Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 1783

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй                                                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах       даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2020/02083 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “С” ХХК-д холбогдох

Жолооч, аж ахуйн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Боорчи шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б- 2015 оны 5 дугаар сараас тус компанийн Мөнгөнгүүр эмнэлэгт нярваар ажиллаж эхэлсэн, эхний 2 жилд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хөдөлмөрийн гэрээг жил бүр байгуулан ирсэн ба 2019 оны 4 дүгээр сарын гэрээний сунгалт дээр албан тушаалыг жолооч, аж ахуйн ажилтан болгон өөрчилсөн, надад үзүүлсэн тушаал, зөвшилцөл огт байхгүй. Улмаар 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 01 дугаартай мэдэгдэл өгч, хөдөлмөрийн гэрээг сунгахгүй, дуусгавар болгосон. Маргааш нь буюу 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 20/Б-64 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Д.Б-ын орон тоон дээр одоо өөр хүн ажиллаж байгаа бөгөөд зөвхөн өөрсдийн хүнийг ажиллуулах үүднээс надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг сунгахгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан байтал гэрээний хугацаа дууссан шалтгаанаар ажлаас чөлөөлсөн байна. Иймд жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С” ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 18/А-09 дугаартай тушаалаар бүтэц, орон тоог баталсан, мөн оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, сунгалтыг Д.Б-тай байгуулж жолоочийн ажлын байрыг 1 жилийн хугацаатай болгон өөрчилж байгуулсан, шаардлагатай үед аж ахуйн ажил хийлгэдэг. Хөдөлмөрийн гэрээг сунгахдаа ажилтны ажлын гүйцэтгэл, үр дүн, цаашид сунгахад анхаарах зүйлсийг ажилтантай ярилцан, харилцан зөвшилцөж өөрөөс нь саналыг нь авсны үндсэн дээр нэмэлт гэрээ байгуулан ажилладаг. Эмнэлгийн зүгээс хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, хугацаа сунгахгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.2-т тус тус заасан тул гэрээ дуусгавар болсон. Өмнө нь нярвын ажилд ажиллаж байхад хүртэл 1 жилийн хугацаатай гэрээг байгуулсаар ирсэн. Үүнээс дүгнэхэд байнгын ажлын байранд ажилтантай зөвшилцөж хугацаатай байгуулсан гэж тайлбарлаж болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар урьд ажиллаж байсан ажил, албан тушаал буюу жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2.660.616 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч “С” ХХК-д холбогдох, нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Боорчи давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн зүгээс үндсэн ажлын байранд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасны дагуу хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой гэж үзсэн бөгөөд Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолд тодорхой тайлбарласан байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч талаас нотлох баримт гаргуулах хүсэлтийг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралд гаргасан бөгөөд шүүхээс уг хүсэлтийг хүлээн авсан. Гэвч дараагийн шүүх хурлыг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр товлон үүнээс өмнө холбогдох нотлох баримтыг гаргаж өгөхийг хариуцагч талд даалгасан. Хариуцагч нотлох баримтуудыг 6 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хурал эхлэхэд авч ирсэн ба нэхэмжлэгчийн хувьд уг нотлох баримтуудтай сайтар танилцаж шинжлэн судлах, цаг хугацааны боломж олгоогүй шүүх хурлыг эхлүүлсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан нотлох баримттай танилцаж, тэдгээрт тайлбар өгөх эрхийг зөрчсөн. Нэхэмжлэгч нь 2020 оны 6 дугаар сарын 26-ны хурал дээр Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн шаардлагаа бичгээр гаргасан. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь уг хөдөлмөрийн маргааны гол үндэс болсон хөдөлмөрийн гэрээний хугацаа тогтоосон заалтыг хүчингүй болгуулах тухай юм. Гэвч шүүх нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан. Шүүх ийнхүү захирамж гаргахдаа нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгч тал нь хөдөлмөрийн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд зөвхөн хөдөлмөрийн гэрээний хугацаа тогтоосон заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах нзхэмжлэл гаргасан. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2-т заасан дутуу төлсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн уг маргаан нь хөдөлмөрийн маргаан бөгөөд ажлаас үндэслэлгүй халагдсан гэж нэхэмжлэгч тал маргаж буй тохиолдолд хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх боломжгүй ба ийм зохицуулалт хуулинд байхгүй юм. Гэвч шүүх энэхүү үндэслэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтаар тайлбарласан нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.2, 37 дугаар зүйлийн 37.1.3 дах  заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан хийгээд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан Мөнгөнгүүр эмнэлэгийн аж ахуйн албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Д.Б- нь 2015 оны 5 дугаар сараас хариуцагч байгууллагад нярваар ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17/Б-120 тоот тушаалаар 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс жолоочоор томилогдон ажиллаж  байсан ба 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, улмаар 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс жолооч, аж ахуйн ажилтан албан тушаалд 1 жилийн хугацаатай тус тус хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилласан үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 4 дүгээр сарын      01-ний өдрийн 20/Б-64 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, байгууллагын хөдөлмөрийн гэрээний 1.6, 6.1 дэх заалтыг үндэслэн тус байгууллагад аж ахуйн албаны жолооч Д.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.

Нэхэмжлэгч Д.Б- уг тушаалыг эс зөвшөөрч, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гаргасан байна.

Хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа нь “...ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан. Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах болсон үндэслэл нь байнгын ажлын байранд ажилтантай зөвшилцсөн, ийнхүү хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй  гэж маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар “хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан” байхаас гадна “цаашид сунгагдахгүй болсон” гэсэн 2 нөхцөл бүрдсэн байхыг шаарджээ.

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч байгууллагад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр байнгын ажлын байранд аж ахуйн албаны жолоочоор ажиллаж байсан болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 4-17, 40, 41, 109/

Хариуцагч нь 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Д.Б-ыг аж ахуйн албаны жолоочоор ажиллуулахдаа 1 жилийн хугацаатай гэж заасан боловч ийнхүү хугацаа тогтоож байгаа үндэслэл, шалтгааныг гэрээнд тухайлан харилцан тохиролцоогүй байхад анхан шатны шүүх “...“С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 20/Б-64 дугаартай Д.Б-ыг аж ахуйн албаны жолоочийн үүрэгт   ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахаар харилцан тохиролцсон...” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан аж ахуйн албаны жолоочийн ажил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д зааснаар байнгын ажлын байранд хамаарч байхад ажил олгогч “С” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтыг зөрчсөн, байнгын ажлын байранд хугацаа тогтоох бол Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан журмыг хэрэгжүүлээгүй, байнгын орон тоон дээр ажиллаж буй ажилтныг тодорхой бус шалтгаанаар, зөвхөн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр, “цаашид сунгахгүй болсон” үндэслэлээ заалгүй  хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон хариуцагч байгууллагын дээрх тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Д.Б-ыг “С” ХХК-ийн аж ахуйн албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа тул түүнд ажилгүй байсан 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр түүний сүүлийн гурван сарын дундаж цалин хөлс нь 1.055.800 төгрөг байх бөгөөд  ажилгүй байсан бүх хугацаа нь 4 сар 11 хоногоор тооцоход ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт /1.055.800 * 4 + 49.107 * 11/ = 4.763.377 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2020/02083 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Б-ыг “С” ХХК-ийн аж ахуйн албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4.763.377 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-т олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “С” ХХК-д даалгасугай” гэж, 2 дугаар заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч “С” ХХК-аас 91 164 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ 

                                                          ШҮҮГЧ                                 Д.БАЙГАЛМАА  

                                                                                                     Н.БАТЗОРИГ