Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 741

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00552/и

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймгийн ... сумын ... баг, ... айлын ... тоотод оршин суух ... овогт З-ын Э /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймгийн ... сум, ... багт байрлах “ДТҮ” ХК-д холбогдох,

 

"ДТҮ ХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 07 сарын 31-ний өдрийн ..., 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, дээрх тушаалуудыг үндэслэж бууруулсан нийт цалин болох 373,500 төгрөгийг гаргуулах тухай” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:            

“...З.Э миний бие ДТҮийн Төмөртэйн уурхайд баяжуулахын оператороор 2014 оны 07 сарын 22-ны өдөр ажилд орсон бөгөөд 2019 оны 05 дугаар сараас тус байгууллагын нойтон баяжуулах үйлдвэрийн баяжуулахын мастераар ажилласан. Миний бие тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, ажилдаа хариуцлагатай хандаж сэтгэлээ зориулж ажилласаар ирсэн. ...1. ДТҮ ХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай тушаалаар байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.3.12 дахь заалтыг үндэслэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, заавар журмын холбогдох заалтуудыг зөрчсөн тул үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулахаар хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг надад ногдуулсан байна. ...Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.12-т “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, заавар журмын холбогдох заалт зөрчсөн, мөн өдөр тутам ээлжит болон давтан зааварчилгаа авсан боловч ажлын тусгай хувцас болох ажлын хувцас, гутал, дуулган малгай, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл болох хошуувч, нүдний шил, нүүрний хаалт, хагас болон бүтэн баг хэрэглээгүй, дуулган малгайн бүч бүчлээгүй зөрчлийг давтан гаргасан тохиолдол бүрт Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2-т заасан сахилгын арга хэмжээ авахаар” заасан боловч би хөдөлмөрийн дотоод журамд заасан уг зөрчлийг гаргасан үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй. 2. ДТҮ ХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай тушаалаар ...байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.11 дахь заалтыг үндэслэн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй тул үндсэн цалинг 1 сарын хугацаатай 10 хувиар бууруулахаар хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг надад ногдуулсан бөгөөд тушаалд ...З.Эгийн 2020 оны 03 дугаар сарын үндсэн цалинг 10 хувиар бууруулан бодож олгохыг Ерөнхий нягтлан бодогчид зөвшөөрсөн байна. ...Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.11-д заасан Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр сахилгын арга хэмжээг надад ногдуулсан боловч уг тушаалд намайг Ажлын байрны тодорхойлолтод заасан ямар үүргийг хэзээ биелүүлээгүй талаар огт тусгаагүй. Миний гаргасан ямар үйлдэл эс үйлдэхүйг зөрчилд тооцож сахилгын арга хэмжээ авсан нь тодорхойгүй байна. Тус компанийн ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай тушаал гарах үед миний бие нь сул зогсолтонд хамрагдсан байсан учир ажлаа хийгээгүй байсан. ...Дээрх сахилгын шийтгэл ногдуулсан ..., ... дугаартай тушаал гарсан гэдгийг надад байгууллагаас тухай бүрт нь мэдэгдэж байгаагүй, би ийм тушаалууд гарсан гэдгийг сүүлд нь өөрөө олж мэдэж, байгууллагын Захиргаа, хүний нөөцийн хэлтэс рүү өөрөө орж, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тушаалаа гардан авсан.                            ...Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “... эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй”, 129 дүгээр зүйлийн 129.3-т “ Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж тус тус заасан байна” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг тус тус дэмжиж байна.

Үндэслэл нь ДТҮ ХК-ийн ерөнхий захирлын гаргасан тушаалууд хууль зүйн үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар тушаалуудын үр дагаврыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд холбогдох тушаалуудыг хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа суутгасан нийт цалин 373,500 төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулахаар нэмэгдүүлсэн, үүнийг дэмжиж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөсөн, сэргээж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан байдаг. Хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн гэдэг асуудлыг яагаад яриад байна вэ? гэхээр цалинг тооцоолсон гарт олгох гэж хуудас байдаг. Түүн дээр цалинг бууруулсан хувь гээд маш тодорхой бичсэн. З.Э үүнийг гардаж авсан. Тэгэхээр нэхэмжлэгч мэдэх боломжтой байсан. Энэ агуулгаар бид хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлийг гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл гомдол гаргах хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Мөн Улсын дээд шүүхийн тогтоол дээр хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт хуульд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэргийг гомдол гаргах боломжгүй байсан гэж үзнэ гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл хууль мэдэхгүй байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдохгүй гэж үзсэн. Нөгөөтэйгүүр хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан бас л нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иймээс нэхэмжлэгч мэдсэн, мэдэх боломжит хугацаа өнгөрсөн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч З.Э нь “ДТҮ” ХК-д холбогдуулан тус компанийн ерөнхий захирлын 2019 оны 07 сарын 31-ний өдрийн ..., 2019 оны 12 сарын 05-ны өдрийн ... дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, тушаалуудаар суутгагдсан нийт цалин болох 373,500 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг тус тус гаргажээ.

 

Хариуцагч “ДТҮ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ дээрх тушаалууд хууль зүйн үндэслэлтэй гарсан, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж гомдлоо шүүхэд гаргасан тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч З.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг мэдээгүй өнгөрөөсөн байх тул уг хугацааг сэргээж шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байгаа талаар дурдсан бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэмэлт тайлбар болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Чаас тодруулахад 2019 оны 07 сарын 31-ний өдрийн ... дугаартай тушаалаар арга хэмжээ авсан талаар тухайн үед мэдэгдээгүй, цалин хасагдсан талаар мэдэх боломжгүй байсан, харин сүүлд нь 2020 оны 03 сард мэдээд тушаалуудыг 2020 оны 04 сарын 08-ны өдөр албан ёсоор гардаж авсан гэж тайлбарлаж байна.

 

 “ДТҮ” ХК-ийн Ерөнхий захирлын 2019 оны 07 сарын    31-ний өдрийн ... дугаартай, “З.Эд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг гарсан тухайн үед нь нэхэмжлэгчид танилцуулсан гэж хариуцагч тал тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас энэ талаар тодруулахад “тушаалыг мэдэгдээд гарын үсгээ зураарай гээд явуулсан боловч З.Э нь гарын үсгээ баримтанд зураагүй байсан” гэсэн тайлбарыг шүүх хуралдаан дээр өгч байгаа байдал зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн “...дээрх тушаалыг сүүлд 2020 оны 03 сарын эхээр 2019 оны 07 сард надад сахилгын арга хэмжээ авсан гэдгийг мэдсэн.Тэгээд уг ... тоот тушаалыг ... тоот тушаалын хамт 2020 оны 04 сарын 08-ны өдөр гардаж авсан” гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

Нөгөө талаас тус тушаал 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гарсан атлаа тушаалд 2019 оны 07 дугаар сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулахаар заасан байгаа нь тухайн сардаа тушаалыг хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.

 

Хариуцагч талаас 2019 оны 07 сарын цалингийн баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэхүү баримтыг цалин олгох бүрдээ ажилтнуудад өгдөг, тухайн баримтанд бууруулж хассан цалингийн хувийг 20 хувь гэж бичсэн байгаа нь нэхэмжлэгч З.Э тус цалингийн баримтаар сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг мэдэх бүрэн боломжтой гэж тайлбарлаж байгаа боловч баримтанд гарын үсэг зурагдаагүй, үүнийг нэхэмжлэгч хүлээн авсан талаарх тайлбарыг шүүхэд гаргаагүй, баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь тушаалыг тухайн үедээ мэдэх ёстой байсан гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч З.Эгийн шүүхэд гаргасан гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн өдрөөс хойш гурван сарын дотор буюу хуульд заасан хугацаандаа гаргасан гомдол байна гэж үзэж, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж шүүх дүгнэсэн болно.

 

 “ДТҮ” ХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 07 сарын 31-ний өдрийн ... дугаартай тушаалаар нойтон баяжуулах үйлдвэрийн баяжуулалтын мастер З.Эд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, заавар, журмын холбогдох заалтуудыг зөрчсөн гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, компанийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1, 8 дугаар зүйлийн 8.3.12 дахь заалтуудыг тус тус үндэслэн үндсэн цалинг нэг сарын хугацаатай, 20 хувиар бууруулах, мөн компанийн ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаартай тушаалаар ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.11, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн 2019 оны 11 сарын 28-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэл болгон үндсэн цалинг 1 сарын хугацаатай 10 хувиар бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл тус тус ногдуулжээ.  

 

Нэг. “ДТҮ” ХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 07 сарын 31-ний өдрийн ... дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэвэл:

Тушаалд нэхэмжлэгч З.Эг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, заавар, журмын холбогдох заалтуудыг зөрчсөн гэж заасан боловч хэзээ, ямар зөрчил гаргасан болох, энэ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ямар дүрэм, зааврын заалтыг зөрчсөн зэргийг тодорхойлоогүй.

Шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тушаалын үндэслэлийг тайлбарлахдаа хэрэгт авагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн “Осолд дөхсөн тохиолдол”-ыг шалгасан баримтаар зөрчил нь тогтоогдсон гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү баримтад заасан шалгалтын дүгнэлт хэсэгт зөрчил гаргасан гэх хүмүүст арга хэмжээ авах талаар дурдаагүй байна.

Мөн хэрэгт “ДТҮ” ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн ажиллах журам нотлох баримтаар авагдсан бөгөөд энэхүү журмын 6.13-т “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах” үүргийг зөвлөл хүлээхээр, 6.2.5-д зааснаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, журам зөрчсөн албан тушаалтан, ажилтанд хариуцлага хүлээлгэх....санал оруулах эрхийг зөвлөл эдлэх, 7.1.3-т зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байхаар тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч З.Эгийн гаргасан гэх зөрчлийн талаар дээрх журмын дагуу хурлаар хэлэлцсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд уг тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэх боломжгүй байна.

 

Хоёр. “ДТҮ” ХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 12 сарын 05-ны өдрийн ... дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэвэл:

Тушаалд З.Эг ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргээ биелүүлээгүй гэж заасан боловч ажлын байрны тодорхойлолтод заасан ямар ажил үүргээ биелүүлээгүй талаар тушаалын үндэслэлд тодорхойлоогүй байна.

Мөн тушаалыг Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн 2019 оны 11 сарын 28-ны өдрийн хурлын шийдвэр зэргийг үндэслэн гаргасан боловч энэхүү зөвлөлийн шийдвэр хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.

 

Хэрэгт дээрх зөвлөлийн хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд энэхүү тэмдэглэл болон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбараас үзэхэд 2019 оны 10 сарын 05-ны өдрийн өглөө тус компанийн нойтон баяжуулах үйлдвэр дээр осол гарсан талаар дурдсан бөгөөд энэхүү осолд нэхэмжлэгч З.Э нь ямар хамааралтай болох, ямар үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан болох нь тогтоогдохгүй байна.

 

Хэрэгт авагдсан 2019 оны 10 сарын 15-ны өдрийн ... дугаартай “Тэтгэмжгүй чөлөө олгох тухай” тушаалаар нэхэмжлэгч З.Эд 2019 оны 10 сарын 15-ны өдрөөс 2020 оны 01 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар тэтгэмжгүй чөлөө олгосон, 2020 оны 02 сарын 14-ний өдрийн ... дугаартай “Эргэн дуудаж ажиллуулах тухай” тушаалаар баяжуулахын мастер З.Эг сул зогсолтоос дуудан ажиллуулсан болох нь тогтоогдож байна.

Дээрх тушаалаас харахад нэхэмжлэгч З.Эг чөлөөтэй байх хугацаанд нь буюу 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан, мөн ... дугаартай тушаалын хоёрт ажилтан З.Эгийн 2020 оны 03 дугаар сарын үндсэн цалинг 10 хувиар бууруулан бодож олгохыг Ерөнхий нягтлан бодогчид зөвшөөрөхөөр заажээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч З.Э-г чөлөөтэй байх хугацаанд нь сахилгын шийтгэл ногдуулсан, мөн шийтгэл ногдуулах тухай тушаалыг 2019 оны 12 сарын 05-ны өдөр гаргасан атлаа шийтгэлийг 2020 оны 03 дугаар сард хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн, энэхүү арга хэмжээний талаар түүнд мэдэгдээгүй, зөрчлийг хэлэлцэх хуралдаанд оролцож, тайлбар гаргах боломжоор хангаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, мөрдүүлэх үүрэгтэй, 130.2-т “Хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөр зохион байгуулалт, ажил олгогч болон ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тусгана” гэж заажээ.

“ДТҮ” ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 3.4-т “Ерөнхий захирлын тушаалыг холбогдох ажилтнуудад шуурхай танилцуулахыг захиргаа хүний нөөцийн хэлтэс хариуцна” гэсэн заалтыг зөрчиж, З.Эд тушаалыг танилцуулаагүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр “ДТҮ” ХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 07 сарын 31-ний өдрийн ..., 2019 оны 12 сарын 05-ны ... дугаартай “З.Эд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож, бууруулсан цалин болох нийт 373,500 төгрөгийг хариуцагч “ДТҮ” ХК-иас гаргуулж, нэхэмжлэгч З.Эд олгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч З.Э нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг оролцуулан, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

           1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар “ДТҮ” ХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 07 сарын 31-ний өдрийн ..., 2019 оны 12 сарын 05-ны ... дугаартай “З.Эд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож, бууруулсан цалин болох нийт 373,500 төгрөгийг хариуцагч “ДТҮ” ХК-иас гаргуулж, нэхэмжлэгч З.Эд олгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч З.Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “ДТҮ” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 82,055 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор             Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.ОЮУНЦЭЦЭГ