Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00591

 

  Д.Батбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2020/02083 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1783 дугаар магадлалтай,

 Д.Батбаярын нэхэмжлэлтэй,

Суперпроб ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Боорчи, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Боорчи шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Батбаяр 2015.05-р сараас тус компанийн Мөнгөнгүүр эмнэлэгт нярваар ажиллаж эхэлсэн, эхний 2 жилд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хөдөлмөрийн гэрээг жил бүр байгуулан ирсэн ба 2019.04-р сарын гэрээний сунгалт дээр албан тушаалыг жолооч, аж ахуйн ажилтан болгон өөрчилсөн, надад үзүүлсэн тушаал, зөвшилцөл огт байхгүй. Улмаар 2020.03.31-ний өдөр 01 дугаартай мэдэгдэл өгч, хөдөлмөрийн гэрээг сунгахгүй, дуусгавар болгосон. Маргааш нь буюу 2020.04.01-ний өдөр 20/Б-64 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Д.Батбаярын орон тоон дээр одоо өөр хүн ажиллаж байгаа бөгөөд зөвхөн өөрсдийн хүнийг ажиллуулах үүднээс надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг сунгахгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан байтал гэрээний хугацаа дууссан шалтгаанаар ажлаас чөлөөлсөн байна. Иймд жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018.02.15-ны өдрийн 18/А-09 дугаартай тушаалаар бүтэц, орон тоог баталсан, мөн 2018.04.01-ний өдөр хөдөлмөрийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, сунгалтыг Д.Батбаяртай байгуулж жолоочийн ажлын байрыг 1 жилийн хугацаатай болгон өөрчилж байгуулсан, шаардлагатай үед аж ахуйн ажил хийлгэдэг. Хөдөлмөрийн гэрээг сунгахдаа ажилтны ажлын гүйцэтгэл, үр дүн, цаашид сунгахад анхаарах зүйлсийг ажилтантай ярилцан, харилцан зөвшилцөж өөрөөс нь саналыг нь авсны үндсэн дээр нэмэлт гэрээ байгуулан ажилладаг. Эмнэлгийн зүгээс хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, хугацаа сунгахгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.2-т тус тус заасан тул гэрээ дуусгавар болсон. Өмнө нь нярвын ажилд ажиллаж байхад хүртэл 1 жилийн хугацаатай гэрээг байгуулсаар ирсэн. Үүнээс дүгнэхэд байнгын ажлын байранд ажилтантай зөвшилцөж хугацаатай байгуулсан гэж тайлбарлаж болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2020/02083 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар урьд ажиллаж байсан ажил, албан тушаал буюу жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2,660,616 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Суперпроб ХХК-д холбогдох, нэхэмжлэгч Д.Батбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч Д.Батбаярын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1783 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2020/02083 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Батбаярыг Суперпроб ХХК-ийн аж ахуйн албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4,763,377 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Батбаярт олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Суперпроб ХХК-д даалгасугай гэж, 2 дугаар заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Суперпроб ХХК-аас 91,164 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Д.Батбаяртай Суперпроб ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24 дүгээр зүйл баримтлан анх няравын ажлын байранд 2015.06.18, 2016.04.01-ны өдрүүдэд хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан. Суперпроб ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.02.15-ны өдрийн 18\А-09 дугаартай тушаалын дагуу батлагдсан бүтэц орон тооны дагуу 2018.04.01-ны өдөр хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, сунгалтыг Д.Батбаяртай байгуулсан. Тус гэрээний нэмэлт өөрчлөлт, сунгалтанд ажлын байрыг жолооч болгон өөрчилсөн байдаг. 2019.04.01-ны өдөр гэрээний нэмэлт, сунгалтыг байгуулсан бөгөөд жолооч ажилтай Д.Батбаярын ажлын ачаалал, хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж Суперпроб ХХК-ийн хүний нөөцийн хэлтсээс аж ахуйн албанд хариуцуулж шаардлагатай үед аж ахуйн ажил хийлгэхээр болсон бөгөөд тус гэрээний нэмэлт өөрчлөлтөнд 1 жилийн хугацаатайгаар байгуулсан. Суперпроб ХХК нь жил болгон компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурал хийж шинэчилсэн бүтцээр ажилладаг бөгөөд гүйцэтгэх захирал бүтэц батлан ажилчидтай хөдөлмөрийн гэрээг 1 жилээр байгуулдаг.

