Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 86

 

Б- Д- ХХК-ийн нэхэмжлэлтэй

Иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00372/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  06 дугаар сарын 08-ны өдрийн 655 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б- Д- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д- А- ТӨХК-д холбогдох  

"Даатгалын нөхөн төлбөр болох 9.263.007 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Баясгалангийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Атарбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б- Д- ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д- А- ТӨХК нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.3-т заасныг зөрчиж зам, замын байгууламжийн засвар арчлалтыг хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол гаргах нөхцөлийг бүрдүүлсний улмаас даатгуулагч Б.С- нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед Дархан-Уул аймгаас Орхон аймаг чиглэлийн хатуу хучилттай засмал замын 49-50 тэмдэгт бүхий газарт 23-53 ОРО улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй онхолдож зам тээврийн осол гарсан.

Даатгуулагч Б.С- нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 0310524253 дугаар Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай Б- Д- ХХК-тай байгуулсан. Б- Д- ХХК нь Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, ослын газрын тэмдэглэл, фото зураг, даатгуулагчийн өргөдөл, тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт, прокурорын тогтоол, хохирлын үнэлгээний тайлан зэрэг баримтуудыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 9.263.007 төгрөгийн нөхөн төлбөрийг даатгуулагчид олгосон.

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэгч даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.7, Иргэний хуулийн 443.7-д тус тус заасныг үндэслэн даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж тус тус заасныг үндэслэн даатгуулагчийн гэм буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх эрх нь Б- Д- ХХК-д бүрэн шилжсэн бөгөөд буруутай этгээд нь нөхөн төлбөрийг даатгагчид төлөх үүрэгтэй.

Хариуцагч Д- А- ТӨХК-ийн буруутай үйлдлийн улмаас даатгуулагч зам тээврийн осолд орж даатгалын зүйлд хохирол учирсан нь Тээврийн цагдаагийн албаны бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын тогтоолоор тус тус тогтоогдсон болно.

Иймд Б- Д- ХХК-ийн даатгуулагчид олгосон нөхөн төлбөр болох 9.263.007 төгрөгийг хариуцагч Д- А- ТӨХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д- А- ТӨХК шүүхэд гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Атарбямба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б- Д- ХХК-иас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг Д- А- ТӨХК бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө гэж заасан байгаа. Энэ утгаараа 443.7-дахь заалтыг оруулсан байсан. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол гэж байгаа. Тэгэхээр хавтаст хэргийн материалаас даатгуулагч гуравдагч этгээд болох газраасаа нэхэмжлэлээ гаргасан эсэх нь тодорхойгүй байгаа. Өөрөөр хэлбэл нөхөн төлбөр гаргуулсан эсэх нь тодорхойгүй байгаа, татгалзсан эсэх нь ч тодорхойгүй байгаа. Мөн нотлох баримт гаргаж өгсөн, Прокурорын тогтоол, зам тээврийн ослын тэмдэглэл, энэ нь юу вэ гэхээр даатгал олгох үндэслэл болохоос биш яг энэ замаас болж осол болсон уу үгүй юу гэдгийг тогтоосон зүйл байхгүй өөрөөр хэлбэл энэ зам хэр хэмжээний талбайтай, эвдрэлтэй, хэр хэмжээний гүнтэй байсан, хажуу талаасаа замын гол хэсгээс ямар зайтай байсан, энэ дээгүүр гарахад машин эвдрэх боломжтой юу үгүй юу гэдгийг замын цагдаагийн үзлэгээр тогтоох боломжгүй. Замд эвдрэл байна, энэ нь осол гарахад нөлөөлсөн гэсэн утгаараа, даатгал өгөх баримт болно. Авто тээврийн ослоос харахад тодорхой зүйл харагдахгүй байгаа. Тухайлбал тухайн зам дээгүүр гарахад юу эвдрэх байсан тэр зам дээгүүр гараагүй. Бодитойгоор хандаасай гэж бодож байна, жолооч өөрөө замаа сонгож явах ёстой, тэр зам дээгүүр гараагүй, өөр машинтай мөргөлдөөгүй, тэр замыг тойрч гарчхаад энэ замаас болсон гэж болохгүй. Машин хэдэн километр тойрч сөрөг урсгалд орсон талаарх баримт байхгүй байна. Замаас болсон гэдгийг тогтоож чадаагүй, тэр жолооч бүр холуур тойрч гарсан байгаа, замаас болсон гэж байгаа бол энэ асуудлаа тодорхой болгох ёстой. Замын эвдрэлийг хэмжиж тогтоосон зүйл байхгүй, эвдрэл байсан л гэж байгаа. Эзэмшигч мөн үү биш үү гэдэг дээр анхаарч өгнө үү гэж хүсэж байна, замыг яг эзэмшиж байгаа байгууллагаас нь гаргуулахаар заасан байдаг. Тэгэхээр манайх эзэмшигч биш гэдэг нь нотлох баримтаар гаргаж өгсөн Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд гүйцэтгэх авто замын засвар арчлалтын ажлыг захиалагч гүйцэтгэгч нарийн хооронд байгуулсан гэрээнээс харагдах юм. Энэ гэрээ нь 2019.01.09-ны өдрийн 26 тоот гэрээ байгаа. Энэ гэрээгээр эзэмшигч биш гэдгийг тодорхойлж байгаа юм. Гүйцэтгэгч нь Д- А- ТӨХК байгаа, манайх хөрөнгө төсөв хяналт шалгалт хийгээд энэ газар ийм засвар хийх ёстой, тэр мөнгийг нь гаргаж өгөх ёстой гэсэн гэрээ байдаг. Энэ хугацаанд нь хяналт шалгалтын байгууллага шалгаж байхад ажлаа хийгээгүй бол манайх хариуцах ёстой, гэтэл хяналт шалгалтын газар энэ замыг ингэж зас гэсэн төсөв мөнгө ч байгаагүй, үүрэг ч байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 655 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д- А- ТӨХК-иас 4.631.503 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б- Д- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 4.631.503 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б- Д- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,160 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д- А- ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 89.054 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б- Д- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Баясгалан давж заалдсан гомдолдоо:

            Дархан-уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. “Б- Д-” ХХК-ийн нэхэмжилсэн мөнгөний 50% болох 4.631.503 төгрөгийг Д- А- ТӨХК-иас гаргах болснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Даатгуулагч Б.С- 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр авто осол гаргахдаа эвдрэлтэй зам дээгүүр гарсан бол өөр хэрэг. Гэтэл замын эвдрэлтэй хэсгээр гараагүй, дэргэд нь ч болоогүй хол зайтай газар тухайн авто осол болсон байдаг. Эвдэрсэн гэх хэсэг ямар талбайг эзлэх, гүн , зах ,ирмэг, замын эвдрэлийн аюулын хир хэмжээ, шинэ хуучин эвдрэл, авто хэрэгсэл дээгүүр нь гарахад ямар эд, анги хэрхэн эвдэрч болох эсэх талаар мэдэх, ойлгох ямар ч боломжгүйгээс гадна бага ч гэсэн ойлголт авах баримт байхгүй байхад 50%-ийн буруутай гэж үзсэн нь ойлгомжгүй болсон.

2. Осол болох гол шалтгаан нь хүндээ юу, замдаа юу гэдгийн сайтар нягтлах шаардлага байгаа. Тойрохоос өөр аргагүй замын эвдрэлтэй хэсэг юм бол саадыг тойронгуутаа сөрөг урсгалаас тэр даруй өөрийн эгнээндээ орсон бол осол гарахааргүй байсан. Замын эвдрэлтэй гэх цэгээс хол зайд замын урсгал сөрөн явж өөрийн эгнээндээ орох хангалттай зай байсаар байхад оролгүй хурдтай явж байгаад жолоогоо залж чадахгүй замын хажуу руу орсон нь замдаа бус жолоочтой буруу байсан. Шүүхийн хэлэлцүүлэг дээр нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс замын эвдрэлээс ямар зайд осол болсон талаар лавлахад хэмжээг хариулах шаардлагагүй гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримт гаргаж өгөөгүйг илэрхийлнэ. Жолооч сөрөг урсгалд хурдтай явсан, үзэгдэх орчин багассан үед эгнээндээ орж чадахгүй замаасаа гарч авто машин хэд хэдэн удаа бүтэн эргэсэн нь гэрэл зургийн үзүүлэлт болон дараах мэдүүлгүүдээс харагдана.

Б.С-гийн (... зам өгсөж яваад эргээд уруудсан, би замын хагархайг сүлжиж зүүн талруу дараад замын сөрөг урсгалд орсон тэгээд өөдөөс машин ирж яваа харагдсан би сандраад тоормос гишгээд хөлөө аваад өөрийн урсгалд орох гээд баруун гар талруугаа жолооны хүрдийг дарсан, тэгэхэд машин хөндөлдөөд замын хажууруу ороод... ) гэх мэдүүлэг.

