Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 190

 

Г.Зд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 668 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1100 дугаар магадлалтай, Г.Зд холбогдох 1811005120152 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2004 оны 5 дугаар сарын 17-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2014 оны 4 дүгээр сарын 23-нд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 6-нд эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 19 хоногийн хорих ялыг өршөөгдөж суллагдсан, Х овгийн Г.З нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан “Бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан”, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан”, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Зыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан, бусдын эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Г.Зын нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Заас 274.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ё.Ут 60.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ат 174.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Дд 40.000 төгрөг тус тус олгуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Зын цагдан хоригдсон 172 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Зын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.З гаргасан гомдолдоо: “...Миний бие өөрт холбогдох эрүүгийн хэргүүдийн хохирол, гомдлыг бүрэн барагдуулж, хохирогч нартай сайн дураар эвлэрч, хийсэн хэрэгтээ харамсаж, гэмшиж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн гомдолд хохирол төлбөр барагдуулсан, хохирогч нартай эвлэрсэн гэж байгаа боловч хавтас хэрэгт энэ талаар нотлох баримт байхгүй учраас оногдуулсан ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Зын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд прокуророос шүүгдэгч Г.Зд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар ял сонсгон яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Г.З нь 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн 29 дүгээр гудамжны 362 тоотод байх иргэн Ё.Уын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, “Дөл” зуух хулгайлан 60.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн М.Эын эзэмшлийн молдок 2 ширхэг, дрилл, тасдагч, уртасгагч зэрэг эд зүйлсийг залилан авч 528.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 32 дугаар байрны 00 тоотод насанд хүрээгүй хохирогч Ү.Эд хүч хэрэглэн довтолж “Айфон 5 Эс” загварын гар утсыг дээрэмдэн авч 174.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Зыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан, бусдын эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж, Г.Зд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт 5 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Г.З нь хохирол бүрэн барагдуулсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул түүний хяналтын шатны шүүхэд гаргасан “...хохирол гомдлыг бүрэн гүйцэт барагдуулж, хохирогч нартай сайн дураар эвлэрч, хийсэн хэрэгтээ харамсаж, гэмшиж байгаа тул...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Г.Зын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1  дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 668 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1100 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Зын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                     ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                                                     ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН