Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 24

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ТТ” ХХК-ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Э даргалж, шүүгч Б.А, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 133/ШШ2020/00412 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу 38/2 тоотод оршин суух, “ТТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 7-5 тоотод оршин суух, Б овогтой Ч.М-д холбогдох,

Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээний төлбөрт 42.495.000 төгрөг, алданги 21.247.500 төгрөг, нийт 63.742.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Ч.М-тай “Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ” байгуулсан болно. Гэрээ ёсоор хариуцагч нь нийтдээ 42.495.000 /дөчин хоёр сая дөрвөн зуун ерөн таван мянга/ төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн сар бүр 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр хуваан төлж,төлбөрийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны дотор бүрэн барагдуулах ёстой байсан боловч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ямар ч төлбөр хийгээгүй байна. “Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ”-ийн 2.2-р зүйлд заасны дагуу хариуцагч Ч.М төлбөрийг хугацаанд нь төлөхгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй мөнгөн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг үндсэн төлбөр дээр нэмж төлөхөөр тохирсон байна. Алдангийг тооцож үзэхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 32.182.500 /гучин хоёр сая нэг зуун наян хоёр мянга таван зуу/ төгрөг болж байна. Хариуцагч Ч.М нь “Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ”-ний төлбөрөө төлөхгүй байгаа тул үлдэгдэл төлбөрийг алдангийн хамтаар гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ТТ” ХХК нь оёдлын үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй жилийн түүхтэй байгууллага байгаа. Засгийн газрын сурагчийн дүрэмт хувцас гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улсын хэмжээнд 8 компани сурагчийн дүрэмт хувцас оёх эрх авсны нэг нь манай компани байдаг. Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны гаргасан хуваарийн дагуу манайх оёж үйлдвэрлэсэн дүрэмт хувцсаа Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймаг, Улаанбаатар хотын 2 дүүрэгт худалдаж борлуулах эрх авсан байсан. Энэ ажлын хүрээнд 2014 оны 08 дугаар сард манай компаний бие төлөөлөгч нь Говь-Алтай аймагт ирээд сурагчийн дүрэмт хувцас борлуулах асуудлыг зохион байгуулж ирсэн. Манай компаниас Ч.М-тай уулзаад Ч.М нь сурагчийн дүрэмт хувцсыг Говь-Алтай аймгийн хэмжээнд зарж борлуулах түүнээсээ хувь авах асуудлыг ярьж тохирсон байдаг. Үүний дараа тооцоо нийлэхэд 57.098.175 төгрөгийн дутагдал гарсан гэдгийг Ч.М 2017 оны 10 дугаар сард хэлдэг. Үүнээс хойш энэ төлбөрийг хэрхэн барагдуулах талаар 3 удаагийн уулзалт хийсэн. Тэгээд бараа материалыг ашигласан хэлбэрийн үйлдэл байж магадгүй гээд Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан. Энэ гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээх эсэх асуудал яригдаж байгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээх шаардлагагүй энэ иргэний асуудал гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Ч.М-тай “Сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээ” байгуулсан. Үүн дээр өмнө яригдаж байсан 57.098.175 төгрөг нь тооцоо нийлсний үндсэн дээр 42.495.000 төгрөг болж буурсан байдаг. Гэрээ ёсоор хариуцагч нь нийтдээ 42.495.000 /дөчин хоёр сая дөрвөн зуун ерөн таван мянга/ төгрөгийг гэрээнд заасан графикийн дагуу цувуулж төлөөд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны дотор бүрэн барагдуулах ёстой байсан. Тухайн гэрээ байгуулдаг өдөр 495.000 төгрөгийг төлсөн. Тэгэхээр Ч.М-гаас нэхэмжилж байгаа мөнгөн дүн нь 42 сая төгрөг болж байна. Үндсэн нэхэмжилж байгаа мөнгөнөөс 495.000 төгрөгийг татгалзана. Энэ гэрээний 2.1-д заасан графикийн дагуу төлбөрийг төлөхгүй бол хоцроосон хоног тутамд төлөөгүй мөнгөн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг үндсэн төлбөр дээр нэмж төлөхөөр тохирсон байна. 495.000 төгрөг төлснөөс хойш дахиж төлбөр хийгээгүй. 2 сая төгрөг хийсэн гэж байгаа боловч нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгч хариуцагч нар татгалзлаа нотлох үүрэгтэй. Хэрэв төлсөн баримтаа авч ирсэн бол тэр мөнгийг нь хасаад тооцох боломжтой байсан. Гэтэл Ч.М ямар нэгэн баримт авч ирж өгөөгүй, манай захирал, нягтлан бодогч хоёр төлбөр хийсэн талаар хэлээгүй учир миний тухайд төлбөр төлөгдөөгүй гэж үзэж байна. Хэрэв 45 сая төгрөг дээр эвлэрсэн тохиолдолд бид гэрээний 2.5-д заасан зүйлүүдийг авахгүй байсан. Нэгэнт эвлэрээгүй учир 2.5-д заасан төлбөрүүдийг дахиж тусд нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргах эсэхийг дараа нь шийдвэрлэнэ. Үүнд: Хэрэв энэ төлбөрийн асуудал шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдолд Ч.М нь төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Говь-Алтай аймагт ирж, буцах замын зардлыг төлнө, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зочид буудлын зардал, хоолны зардал, нэхэмжлэлтэй холбоотой гарсан нотариатын зардал, улсын тэмдэгтийн хураамжийг төлөх, төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн урамшууллыг нэмж төлнө гэж заасан байгаа. Би “ТТ” ХХК-тай хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа учир урамшууллын асуудал жич яригдах байх. Эдгээр зүйлүүдийг нэмж нэхэмжлэх ёстой. Гэхдээ бид үүнийг нэхэмжлэхгүй. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээний дагуу хариуцагч Ч.М нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас гэрээний үндсэн төлбөр 42 сая төгрөг, гэрээний 2.2-т заасны дагуу алданги үндсэн төлбөрийн тавь хувь, нийт 63 сая төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 495.000 төгрөг, алданги 247.500 нийт 742.500 төгрөгийг авахаас татгалзаж байна. Бид нар 6 жилийн дараа уулзаж байна. Хэрэв тэр байцаагч тэгээд байсан бол өмгөөлөгчөө аваад явах боломж байсан. Мөн цагдаагийн дарамтад байж мэдүүлэг өгсөн асуудал өнөөдрийн нэхэмжлэлтэй ямар ч хамааралгүй асуудал. Манайхаас хоёр тал тохиролцоод гэрээ байгуулсан. Үүн дээр төлбөр төлөөгүй учир манайх төлбөрөө нэхэмжилж байна. 2 сая төгрөгийн асуудал нотлогдвол бид нар 3 сая төгрөгийг хасах боломжтой. Учир нь үндсэн төлбөрөөс 2 сая төгрөг хасагдахаар алданги 1 сая төгрөг хасагдана. Шүүх хуралдаанаас хойш 2 сая төгрөг шилжүүлсэн гэдгээ нотолж чадвал бид тэр мөнгийг хасах боломжтой. Ч.М-тай тохиролцсон, гэхдээ бичгээр албан ёсны гэрээ хийгдээгүй. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан гол үндэслэл нь албан ёсоор ямар нэгэн гэрээ байгуулаагүй байсан. Ч.М “ТТ” ХХК-аас бараа материал хүлээж авсан. Тэрний төлөө тодорхой шагнал урамшуулал авч байсан гэдэг нь шалгалтын явцад тогтоогдоод үр дүнд нь энэхүү төлбөр барагдуулах гэрээ байгуулагдаж байсан гэжээ.

