнд гэрээний үнэ нь 110 сая байна гэж дурдсан. Хариуцагчийн зүгээс гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд энэ талаар талуудын хооронд маргаан байдаггүй. Түүнчлэн Б.Быг “А” ХХК-ийн хувьцааг шилжүүлэн авах үед Г ХЗХ-нд төлөх 220 сая төгрөгийн өр нь тус компанийн 2008 оны санхүүгийн тайланд урт хугацааны өглөг гэх хэсэгт тусгагдсан, уг үнийн дүнгийн ард Г ХЗХ гэж тэмдэглэсэн байсан. Уг тайланг хариуцагч үйлдээгүй. Харин талуудын хооронд байгуулагдсан Компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээний 2.1-д заасны дагуу нэхэмжлэгч нараас хүлээн авсан санхүүгийн баримтад байсан, нэхэмжлэгч нар өөрсдөө гараар тэмдэглэгээ хийсэн, үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Нэгэнтээ компанийн тайлан балансад тусгагдсан өрийг тус компанийн хувьцаа эзэмшигч байсан этгээдээс төлөхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл энэ нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй гэж, 9.3-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж тус тус заасантай нийцэхгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд үүссэн маргааны зүйлийг хэт явцууруулж, хэрэглэх хуулийн хязгаарыг буруу тогтоож, иргэд хооронд байгуулагдсан гэрээнд Компанийн тухай хуулийг хэрэглэхгүй гэж дүгнэсэн үндэслэлгүй байна. Иргэн, хуулийн этгээд нь тус тусдаа бие даасан иргэний эрх зүйн субьект болж, иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо тус бүр өөрийн нэрээр эрх олж авч, үүрэг хүлээдэг. Гэрээний 2.1-д заасны дагуу “А” ХХК-ийн нийт өр нь тус компанийн бусад этгээдийн өмнө хүлээсэн үүрэг юм. Харин Б.Б нь тухайн компанийн хувьцааг эзэмших болсноороо Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-т заасны дагуу Компанийн төлөх өрийг бусдын өмнө төлөх үүрэггүй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна.

