Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 89

 

З.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00552/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  06 дугаар сарын 26-ны өдрийн 741 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч З.Э-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д- Т- Ү- ХК-д холбогдох

"Д- Т- Ү- ХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/808, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/1299 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, дээрх тушаалуудыг үндэслэж бууруулсан нийт цалин болох 373.500 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч М.Отгонбаярын давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч З.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

З.Э- миний бие Д- Т- Ү-ийн Төмөртэйн уурхайд баяжуулахын оператороор 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ажилд орсон бөгөөд 2019 оны 05 дугаар сараас тус байгууллагын Нойтон баяжуулах үйлдвэрийн баяжуулахын мастераар ажилласан. Миний бие тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, ажилдаа хариуцлагатай хандаж сэтгэлээ зориулж ажилласаар ирсэн.

1. Д- Т- Ү- ХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/808 дугаартай тушаалаар байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.3.12 дахь заалтыг үндэслэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, заавар журмын холбогдох заалтуудыг зөрчсөн тул үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулахаар хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг надад ногдуулсан байна. Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.12-т Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, заавар журмын холбогдох заалт зөрчсөн, мөн өдөр тутам ээлжит болон давтан зааварчилгаа авсан боловч ажлын тусгай хувцас болох ажлын хувцас, гутал, дуулган малгай, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл болох хошуувч, нүдний шил, нүүрний хаалт, хагас болон бүтэн баг хэрэглээгүй, дуулган малгайн бүч бүчлээгүй зөрчлийг давтан гаргасан тохиолдол бүрт Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2-т заасан сахилгын арга хэмжээ авахаар заасан боловч би хөдөлмөрийн дотоод журамд заасан уг зөрчлийг гаргасан үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй.

2. Д- Т- Ү- ХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/1299 дугаартай тушаалаар байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.11 дахь заалтыг үндэслэн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй тул үндсэн цалинг 1 сарын хугацаатай 10 хувиар бууруулахаар хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг надад ногдуулсан бөгөөд тушаалд З.Э-гийн 2020 оны 03 дугаар сарын үндсэн цалинг 10 хувиар бууруулан бодож олгохыг Ерөнхий нягтлан бодогчид зөвшөөрсөн байна. Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.11-д заасан Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр сахилгын арга хэмжээг надад ногдуулсан боловч уг тушаалд намайг Ажлын байрны тодорхойлолтод заасан ямар үүргийг хэзээ биелүүлээгүй талаар огт тусгаагүй. Миний гаргасан ямар үйлдэл эс үйлдэхүйг зөрчилд тооцож сахилгын арга хэмжээ авсан нь тодорхойгүй байна. Тус компанийн ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/1299 дугаартай тушаал гарах үед миний бие нь сул зогсолтод хамрагдсан байсан учир ажлаа хийгээгүй байсан.

Дээрх сахилгын шийтгэл ногдуулсан Б/808, Б/1299 дугаартай тушаал гарсан гэдгийг надад байгууллагаас тухай бүрт нь мэдэгдэж байгаагүй, би ийм тушаалууд гарсан гэдгийг сүүлд нь өөрөө олж мэдэн байгууллагын захиргаа, хүний нөөцийн хэлтэс рүү өөрөө орж 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тушаалаа гардан авсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй, 129 дүгээр зүйлийн 129.3-т Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэж тус тус заасан гэжээ.