З-ын (... Орхон голын гүүрэн дээр ирээд хэсэг зогсож байтал Б.С- ... хажуугаар яваад өнгөрсөн тэгээд бид нар 5 орчим минутын дараа хөдөлсөн боловч нилээн холдоод явчихсан байсан ... өгсүүр замаар гараад иртэл ... Б.С-гийн жолоодож явсан машин замаас гарч онхолдсон... яваад очтол машин нь хэд хэдэн удаа бүтэн эргэж зогссон...) гэх мэдүүлгээс нотлогдоно.

3. Ослын газар хийсэн хэмжээснээс харахад замын өргөн 6 м, нэг урсгал З м, эвдрэл нь замын захаас 60- 70 см орчим байхад 2 м 30 см гаруй зайгаар сөрөг урсгалын цагаан зурвасыг давахгүйгээр эвдрэлийг захалж явахад машин багтах хэмжээний зай байсаар байхад жолооч эхнээсээ зориуд сөрөг урсгалаар явж өнгөрчээ гэж үзэхээр байдаг. Осол болох өдрийн орчны нөхцөл байдлын үзүүлэлтээс харахад тэнгэр цэлмэг өдөр, бороо хургүй, харагдах орчин сайн, замын эвдрэл хэсэг тодорхой харагдаж түүн дээгүүр гарлаа гэхэд осол болсон шиг тийм хохирол гарч эвдрэхээргүй байгааг бодолцон үзэх ёстой зүйлийн нэг юм.

4. Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 10-р сарын 11-ний өдрийн 387 тоот дүгнэлт, 2019 оны 07-р сарын 22-ны 14 тоот дүгнэлт, 2019 оны 09-р сарын 15-ны өдрийн 26 тоот дүгнэлтүүд зэрэг нь осол болсон жолоочийн дүрэм зөрчсөн байдлыг тогтоосон акт болохоос замын эвдрэлийн хир хэмжээ, аюултай эсэхийг болон гэм хорын хэмжээг тогтоосон акт биш тул зам эзэмшигч буюу хариуцсан байгууллагын хяналтын мэргэжилтэн, хариуцагчийн төлөөлөгчийг оролцуулаагүй. Шинжээчийн дүгнэлтүүдэд танилцах эрх үүргийг хэрэгжүүлээгүй юм. Энэ утгаараа хариуцагч талаас замтай холбоотой шинжээчийн дүгнэлт гаргуулах, асуудалд бодитой хандах үүднээс хүсэлт гаргасан байгааг шүүхээс хангаагүй болно. Нотлох баримт хангалттай бус, жолоочийн өөрийн буруу бүрэн (100%) байхад алдааг зам руу хандуулах боломжгүйг анхаарч үзнэ үү.

5. Иргэний хуулийн 443.7 дугаар зүйлд (... харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах, шаардлага хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө.) гэсний дагуу даатгуулагч Б.С- өөрөө болон хамт даатгуулагчид нь гаргасан шаардлага, шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзаагүйг илэрхийлсэн баримт харагддаггүйг онцолж анхаарна уу. (Жич: Энэ хуулийн заалтын дагуу хариуцагч талд даатгуулагч нарын шаардлага бичгээр болон амаар мэдэгдээгүй болно.)

6. Авто замын тухай хуульд зааснаар авто замыг арчлах, засварлахтай холбогдсон асуудалд замыг өмчлөгч, эзэмшигч байгууллага хяналт тавих ёстой. Зам эзэмшигч байгууллага нь Зам, тээврийн хөгжлийн яам юм. Энэ байдлаас Д- А- ТӨХК нь хариуцагч биш бөгөөд Зам, тээврийн хөгжлийн яам, Д- А- ТӨХК- ийн хооронд байгуулагдсан 2019 оны 26 тоот ажил гүйцэтгэх гэрээнээс харагдана.

Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд гүйцэтгэх авто замын засвар, арчлалтын ажлын захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан гэрээгээр Д- А- ТӨХК нь хариуцсан зам дээр эвдрэл гарсан бол өөрийн дураар шууд засаж арчлах ямар ч боломжгүй, эрх үгүй болно.

