Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00646

 

2021           06            03                                          001/ХТ2021/00646

 

 

 

...................гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 741 дүгээр шийдвэр,

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 89 дүгээр магадлалтай,

 

...................гийн нэхэмжлэлтэй

................... ХК-д холбогдох

 

................... ХК-ийн ерөнхий захирлын 2019.07.31-ний өдрийн Б/808, 2019.12.05-ны өдрийн Б/1299 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, дээрх тушаалуудыг үндэслэж бууруулсан нийт цалин болох 373,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч ...................гийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндавга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтэмүүлэн, М.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч ................... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ................... миний бие ...................ийн Төмөртэйн уурхайд баяжуулахын оператороор 2014.07.22-ны өдөр ажилд орсон бөгөөд 2019.05 дугаар сараас тус байгууллагын Нойтон баяжуулах үйлдвэрийн баяжуулахын мастераар ажилласан. Миний бие тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, ажилдаа хариуцлагатай хандаж сэтгэлээ зориулж ажилласаар ирсэн. 1. ................... ХК-ийн ерөнхий захирлын 2019.07.31-ний өдрийн Б/808 дугаартай тушаалаар байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.3.12 дахь заалтыг үндэслэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, заавар журмын холбогдох заалтуудыг зөрчсөн тул үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулахаар хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг надад ногдуулсан байна. Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.12-т Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, заавар журмын холбогдох заалт зөрчсөн, мөн өдөр тутам ээлжит болон давтан зааварчилгаа авсан боловч ажлын тусгай хувцас болох ажлын хувцас, гутал, дуулган малгай, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл болох хошуувч, нүдний шил, нүүрний хаалт, хагас болон бүтэн баг хэрэглээгүй, дуулган малгайн бүч бүчлээгүй зөрчлийг давтан гаргасан тохиолдол бүрт Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2-т заасан сахилгын арга хэмжээ авахаар заасан боловч би хөдөлмөрийн дотоод журамд заасан уг зөрчлийг гаргасан үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй. 2. ................... ХК-ийн ерөнхий захирлын 2019.12.31-ний өдрийн Б/1299 дугаартай тушаалаар байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.11 дахь заалтыг үндэслэн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй тул үндсэн цалинг 1 сарын хугацаатай 10 хувиар бууруулахаар хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг надад ногдуулсан бөгөөд тушаалд ...................гийн 2020.03 дугаар сарын үндсэн цалинг 10 хувиар бууруулан бодож олгохыг Ерөнхий нягтлан бодогчид зөвшөөрсөн байна. Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.11-д заасан Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр сахилгын арга хэмжээг надад ногдуулсан боловч уг тушаалд намайг Ажлын байрны тодорхойлолтод заасан ямар үүргийг хэзээ биелүүлээгүй талаар огт тусгаагүй. Миний гаргасан ямар үйлдэл эс үйлдэхүйг зөрчилд тооцож сахилгын арга хэмжээ авсан нь тодорхойгүй байна. Тус компанийн ерөнхий захирлын 2019.12.31-ний өдрийн Б/1299 дугаартай тушаал гарах үед миний бие нь сул зогсолтод хамрагдсан байсан учир ажлаа хийгээгүй байсан. Дээрх сахилгын шийтгэл ногдуулсан Б/808, Б/1299 дугаартай тушаал гарсан гэдгийг надад байгууллагаас тухай бүрт нь мэдэгдэж байгаагүй, би ийм тушаалууд гарсан гэдгийг сүүлд нь өөрөө олж мэдэн байгууллагын захиргаа, хүний нөөцийн хэлтэс рүү өөрөө орж 2020.04.08-ны өдөр тушаалаа гардан авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй, 129 дүгээр зүйлийн 129.3-т Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэж тус тус заасан гэжээ.