Нэхэмжлэгч З.Э- нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Д- Т- Ү- ХК-ийн ерөнхий захирлын 2019 оны Б/808, Б/1299 дугаартай “Сахилгын шийтгэл” ногдуулах тухай тушаалуудаар суутгасан цалин хөлсийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг тус тус дэмжиж байна. Үндэслэл нь Д- Т- Ү- ХК-ийн ерөнхий захирлын гаргасан тушаалууд хууль зүйн үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар тушаалуудын үр дагаврыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд холбогдох тушаалуудыг хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа суутгасан нийт цалин 373,500 төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулахаар нэмэгдүүлсэн, үүнийг дэмжиж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөсөн, сэргээж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан байдаг. Хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн гэдэг асуудлыг яагаад яриад байна вэ? гэхээр цалинг тооцоолсон гарт олгох гэж хуудас байдаг. Түүн дээр цалинг бууруулсан хувь гээд маш тодорхой бичсэн. З.Э- үүнийг гардаж авсан. Тэгэхээр нэхэмжлэгч мэдэх боломжтой байсан. Энэ агуулгаар бид хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлийг гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл гомдол гаргах хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан бас л нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иймээс нэхэмжлэгч мэдсэн, мэдэх боломжит хугацаа өнгөрсөн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 741 дүгээр шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар Д- Т- Ү- ХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/808, 2019 оны 12 дугаар сарын 05-ны Б/1299 дугаартай З.Э-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, бууруулсан цалин болох нийт 373.500 төгрөгийг хариуцагч Д- Т- Ү- ХК-иас гаргуулж, нэхэмжлэгч З.Э-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч З.Э- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д- Т- Ү- ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 82.055 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч М.Отгонбаяр давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 741 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн үндэслэх хэсэгтээ Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.3.12-т заасан зөрчлийг гаргасан үйлдэл эс үйлдэхүй гаргаагүй гэжээ. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн тус компанийн ХАБЭАХэлтсийн инженер Т.Г-эд өгсөн ярилцлага бусад баримтаар Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн нь хангалттай нотлогдож байхад  анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлалгүйгээр шийдвэр гаргасан.

2. Шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Х.Э-гийн шүүхэд гаргасан гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн өдрөөс хойш гурван сарын дотор буюу хуульд заасан хугацаандаа гаргасан гомдол байна гэж үзэж хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж шүүх дүгнэжээ.

Хариуцагч байгууллагын хувьд цалин буух үед бүх ажилчдад цалингийн гарт олгохыг өгдөг бөгөөд З.Э-гийн 2019 оны 07 дугаар сар, 2020 оны 03 дугаар сарын гарт олгохыг нотлох баримтаар шүүхэд өгсөн. Дээрх баримтад цалин бууруулж олгосон нь тодорхой байгаа бөгөөд нэхэмжлэгч цалингийн суутгал хийгдсэнийг мэдэж байсан мөртлөө гомдол гаргах хугацааг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа нь туйлын ойлгомжгүй юм.

Д- Т- Ү- ХК-ийн Ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/808, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/1299 тоот тушаалууд нь хөдөлмөрийн гэрээ болон компанийн хөдөлмөрийн дотоод журмын тодорхой заалтыг удирдлага болгон дурдсан байдлыг шүүх харгалзан үзэлгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч З.Э- давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

Хариуцагчийн давж заалдсан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 1. Д- Т- Ү- ХК-ийн Ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/808, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/1299 тоот тушаалууд нь хөдөлмөрийн гэрээ болон компанийн хөдөлмөрийн дотоод журмын тодорхой заалтыг удирдлага болгон дурдсан байдлыг шүүх харгалзан үзэлгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэсэн гомдол гаргасныг дараах тайлбараар үгүйсгэж байна.

            Ажил олгогч байгууллага нь ажилтандаа сахилгын шийтгэл ногдуулсан тушаалдаа тухайн ажилтан хөдөлмөрлөх явцдаа хэзээ гаргасан ямар үйлдэл, эс үйлдэхүйн байгууллагын дотоод журам болон бусад холбогдох дүрэм журмыг зөрчсөн талаар тодорхой тусгасан байх шаардлагатай. Гэвч З.Э- надад сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудад миний хэзээ гаргасан ямар үйлдэл эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцон арга хэмжээ авсан нь тодорхойгүй. Дархан төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн  баримтуудыг өмнө надад танилцуулж байгаагүй, шүүх дээр анх удаагаа танилцсан бөгөөд энэхүү баримтууд нь хариуцагч талын өөрийнх нь хийж бүрдүүлсэн баримтууд юм.