 

Хариуцагч Ч.М нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч овогтой М миний бие нь ТТ ХХК-ийн надаас нэхэмжилж байгаа 63.742.500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ хүнтэй гэрээ хийсэн, энэ хүний ярьж байгаа үнэн. Цагдаагийн газар байцаалт өгч байхад мэдэхгүй зүйлээ худлаа мэдүүлж, байнгын дарамтад байсан. Хоёр өмгөөлөгч авсан байхад тэрийг болиулаад байнга ажлын бус цагаар дуудаж дарамталсан. Чи ингэсэн байна гэж хэлээд над руу юм шидсэн. Би 2014 оны 08 дугаар сарын 24-нд хүний лангуу түрээсэлдэг байсан. Тэгэхэд эзэн нь орж ирээд би эндээ ийм юм оруулах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд боловсролын хүмүүс орж ирнэ барааг хүлээгээд аваадах гэсэн. Тэгээд би барааг хүлээж авсан. Би яаж зарах талаар мэдэхгүй байсан. Маргааш өглөө нь ирж гэрээ хийнэ гэж хэлсэн боловч өглөө ирэхгүй байхаар нь утастахад гараад явж байна. Хотод очоод хүн явуулна чи зарж бай гэж хэлсэн. Тэгээд манай найз авахаа больсон чи зарчих гэж хэлсэн. Би өөрийн хүслээр барааг аваагүй. Манай найз хажууд байсан. 120 сая төгрөгийн хувцас байсан. 2017 онд үлдэгдэл бүх хувцсаа буцаасан. Өгсөн хувцсан дээр нь сумуудын буцаалт ирсэн. Би хувцас зарж үзээгүй. Би эдний хүн рүү залгаж асуудаг байсан. Сүүлдээ нягтлангийнх нь утас холбогдохоо больсон. Тэгэхэд нэг утас руу залгахад чи ямар төвөгтэй юм бэ гэж хэлсэн.  Тэгээд нягтлан нь над руу залгаад яагаад том захирал руу залгаад байгаа юм бэ? захирал уурлаад байна гэж хэлж байсан. Ийм зүйл болж өнгөрсөн. Ноднин цагдаа дээр мэдүүлэг өгөхөд маш их дарамт шахалтад байнга шөнийн цагаар дуудуулдаг байсан. Би хоол унд иддэггүй, гэргүй хүн шиг байсан. 8 жилийн ялтай гэж хэлээд, юм аваад шиддэг байсан. Хүрч ирээд цохиж авчих гээд байдаг байсан. Сүүлд өрөө рүү нь ороход хүртэл айдастай байсан. Сая шүүхэд дуудахаар нь бас л тийм зүйл болох байх гэж бодсон. Тэр нягтлан нь лангууны чинь барааг хурааж авна, гэр оронг чинь хурааж авна гэж дарамталж байсан. Ж энэ гэрээг байгуул тэгээд бүх зүйл цагаатна гэж хэлсэн. Тохиролцсон гэрээ байгуулбал бүх материал хаагдана. Тэгэхгүй бол энэ асуудал үргэлжлээд яваад байна. Чи 8 жилийн ялтай гэж хэлж байсан. Чи түр хүлээгээд авчих тэгээд О-д өгнө. Чи түр хүлээгээд авчих гэхээр нь би хүлээж авсан. О-д өгье гэхэд О авахгүй гэж хэлсэн. Тэгэхэд компаниас хүн явуулна гэсэн боловч зарж эхлээч гэж байсан учир зарж эхэлсэн, үнийн дүнг нэгтгэж өгсөн байсан. Хэдэн ширхэг хувцас хүлээж авснаа мэдэхгүй. 130.000.000 төгрөгийг данс руу нь хийсэн гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг үндэслэн хариуцагч Б овогтой Ч. М-аас сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээний төлбөрт 42.000.000 төгрөгийг  гаргуулж, “ТТ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу алданги 21.247.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нь гэрээний үндсэн төлбөрөөс 495.000 төгрөгөөс татгалзсан болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476.665 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.