Тус гэрээний 2.2-т зааснаар захиалагчийн төлөөлөгч ажлын төрөл, тоо хэмжээг үзэж тодорхойлон, хурлын тэмдэглэл, хийх аргачлалыг үндэслэн график төлөвлөгөөг хянах, холбогдох удирдлагаар баталгаажуулж, ажлын гүйцэтгэл маягтын хамтаар гүйцэтгэгчид (Д- А- ТӨХК) хүлээлгэн өгөх ёстой.

Харин осол болсон замын эвдрэл дээр дээр ажиллагаа хийгдээгүй байхад ажил гүйцэтгэх ёсгүй. Нөгөө талаар гэрээний 2.9-т зааснаар хянаж баталгаажуулсан ажлын гүйцэтгэлийг Сангийн сайдын 2016 оны 415 тоот тушаалаар батлагдсан төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжүүлэлтийн журам, Зам, тээврийн сайдын 2013 оны 154 тоот тушаалаар батлагдсан Зам, тээврийн салбарын хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх журмын дагуу замын эвдрэлийг засах хэсэгт санхүүжилт хийгдсэн байх ёстой гэтэл Дархан-Эрдэнэт чиглэлийн авто замын 49-50 дахь тэмдэгт бүхий газрын замын эвдрэлд санхүүжилт хийгдээгүй байсан. Дээрх нөхцөл хангагдсан байхад гэрээний З.б.-д зааснаар график төлөвлөгөөнд заасан хугацаанд манай байгууллага ажиллах ёстой байсан гэтэл иймгүй тул манайд хамааралтай биш, манайх хариуцагч биш болно. Манайх ямар нөхцөлд хариуцах ёстойг дурдвал Гэрээний үүргийн дагуу төлөвлөгөөнд заасан хугацаанд засвар хийгээгүй, чанаргүй, дутуу хийсэн бол хохирлыг өөрийн хөрөнгөөр хариуцах ёстой. Иймд гэрээний гүйцэтгэлийн хугацаанд осол гараагүй бөгөөд 2019 оны гэрээний ажлын хэсгийн тайлангийн үнэлгээний хүснэгтийн 6-д “Д- А-” ТӨХК-д 91,2 оноо өгч хангалттай сайн дүгнэгдсэн байгаа. Зам, Тээврийн хөгжлийн яам, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ийн хяналтын хэлтэс нь замын эвдрэлийг хариуцах бөгөөд график төлөвлөгөө, санхүүжилтийг батлагдсаны үндсэн дээр манай байгууллагаар ажил гүйцэтгүүлдэг учиртай, гэрээний үүргийн гүйцэтгэлийг дутуу биелүүлсэн, хийгээгүй бол хариуцлага хүлээлгэх акт үйлдэж манайд тавьдаг журамтай, ийм асуудал болоогүй.

Иймд бидний гомдолд дурдагдсан нөхцөл байдлыг сайтар үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гэм хорын хохирол болох 4.631.503 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Дархан-уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 08-ны өдрийн 655 дугаар шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгчийн зүгээс дараах үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-т “зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг зам тээврийн осол гэж тодорхойлсон бөгөөд замын цагдаагийн байгууллага замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй талаар мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 -т заасан.

2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн үед Дархан-Уул аймгаас Орхон аймаг чиглэлийн хатуу хучилттай засмал замын 49-50 дах тэмдэг бүхий газарт болсон зам тээврийн ослыг эрх бүхий байгууллагаас шалгаж Сэлэнгэ аймгийн замын цагдаагийн зохицуулагч, ахлах дэслэгч Т.Үнэнбаатарын 2019 оны 07 сарын 22 өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлт. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн зохицуулагч Д.М-, Г.Э-, С.Б- нарын бүрэлдэхүүнтэй 2019 оны 09 сарын 15-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлт. Тээврийн цагдаагийн-албаны 2019 оны 10 сарын 11-ний өдрийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 387 дугаартай шинжээчийн дүгнэлтээр буюу нийт 3 удаагийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр дараах байдлаар ослын шалтгааныг тогтоосон. Үүнд:

“Б.С-гийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна хэргийн газрын үзлэгийн явцад тогтоогдсон замын зорчих хэсгийн гадаргуу эвдэрсэн байдал нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэх үндэслэлтэй байна зам тээврийн осол болсон гэх газарт замын зорчих хэсгийн гадаргуу эвдэрсэн байгаа байдал нь хэргийн газрын үзлэгийн явцад тогтоогдож баш тул авто замын ашиглалт хариуцсан аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтан нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.3-т заасныг зорчсон, мөн зам, замын байгууламжийн засвар арчлалтыг хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол, зорчил гарах нөхцөлийг бүрдүүлсэн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна.