            Тухайн өдөр би эрхэлж буй албан тушаалынхаа хувьд ажилтандаа зохих ёсны зааварчилгаа өгсөн,  ажил үүргээ би зохих ёсоор биелүүлсэн. ХАБЭА хэлтсийн инженер Т.Г-эд ярилцлага өгөхдөө ч энэ талаараа болон надад буруу байхгүй гэдгээ хэлсэн. ХАБЭА хэлтсийн инженер Т.Г- нь ярилцлагын тэмдэглэлд миний хэлснийг өөрөөр тусгасан байсныг би гарын үсэг зурсныхаа дараа мэдсэн. Би өөрөөр тэмдэглэлд бичсэн байна гэдгийг хэлэхэд “юун сүртэй юм бэ, яах ч үгүй, арга хэмжээ авахгүй..” гээд тэмдэглэлээ засаагүй. Иймд би хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримтыг нотлох баримт гэж хүлээн зөвшөөрөхгүй учир нь ажил олгогчоос ажилтнаа буруутгахын тулд бүрдүүлсэн нэг талын баримт гэж үзэж байна.

            2.  Д- Т- Ү- ХК-ийн Ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/808, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/1299 тоот тушаалуудыг гарсан гэдгийг ажилтан надад мэдэгдэх, гардуулах үүргийг байгууллага хүлээнэ гэвч хариуцагч байгууллага маань надад дээрх тушаал шийдвэрийг тухай бүрт нь танилцуулаагүй.

            Миний бие шүүхэд гомдол гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байгаа бөгөөд дээрх тушаалуудыг байгууллагын захиргаа хүний нөөцийн хэлтэс дээр би өөрөө 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр асууж лавлаж байж авсан. Учир нь 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тушаал гарсан гэдгийг байгууллагаас надад мэдэгдээгүй тул би мэдээгүй, цалингийн гарт олгохыг надад өгөөгүй учир цалин 20 хувь хасагдсан гэдгийг огт мэдээгүй. Иймд шүүх хуульд заасны дагуу миний зөрчигдсөн эрхийг сэргээж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.     

            З.Э- нь “Д- Т- Ү-” ХК-д холбогдуулан тус компаний ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын Б/808, 12 дугаар сарын Б/1299 тоот “Сахилгын шийтгэл” ногдуулах тухай тушаалуудыг хүчингүй болгуулах, уг тушаалуудын улмаас суутгагдсан цалин болох 373.500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллагаас Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн шүүхэд гомдол гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагч байгууллагын гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаж дор дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Үүнд: 1. Ажил олгогч 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Б/808 тоот тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, тус ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1, 8 дугаар зүйлийн 8.3.12-т тус тус заасныг үндэслэн “...хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм заавар журмын холбогдох заалтуудыг зөрчсөн...” гэж З.Э-д “үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулжээ.

Хэрэгт авагдсан Д- Т- Ү- ХК-ийн “Осолд дөхсөн тохиолдол”-ыг бүртгэсэн талаарх баримтаас үзвэл 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 20 минутын үед тус компаний Нойтон баяжуулах үйлдвэрийн далан дээр 160мм-ийн пластмасан шугам хоолой наах, гагнах наряд авч Ц.Ширэндэв гэх хүнтэй хамт ажиллаж байсан Э.Ц- нь 220 вольтын хүчдэлд цохиулсан осол гарсан байна.

Энэ осол нь ажлын байрны ажиллах орчин нөхцөлийн аюулгүй ажиллагааг хариуцах этгээдүүд ажил эхлэхээс өмнө үзэж шалгаж байх шаардлагад нийцүүлж сайжруулаагүй, ус асгарсан, чийгтэй орчинд ажиллахдаа хүчдэлд өртөхгүй байх боломжийг бүрдүүлж хамгаалалтын арга хэмжээ аваагүйгээс үүссэн хэмээн тодорхойлжээ. /хх-ийн 24-26-р тал/