4.2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн талаар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг давж заалдах шатны шүүх ноцтой зөрчсөн. Тухайлбал: Талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн гаргасан тайлбарын хүрээнд зөв дүгнэж, шийдвэрлээгүй. П.О, С.Г нар нь өөрсдийн өмчлөлийн “А” ХХК-ийн 50 хувийн, 265,000 ширхэг хувьцааг Б.Бын өмчлөлд шилжүүлэх зорилгоор 2 гэрээ байгуулсан байдаг. А.2009.3.30-ны өдрийн “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ний 1.1-1.6 дахь хэсэгт заасны дагуу 1 ш нь 1000 төгрөгийн үнэ бүхий 265,000 ш хувьцааг 1 ш-ийг 415,1 төгрөгөөр үнэлж, нийт 110,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон байдаг. Өөрөөр хэлбэл уг гэрээний зүйл нь “А” ХХК-ийн 50 хувийн 265,000 ширхэг хувьцааг нийт 110,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах байсан. Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэл, гэрээний агуулга дээр талууд маргадаггүй. Б.Харин 2009.3.30-ны өдрийн “Компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний 1.3-т заасны дагуу үүсгэн байгуулагчийн компанийн хувь эзэмших эрхийг шилжүүлэх тухай 2 тоот шийдвэр, мөн хувь эзэмших эрх шилжүүлэн авагчаас тус компанийг хүлээн авахыг зөвшөөрсөн хүсэлтийг үндэслэн компанийн эрх, үүргийг эрх хүлээн авагчид шилжүүлнэ гэж заасны дагуу Компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд эдлэх эрх, хүлээх үүргийг шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний гол зүйл нь “А” ХХК-ийн эрх, үүргийг шилжүүлэн өгөх байсан. Дээрх гэрээнүүд байгуулагдах үед “А” ХХК нь өөрийн санхүүгийн тайлан балансад тусгагдсанаар нийт 371,753,658.5 төгрөгийн өртэй байсан. Энэ талаарх мэдээллийг худалдагч нар нь Б.Бад өгсөн. Компани тоосго үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тул үйл ажиллагаанаас олсон орлогоосоо төлөх боломжтой гэж тооцож байсан. Мөн уг өрний Г ХЗХ-нд төлөх 220,000,000 төгрөгийг С.Г, П.О нь Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2007.02.01-ний өдрийн 108 дугаар захирамжаар нэгэнтээ тогтоогдсон үйл баримт юм. Тиймээс “А” ХХК-ийн 50 хувийн хувьцааг 110,000,000 төгрөгөөр худалдан авах талаар гэрээ хийж, гэрээнд заасан төлбөрийн үүргээ бүрэн биелүүлсэн. Хэрэв “А” ХХК болон иргэн П.О, С.Г нарын бусдад төлөх төлбөрийн үүрэг буюу өрийг тэдний өмнөөс төлөхийг хүлээн зөвшөөрч, гэрээ хийсэн гэж үзвэл тэрхүү гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд шаардах эрхийг үүсгэх ёстой. Гэтэл талуудын хооронд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт заасан гэрээ хэлцэл огт байгуулагдаагүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй. Гэтэл давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүдийн агуулгыг талуудын хүсэл зоригийн илэрхийллээс өөрөөр тайлбарлаж, хэт нэг талыг барьж, нэхэмжлэгч талын тайлбарт үндэслэн магадлалынхаа ХЯНАВАЛ хэсэгт “...Мөн өдөр талууд “Компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан байх ба “А” ХХК-ийн санхүүгийн тайланд бүртгэлтэй Г ХЗХ-д төлөх өр болох 220,000,000 төгрөгийг эрх шилжүүлэн авагч буюу Б.Б хариуцах нөхцөлийг уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1-д тус тус тусгажээ” хэмээн дүгнэсэн нь огт үндэслэлгүй юм. Түүнчлэн Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д “Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ.” гэж, мөн хуулийн 40-р зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно ” гэж тус тус заасны дагуу нэг талаас гэрээ байгуулах санал гаргаж, нөгөө талаас түүнийг нь хүлээн аван улмаар талуудын хооронд хүсэл зоригийн нэгдэл бий болсноор гэрээ байгуулагдсанд тооцдог. Энэ тохиолдолд нэг талаас П.О, С.Г нар нь бусдад нийт 373 сая төгрөгийн өртэй “А” ХХК-ийн 50 хувийн 265,000 ширхэг хувьцааг 110,000,000 төгрөгөөр худалдах санал гаргасан, нөгөө талаас Б.Б нь тэрхүү саналыг хүлээн зөвшөөрч, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан. Үүнээс өөрөөр нэхэмжлэгч нарын зүгээс компанийн хувьцааг 330,000,000 төгрөгөөр худалдах талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй, хариуцагчийн зүгээс компанийн өрийг өөрийн хөрөнгөөр хариуцахыг зөвшөөрөөгүй, хувьцааг 330,000,000 төгрөгөөр худалдан авахаар хүлээн зөвшөөрөөгүй, энэ талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй. Энэхүү үйл баримтыг давж заалдах шатны шүүхээс хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нарт 110,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, мөн Г ХЗХ-нд төлөх өр төлбөр болох 220,000,000 төгрөгөөс 21,500,000 төгрөг төлөгдсөн болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон тул 198,500,000 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу хариуцагч Б.Баас гаргуулан нэхэмжлэгч С.Г, П.О нарт олгож, нэхэмжлэгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хэрэгт Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2007.02.01-ний өдрийн 108 дугаар шүүгчийн захирамжийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны материалууд нотлох баримтаар авагдсан байдаг ба эдгээр нотлох баримтууд, мөн шат шатны шүүхэд зохигчдын өгсөн тайлбараар шийдвэр гүйцэтгэгч нь “Г” ХХК-ийн тоосгоны үйлдвэрийн хашаанаас 21,500,000 төгрөгийн үнэ бүхий тоосгыг хураан авч, худалдан борлуулан Г ХЗХ-нд төлөгдөх төлбөрөөс хасч тооцсон болох нь тогтоогддог.