М-гаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 367.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ТТ” ХХК-д олгож …шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ч.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие нь 2014 оны 8 дугаар сард Г дэлгүүрт лангуу түрээслэдэг байсан. Гэтэл нэг өдөр Г дэлгүүрийн эзэн нь хоосон зайгаа түрээслэх гэж байна гээд боловсролын газрын хүмүүс ирж дүрэмт хувцас оруулж ирсэн. Г дэлгүүрийн эзэн нь чи өнөөдөртөө тоолоод аваадах гэсэн маргааш хүнд өгье гэж байсан. Гэтэл маргааш нь хүн ирээгүй учир хүлээлгэж өгсөн хүн рүү нь залгахад Баянхонгор аймаг орж байна гэсэн. Би энэ хувцаснуудыг чинь зарж чадахгүй ээ гэдгээ хэлэхэд манай том захиралтай ярь гээд нэг эрэгтэй хүнтэй ярихад ямар ч байсан бид нар зар тавьчихсан зарж байгаач тэгээд хэд хоногоос хүн явуулъя гээд таг болсон. Сүүлдээ гэрээ хэлцэлээ байгуулаач гэхээр тэгнээ гээд л юу ч байгуулаагүй. Сүүлдээ хүмүүсийнх нь утас ч холбогдохоо байсан. 2017 онд бүх хувцасыг буцаасан. Ингээд 2019 онд цагдаад надаас баахан мөнгө нэхсэн өргөдөл өгч намайг шалгуулсан. Мөрдөн байцаагч нь байнга дарамталдаг чи төл, зөвшөөр гэж дандаа ажлын бус цагаар дуудаж хэл амаараа дарамталж байсан. Аргаа бараад хоёр өмгөөлөгч автал “ТТ” ХХК-ий хуулийн зөвлөх захирлууд нь утсаар дарамталж мөрдөн байцаагч нь өмгөөлөгчөө больчих одоо энэ асуудлыг хаалаа гээд байсан учир би өмгөөлөгчөөсөө татгалзсан. Гэтэл “ТТ” ХХК-аас ирсэн хүн мөрдөн байцаагч хоёр намайг хуурч гэрээнд гарын үсэг зуруулсан байсан. “ТТ” ХХК-ий хуулийн зөвлөх гэх хүн байнга гэр бүлээр дарамталж хүүхдүүд рүү минь залгаж ээж чинь шоронд орох гэж байна танайх хаанаас мөнгө олдог уу, танайх хэдэн машин тэрэгтэй, ээж, аав чинь яаж мөнгө олдог уу гэх мэтээр байнга насанд хүрсэн хүрээгүй хүүхдүүд хүртэл дарамталж байдаг. Би яах учираа ч олохоо байгаад байгаа болно. Ингээд шүүхэд нэхэмжлэл өгсөн байсан бөгөөд би яах ч учираа ч олоогүй би төлөхгүй гэдэг бичиг хийж өгсөн. Гэтэл шүүх хурал болоод дуудахаар нь өмгөөлөгч авъя гэтэл шүүгч нь одоо өнгөрсөн гээд хурал үргэлжилээд дууссан. Миний бие шүүх хурал дээр юу болсон, ямар шийдвэр гарч байгааг ойлгоогүй хурал дууссан. Миний бие шүүх хурлын явцад удаа дараа өмгөөлөгч авъя гэдгээ хэлж байсан ч авч хэлэлцээгүй. Эцэст нь шүүхийн шийдвэрийг аваад надаас 42.495.000 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн болохыг мэдээд гомдол гаргаж байна. Мөн шүүх “ТТ” ХХК бидний хороонд худалдах худалдан авах гэрээ бий болсон гэж байгааг би ойлгохгүй байна. Учир нь би тэр дүрэмт хувцасыг “ТТ” ХХК-аас худалдаж аваагүй байхад ийм шийдвэр гаргаж байгааг ойлгохгүй байна. Мөн “ТТ” ХХК-аас надад цалин хөлс урамшуулал огт өгөөгүй билээ. Иймд “ТТ” ХХК-ий луйврын шинжтэй үйлдлийг хуулийн дагуу шийдвэрлэж иргэн миний эрх ашигийг хамгаална гэдэгт итгэж гомдол гаргаж байна гэжээ.  