Дээрх осолд тус цехийн мастер З.Э- буруутай болох нь түүнтэй хийсэн “...ажилтан нарыг ажилд гарахад нь багаж, тоноглолыг нь шалгаагүй, чийгтэй газар ажиллахдаа аюулгүй байдлаа хангах талаар заавар, зөвлөмж өгөөгүй, уг осолд мастер, оператор нар буруутай...” гэх ярилцлагын тэмдэглэл /хх-ийн 27-28-р тал/-ээр тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч З.Э- “...уг ярилцлагад миний хэлснийг өөрөөр тусгаж бичсэнийг гарын үсгээ зурсны дараа мэдсэн, энэ талаар хэлэхэд юун сүртэй юм бэ, яах ч үгүй, арга хэмжээ авахгүй гээд тэмдэглэлээ засаагүй...” хэмээн тайлбарладаг боловч үүнийгээ баримтаар нотлоогүй байх тул дан ганц нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн ярилцлагын тэмдэглэлийг үгүйсгэх боломжгүй юм.

2. Ажил олгогч 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Б/1299 тоот тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, тус ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1, 8 дугаар зүйлийн 8.3.11, ХАБЭА-н зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн “...ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй...” гэж З.Э-д “үндсэн цалинг 1 сарын хугацаатай 10 хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулжээ.

2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн өглөө “Д- Т- Ү-” ХК-ийн Нойтон баяжуулах үйлдвэр дээр үйлдвэрлэлийн осол гарч хүний амь нас эрсэдсэн байна.

Тус үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзвэл тухайн осол болох үед үйлдвэрийн “Нойтон баяжуулах үйлдвэр”-ийн мастераар ээлжийн мастер н.Сэлэнгэмөрөн гэх хүн ажиллаж байсан байх бөгөөд осол болсны маргааш өглөө нь З.Э- ажилд гарахдаа зохих ёсоор ажлаа хүлээн аваагүй, сахилга бат, дүрэм журмаа даган мөрддөггүй талаар хуралдаанд оролцсон хүмүүс тайлбар гарган, ослын талаар дүгнээд З.Э-гийн гаргасан зөрчлийг тогтоон түүний нэг сарын цалинг нь 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 46-47-р тал/

Үйлдвэрт дээрх ослууд гарсан талаар талууд маргадаггүй бөгөөд тухайн үйлдвэрт дахин осол эндэгдэл гаргахгүй байх талаар урьдчилан сэргийлж ажилтнуудад ажлын байрны аюулгүй ажиллагааны болон бусад холбогдох зааварчилгааг зохих журмын дагуу өгөх, үйлдвэрлэлийг аюулгүй, төлөвлөгөөт тоо хэмжээ, горим, норм нормативын дагуу жигд тасралтгүй явуулах зохион байгуулалтын арга хэмжээг авч шуурхай зохицуулах, төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг чанартай гүйцэтгэх, хяналт тавих үүргийг Д- Т- Ү- ХК-ийн Нойтон баяжуулах үйлдвэрийн мастер хүлээсэн байна.

Зохигчийн хооронд тохиролцсон “Ажлын байрны тодорхойлолт”-д заасан зорилго, үндсэн зорилт, үйл ажиллагааг ажилтан зайлшгүй хэрэгжүүлэх үүрэгтэй ба уг үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд тус компаний Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1-т “...Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ зөрчсөн ажилтанд сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл болно...” гэж заасны дагуу ажил олгогчоос үйлдвэр дээр гарсан ослыг тогтоон буруутай этгээдэд нь тушаал гарган зохих хариуцлагыг тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй, З.Э-гийн албаны хариуцлагагүй байдал нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, Хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчлүүд мөн байна.

Гэтэл анхан шатны шүүх Д- Т- Ү- ХК-ийн ерөнхий захирлын 2019 оны Б/808, Б/1299 тоот тушаалуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр “...З.Э-г хөдөлмөрийн аюулгүй  байдал, эрүүл ахуйн ямар дүрэм, зааврыг зөрчсөнийг тодорхойлоогүй, зөрчлийн талаар хурлаар хэлэлцсэн баримт хэрэгт авагдаагүй..., ...ажлын байрны тодорхойлолтод заасан ямар ажил үүргээ биелүүлээгүй талаар тушаалын үндэслэлдээ тодорхойлоогүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын шийдвэр хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийг чөлөөтэй байх хугацаанд сахилгын шийтгэл ногдуулсан...” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь буруу болжээ.  