Өнөөдрийн байдлаар тус компанид нийт 220 эмч, ажилчид ажилладаг бөгөөд бүгд 1 жилийн хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээг байгуулж, цааш үргэлжлүүлэн ажиллуулах бол хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт хийж сунгалт хийдэг. Үүний нэгэн адил Д.Батбаяртай 2015 оноос хойш 1 жилийн хугацаатай гэрээ байгуулан 2020 он хүртэлх хугацаанд хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөлөөр ажил олгогч гэрээ байгуулан ажиллаж ирсэн. Иргэний хуулийн 40.1-д заасны дагуу талууд харилцан тохиролцож Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2-т заасны дагуу хугацаатай байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгахгүй, дуусгавар болгож байгаа тухай урьдчилан мэдэгдсэн байдаг. Д.Батбаяр байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байсан гэж маргадаг бөгөөд хэрэв 2015 оноос хойш хөдөлмөрийн гэрээ болон сунгалтуудад гарын үсэг зурахдаа энэ талаарх гомдлыг ажил олгогчид гаргах, эсвэл шүүхэд гомдол гаргах боломжтой байсан. Гэтэл хугацаатай холбоотой ямар нэгэн гомдол гаргалгүй ирсэн бөгөөд шүүх хурал дээр ийм тайлбар хэлээд гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэгдүүлж шийдвэр гаргасан.

Д.Батбаяр нь ажилд эргүүлэн томилогдож, ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ажилгүй байсан хугацааны цалинг хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагад байхгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмнөөс нэхэмжлэлийн шаардлагын дүнг тодорхойлж шийдвэр болон магадлал тусгасан нь байдаг. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

 Нэхэмжлэгч Д.Батбаяр Суперпроб ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

 Магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2015 оноос тус компанийн Мөнгөнгүүр эмнэлэгт няраваар ажиллаж, эмнэлгийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсонтой холбогдуулан 2018 оноос жолоочоор ажиллаж байсан, 2020.04 дүгээр сард гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ.

 Ажилтан ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч, байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж, гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэн нэхэмжлэл гаргажээ.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж, 23 дугаар зүйлийн 23.2.1.-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна, 23.2.2.-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсноор хугацаатай байгуулж болохоор зохицуулсан тул нэхэмжлэлийн шаардлага хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

 Анхан шатны шүүх зохигч хугацаатай гэрээ байгуулсан, ажил олгогч гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үндэслэл бүхий үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

 Иймд шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг зөв тодорхойлж, зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүрэгтэй, гагцхүү талууд харилцан тохиролцсноор хугацаатай байгуулж болно.

 Хариуцагч Суперпроб ХХК нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...жил болгон Компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурал хийж, шинэчилсэн бүтцээр ажилладаг, ...өнөөдрийн байдлаар тус компанийн 220 эмч, ажилтантай нэг жилийн хугацаатай гэрээ байгуулж ажиллаж байгаа, цааш үргэлжлүүлэн ажиллуулах бол хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт хийж, сунгалт хийдэг... гэж тайлбарлах боловч энэ нь байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулах Хөдөлмөрийн хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй.

 Нэхэмжлэгчийн эрхэлж буй жолоочийн ажлын байрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15.-д заасан байнгын ажлын байр гэдэгтэй хариуцагч маргаагүй байна.

 Ажил олгогч байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг ямар үндэслэлээр хугацаатай байгуулахаар ажилтантай харилцан тохиролцсон талаар гэрээнд тусгагдаагүй тул байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулахаар талууд харилцан тохиролцсон гэж үзэх боломжгүй, иймд хугацаа дууссан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж үзнэ.

 Дээр дурдсан үндэслэлээр Д.Батбаярыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн... талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

 Шүүх ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмыг үндэслэн тооцжээ.

 Хариуцагч нь нэхэмжлэлийн энэ шаардлагыг татгалзсан, эс зөвшөөрсөн тайлбар, үндэслэлээ баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх хэрэгт цугларсан баримтад үндэслэн ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг 1,055,800 төгрөгөөр тооцож, ажлаас чөлөөлсөн 2020.04.01-ний өдрөөс ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэлх хугацаагаар ажилгүй байсан хугацааг тодорхойлж, хариуцагчаас 4,763,377 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй, 115 дугаар зүйлийн 115.2.т заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн тул ...ажилтан хэдэн төгрөгийн цалин нэхэмжилсэн нь тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэгчийн өмнөөс шаардлагын дүнг тодорхойлсон... гэх гомдол хуульд нийцээгүй байна.

 Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1783 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Суперпроб ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91,164 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                П.ЗОЛЗАЯА

                   ШҮҮГЧИД                Г.БАНЗРАГЧ

                                                         Х.СОНИНБАЯР

                                                  Д.ЦОЛМОН

                                                          Х.ЭРДЭНЭСУВД