Мөн хэрэгт авагдсан цагдаагийн байгууллагын “осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч”, “хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл”, “гэрэл зургийн үзүүлэлт” дээр хариуцагчийн хүсээд байгаа замын эвдрэл гэмтэл, түүний хэмжээ, байрлал зэрэг бүхий л мэдээлэл агуулагдсан болно.

Түүнчлэн тухайн зам тээврийн ослыг шалгах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д- А- ТӨХК-г иргэний хариуцагчаар татан оролцуулж байсан нь хэрэгт авагдсан прокурорын тогтоолоор тогтоогдоно. Иймд хариуцагчийн зүгээс зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон баримтгүй, осол гарах үед замын эвдрэл байгаагүй, байсан ч бидний буруу биш, мөн хариуцагчийг дүгнэлт гаргах үед оролцуулаагүй гэх тайлбарууд нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Хариуцагч нь 2019 онд 91.2 хувьтай авто замын засвар ашиглалтыг хариуцсан тул хариуцлага хүлээхгүй хэмээн тайлбарлажээ.

Улсын төвийн хөрөнгөөр 2019 онд гүйцэтгэх авто замын засвар, арчлалтын ажлын захиалагч, гүйцэтгэгч нарын хороонд байгуулсан 2019 оны 01 сарын 09-ны өдрийн 26 дугаар гэрээний 1.2-т “ажил гүйцэтгэгч нь батлагдсан хөрөнгөд багтаан өөрийн хариуцдаг өлөн улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлыг гүйцэтгэн жилийн аль ч улиралд авто тээврийн хэрэгсэл зорчиход байнга бэлэн байлгах үндсэн уургийг хүлээнэ ” гэж заасны дагуу Д- А- ТӨХК нь үүрэг хүлээсэн.

Гэтэл хариуцагч нь 2020 оны 04 сарын 01 -ний өдрийн 71 дугаар хариу тайлбарт “... энэхүү хөрөнгө нь гэрээний дагуу төлөвлөгдсөн ажлыг санхүүжүүлэхэд зарцуулагддаг бөгөөд бүх эвдрэл гэмтлийг арилгахад хүрэлцэхгүй болно. Тухайн замд тавигдсан нөхөөсний ажлын хөрөнгө дууссан бөгөөд бид холбогдох дээд байгууллагадаа удаа дараа хүсэлт тавьснаар дахин хянагдаж тодотголоор 19,9 сая төгрөгөөр 2019 оны 08 сарын 02-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд замын нөхөөсний ажил гүйцэтгэсэн болно гэснээр эвдрэлтэй замыг осол гарсны дараа засварласан болохоо хүлээн зөвшөөрдөг.

Хэрэгт цугларсан баримтуудыг үзвэл ъБ- Д-” ХХК-ийн даатгуулагч жолооч Б.С-гийн үйлдлийн улмаас осол гараагүй бөгөөд хариуцагч Д- А- ТӨХК-ийн буруутай буюу Замын хөдөлгөөний дүрмийн 27.3-т заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр хангалттай нотлогдсон болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч  Б- Д- ХХК хариуцагч Д- А- ТӨХК-нд холбогдуулж, даатгуулагчид олгосон нөхөн төлбөр 9.263.007 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д болон Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар хариуцагч нь замын байгууламжийн засвар арчлалтыг хийгээгүйгээс зам тээврийн осол гарахад нөлөөлсөн буруутай тул даатгуулагчид төлсөн даатгалын нөхөн төлбөрийг хариуцах үндэслэлтэй...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч Д- А- ТӨХК “...манай байгууллага холбогдох гэрээний дагуу төлөвлөгөөт ажил үүргээ бүрэн биелүүлсэн, Тээврийн цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан, зам тээврийн осол гаргасан жолооч замын нөхцөл байдлаа сонгож явах ёстой, хариуцагч талын гэм буруу бүрэн тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хуулийн үндэслэлгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Б- Д- ХХК болон даатгуулагч тээврийн хэрэгслийн өмчлөгч Б.Эрдэнэцогт нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэг жилийн хугацаатай, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулагдсан байх бөгөөд зам тээврийн осол гарах үед хамтран даатгуулагч Б.С- уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан бөгөөд үнэлгээний А- Б- ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 114 дугаартай үнэлгээний тайлангаар 9.594.000 төгрөгийн хохирол, эвдрэлийн үнэлгээ гарсан байна.

