Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 668

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Анармаа,

Улсын яллагч: Э.Бадрал,

            Шүүгдэгч Г.З, түүний өмгөөлөгч Д.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Бадралаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Хүрэлэгийнхэн овогт Ганхуягийн З-д холбогдох эрүүгийн 1811005120152 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

            Шүүгдэгч Г.З нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн 29 дүгээр гудамжны

 

362 тоотод байх иргэн Ё.Уртбаярын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, төслийн “Дөл” зуух хулгайлан 60.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Энхболдын эзэмшлийн молдок 2 ширхэг, дрилл, тасдагч, уртасгагч зэрэг эд зүйлсийг зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 528.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 32 дугаар байрны 00 тоотод насанд хүрээгүй хохирогч Ү.Энхмэндэд хүч хэрэглэн довтолж Айфон 5 Эс загварын гар утсыг нь дээрэмдэн авч 174.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би цоожийг нь эвдээд орсон нь үнэн. Миний хадам ээжийн амьдарч байсан гэр миний өөрөө амьдарч байсан гэр. Мөнгөний хэрэг гараад цоожоо эвдэж ороод би авсан. Би дээрэмдээгүй дүүгийнхээ утсаа зүгээр аваад ломбарданд тавьсан. Хохирогч Энхмэндийн  ээж Алтан гэж хүн надад дургүй, урьд нь надаас мөнгө зээлсэн байсан тэгээд маргалдсан. Сүхбаатар дүүрэг дээр нэг хэрэг байгаа тэгээд намаг байцаасан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “...Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх–ийн 8-12-р хуудас, Хохирогч Ё.Уртбаярын мэдүүлэг хх-ийн 21 дүгээр хуудас, гэрч Ё.Одончимэгийн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас, гэрч Б.Баатарын мэдүүлэг / хх-ийн 28-р хуудас, Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 33-34-р хуудас/, яллагдагч Г.Зын мэдүүлэг / хх-ийн 52-54-р хуудас/, насанд хүрээгүй хохирогч Ү.Энхмэндийн мэдүүлэг /хх-ийн 91-р хуудас/,Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 179-р хуудас/, гэрч Ё.Одончимэгийн мэдүүлэг /хх-ийн 95-р хуудас/, яллагдагч Г.Зын мэдүүлэг / хх-ийн 99-100-р хуудас/,  хохирогч М.Энхболдын мэдүүлэг /хх-ийн 117-р хуудас/, Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 176-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Н.Хэнмэдэхүүгийн мэдүүлэг /хх-ийн 120-р хуудас, иргэний нэхэмжлэгч Б.Уламбаярын мэдүүлэг /хх-ийн 122-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Ч.Доржсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 123-р хуудас/, гэрч Э.Монголхүүгийн мэдүүлэг /хх-ийн 125-р хуудас/, гэрч Х.Батдагвагийн мэдүүлэг /хх-ийн 126-р хуудас/, гэрч А.Энхбаатарын мэдүүлэг /хх-ийн 127-р хуудас/, яллагдагч Г.Зын мэдүүлэг / хх-ийн 128-р хуудас/ зэрэг дугаар хуудсанд авагдсан нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баярмаагаас: “...Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 33-34-р хуудас/, Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 176, 179-р хуудас/, насанд хүрээгүй хохирогч Ү.Энхмэндийн мэдүүлэг /хх-ийн 91-р хуудас/,хуудсанд авагдсан нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.З: Тусгайлан шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэснийг тогтоолд дурдав.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-56/, ял шийтгэгдэн эсэхийг шалгах хуудас /хх-57/, урьд ял шийтгэгдэн шийтгэх тогтоол, магадлал,ялаас өршөөн хаах тухай шүүгчийн захирамжийн хуулбарууд /хх-60-72, 143-146/, Цагдаагийн байгууллагын нэгдсэн мэдээллийн цахим сангийн лавлагаа /хх-73-81/,

Шүүхээс шүүгдэгч Г.Зд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

НЭГ: Гэм буруугийн талаар.