Харин Б.Б нь Г ХЗХ-нд төлөх өрийг хүлээн зөвшөөрч, 21,500,000 төгрөгийн төлбөрийг сайн дураар төлсөн үйл баримт байхгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх нь энэ талаар хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэлгүй, буруу дүгнэлт хийсэн. Мөн хуулийн хүчин төгөлдөр болсон Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016.3.03-ны өдрийн 001/ХТ2016/00193 дугаар тогтоолын ХЯНАВАЛ хэсэгт “...төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрт заасан мөнгийг сайн дураар төлөх боломжтой бөгөөд төлбөрийн мөнгийг аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж барагдуулах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд харшлахгүй” гэж дүгнэснээр хангалттай нотлогдоно. Шүүх нь дээрх дүгнэлтийг хийснээрээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэснийг ноцтой зөрчсөн болно. Давж заалдах шатны шүүх нь ийнхүү П.О, С.Г нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлтэй юм. Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгч П.О, С.Г нар нь Б.Б, “Г” ХХК, Ч.Амарбаяр, М.Энхболд, Ж.Содгэрэл нарт холбогдуулан гэрээний үүрэгт 198,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Г” ХХК, Ч.Амарбаяр, М.Энхболд, Ж.Содгэрэл нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзаж, Б.Баас төлбөрийг гаргуулахаар шаарджээ. 

 

6. Анхан шатны шүүх ...“А” ХХК нь “Г” ХЗХ-нд өртэй байсан, тус компанийн хуучин гишүүд болох П.О, С.Г нарын өр нь компанийн 2008 оны санхүүгийн жилийн эцсийн тайланд тусгагдсан байгаа хэдий ч уг өр төлбөр компанид хэрхэн шилжсэн талаар болон П.О, С.Г нарын “Г” ХЗХ-нд төлөх 220,000,000 төгрөгийн өрийг хариуцагч Б.Б хариуцан төлөхөөр тохиролцсон нь тогтоогдоогүй, хуульд зааснаар өр шилжих хэлцэл хийгдээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

7. Давж заалдах шатны шүүх “...П.О, С.Г болон Б.Б нар нь “А” ХХК-ийн 50%-ийн хувьцаа буюу нийт 265,000 ширхэг хувьцааг худалдах, худалдан авахаар тохиролцсон, ...2009.03.30-ны өдөр байгуулагдсан хоёр гэрээний үнийн дүн 330,000,000 төгрөг байна. ...хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч нарт 110,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, мөн “Г” ХЗХ-нд төлөх өр төлбөр болох 220,000,000 төгрөгөөс 21,500,000 төгрөг төлөгдсөн болох нь тогтоогдсон тул ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Баас 198,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох үндэслэлтэй гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулжээ.  

 

8. “...Анхан болон давж заалдах шатны шүүх тухайн маргаанд Иргэний хууль болон Компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4-т заасан журмыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дүгнэлт хийхийн тулд “А” ХХК-ийн үүсгэн байгуулагдсан, 2004 оноос хойшхи хугацаанд бий болсон үйл баримтын талаар товч дурдах шаардлагатай гэж үзлээ.

 

10. П.О, С.Г нар 2002.11.12-ны өдөр “А” ХХК-ийг, 368,108,200 төгрөгийн дүрмийн сантайгаар үүсгэн байгуулсан байх бөгөөд тус компанийн үйл ажиллагааны үндсэн зорилгыг тоосго үйлдвэрлэх, гадаад, дотоод худалдаа, жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх гэж тодорхойлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. 

 

11. Ж.Содгэрэл нь “А” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хуралд 2008.05.21-ний өдөр өргөдөл гаргаж, тус компанид 161,800,000 төгрөгийн хөрөнгө оруулах, 50 хувийн хувь эзэмшигч болох хүсэлт гаргасны дагуу тус компанийн хувь нийлүүлэгчид хуралдан  хүсэлтийг хүлээн авч, С.Г 40 хувийн буюу 212,000,000 төгрөг, П.О 10 хувийн буюу 530,000,000 төгрөг, Ж.Содгэрэл 50 хувийн буюу 265,000,000 төгрөгийн хувь эзэмшигч болжээ.

 

12. Улмаар П.О, С.Г нар нь Б.Бтай өөрсдийн эзэмшлийн 50 хувийн эзэмших эрхийг буюу компанийн 265000 ширхэг хувьцааг 110,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, тэдний хооронд 2009.03.30-ны өдөр компанийн хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан бөгөөд тус компанийн Хувь нийлүүлэгчдийн хурлын 2009.03.30-ны өдрийн тогтоолоор П.О, С.Г нарыг компанийн гишүүнээс хасч, Б.Быг хувь эзэмшигч гишүүнээр бүртгэхээр шийдвэрлэсэн, түүнчлэн “А” ХХК-ийн хувь нийлүүлэгчид болох Ж.Содгэрэл, Б.Б нар компанийн нэрийг “Г” ХХК гэж өөрчлөн, үйл ажиллагаа явуулсан байна.

 

13. Дээрх хугацаанд, П.О, С.Г нар нь 2006.02.17-ны өдөр “Г” ХЗХ-ноос 220,000,000 төгрөгийг сарын 3.8 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлж авсан байх бөгөөд тус хоршооны нэхэмжлэлээр, П.О, С.Г нар зээлийн гэрээний үүрэгт 309,353,333 төгрөг төлөхөөр Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2007.02.01-ний өдрийн 108 дугаар захирамж гарсан, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Энэ шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар 21,500,000 төгрөг төлөгджээ.

 

14. Түүнчлэн, “Г” ХЗХ нь Ж.Содгэрэл, Б.Б, Ч.Амарбаяр нарт холбогдуулан зээлийн төлбөрт 198,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2015.08.18-ны өдрийн 838 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг хэргийг Улсын дээд шүүх хянаж, 2016.03.03-ны өдрийн 193 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн, шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Эдгээр үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, зохигч эдгээртэй маргаагүй байна.

 

15. Анхан шатны шүүх нэхэмжлэгч П.О, С.Г болон хариуцагч Б.Б нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцжээ.

 

16. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцсэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Зохигч хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр хувьцааны үнийг 110,000,000 төгрөгөөр тохиролцсон талаар маргаангүй, уг үнийг өөрчилсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

17. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээгээр компанийн 50 хувийн хувьцааг Б.Бад шилжүүлж, тэрээр хувьцааны үнэ, “Г” ХЗХ-нд төлөх зээлийн 220,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон, уг төлбөрөөс хариуцагч ...хувьцааны үнэ 110,000,000 төгрөг, зээлийн 21,500,000 төгрөгийг төлсөн, одоо үлдэгдэл 198,500,000 төгрөгийг нэхэмжилнэ. ...“Г” ХЗХ-д төлөх төлбөрийг “А” ХХК-ийн 2008 оны жилийн эцсийн тайланд тусгаж, уг өрийг компанийн эрх шилжүүлэн авагч Б.Б шилжүүлэн авч, бүрэн хариуцахаар тохиролцсон тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр шаардана” гэж тодорхойлон маргажээ.  