Нэхэмжлэгч Б- Д- ХХК 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр даатгуулагч Б.Эрдэнэцогтод 9.263.007 төгрөгийн нөхөн төлбөр олгосон нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдох бөгөөд зохигчид даатгалын нөхөн төлбөр олгосон үйл баримтын талаар маргаагүй байна.

Хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газрын прокурорын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5/80 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай” тогтоолоор уг зам тээврийн осол нь Б.С-гийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас гарсан болох нь тогтоогдохгүй байна гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасан бөгөөд энэхүү тогтоол хүчин төгөлдөр болжээ.

Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 387 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэнд: ...4.Хэргийн газрын үзлэгийн явцад тогтоогдсон замын зорчих хэсгийн гадаргуу эвдэрсэн байдал нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэх үндэслэлтэй байна.

5. Зам тээврийн осол болсон гэх газарт замын зорчих хэсгийн гадаргуу эвдэрсэн байгаа байдал нь хэргийн газрын үзлэгийн явцад тогтоогдож байх тул авто замын ашиглалт хариуцсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.3-т “Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, замын байгууламж, төмөр замын гарам болон хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөн,мөн зам, замын байгууламжийн засвар арчлалтыг хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол, зөрчил гаргах нөхцлийг бүрдүүлсэн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна” гэж дүгнэжээ.

Хариуцагч Д- А- ТӨХК Зам тээврийн хөгжлийн яамтай 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 26 дугаартай “Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд гүйцэтгэх авто замын засвар, арчлалтын ажлын захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан гэрээ”-ний 1.2-т зааснаар Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 288 дугаар тушаалаар батлагдсан хөрөнгөд багтаан өөрийн хариуцдаг олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлыг гүйцэтгэн, жилийн аль ч улиралд авто тээврийн хэрэгсэл зорчиход байнга бэлэн байлгах үндсэн үүргийг хүлээсэн бөгөөд гэрээний хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байхаар тохирчээ.

Мөн гэрээний 3.6-д “Гүйцэтгэгч нь авто зам, замын байгууламжийн урсгал засвар, арчлалтын ажлыг холбогдох норм, дүрэм, стандарт, журмыг баримтлан гэрээнд болон график, төлөвлөгөөнд заасан хугацаанд, батлагдсан хөрөнгийн хэмжээнд багтаан, техникийн шаардлагын дагуу чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, авто зам, замын байгууламжийн байнгын бэлэн байдлыг хангах үүрэг хүлээсэн байна.

Зам тээврийн осол гарсан гэх Дархан-Уул- Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай засмал замын 49-50 дахь тэмдэгт бүхий газар нь “Д- А-” ТӨХК-ний хариуцсан хэсэгт хамаарч байна.

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ...”, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д ”Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж зааснаар нэхэмжлэгч Б- Д- ХХК шаардах эрхтэй бөгөөд гуравдагч этгээдийн гэм буруутай байдал тогтоогдсон байхыг шаардана.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “Д- А-” ТӨХК-ийн авто зам, замын байгууламжид засвар, арчлалт хийх эс үйлдэхүй зам тээврийн осол гарахад нөлөөлснөөс гадна тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зохих буруутай байна.

Иймд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж зааснаар анхан шатны шүүх нөхөн төлбөрт олгосон мөнгөний тал хувийг хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хууль хэрэглээний алдаа гаргаагүй тул хариуцагчийн осол болох гол шалтгаан нь жолоочдоо юу, замын эвдрэлдээ юу гэдгийг сайтар шалгах ёстой байсан, тойрохоос өөр аргагүй замын эвдрэлтэй хэсэг юм бол саадыг тойронгуутаа сөрөг урсгалаас тэр даруй өөрийн эгнээндээ орсон бол осол гарахааргүй байсан, манайх гэрээний үүргийн дагуу төлөвлөгөөнд заасан хугацаанд засвар хийгээгүй, чанаргүй дутуу хийсэн бол хохирлыг өөрийн хөрөнгөөр хариуцна. Зам тээврийн хөгжлийн яам, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын хяналтын хэлтэс замын эвдрэлийг хариуцах ёстой гэсэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  06 дугаар сарын 08-ны өдрийн 655 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, “Д- А-” ТӨҮГ-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч “Д- А-” ТӨҮГ-аас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89.054 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                          

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                О.НАРАНГЭРЭЛ

                                                         ШҮҮГЧИД                               М.МӨНХДАВАА

                                                                                                         Л.АМАРСАНАА