 

                                             ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. 

 

Нэхэмжлэгч “ТТ” ХХК нь Ч.М-д холбогдуулан сурагчийн дүрэмт хувцасны төлбөр барагдуулах гэрээний төлбөрт 42.495.000 төгрөг, алданги 21.247.500 төгрөг, нийт 63.742.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 Хариуцагч Ч.М нь нэхэмжлэгч  “ТТ” ХХК луйврын шинжтэй үйлдэл хийж, цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулах явцад гэрээ байгуулсан тохиолдолд хэрэг бүртгэлтийн хэргийг хаана гэж, өмгөөлөгчөөс татгалзуулан байж гэрээ хүчээр байгуулсан. Тухайн байгууллагатай сайн дураар гэрээ байгуулж, тохироогүй хэмээн маргажээ.

 Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг үндэслэн хариуцагчаас 63.742.500 төгрөгийг гаргуулж шийдвэрлэжээ

Энэ тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан эрх зүйн харилцааг тухайн гэрээгээр тодорхойлон, уг гэрээний дагуу хариуцагчид үүрэг хүлээлгэсэн нь учир дутагдалтай байна. Маргааны үйл баримтыг талууд хуульд заасан арга  хэрэгслээр тогтоосны үндсэн дээр үйл баримтад үндэслэлтэй эрх зүйн дүгнэлт хийж шүүх маргааныг шийдвэрлэх боломжтой байна. Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгч авах хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх үзэж, шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 133/ШШ2020/00412 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370.425 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.Э

                          ШҮҮГЧИД                                Б.А

                             Ш.Б