 

18. Хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...нэхэмжлэгч нартай 2009.03.30-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, “А” ХХК-ийн 50 хувийн хувьцааг 110,000,000 төгрөгөөр худалдан авсан. ...эрх шилжүүлэх гэрээгээр тус компанийн эрх, үүргийг шилжүүлэн авснаас бус, П.О, С.Г нарын “Г” ХЗХ-нд төлөх 220,000,000 төгрөгийн өрийг шилжүүлж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэсэн тайлбар гаргасан байна.

 

19. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй, 9.3-т хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж тус тус заасан.  

 

20. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ, 124 дүгээр зүйлийн 124.1-д Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч, үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж тус тус хуульчилжээ. 

 

21. Талуудын хооронд байгуулагдсан “Компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний 2.1-д “Компанийн үүсгэн байгуулагч компанийн эрхийг шилжүүлэхдээ эрх шилжүүлэн авагч талын зөвшөөрсөн үндэслэлээр 2008 оны жилийн эцсийн тайланд тусгагдсан өглөг. Үүнд: 46,781,657 төгрөгийн балансын өр, Анод банкинд төлөх 104,972,000 төгрөгийн өр, “Г” ХЗХ-нд төлөх 220,000,000 төгрөгийн зээлийн өр, “Номин констракшн” ХХК-д төлөх өр зэргийг компанийн балансанд тусгагдсанаар эрх шилжүүлэн авагчийн талд баримтын хамт хүлээлгэнэ өгнө”, 3.1-д “Эрх шилжүүлэн авагч нь “А” ХХК-ийн хувь эзэмших эрх хүлээн авах гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлийн газарт албан ёсоор бүртгүүлж, эрх шилжүүлэн авсан өдрөөс эхлэн компанитай холбоотой, тус гэрээний 2.1-д заасан компанийн баланс дээр өр, өглөгийг хуулийн өмнө бүрэн хариуцах үүрэг хүлээнэ” гэж заасан байна.

 

22. Мөн, дээр дурдсанаар “Г” ХЗХ нь Ж.Содгэрэл, Б.Б, Ч.Амарбаяр нараас зээлийн төлбөрт 198,500,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2015.08.18-ны өдрийн 838 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

        

23. Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд, “А” ХХК-ийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээний 2.1-д ...“Г” ХЗХ-нд төлөх 220,000,000 төгрөгийн зээлийн өр гэж дурдсан, гэвч нэхэмжлэгч нар, хариуцагч болон “Г” ХЗХ нарын хооронд зээлийн өр шилжих тохиролцоо хийгдэж, хоршоонд төлөх өрийг хариуцагч Б.Б хариуцан төлөхөөр хэлцэл хийгдээгүй, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8, 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан шаардлагыг хангасан буюу шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлсэн болох нь тогтоогдохгүй байна.

 

24. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, ...нэхэмжлэгч П.О, С.Г нарын “Г” ХЗХ-нд төлөх 220,000,000 төгрөгийн өрийг Б.Б хариуцахаар тохиролцсон нь нотлогдоогүй, компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй, хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй, талууд хуульд заасан журмын дагуу өр шилжих талаар тохиролцоогүй, мөн “Г” ХЗХ болон шинэ үүрэг гүйцэтгэгч Б.Б нарын хооронд өр шилжих хэлцэл хийгдээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн дээрх зохицуулалтуудад нийцжээ.

 

25. Харин, давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, ...хоёр гэрээний үнийн дүн 330,000,000 төгрөг байна. ...хариуцагч нь хувьцааны үнэ 110,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, ...“Г” ХЗХ-нд төлөх өр төлбөрөөс 21,500,000 төгрөг төлөгдсөн болох нь ...тогтоогдсон. ...хариуцагч Б.Баас 198,500,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

26. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн маргаанд Иргэний хууль болон Компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 958 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2021/00622 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,150,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                    ШҮҮГЧИД                                                      Б.МӨНХТУЯА

                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                            Х.СОНИНБАЯР

                                                                                            Д.ЦОЛМОН