           Шүүгдэгч Г.З нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн 29 дүгээр гудамжны 362 тоотод байх иргэн Ё.Уртбаярын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, төслийн “Дөл” зуух хулгайлан 60.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Энхболдын эзэмшлийн молдок 2 ширхэг, дрилл, тасдагч, уртасгагч зэрэг эд зүйлсийг зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 528.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 32 дугаар байрны 00 тоотод насанд хүрээгүй хохирогч Ү.Энхмэндэд хүч хэрэглэн довтолж Айфон 5 Эс загварын гар утсыг нь дээрэмдэн авч 174.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь,

хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-12/,

хохирогч Ё.Уртбаярын “...2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хашаа байшингаа шалгахаар очтол монгол гэрийн яндан нь доошоо болж далийсан байдалтай байхаар нь монгол гэр лүү орж үзэх гэтэл монгол гэрийн хаалганы цоожийг эвдээд дотор нь байсан төслийн “Дөл” зуух алдагдсан байсан. Уг зуухан дээр 34202610 код тоог цохиж шивсэн байдаг...” гэх мэдүүлэг /хх-21/,

гэрч Ё.Одончимэгийн “...Г.З нь манай дүү Ё.Уртбаярын гэр эзэнгүй байгааг мэддэг байсан, уг гэрт нь алдагдсан зуух байдгийг мэднэ. Монгол гэр чинь дулаахан, хоёулаа тэр зуухыг гэрт тавиад гал түлээд байя, чи ингэж байр түрээслэж байхаар нүүрс.... байвал хямд гэж ярьдаг байсан.Тэгээд л тэр зуухыг хүн авчихгүй байгаа, зүгээр байгаа гэж байнга ярьдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-26/,

гэрч Б.Баатарын “...2018 оны 02 дугаар сарын эхээр, цагаан сарын өмнө нарантуул 1 худалдааны төв дээр Мангасын амны ойролцоо явж байхад 30 орчим насны залуу ирээд намайг төслийн зуух авах уу гээд, надад 60.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-28/

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-33-34/,

шүүгдэгч Г.Зын яллагдагчаар мэдүүлсэн “...2018 оны 02 дугаар

сарын 08-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 10-р хороо Дэнжийн 29-362 тоот хаяг руу очсон, ямар учиртай очсон юм бэ? гэвэл надад мөнгө байхгүй болохоор хадам ээжийн монгол гэрийн зуухыг нь аваад барьцаанд тавьж мөнгөтэй болъё гэсэн зорилготой очсон юм.Хашаан дотор байсан дэгээ төмрийг аваад цоожны цүүний голоор хийж байгаад  хөшөөд татсан чинь хаалганых нь цүү нь сэтэрч хаалга онгойсон. Би гэр дотор ороод янданг нь өргөж газар тавиад  Дөл зуухаа ганцаараа өргөөд аваад гарсан. Тэгээд шууд нарантуул 1 худалдааны төвийн зүүн талд байдаг контейнэрийн ойролцоо очоод нэг үл таних хүнд 60.000 төгрөгний барьцаанд тавьсан. Би 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Одончимэгтэй хамт амьдардаг байсан, гэрлүүгээ ороод хадам дүүгийхээ Айфон 5 Эс загварын гар утсыг нь авчихсан юм, тэгтэл намайг дээрэмдсэн гэж өргөдөл өгсөн байсан, би гар утсыг нь хулгайлж гарсан юм. Харин тэр өдөртөө хамт ажилладаг байсан ах нараасаа молдок, тасдагч, цохилттой өрөм зэргийг нь ажилд хэрэглэчихээд өгье гэж гуйж аваад, багаж засдаг газарт 60.000 төгрөгний барьцаанд тавьчихсан”.. гэх мэдүүлэг /хх-52-54/,

насанд хүрээгүй хохирогч Ү.Энхмэндийн “...2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10-р хороо 100 айлд би өөрийн хамаатны эгч болох Одончимэгийн гурван хүүхдийг харж байсан юм. Тэгтэл манай эгчийн хуучин нөхөр болох З- гэх ах орж ирээд миний цэнэглэж байсан гар утсыг авах гэсэн тэгэхээр нь би та боль гэж хэлтэл намайг цохиод уг гар утсыг булаагаад аваад явсан юм...” гэх мэдүүлэг /хх-91/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-179/,

