Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2017/0556

 

 

 

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2017/0556

Улаанбаатар хот

 

“ЭБЭЖЭ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 424 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор “ЭБЭЖЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадатсрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “ЭБЭЖЭ” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтийн /хуучин нэрээр/ даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 299 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч “ЭБЭЖЭ” ХХК нь Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт Оюутманлай нэртэй 65087 га бүхий ашигт малтмалын хайгуулын XV-012438 тоот тусгай зөвшөөрлийг анх Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1336 дугаар шийдвэрээр эзэмшиж эхэлсэн.

Нэхэмжлэгч “ЭБЭЖЭ” ХХК н ашигт малтмалын салбарт тодорхой хэмжээний /1 тэрбум 200 сая төгрөгийн/ хөрөнгө оруулалт хийж, тусгай зөвшөөрлийн 1-6 дахь жилийн төлбөрийг бүрэн төлж, 7 дахь жилийн төлбөрийг эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсны улмаас 50 хувийг буюу 54,500,000 төгрөгийг урьдчилан төлсөн, үлдэгдэл 50 хувь төлбөрийг төлөхөөр компанийн санхүүгийн тайланд тусгахын зэрэгцээ хөрөнгө оруулагч татан оролцуулах, зээлийн гэрээ хийж байсан зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно.

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс нэхэмжлэгчид хүргүүлсэн 2015 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 6/333 тоот мэдэгдэлд “ ... тусгай зөвшөөрлийнхөө ээлжит төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд ... тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг мэдэгдэж байна” RD113294345MN бүртгэлийн дугаартай бичгийг “Монгол шуудан” ТӨХК 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12.45 цагт “ЭБЭЖЭ” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Б-д гардуулсан нь шуудан хүргэгчийн дэвтэр болон илгээмжийн цахим мэдээллээр нотлогдож байна” гэжээ. Гэтэл Ашигт малтмалын газраас явуулсан мэдэгдлийг гардан авсан Д.Б нь “ЭБЭЖЭ” ХХК-ийн үүсгэн багйуулагч хэдий ч компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан ажиллладаг, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд биш юм. Мөн Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт Оюутманлай нэртэй 65087 га бүхий ашигт малтмалын хайгуулын XV-012438 тоот тусгай зөвшөөрөл эзэмшичг нь “ЭБЭЖЭ” ХХК болохоос Д.Б биш билээ. Тухайн үед “ЭБЭЖЭ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх албан тушаалтан болох миний бие нь RD113294345MN бүртгэлийн дугаартай мэдэгдлийг мэдэх болон хүлээн авах боломжгүй гадаадад томилолтоор явж байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д зааснаар “Тусгай зөвшөөрлийн төлбөр гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг” хэлнэ гэжээ. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 “Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөр /цаашин “татвар” гэх/-өөс бүрдэнэ. Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д зааснаар “Татварын орлого нь Татварын ерөнхий хуулиар тогтоосон албан татвар, төлбөр, хураамжаас бүрдэнэ.” Хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.7 “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр” гэж заасан байна. Дээрх хуулийн заалтуудаас үзвэл хайгуулын XV-012438 тоот тусгай зөвшөөрлийн төлбөр нь Монгол Улсын татварын нэг хэлбэр, компанийн санхүүгийн тайланд хамааралтай бөгөөд төлбөрийг төлөх асуудлын хувьд тус компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн шийдвэрлэвэл зохих зүйл байгаа юм. “ЭБЭЖЭ” ХХК-ийн санхүүгийн тайланд гарын үсэг зурах эрхгүй, хувь нийлүүлэгч Д.Б мэдэгдлийг гардаж авсан баримтыг нэхэмжлэгч миний бие анхан шатны шүүх хуралдааны үед мэдсэн.

Д.Ч миний бие шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гадаадад томилолттой байсан тухайгаа хэлсэн. Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж, хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8.г-д зааснаар “томилолтоор гадаад, дотоодод ажилласан”-ыг хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах байсныг анхан шатны шүүх дүгнэж үзээгүйд гомдолтой байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 424 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг цуглуулаагүй, маргааны үйл баримтыг бүрэн тогтоогоогүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Тусгай зөвшөөрөл олгогч төрийн захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”  гэж заасан бөгөөд эрх зүйн үр дагавар бүхий харилцаа үүссэн тохиолдолд албан ёсны хаягаар нь харилцах үүрэгтэй байна. Тусгай зөвшөөрөл цуцлах тухай мэдэгдлийг хуулийн этгээдийн албан ёсоор бүртгүүлсэн хаягаар хүргүүлсэн тохиолдолд хариуцагч байгууллагыг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжтой гэтэл Ашигт малтмалын газрын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 6/333 дугаар мэдэгдлийг нэхэмжлэгч хуулийн этгээдэд ямар хаягаар хүргүүлсэн тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 35 дугаар зүйлийн 35.12-д зааснаар тусгай зөвшөөрлийн асуудлаар харилцах албан ёсны хаягаа төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүрэгтэй байна. Гэтэл хэрэгт нэхэмжлэгч хуулийн этгээд нь хайгуулын тусгай зөвшөөрөл авахдаа албан ёсоор ямар хаяг бүртгүүлсэн, албан ёсны хаягаа өөрчилж байсан эсэх, өөрчилсөн бол хариуцагч байгууллагад мэдэгдсэн эсэх талаар нотлох баримт авагдаагүй байх тул энэ талаар нотлох баримт цуглуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх “RD113294345MN бүртгэлийн дугаартай мэдэгдлийг “Монгол шуудан” ТӨХК 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12.45 цагт “ЭБЭЖЭ” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Б-д гардуулсан нь шуудан хүргэгчийн дэвтэр болон илгээмжийн цахим мэдээллээр нотлогдож байна” гэж дүгнэсэн нь 6/2813 дугаар мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн албан ёсны бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн эсэх маргааныг таслан шийдвэрлэх үндэслэл биш байна.

Хэрэгт дээрх нотлох баримтын бүрдэл дутуу байгаа учраас давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах тухай нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 424 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                               Ц.ЦОГТ