Ажил олгогч нь ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд өөрийн эрх хэмжээний хүрээнд тохирсон гэж үзсэн сахилгын шийтгэлийг ногдуулах эрхтэйгээс гадна ажилтны гаргасан зөрчил тогтоогдсон байхад нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 131 дүгээр зүйлийн 131.1-т заасантай нийцэхгүй юм. 

3. Нэхэмжлэгчээс дээрх тушаалуудаар сахилгын шийтгэл ногдуулсан талаар байгууллагаас тухай бүрт нь ажилтанд мэдэгдэж байгаагүй, энэ талаар сүүлд мэдэж тушаалуудыг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гардан авсан гэж тайлбарладаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т “...эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй...” гэж заасан ба нэхэмжлэгч өөрийнх нь хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн байсныг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан талаарх болон сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудыг ямар нөхцөл шалтгаануудын улмаас 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гардан авсан болох нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Хуулийн “...эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан...” гэдэг нь ажилтан өөрт нь сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг гардан аваагүй тохиолдолд ажил олгогч тухайн тушаалыг гардуулж өгөөгүй байсан хэдий ч ажилтан нь сар бүрийн цалин хөлсний талаарх баримтаас цалин нь хасагдсан эсэхийгээ мэдэх боломжтой ба энэ хугацааг сахилгын шийтгэл ногдуулсны дараагийн сарын цалингаар тодорхойлох боломжтой юм. Энэ талаар хариуцагч талаас гаргасан “...ажилтан нь сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг гардан авахаас татгалзсан, мөн цалин олгох гар картанд бичигдэж бодит байдалд цалин нь тодорхой хэмжээгээр буурч эрхээ зөрчигдсөнийг З.Э- нь мэдэх боломжтой байсан...” гэх тайлбар болон түүнийг нотлох баримтуудыг анхан шатны шүүх үнэлээгүй нь буруу байна.

“Д- Т- Ү-” ХК-ийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар ерөнхий захирлын тушаалыг холбогдох ажилтнуудад шуурхай танилцуулахыг ЗХНХэлтэс хариуцах үүрэгтэй байх ба ажилтан нь өөрт олгогдох ёстой цалин, хөлс сард ямар хэмжээгээр олгогддог, тухайн сард олгох ёстой цалин хөлс нь нэмэгдсэн болон хасагдсаныг мэдэх боломжтой.

Гэтэл анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гурван сарын хөөн хэлэлцэх хугацааг үндэслэлгүйгээр сэргээж хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна.

Зохигч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх нь иргэний эрх зүйн зарчим бөгөөд ийнхүү мэтгэлцэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, харин туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авхуулах тохиолдолд шүүхэд хүсэлтээ гаргаж нотлох баримтыг цуглуулах эрхтэй байдаг.

Нэхэмжлэгч нь хуульд заасан энэ эрх, үүргээ хэрэгжүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ үндэслэл, шаардлагаа нотолсон нотлох баримтыг шүүхэд гарган өгч өөрийн буруугүй болохоо нотолж чадаагүй байна.

Иймд хариуцагчийн давж заалдсан “...шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлалгүйгээр шийдвэр гаргасан, тушаалууд нь хөдөлмөрийн гэрээ болон компанийн хөдөлмөрийн дотоод журмын тодорхой заалтыг удирдлага болгон дурдсан байдлыг шүүх харгалзан үзэлгүй хэт нэг талыг барьсан...” гэх агуулга бүхий гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 741 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч З.Э-гийн “Д- Т- Ү-” ХК-ийн ерөнхий захирлын 2019 оны Б/808, Б/1299 тоот тушаалуудыг хүчингүй болгож, уг тушаалуудын улмаас цалингаас суутгагдсан 373.500 төгрөг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82.055 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7-д зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

                                 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               О.НАРАНГЭРЭЛ

                                                         ШҮҮГЧИД                                Л.АМАРСАНАА

                                                                                                          М.МӨНХДАВАА