 

Нэхэмжлэгч ................... нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ................... ХК-ийн ерөнхий захирлын 2019 оны Б/808, Б/1299 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудаар суутгасан цалин хөлсийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөсөн, сэргээж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан байдаг. Хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн гэдэг асуудлыг яагаад яриад байна вэ? гэхээр цалинг тооцоолсон гарт олгох гэж хуудас байдаг. Түүн дээр цалинг бууруулсан хувь гээд маш тодорхой бичсэн. ................... үүнийг гардаж авсан. Тэгэхээр нэхэмжлэгч мэдэх боломжтой байсан. Энэ агуулгаар бид хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлийг гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл гомдол гаргах хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан бас л нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иймээс нэхэмжлэгч мэдсэн, мэдэх боломжит хугацаа өнгөрсөн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 741 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар ................... ХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/808, 2019 оны 12 дугаар сарын 05-ны Б/1299 дугаартай ...................д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, бууруулсан цалин болох нийт 373.500 төгрөгийг хариуцагч ................... ХК-иас гаргуулж, нэхэмжлэгч ...................д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ................... нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ................... ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 82.055 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 89 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 741 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч ...................гийн ................... ХК-ийн ерөнхий захирлын 2019 оны Б/808, Б/1299 тоот тушаалуудыг хүчингүй болгож, уг тушаалуудын улмаас цалингаас суутгагдсан 373.500 төгрөг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82.055 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч ................... хяналтын гомдолдоо: Магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй ба хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. 1. Магадлалын хянавал хэсэгт “...дээрх осолд тус цехийн мастер ................... буруутай болох нь ... тогтоогдсон” гэсэн нь нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь 2019.07.20-ны өдрийн осолд дөхсөн тохиодлыг бүртгэсэн баримтаар зөрчлийг илрүүлэн, тогтоосон гэх боловч уг баримтаас үзэхэд нэхэмжлэгч ...................д холбогдох ямар хууль журамд заасныг зөрчсөн нь тогтоогдсон гэж үзэхээргүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар татгалзлынхаа үндэслэлийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу гаргаж өгсөн холбогдох баримтгүй байна. Өөрөө хэлбэл хэрэгт холбогдох аюулгүй байдлын зааварчилгааг өгсөн эсэх талаар холбогдох бүртгэлийн дэвтэр эсвэл гэрчийн мэдүүлэг, осолд өртсөн этгээдээс тодруулга аваагүй, харин нэхэмжлэгчийн зүгээс холбогдох заавачилгааг өгсөн талаарх ярилцлагын тэмдэглэлийг буруу үнэлж дүгнэж байна. Түүнчлэн осолд дөхсөн тохиодлыг бүртгэсэн баримтаас үзэхэд нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27, 28 дугаар зүйлүүдийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзсэн байх ба энэ хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна”, 27.5-т “Аж ахуйн нэгж, байгууллагын хэлтэс, албаны дарга, нэгж, тасгийн ахлагч, тэдгээртэй адилтгах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар дараах чиг үүргийг тусгана”, 27.5.3-т “осолд дөхсөн тохиолдлыг бүртгэх болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, үйлдвэрлэлийн орчинд учирч болох аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах талаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанд мэдээлэх, хамтран ажиллах”, 28 дугаар зүйлийн 28.1-т “Ажил олгогч нь дараахь үүрэгтэй байна”, 28.1.1-т “үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах” гэж тус тус зааснаас үзэхэд ажил олгогчид хамаарахаар хуульчилсан хуулийн заалтуудыг нэхэмжлэгчид хамаатуулсныг шүүхээс үндэслэлтэй гэж дүгнэсэн нь дээрх хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. 2.Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдахдаа “...тус үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн 2019.11.28-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзвэл тухайн осол болох үед үйлдвэрийн “Нойтон баяжуулах үйлдвэр”-ийн мастераар ээлжийн мастер н.Сэлэнгэмөрөн гэх хүн ажиллаж байсан байх бөгөөд осол болсны маргааш өглөө нь ................... ажилд гарахдаа зохих ёсоор ажлаа хүлээн аваагүй, сахилга бат, дүрэм журмаа даган мөрддөггүй талаар хуралдаанд оролцсон хүмүүс тайлбар гарган, ослын талаад дүгнээд ...................гийн гаргасан зөрчлийг тогтоон сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн...” гэжээ. Давж заалдах шатны шүүхээс ийнхүү дүгнэж байгаа нь мөн л нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй ба Монгол Улсын Дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн 33 дугаартай “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 29-т “Хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1,-д заасан сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх бөгөөд шийтгэлийг заавал шат дараалан оногдуулсан байхыг шаардахгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан байж болох зөрчлийн шинж байдал тохироогүй гэж үзэх үндэслэлтэй. Учир нь нэхэмжлэгч нь осол болсон 2019.10.05-ны өдрийн шөнийн ээлжинд гарч байхдаа нас барсан гэдэг үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог ба мөн нэхэмжлэгч ................... нь өглөө ажилдаа ирэхэд өмнөх ээлжинд гарсан мастер н.Сэлэнгэмөрөн гэх хүн ажлаа хүлээлцэлгүй, ажлаасаа буугаад явчихсан байсан гэдэг үйл баримт мөн тогтоогддог ба энэ талаар зохигчид маргадаггүй. Тэгэхээр нэгэнт ажил хүлээлцэх ёстой байсан хүн нь байхгүй байхад нэхэмжлэгчийг ажлаа хүлээлцээгүй гэж буруутгаж байгаа нь хуульд нийцэхгүйн зэрэгцээ нэхэмжлэгчийн зөрчлийг шалгаж тогтоосон гэх 2019.11.28-ны өдрийн зөвлөлийн хурлаар зөвхөн НБҮ-ийн мастер н.Сэлэнгэмөрөн гэх хүний ажлын хариуцлагын талаар хуралд оролцсон гишүүд үг хэлж, шүүмжилсэн болохоос нэхэмжлэгчийн талаар огт хэлэлцээгүй байснаа гэнэт шийдвэрлэсэн нь энэхүү зөрчлийг шалгаж тогтоосон гэж үзэх боломжгүй ба энэхүү хурлаар нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан чухал аль үүргээ хэрхэн зөрчсөн болохыг огт хэлэлцээгүй, тогтоогоогүй байхад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан байхад давж заалдах шатны шүүхээс түүнийг зөвтгөж шийдвэрлэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

