Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 93

 

Д.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00666/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  06 дугаар сарын 25-ны өдрийн 738 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.У-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш.Г-д холбогдох

"Зээлээр худалдсан орон сууцны үлдэгдэл төлбөрт 14.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэдэнбалын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэдэнбал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.У-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.У- миний бие Ш.Г-тай 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж Дархан-Уул аймаг, Дархан сум, 17-р баг, Өргөө баг, 21-р хороолол, 5б байрны 128 тоот 3 өрөө орон сууцыг 45.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож 31.000.000 төгрөгийг аваад үлдэгдэл 14.000.000 төгрөгийг 6 сарын дараа авахаар тохиролцож гэрээ байгуулсан юм. Ингээд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Ш.Г-гийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Гэтэл Ш.Г- орон сууцны үнийн үлдэгдэл 14.000.000 төгрөгөө өгөхгүй, нэхэхээр элдэв шалтаг тоочин худал хэлж явсаар өдий хүрлээ. Иймээс тус шүүхэд хандаж байна.

Иймд Ш.Г-гаас орон сууцны үнийн үлдэгдэл 14.000.000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Г- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Ш.Г- нь 2019 оны 08 сард маш их засвартай 3 өрөөг Д.У-аас ярилцаад ороод засвар хийе үнэ мөнгө тохирох байх гэсэн үндэслэлээр орсон. Тэгээд засвар 3.500.000 төгрөгт хийсэн. 1 өрөөгөө зараад дээр нь банк бусаас мөнгө аваад 31 сая төгрөгийг Хаан банкаар Д.У-д өгсөн. Гэтэл маш их шоргоолжтой, засвар хийгээд байхад амьдралын шаардлага хангахгүй, устгал 2 удаа хийсэн боловч эрүүл ахуйд нийцэхгүй хоол, унд, хувцас орно. Би 11 сартай нярай охинтой, чих рүү нь хүртэл шоргоолж орж, маш их айдастай байгааг 10 сард би Д.У-д хэлсэн. Наймаагаа буцаая би орон байртай болох гэж банк бусад маш их хүү төлж байгаа боловч шаардлага хангахгүй байна. Тиймээс Д.У-аас 34.500.000 төгрөг гаргуулж бидний наймааг буцааж шийдвэрлэж өгнө үү. Нийт 45.000.000 төгрөг гэж ярилцсан юм. Амьдрах боломжгүйг удаа дараа Д.У-д хэлсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 738 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ш.Г-гаас 14.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.У-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 228.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэдэнбал давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 738 дугаар шийдвэрийг хянуулах тухай.

Нэг: Шүүгчийн гаргасан алдаатай шийдвэр буюу хөөн хэлэлцэх хугацааны тухай

Нэхэмжлэгч Д.У- хариуцагч Ш.Г- нар 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Дархан сумын 17-р баг Өргөө баг, 21-р хороолол, 5.6 байр, 128 тоот 3 өрөө орон сууцыг 45.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, урьдчилгаа 31.000.000 төгрөгийг авч үлдэгдэл 14.000.000 төгрөгийг 6 сарын дотор хугацаанд хувааж төлөхөөр гэрээ хийсэн буюу 2019 оны 08-р сарын 06-ны өдрөөс 2020 оны 02-р сарын 06-ны өдөр хүртэл үлдэгдэл 14.000.000 төгрөгийг төлөхөөр гэрээ байгуулсан байдаг энэ нь ИХШХШ тухай хуулийн 79-р зүйлийн 79 7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг 2020 оны 02-о сарын 06-ны өдрөөс эхлэн 2020 оны 08-р сарын 06-ны өдөр хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолж дуусгах ёстой байсан бөгөөд нэхэмжлэгч Д.У- хариуцагч Ш.Г- нар 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж 3 өрөө орон сууцыг худалдах 45.000.000 төгрөгийн гэрээний асуудал яригдах ёстой байсан.

Хоёр: Шүүгчийн гаргасан алдаатай шийдвэр буюу хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн тухай

Нэхэмжлэгч Д.У- хариуцагч Ш.Г- нар 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж миний бие Ш.Г- нь тухайн байранд супер засварыг 1 сарын хугацаанд хийж дуусган байрандаа орж 2 сар амьдарч байх хугацаанд манай нялх эмэгтэй хүүхдийн бие болон чих хамар хоолойд шоргоолж орох, гэрт үүрлэн огт алга болохгүй байсан учир эмчид үзүүлэн эмчилгээ хийлгэж байсан тухайгаа иргэн Д.У- хэлэхэд би энэ байрыг дахин зарж чадахгүй дахин тань шиг ийм гэнэн тэнэг хүн олдохгүй гэх шиг миний бие Ш.Г-г доромжлон одоо миний 14.000.000 төгрөгийг минь өг гэж дарамтлан мөнгөө одоо өгөхгүй бол чамайг би шүүхэд өгнө гэж үндэслэлгүй сүрдүүлж байсан ийм учраас миний бие шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч иргэн Д.У- түрүүлээд нэхэмжлэл гаргаж шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Д.У- давж заалдах гомдол гаргаагүй учраас өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болсон байдаг.

ИХШХШ тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох байсан. Гэтэл шүүгч 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 460 дугаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг илтэд буруу тайлбарлан Иргэний хууль болон ИХШХШ тухай хуулийн тусгай ангид заасан шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны хууль процессын алдаа гаргасан байна. Тодруулбал шүүх хэргийн оролцогч нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалалгүй иргэний хэрэг үүсгэснээс хойш 25 хоногийн дараа шууд шүүх хурал зарлан шийдвэр гаргасан нь хэргийн оролцогч нарын гол эрх болох ИХШХШ тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, эрхээр хангаагүйн улмаас миний бие Ш.Г-г шүүх хуралд ялагдах үндэслэл болсон гэж үзэж байна.

Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.6-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэсэн заалтын дагуу энэхүү эрхээ хамгаалахын тулд хортон шавж нярай хүүхэд болон насанд хүрсэн хүний бие ямар хор хөнөөлтэй эсэх талаар нотлох баримт цуглуулж миний бие болон манай хүүхдүүдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах шаардлагатай байна.

Иймд Дархан У\л аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 738 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй бодгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.У- хариуцагч Ш.Г-д холбогдуулж, зээлээр худалдсан орон сууцны төлбөрийн үлдэгдэл 14.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Ш.Г- эс зөвшөөрч, худалдаж авсан орон сууцанд 3.500.000 төгрөгийн засвар хийсэн боловч шоргоолж арилахгүй байгаа тул төлбөрт өгсөн 31.000.000 төгрөг дээр засвар хийсэн 3.500.000 төгрөгийн хамт нийт 34.500.000 төгрөг буцаан гаргуулна гэж маргажээ.

Болсон үйл баримтаас үзвэл: 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, Дархан сумын 17 дугаар баг, 21 дүгээр хороолол 5б байр,128 тоотын 3 өрөө орон сууцыг 45.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, 31.000.000 төгрөгийг өгч, үлдэгдэл 14.000.000 төгрөгийг 6 сарын дараа авахаар харилцан тохиролцжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Гэрээгээр тохиролцсоны дагуу хариуцагч Ш.Г- аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж, хүсэлт гаргасны дагуу 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 000717938 дугаартай, Ү-2003022179 дугаарт бүртгэгдсэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч тухайн орон сууцны өмчлөгч болсон нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасантай нийцэж байна.

Талууд гэрээ болон төлбөр тооцооны үлдэгдлийн хэмжээний талаар маргаагүй бөгөөд хариуцагч Ш.Г- татгалзлын үндэслэлээ маш их шоргоолжтой бөгөөд бага насны хүүхэдтэй хүнд амьдрахад хэцүү тул байрыг буцаан өгч, байрны төлбөрт төлсөн 31.000.000 төгрөг, засвар хийсэн 3.500.000 төгрөгөө буцаан авна, энэ талаар би нэхэмжлэгч Д.У-д удаа дараа хэлж байсан гэж тайлбарладаг боловч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй, үүнтэй холбоотой  нотлох баримтууд гаргаж мэтгэлцээгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Ш.Г- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх,татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж зааснаар үүргээ биелүүлээгүй буюу татгалзлын үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Эдгээр үндэслэлүүдээр хариуцагч Ш.Г-гийн татгалзал үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хуульд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийг үндэслэлтэй зөв шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэдэнбал шүүх хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцсон буюу ИХШХШТХуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тооцох байсан, маргааны үйл баримтын талаар өмнө нь шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж  давж заалдсан гомдол гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлээр шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг хэрхэн оролцохыг зохицуулсан бөгөөд Иргэний хуулийн  254 дүгээр зүйлийн 254.6-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж заасан тул анхан шатны шүүх эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах тухай хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 460 дугаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн бөгөөд шүүх нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар дахин дүгнэлт хийгээгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 738 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ш.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэдэнбалын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар  хариуцагч Ш.Г-гаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228.000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                          

 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              О.НАРАНГЭРЭЛ

                                                            ШҮҮГЧИД                               М.МӨНХДАВАА

                                                                                                            Л.АМАРСАНАА