Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 1100

 

Г.З-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:         

          прокурор Э.Бадрал,

          шүүгдэгч Г.З-ын өмгөөлөгч Г.Баярмаа,

          нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,        

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 668 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.З-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1811 0051 20152 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Х.Г-ийн З, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ............................ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..................../;

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 3/40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 515 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 365-Ө дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан түүний эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 19 хоногийн хорих ялыг өршөөн хассан;

Г.З- нь 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 29 дүгээр гудамжны 362 тоотод байрлах иргэн Ё.У-ын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, төслийн “Дөл” зуух хулгайлан 60.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт, иргэн М.Э-ын эзэмшлийн молдок 2 ширхэг, дрилл, тасдагч, уртасгагч зэрэг эд зүйлсийг зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч, 528.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 32 дугаар байрны 00 тоотод насанд хүрээгүй хохирогч Ү.Э-д хүч хэрэглэн довтолж “Iphone 5S” загварын гар утсыг нь дээрэмдэн авч, 174.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.З-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.З-ыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан,

бусдын эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан,

бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Г.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Г.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З-ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З-аас 274.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ё.У-т 60.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А-т 174.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Д-д 40.000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.З-ын цагдан хоригдсон 172 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.З гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие өөрт холбогдох эрүүгийн хэргүүдийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нартай сайн дураараа эвлэрч, хийсэн хэрэгтээ харамсаж байгаа тул дээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.З-ын өмгөөлөгч Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж  өгнө үү. ...” гэв.

Прокурор Э.Бадрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл байх хуулийн шаардлагыг хангаж гарсан байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Г.З- нь 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 29 дүгээр гудамжны 362 тоотод байрлах иргэн Ё.У-ын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, төслийн “Дөл” зуух хулгайлан 60.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Э-ын эзэмшлийн молдок 2 ширхэг, дрилл, тасдагч, уртасгагч зэрэг эд зүйлсийг зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч, 528.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 32 дугаар байрны 00 тоотод насанд хүрээгүй хохирогч Ү.Э-д хүч хэрэглэн довтолж “Iphone 5S” загварын гар утсыг нь дээрэмдэн авч, 174.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Ё.У /1-р хх-19-22/, М.Э/1-р хх-115-118/, насанд хүрээгүй хохирогч Ү.Э /1-р хх-89-91/, гэрч Ё.О /1-р хх-25-26, 94-95/, Б.Б /1-р хх-28/, Э.М /1-р хх-125/, П.Б /1-р хх-126/, иргэний нэхэмжлэгч И.Х /1-р хх-119-120/, Б.У /1-р хх-121-122/, Ч.Д /1-р хх-123-124/ нарын мэдүүлгүүд,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-8-10, 11-12/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-31-34, 175-178, 179-181/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-109, 111, 113/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-110-114/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.З-ыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан, бусдын эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирчээ.

Шүүгдэгч Г.З нь “... хохирогч нартай сайн дураараа эвлэрсэн, хохирлыг төлж барагдуулсан байх тул анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, шүүгдэгч Г.З- нь “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч Ё.У-д 60.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Ү.Э-д 174.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Д-д 40.000 төгрөгийн хохирол тус тус учруулжээ.

Харин, шүүгдэгч Г.З- нь хохирогч нарт учирсан хохирлыг биет байдлаар буцаан өгсөн, эсхүл мөнгөн хэлбэрээр нөхөн төлсөн гэх баримт хавтас хэрэгт авагдаагүй байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Иймд шүүгдэгч Г.З-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 668 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.З-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                                                      

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧ                                                   Л.ДАРЬСҮРЭН

                                ШҮҮГЧ                                                   Ш.БАТ-ЭРДЭНЭ