гэрч Ё.Одончимэгийн “...Би ажил дээрээ байж байтал манай охин 6 настай Үүрийнцолмон над руу гар утсаар залгаад аав ирсэн Энхмэнд ахын гар утсыг зодож байгаад авчихлаа би утсаа нуугаад 00 орж ирээд ярьж байна гэж хэлсэн тэгэхээр нь лангуугаа хаагаад гэртээ иртэл Энхмэнд хоёр хацар нь улаа бутарсан, уйлсан, гэрийн хаалга эвдэрсэн манай охин сандарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-95/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Г.Зын “...Шкафан дээр Энхмэнд өөрийнхөө хар өнгийн Айфон 5 загварын гар утсаа цэнэглээд үлдээсэн байхаар нь би утсыг нь аваад кармандаа хийгээд гараад гүйгээд явсан...” гэх мэдүүлэг /хх-99-100/,

хохирогч М.Энхболдын “...2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр надтай хамт ажилладаг Монголхүү над руу залгаад З- багаж түрээслээч гэж ярьж байна гэхээр нь би таньдаг бол өгчих гэж хэлсэн тэгээд Жобигийн гадна талбай дээрээс Монголхүүгээс цохилттой дрилл, жижиг молдокыг 14:00-15:00 цагийн хооронд аваад явсан. Тэгээд тэр оройноо 19:00 цагийн үед З- өөрөө залгаад “тасдагч өгөөч хэрэг болоод байна” гэж ярихаар нь ажиллаж байсан газар буюу онцгой байдлын газар дээрээс ирж авсан. Тэгээд орой дахиж 22:30-23:00 цагийн хооронд дахиж залгаад молдок, уртасгагчаа өгчих гэхээр нь би уртасгагч, молдокыг Жобигийн урдаас аваад явсан. 1 өдөр 3 удаа ирж багажнууд авсан...” гэх мэдүүлэг /хх-117/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-176/,

иргэний нэхэмжлэгч И.Хэнмэдэхүүгийн “...Адилаа гэдэг залуу манай гэрт 100 айл дээр грушиг хийдэг залуутай цуг 2018 оны 03 дугаар сарын эхээр ирсэн. Адилаатай хамт явж байсан залуу нь 2810 дугаартай молдок, 2826 дугаартай цохилттой дрилл барьж ирээд зарна гэхээр нь би 2826 дугаартай цохилттой дриллийг нь 20.000 төгрөгөөр худалдан авсан. Тэгээд тэр орой нь цохилттой дрилл зарсан залуу ганцаараа 9180 дугаартай тасдагч барьж ирэхээр нь би авахгүй гээд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-120/,

иргэний нэхэмжлэгч Б.Уламбаярын “...3 сард байсан орой барилгын материалаасаа гараад Увс нуур  дэлгүүрт цай уугаад сууж байхад гаднаас 20 гарч яваа залуу орж ирээд энийг авчихаач гэж гуйгаад байхаар нь улаан өнгийн Кен үйлдвэрийн тасдагчийг 15.000 төгрөгөөр авсан...” гэх мэдүүлэг /хх-122/,

иргэний нэхэмжлэгч Ч.Доржсүрэнгийн “...Би сар өдрөө санахгүй байна, бид нар хүн хүлээгээд сууж байхад 00:00 цагийн орчим гаднаас нэг залуу орж ирээд “тасдагч авах уу” гэхэд нь манай найз Бор Кенийн улаан өнгийн тасдагчийг нь 15.000, ногоон өнгөтэй молдок, шар өнгөтэй уртасгагч залгуурыг нь би 40.000 төгрөгөөр худалдан авсан...” гэх мэдүүлэг /хх-123/,

гэрч Э.Монголхүүгийн “...2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 16:00 цагийн үед над дээр Золоо гэж залуу ирээд надаас “дрилл, молдок хоёроо өгөөч ажил хийчээд өгье” гэж хэлэхээр нь найз Энхболдоос асуухад “өгөө” гэхээр нь Золоод өгөөд явуулсан. Тэгээд орой нь бид нар Онцгой байдлын ерөнхий газарт хаалга гаргах ажилтай байхад Золоо дахиж ирээд тасдагч хэрэгтэй байна гээд Энхболдоос тасдагч орой 21:00 цаг өнгөрч байхад ирээд аваад явсан. Тэгээд тэр орой ажилаа дуусаад Жоби дэлгүүрийн үүдэнд хүмүүстэй зогсож байхад Золоо дахиж ирээд молдок, уртасгагч хоёр хэрэг боллоо гэж хэлээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-125/,

