Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00350

 

П.О, С.Г нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2018/00789 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 116 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч П.О, С.Гнарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Б-д холбогдох,

198.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболдын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.О, нэхэмжлэгч С.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунцэцэг, хариуцагч Б.Б-, хариуцагчийн өмгөөлөгч О.Батжаргал, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

П.О, С.Г бид Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 108 тоот шүүгчийн захирамжаар Орхон аймгийн Грави хадгаламж зээлийн хоршоонд 309 353 333 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэгдсэн. Энэхүү төлбөрөөс 220 000 000 төгрөгийг Б.Б- нь бидний 2004 онд үүсгэн байгуулсан “Аргуун-Эрдэнэ” ХХК-ийг 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр худалдан авахдаа төлөхөөр тохиролцсон. Энэ төлбөрөөс “Голден брик” ХХК-ийг үүсгэн байгуулсан Б.Б-, Ж.Содгэрэл нар 21 500 000 төгрөгийг төлж, үлдэх хэсгийг одоог хүртэл төлөөгүй байна. Иймд “Голден брик” ХХК буюу гишүүн Б.Б-аас 198 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Миний бие нэхэмжлэлд тусгагдсан мөнгөн дүнгээр болон тус нэхэмжлэл дэх бичигдсэнээр төлөх үүрэг хүлээхгүй. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Учир нь бид 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр анх тус компанийн хувьцааг худалдан авахдаа харилцан тохиролцсон үнийн дүнгээс тодорхой хэсгийг бэлнээр өгөх, үлдсэн хэсгийг үйлдвэрийг ажиллуулан төлөх нөхцөл тавьж харилцан тохиролцож байсан болно. Гэвч тохиролцсоны дагуу зөрүү төлбөр болох 150 000 000 төгрөгийг одоогоор санахгүй байгаа тул ойролцоогоор дүнг бичив. Бэлнээр С.Г-д төлсөн баримтууд бүгд С.Г-д болон Грави хадгаламж зээлийн хоршоонд байгаа бөгөөд үлдэгдэл төлбөрийг үйлдвэр ажиллаагүй тул бидэнд төлөх хариуцлагагүй болно. Жич: “Голден брик” ХХК болон Грави хадгаламж зээлийн хоршоо нар хоорондоо шүүхийн асуудалтай байгаад дууссан, миний тухайд хувь нийлүүлэгчээр байдгаас бусад үйл ажиллагаанд оролцдоггүй тул эх хувь бичиг баримт болон компанийг төлөөлөх эрх бүхий хүн бол н.Энхболд гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2018/00789 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б-аас 198 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Г-, П.О нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 150 450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас 1 150 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Г-, П.О нарт олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 116 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2018/00789 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболдын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.161.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан журмыг зөрчиж нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан Компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ, компанийн хувьцаа эзэмшигчийн эрх шилжүүлэх гэрээг нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай ач холбогдолтой эсэх талаас нь бүрэн бодитойгоор үнэлээгүйд гомдолтой байна. “Аргуун-Эрдэнэ” ХХК-ийн 50 хувийн хувьцааг Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулан 110 000 000 төгрөгөөр худалдан авсан. Уг гэрээгээ үндэслэн Компанийн хувь эзэмших, эрх шилжүүлэх гэрээг нэхэмжлэгч нартай байгуулсан. Компанийн эрх шилжүүлэх гэрээнд компанийн бусдад төлөх өглөг болох 220,000,000 төгрөгийг балансад тусган компанийн үйл ажиллагаанаас олсон орлогоос төлөхөөр тохиролцсон болно. Гэрээ байгуулах үед “Грави’’ ХЗХ-ны зээлийн төлбөрийг П.О, С.Гнараар төлүүлэх шүүхийн шийдвэр гарсан байсан бөгөөд нэхэмжлэгч нарын энэхүү өглөгийг “Аргуун-Эрдэнэ” ХХК-д шилжүүлэн авах агуулга бүхий хэлцлийг эрх шилжүүлэх гэрээ хэлбэрээр хийсэн болно. Учир нь энэ компани нь тоосгоны үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмж, газар эзэмших эрхтэй байсан тул өглөгийг компани хариуцах бүрэн боломжтой гэж үзсэн. Энэхүү гэрээ хэлцлийн дагуу өглөгийг компанийн балансад тусгаж, санхүүгийн болон татварын байгууллагад тайлагнаснаар өр компанид бүрэн шилжсэн юм. “Аргуун-Эрдэнэ” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлж авсан Б.Б- нь иргэн П.О, С.Гнарын өглөгийг өөртөө шилжүүлж аваагүй бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээгээр өглөгийг компани буюу хуулийн этгээд хариуцахаар тохиролцсон байхад анхан болон давж заалдах шатны шүүх гэрээний утга агуулга, зорилгыг илтэд гуйвуулан нэг талыг барьж дүгнэн Иргэний хуулийн 198 дугаар зүйлийг хэрэглэлгүй орхисноор шүүхийн шийдвэр магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хариуцагчийн эрхийг зөрчиж байна. Компанийн тухай хуулийн 9-р зүйлд зааснаар компанийн хүлээх үүргийг хувьцаа эзэмшигч хариуцахгүй билээ. Хариуцагчийн хувьд хувьцаа болон компанийн хувь эзэмшигчийн эрхийг шилжүүлэн авснаар компанийн үйл ажиллагааг эрхлэн удирдах эрхтэй болсон хэдий ч нэхэмжлэгч нар хариуцагчийг хууран мэхэлж компанийн эзэмшиж байсан тоосгоны түүхий эдийг ашиглах ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөлгүй хүчингүй болсон байсныг нуун дарагдуулснаар компани үйл ажиллагаа явуулж өглөгийг барагдуулах боломжгүй байдалд хүргэсэн.Талуудын хооронд 2009 онд гэрээ байгуулагдсан байхад нэхэмжлэгч нар нь 2017 оны 06 сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж /үүнээс өмнө нэхэмжлэгч нар хариуцагчид холбогдуулан аливаа шаардлага өгөөгүй, нэхэмжлэл гаргаж байгаагүй / Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болох нь илэрхий байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэх шийдвэр гаргахдаа хуулийн энэхүү заалтыг хэрэглэлгүй орхисон байна.

