Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/42

 

 

 

 

                               Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ, Ц.Зоригт нарт

                холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор В.Төгсбаяр /цахимаар/,

Шүүгдэгч Д.Хурц-Эрдэнэ /цахимаар/,

Нарийн бичгийн дарга: А.Ариунаа нар оролцов.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/209 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ, Ц.Зоригт нарт  холбогдох 1829002350160 дугаартай эрүүгийн хэргийг ялтан Д.Хурц-Эрдэнийн давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн  танилцуулснаар хянан хэлэлцэв.

Ялтан Д.Хурц-Эрдэнэ нь 2э миний бие 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр  дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүхийн  дугаартай шийтгэх тогтоолоор шийтгэгдэж улмаар  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн хорих байранд цагдан хоригдож байхдаа шүүхийн шийтгэх тогтоолоо  өдөр гардаж аваад, шийтгэх тогтоолд гомдол гаргах 14 хоногийн хугацаанд  хооронд төлбөрийн чадваргүйн улмаас авсан улсын өмгөөлөгч Э.Дөлгөөнтэй цахимаар болон биечлэн уулзаж хууль эрх зүйн туслалцаа авч чадалгүй, шийтгэх тогтоолд гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн тул хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж шийтгэх тогтоолд гомдол гаргах эрхийг сэргээж өгнө үү” гэсэн хүсэлтийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Өмнөговь аймгийн сум дахь Сум дундын шүүх: Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ, Ц.Зоригт нарт холбогдох эрүүгийн  дугаартай хэрэгт хоригдол Д.Хурц-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Ялтан Д.Хурц-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хаалттай хорих ангийн миний бие Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн  дугаартай захирамжид дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор шийтгэгдэж, улмаар шийтгэх тогтоолоо 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гардаж аваад шийтгэх тогтоолд гомдол гаргах 14 хоногийн хугацаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа, зөвлөгөө авч чадаагүйн улмаас гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн бөгөөд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа аваагүй талаарх нотлох баримтыг хавсарган шийтгэх тогтоолд гомдол гаргах эрхээ сэргээлгэх хүсэлт Сум дундын шүүхэд гаргасан боловч хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Миний шүүхэд  гаргасан нотлох баримт тухайн цаг хугацаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаг авч чадаагүйг нотолж байгаа бөгөөд хүсэлт гаргасан миний бие өмгөөлөгч яагаад үйлчлүүлэгчтэйгээ уулзаагүй, хууль зүйн туслалцааг тодорхой цаг хугацаанд нь өгөөгүйг нотлох боломжгүй юм. Учир нь тухайн цаг хугацаанд Д.Хурц-Эрдэнэ миний бие Ханбогд сум дахь ШШГХ-ийн цагдан хорих байранд цагдан хоригдож байсан бөгөөд тухайн хязгаарлагдмал нөхцөлд өмгөөлөгчөө дуудах боломж, ямар нэгэн байдлаар холбоо тогтоох боломжгүй байсан билээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1-д заасан яллагдагч өмгөөлөгчтэй ганцаарчлан  уулзах, амаар эсхүл бичгээр чөлөөтэй харилцах эрхтэй гэж заасан бөгөөд энэ эрхээ эдэлж чадаагүйгээс гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн бөгөөд энэ үндэслэлээ нотлох үүрэггүй, боломжгүй юм.

Иймд Сум дундын шүүхийн  дугаартай шийтгэх тогтоолд гомдол гаргах хуулийн хугацааг сэргээж өгнө үү. Өмгөөлөгчтэй уулзаагүй талаарх нотлох баримт шүүхэд гаргасан хүсэлтэд хавсаргасан болно” гэжээ.

Прокурор В.Төгсбаярын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Давж заалдах гомдолдоо цагдан хорих байранд өмгөөлөгчтэйгөө уулзах боломжгүй байгаад давж заалдах гомдол гаргах эрхээ эдэлж чадаагүй гэдэг үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Гэтэл цагдан хорих байранд хоригдож байгаа хүнийг өмгөөлөгчтэйгөө уулзъя гээд бичгээр болон амаар хүсэлтээ гаргасан тохиолдолд цагдан хорих байрнаас тухайн өмгөөлөгчтэй нь холбож өгдөг. Тэгээд ч хоригдож байгаа хүнийг өмгөөлөгчтэй нь уулзуулахгүй гэж эрхийг нь хязгаарладаг зүйл байхгүй. Тэгэхээр энэ хүний өмгөөлөгчтэйгөө уулзаж чадаагүй, эрхээ эдэлж чадаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Миний бие Ханбогд сумын цагдан хорих байрны үйл ажиллагаатай танилцаж, цагдан хоригдож байгаа хүмүүстэй биечлэн уулздаг. Тэгээд уулзаж байхад Д.Хурц-Эрдэнэ өөрөө би давж заалдах гомдол гаргахгүй. Та битгий эсэргүүцэл бичээрэй би гуйж байна. Би хурдан хорих анги руугаа ачигдмаар байна гэж хэлж байсан. Тиймээс өнөөдөр өмгөөлөгчтэйгөө уулзаж чадахгүй учраас эрхээ эдэлж давж заалдах гомдол гаргаж чадаагүй гэх гомдол нь ямар ч үндэслэлгүй. 14 хоногийн хугацаанд би Д.Хурц-Эрдэнэтэй хоёр удаа уулзахад та битгий эсэргүүцэл бичээрэй гэж гуйж гуйчхаад одоо болсон чинь өмгөөлөгчтэйгөө уулзах боломжгүй, эрхээрээ хангагдаж чадаагүй гээд үндэслэлгүй зүйл яриад давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй учир давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Ялтан Д.Хурц-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаан дээр “Давж заалдах гомдол дээрээ нэмж хэлэх тайлбар байхгүй. Прокурорын ярьж байгаа зүйл нь үнэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар ялтан Д. Хурц-Эрдэнийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бичсэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгчийн захирамжид “...шийтгэх тогтоолыг ялтан Д.Хурц-Эрдэнэд 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гардуулан өгсөн, түүний өмгөөлөгч Э.Дөлгөөнд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Монгол шуудангаар хүргүүлсэн болох нь шийтгэх тогтоол гардуулсан, танилцуулсан баримтаар тогтоогдож байна.”, “...хоригдол Д.Хурц-Эрдэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 5-т ”...хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай болохыг хүсэлт гаргасан хүн өөрөө нотолно” гэсэн үүргээ биелүүлээгүй.”, “...Д.Хурц-Эрдэнийн гаргасан өмгөөлөгчтэйгөө цахим болон биечлэн уулзаж хууль зүйн туслалцаа авч чадаагүй гэх шалтгаан нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй болно.” гэсэн дүгнэлтүүд нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.” гэж зааснаас үзэхэд давж заалдах гомдол гаргах эрх нь шүүгдэгчид өөрт нь ч бас байсан байна гэж үзэхээр байна.

Ялтан Д.Хурц-Эрдэнэ нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хэтрүүлсэн гэдгээ нотлох үүргээ биелүүлээгүй тул түүний хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ялтан Д.Хурц-Эрдэнийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн -ны өдрийн  дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

         ШҮҮГЧИД                                        Х.ГЭРЭЛМАА

                                                                  Л.НЯМДОРЖ