гэрч П.Батдагвын “...Би сар өдрийг нь сайн санахгүй байна. 112-р сургууль орчмоос хоёр хүн гар өргөөд суусан тэгээд 100 айл орж хүмүүстэй уулзаад молдок, уртасгагч утас зэргийг машины багаажинд хийсэн. Тэгээд буцаж явахдаа молдокыг нь замдаа Иргэний бүртгэл мэдээллийн төвийн эсрэг талын склад руу “энд ажил хийнэ, үлдээнэ” гээд оруулж өгөөд гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-126/,

гэрч А.Энхбаатарын “...Би сар өдрөө сайн санахгүй байна. Би зуун айлд явж байхад Жобигийн хажуугаас хоёр хүн гар өргөөд суусан. Тэгээд машинд суугаад 100 айлын тэнд хүнтэй уулзаад Хүүхдийн зуугийн тийшээ гал унтраах анги руу явсан. Тэнд очоод нүүрэндээ сорвитой хүн нь машинаас буугаад тэр гал унтраах газар луу орчоод гарч ирэхдээ том улаан өнгийн тасдагч барьцан гарч ирсэн. Тэгээд буцаад 100 айл иргэний бүртгэлийн төвийн харалдаа гудамжаар ороод дотроо чулуу зүсдэг юм шиг склад байх шиг байсан тэр лүү нөгөө нүүрэндээ сорвитой залуу ороод  тасдагчаа үлдээгээд гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-127/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Г.Зын “....Би эхлээд 100 айл Жоби төвийн гаднаас Монголоо ахаас хитачи цохилттой өрмийг аваад багаж засдаг өвгөнийд хоёр багажаа 60.000 төгрөгөөр өгсөн. Дараа нь Энхболд ахаас Онцгой байдлын газрын тэндээс нэг ширхэг том молдок, уртасгагч

авчихаарай гэж хэлэхээр нь очиж аваад хавтан зардаг газарт бүх багажаа 60.000 төгрөгөөр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-128/ зэрэг хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулж,

Г.Зын “бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

“бусдын эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар,

“бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Заас 274.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ё.Уртбаярт 60.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Алтанцэцэгт 174.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Доржсүрэнд 40.000 төгрөгийг тус тус гаргуулан олгох нь зүйтэй байна.

ХОЁР: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Улсын яллагчаас: “…Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар  2 жилийн хорих ял оногдуулах, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил,  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 1 жилийн хорих ял , нийт 5 жилийн ял оногдуулах уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2  дугаар зүйлийн … дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх …” гэсэн саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “…Нэгэнт хулгай болон дээрмийн хэргүүд нь шүүхээр тогтоогдсон учраас ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1.1–т  заасан 6 сараас 3 жилийн хорих ялыг 1 жил тэнсэх ял оногдуулж өгнө үү, мөн хуулийн 17.2 2 дахь хэсэгт хохирлыг бүрэн барагдуулаагүй учраас ялыг оногдуулах саналыг дэмжиж байна …” гэсэн хүсэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгч Г.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд 2 удаагийн ял шийтгэл эдэлж байсан зэрэг хувийн байдалд дүгнэлт хийж шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэл оногдуулах саналыг хүлээн авах боломжгүйг дурдаж, улсын яллагчийн гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн нийт 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Г.Зд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

ГУРАВ: Бусад асуудлаар.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй,

Шүүгдэгч Г.З нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Зын цагдан хоригдсон 172 хоногийг эдлэх ялд оруулан тооцохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хүрэлэгийнхэн овогт Ганхуягийн З-ыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан,

-бусдын эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан,

 

-бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Г.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Г.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Зын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Заас 274.000 /хоёр зуун далан дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Ё.Уртбаярт 60.000 /жаран мянга/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Алтанцэцэгт 174.000 /нэг зуун далан дөрвөн мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Доржсүрэнд 40.000 /дөчин мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Зын цагдан хоригдсон 172 /нэг зуун далан хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч Г.Зд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Зд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Х.ИДЭР