Нэхэмжлэгч нарын өр буюу “Грави” ХЗХ-ны өмнө гүйцэтгэх үүрэг нь “Аргуун-Эрдэнэ” ХХК-д шилжин ирсэн үйл баримт нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон гэж үзнэ.

Учир нь Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 137 дугаар шийдвэр, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 03 сарын 03-ны өдрийн 001/2016/00193 дугаартай тогтоолоор Грави ХЗХ-ны нэхэмжлэлтэй Б.Б- нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон юм. Хэрэв нэхэмжлэгч нарын өр иргэн Б.Б-ад шилжсэн буюу уг өрийг Б.Б- төлөхөөр хэлцэл байгуулсан бол шүүх ингэж дүгнэхгүй билээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч П.О, С.Гнар нь хариуцагч “Голден брик” ХХК болон иргэн Б.Б-, Ч.Амарбаяр, М.Энхболд, Ж.Содгэрэл нарт холбогдуулан 198 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар хариуцагч Ч.Амарбаяр, М.Энхболд, Ж.Содгэрэл нарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

Нэхэмжлэгч нар шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлохдоо хариуцагч Б.Б- нь нэхэмжлэгч П.О, С.Гнарын өр буюу  “Грави” ХЗХ-д төлөх 220 000 000 төгрөгийн төлбөрийг шилжүүлэн авч, “Аргуун-Эрдэнэ” ХХК-ийн хувь эзэмших эрхийг шилжүүлж авсан боловч уг төлбөрөөс 21 500 000 төгрөгийг төлж, үлдэх хэсгийг  буюу 198 500 000 төгрөгийг төлөөгүй гэжээ.

Хариуцагч Б.Б- шаардлагыг эс зөвшөөрч, “Аргуун-Эрдэнэ” ХХК-ийг 220 000 000 төгрөгөөр худалдаж аваагүй компанийн хувьцааг худалдан авахдаа харилцан тохиролцсон үнийн дүнгээс тодорхой хэсгийг бэлнээр өгөх, үлдсэн хэсгийг үйлдвэрийг ажиллуулан төлөх нөхцөл тавьж харилцан тохиролцсон гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигч нь 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулж, С.Г-, П.О нар нь “Аргуун-Эрдэнэ” ХХК-ийн 1 ш 1 000 төгрөгөөр үнэлэгдэх 265 000 ш хувьцааг 110 000 000 төгрөгөөр худалдсан байна. Нэг ширхэг хувьцааны худалдах үнийг 415,1 төг гэж гэрээнд заажээ. Дээрх 265 000 ш хувьцаа нь “Аргуун-Эрдэнэ” ХХК-ийн 50 хувь гэж гэрээнд тодорхойлсон байна.