................... нь ................... ХК-д холбогдуулан тус компанийн ерөнхий захирлын сахилгын шийтгэл ногдуулах тухай 2019.07.31-ний өдрийн Б/808, 2019.12.05-ны өдрийн Б/1299 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах, цалингаас суутгасан нийт 373,500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч давтан зөрчил гаргасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

 

1. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэхийн тулд маргааны бодит үндэслэлийг тогтоосны үндсэн дээр хэрэглэх ёстой хэм хэмжээг  сонгох, яагаад тухайн хэм хэмжээг сонгосноо тайлбарлах урьдчилсан нөхцөл байдаг тул ажилтны гаргасан зөрчил хэрхэн тогтоогдсон талаарх хоёр шатны дүгнэлт хэрэгт байгаа баримтад нийцсэн эсэхийг дүгнэх шаардлагатай байна.

 

Нэхэмжлэлийн үндэслэл болох ажил олгогчийн 2 тушаалын нэг болох ...................д үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах шийтгэл ногдуулсан 2019.07.31-ний өдрийн Б/808 дугаар  тушаал хууль зөрчөөгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, заавар журмыг зөрчсөн талаар нэхэмжлэгч тайлбар гаргасан бичгийн баримт хэрэгт авагдсан, энэ тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан зохицуулалтад нийцсэн хууль зүйн дүгнэлтийг хийсэн, нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

 

2. Харин давж заалдах шатны шүүх ажил олгогчийн 2019.12.05-ны өдрийн Б/1299 дүгээр тушаал хууль зөрчсөн байхад анхаараагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т нийцээгүй байв. 2019.12.05-ны өдрийн Б/1299 дүгээр тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 3.1, 8.3.11, ХАБЭА-н зөвлөлийн 2019.11.28-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн “...ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй...” гэж ...................д үндсэн цалинг 1 сарын хугацаатай 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан боловч тушаал хуульд нийцээгүй байна.

 

2019.10.05-ны өглөө ................... ХК-ийн Нойтон баяжуулах үйлдвэр дээр үйлдвэрлэлийн осол гарч хүний амь нас эрсэдсэн, тухайн үед байсан мастер  н.Сэлэнгэмөрөн ажлаа хүлээлцээгүй явсан боловч ................... нь ээлжинд гарахдаа зохих ёсоор ажлаа хүлээн аваагүй, ажлын байрны тодорхойлолтын 4.13-т заасан “дээд удирдлагад мэдэгдээд нэн даруй арга хэмжээ авах” журмыг зөрчсөн” гэж ажил олгогч үзсэн байна.

 

Хариуцагч нь ажилтны гаргасан зөрчлийг дээрх байдлаар буюу ...удирдлагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж тодорхойлж, мэтгэлцсэн байхад давж заалдах шатны шүүх “ажил олгогчоос үйлдвэр дээр гарсан ослыг тогтоон, буруутай этгээдэд зохих хариуцлагыг тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй” гэж дүгнэсэн нь сахилгын зөрчил, тушаалын агуулгад нийцээгүй, маргааны бодит үндэслэлээс зөрүүтэй дүгнэлтийг хийсэн гэж үзнэ.

 

Хэрэгт байгаа баримтаас үзвэл нэхэмжлэгч ажилдаа ирэхээс өмнө, үйлдвэрлэлийн осол гарсан байсан, тийм ч учраас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн 2019.11.28-ны өдрийн хуралдаанаар осол болох үед ажиллаж байсан мастер н.Сэлэнгэмөрөнгийн талаар хэлэлцсэн байх ба талуудын хоорондох маргааны зүйл нь осол гаргасан гэж бус ажилтан дээд удирдлагад мэдэгдэж ажлаа хэрхэн хүлээж авахыг шийдвэрлүүлэх байсан гэх үйл баримт байсныг  давж заалдах шатны шүүх анхаараагүй нь буруу болжээ.

 

Нэхэмжлэгч нь 2019.10.05-ны өдөр ажил хүлээлцэх журмыг биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтын 4.13-т заасан үүргээ зөрчсөн байх боловч ажил олгогч уг зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан “сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах” зарчим зөрчигдсөн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “...эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.” гэж заасан ба нэхэмжлэгч нь 2019.12.05-ны өдрийн Б/1299 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2020.04.16-ны өдөр шүүхэд гаргажээ. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь сар бүр цалин хөлс авах үедээ сахилгын шийтгэлийг мэдэх боломжтой байсан гэж үзэхдээ тушаал гаргах үед сул зогсолт байсан тул нэхэмжлэгч ажиллаагүй байсан, ажилтанд тушаалыг танилцуулсан, гардуулсан баримт байхгүй, 2020.04.08-ны өдөр тушаалыг гардаж авсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй байна. Нэхэмжлэгч нь цалин дараа сарын эхэнд буудаг, үндсэн цалингаас 10 хувь суутгасныг мэдэх боломжгүй байсан талаар тайлбартаа дурджээ.

 

Иймд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хуулиар тусгайлан тогтоосон хугацааг хэтрүүлээгүй, 2019.12.05-ны өдрийн Б/1299 дүгээр тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан зохицуулалтыг зөрчсөн тул тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй, давж заалдах шатны шүүх үндэслэл муутай дүгнэлтийг хийжээ.

 

Давж заалдах шатны шүүх “шийдвэрт өөрчлөлт” оруулахаар байхад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу тул залруулж, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 89 дүгээр магадлалын 1 дэх заалтыг “Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 741 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан ...................д үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан ................... ХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/1299 дүгээр тушаалыг хүчингүй болгож, суутгасан цалинг нэхэмжлэгчид буцаан олгохыг ................... ХК-д даалгаж, нэхэмжлэлээс үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан ................... ХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/808 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, суутгасан цалинг гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн 2 дах заалтад “...82,055...” гэснийг “...41,027...”” гэж тус тус өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                         Х.ЭРДЭНЭСУВД

 

                        ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

 

                                                                                                  П.ЗОЛЗАЯА

 

                                                                                                  Х.СОНИНБАЯР

 

                                                                                                   Д.ЦОЛМОН