Мөн өдөр зохигч нь компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээгээр компанийн үүсгэн байгуулагч компанийн эрхийг шилжүүлэхдээ эрх шилжүүлэн авагч талын зөвшөөрсөн үндэслэлээр 2008 оны жилийн эцсийн тайланд тусгагдсан өглөг. Үүнд ... нийт 46 781 657,5 төгрөгийг балансын өр, өглөгийг, мөн Анод банкны 104 972 000 төгрөгийн болон “Грави” ХЗХ-ны 220 000 000 төгрөгийн зээлийн өр, мөн “Номин констракшн” ХХК-ийн өр, өглөгийг компанийн балансад тусгагдсанаар эрх шилжүүлэн авагчийн талд баримтын хамт хүлээлгэн өгнө” гэжээ. Энэ гэрээгээр эрх шилжүүлэн авсан тал гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлж, эрх шилжүүлэн авсан өдрөөс эхлэн компанитай холбогдох, компанийн баланс дахь дээрх өр, өглөгийг бүрэн хариуцах үүрэг хүлээжээ.

Ж.Содгэрэл “Аргуун-Эрдэнэ” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хуралд 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гаргасан өргөдөл гаргаж, компанид 161 800 000 төгрөгийн хөрөнгө оруулж, 50 хувийн хөрөнгө оруулагч гишүүн болохыг хүссэний дагуу “Аргуун-Эрдэнэ” ХХК-ийн хувь нийлүүлэгчид 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж, Ж.Содгэрэлийг хувь нийлүүлэгч гишүүнээр бүртгэн авч, С.Г40% -212 000 000 төгрөг, П.О 10%-53 000 000 төгрөг, Ж.Содгэрэл 50%-265 000 000 төгрөгийн хувь нийлүүлэгч болсон талаар тогтоол гаргасан байна.

Мөн “Аргуун-Эрдэнэ” ХХК хувь нийлүүлэгчдийн 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор компанийн хувь нийлүүлэгч С.Г-, П.О нарын эзэмшлийн 50% буюу 265 000 000 төгрөгийн хувь эзэмших эрхийг дээрх эзэмшигчдийн саналаар холбогдох гэрээг үндэслэн Б.Б-ад 110 000 000 төгрөгөөр худалдаж, Б.Б-ыг хувь нийлүүлэгч гишүүнээр бүртгэн авч, С.Г-, П.О нарыг компанийн гишүүнээс хасч, уг компанийн хувь нийлүүлэгч гишүүнээр Ж.Содгэрэл \50%-265 000 000 төгрөг\, Б.Б- \50%-265 000 000 төгрөг\ нар болжээ. Компанийн шинэ хувь нийлүүлэгч гишүүд компанийг “Голден брик” ХХК гэж нэрийг нь өөрчилжээ.

Түүнчлэн, нэхэмжлэгч С.Г-, П.О нар нь “Грави” ХЗХ-ны гишүүдийн хувьд уг хоршооноос 2006 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 220 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай сарын 3,8%-ийн хүүтэй зээлж, хүүнд 4 000 000 төгрөг төлсөн ба тэдгээр нь зээлийн үүрэгт 309 353 333 төгрөг шаардсан “Грави” ХЗХ-ны нэхэмжлэлийг  хүлээн зөвшөөрснийг Орхон аймаг дахь сум дундын шүүх 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 108 дугаар захирамжаар баталсан байна.

“Грави” ХЗХ-ны дээрх төлбөрөөс С.Г-, П.О нар 26 556 458 төгрөг төлж, үлдэх 282 796 875 төгрөгийн үлдэгдлийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжсэн байна. Ж.Содгэрэл, Б.Б- нар нь төлбөрөөс 21 500 000 төгрөг төлжээ. “Грави” ХЗХ нь 198 500 000 төгрөг гаргуулахаар Ж.Содгэрэл, Б.Б- нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 838 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүх 2016 оны 03 дугаар сарын өдрийн 001\ХТ2016\00193 тогоолоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, хариуцагч Б.Б- нэхэмжлэгч нарын “Грави” ХЗХ-д төлөх өрийг шилжүүлэх авсан гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангахдаа тухайн шаардлага Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 124 дүгээр зүйлийн 124.1.-д заасан зохицуулалт нийцсэн эсэх талаар хангалттай дүгнэлт хийж чадаагүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1.-д зааснаар эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ. Хуулийн 123 дугаар зүйлийн 123.8.-д хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний зүйл нь “Аргуун-Эрдэнэ” ХХК-ийн 265 000 ш хувьцаа байх ба гэрээний үнэ 110 000 000 төгрөг байна. Энэ гэрээний үнэ хэрхэн төлөгдсөн тухай баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нар уг төлбөрийг нэхэмжлэлдээ шаардаагүй байна.

Харин компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээний “”Грави” ХЗХ-ны 220 000 000 төгрөгийн зээлийн өрийг ... компанийн балансад тусгагдсанаар эрх шилжүүлэн авагчийн талд баримтын хамт шилжүүлэн өгнө” гэсэн заалт хэрхэн хэрэгжсэн нь тодорхой бус байна.

Өөрөөр хэлбэл, шүүх зохигчийн худалдах-худалдан авах гэрээний зүйл юу болох, хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээний зүйлүүдийг нэг гэж үзэх эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийх, нэхэмжлэлийн үндэслэлийг хууль зүйн үүднээс тодорхойлох шаардлагатай байна.

“Грави” ХЗХ-нд төлөх зээлийн төлбөр иргэн С.Г-, П.О нарт хамааралтай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бол уг төлбөр “Аргуун-Эрдэнэ” ХХК-д шилжсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээнд “компанийн үүсгэн байгуулагч компанийн эрхийг шилжүүлэхдээ эрх шилжүүлэн авагч талын зөвшөөрсөн үндэслэлээр 2008 оны жилийн эцсийн тайланд тусгагдсан өглөг“-т “Грави” ХЗХ-ны 220 000 000 төгрөгийн зээлийн өр гэж заажээ. “Аргуун-Эрдэнэ” ХХК нь “Грави” ХЗХ-д 220 000 000 төгрөгийн өртэй байсан буюу гишүүдийнх нь өр компанид шилжсэн гэх баримт хэрэгт байхгүй байна. “Аргуун-Эрдэнэ” ХХК-ийн шинэ хувь нийлүүлэгч гишүүд нь уг компанийн бусдад төлөх өрийг шилжүүлэн авах боломжтой бол  компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр хуучин хувь нийлүүлэгч гишүүдийн хувийн өрийг шилжүүлэн авах үндэслэлгүй болно.

Хэрэгт авагдсан санхүүгийн тайлан дээрх байдлыг тодорхойлсон гэж үзэх боломжгүй байна. Уг тайлан дээр “Аргуун-Эрдэнэ” – 2008 оны 4 улирал” гэж гараар бичсэн байх боловч байгууллагын нэрийг “Голден брик” гэж заасан, уг тайланд “Грави” ХЗХ-д “Аргуун-Эрдэнэ- ХХК-ийн төлөх өр үнийн дүнгээрээ тусгагдсан эсэх нь тодорхой бус байна.

“Аргуун-Эрдэнэ- ХХК-ийн хувьцааг худалдан авсан 110 000 000 төгрөгийн төлбөр нэхэмжлэгч нарын “Грави” ХЗХ-д төлөх 220 000 000 төгрөгийн болон бусад өр төлбөрт тооцогдох эсэх, хариуцагч Б.Б- тухайн компанийн хувьцааны 50%-ийг эрхийг 110 000 000 төгрөгөөр эсхүл 481 753 657 төгрөгөөр \нийт өр төлбөр болон хувьцааны гэрээний үнэ\ худалдан авсан гэж үзэх талаар шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх шаардлагатай байна.

Түүнчлэн, шүүх бусдад төлөх өр шинэ үүрэг гүйцэтгэгчид шилжсэн гэж үзэхдээ шаардах эрхийн эзэмшигчтэй тохиролцсон эсэхийг тодруулаагүйгээр зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч С.Г-, П.О нарын өр “Аргуун-Эрдэнэ” ХХК-д, “Аргуун-Эрдэнэ” ХХК-ийн шинэ хувь нийлүүлэгч нарт шилжсэн гэх байдал Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1.-д заасан шаардлагад нийцсэн эсэх нь ойлгомжгүй болжээ. 

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шууд дүгнэх боломжгүй, хэргийн зарим нөхцөл байдал тодорхой бус байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2018/00789 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 116 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчид хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 1 150 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН