Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 209

 

            Н.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж, В.Энхболд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хадбаатар, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 306 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 4 дүгээр магадлалтай, Н.Бд холбогдох 201722000247 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Содномдорж, В.Энхболд нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 7-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Н.Б нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Бийг хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 81 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бээс 13.617.158 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хт олгуулах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан 12.266.159 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Н.Бийн хамтран өмчлөлийн Y-170500082 дугаартай хувийн сууцны үл хөдлөх эд хөрөнгийг хохиролд тооцуулахаар Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б болон түүний өмгөөлөгч В.Энхболд, Д.Содномдорж нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Б гаргасан гомдолдоо: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад миний өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгаагүй. Талийгаач бид хоёрын Галт сумын Засаг даргын тамгын газрын жорлонгийн хажууд зогсож байсан газрыг тодорхой мэдүүлсэн боловч талийгаачийн хий гишгэж унасан нүхийг мөрдөн байцаагч орхигдуулсан. Хэрэв миний мэдүүлгийг газар дээр нь шалгавал тэр нүх рүү хий гишгэж унахад ямар хурдаар унах, ямар гэмтэл үүсч болох талаар тодорхой болно. Би талийгаачийг нэг ч цохиогүй, нэг ч гар хүрээгүй байхад тархинд яагаад гэмтэл үүсэв гэдгийг тогтоох хэрэгтэй.

Улсын яллагч П.Итгэл анхан шатны шүүх хурал дээр “Билэгдэмбэрэл нь талийгаачийг цохиж ухаан алдуулж хэсэг чадваргүй болгоод тэр үед өөрөө алга болчихоод хэсэг байж байгаад гарч ирсэн байх магадлалтай” гэж ямар нэг нотлох баримтгүй өөрийн сэжиглэл, таамаглалыг үндэслэн намайг ялласан.

Шүүх эмнэлгийн шинжээчийн 3 дүгнэлт гарсан. Үүнээс эхний дүгнэлт буюу 68 тоот шинжээчийн дүгнэлтэд “Талийгаачийн үхлийн шалтгаан бол зүрхний архаг цус хомсрох өвчин, нүүрэндээ хөнгөн гэмтэлтэй” гэж гарсан. Дараах дүгнэлт буюу 906 тоот шинжээчийн дүгнэлтэд “Талийгаачийн үхлийн шалтгаан нь тархины гэмтэл, хүзүүний сэртэнгийн хугарал, нүүрний гэмтэл зэрэг нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ” гэж гарсан. Гурав дахь дүгнэлт буюу 125 тоот шинжээчийн дүгнэлтэд “Талийгаачийн үхлийн шалтгаан нь тархины гэмтэл. Уг гэмтэл нь цохих, цохигдох, унах аль ч үед үүсэх боломжтой. Хүзүүний сэртэнгийн хугарал бол хуучин хугарал” гэж гарсан. Талийгаачийн нүүрний гэмтэл бол уналтаас авсан зулгаралт, хүзүүний сэртэнгийн хугарал хуучин гэсэн боловч яг хэзээ, ямар шалтгаанаар хугарсан, сэртэн хугарах үед тархинд гэмтэл үүссэн эсэх нь тодорхой бус байсан.

Хохирогч Д.Х нь гэрч Ж.Өлзийбаатарыг хорьж шалгуулах хүсэлт бичгээр гаргаж байсан боловч энэ хүсэлтийг хангаагүй. Тэгтэл хохирогчийн хүү Х.Очирхуяг, хохирогчийн төрсөн ахын хүү Д.Эрдэнэчулуун нар нь гэрч Ж.Өлзийбаатарыг 66-99 ХӨҮ улсын дугаартай фургон машинд суулган голын захад аваачиж дарамталсан мэдээлэл байдаг. Үүний дараа Ж.Өлзийбаатар хоёр дахь мэдүүлэг өгөхдөө эхний мэдүүлгээ өөрчилж намайг талийгаачийг боосон, миний амьдралдаа хэлж үзээгүй үгсийг хэлсэн мэтээр мэдүүлсэн байдаг. Энэ талаар би болон миний өмгөөлөгч удаа дараа хүсэлт гаргаж нүүрэлдэн байцаалт өгөх гэсэн боловч хангаагүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр дахин хүсэлт тавихад хохирогчийн өмгөөлөгч Н.Тэрбиш нь гэрч Ж.Өлзийбаатарыг хамгаалалтанд авах шаардлагатай талаар хоёр дахин босч хэлж байсан. Мөн хохирогч Д.Х нь шүүх хурал дээр Ж.Өлзийбаатарыг хорьж шалгаж өг гэсэн хүсэлт гаргаж байгаагүй гэж мэтгэлцэж байсан. Энэ талаар хэргийн материалд болон хэлэлцүүлгийн тэмдэглэлд байгаа. Үүнийг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Шүүх хурал дээр хохирогчийн өмгөөлөгч Н.Тэрбиш нь “Талийгаач Д.Нг боосны улмаас үүссэн гэмтэл гэдгийг шүүх эмнэлгийн удаа дараагийн дүгнэлтээр тогтоосон байгаа” гэж мэтгэлцсэн боловч хэргийн материалд ийм нотлох баримт байхгүй. Харин шүүх эмнэлгийн дүгнэлтэд боолтын ул мөр илрээгүй гэсэн байдаг.

Хохирогчийн өмгөөлөгч Э.Ганбат нь “Гэм буруутай эсэх асуудал нь нотлогдсон гэж үзэх бүрэн боломжтой. Хохирогч болон шүүгдэгч Б нарын хоорондоо маргалдсан, барьцалдаж зодолдсон гэдгийг гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон” гэж дүгнэсэн. Гэвч хэргийг шалгах явцад хохирогч өөрөө унасан, юм мөргөсөн, цохиулсан эсэхийг тогтоож нотлоогүй хийсвэр дүгнэсэн.

Гэрч Д.Бямбачулуун /хохирогчийн төрсөн ахынх нь охин/ мэдүүлэхдээ “...талийгаач Н нь Галт сумаас Мөрөн суманд хүргэгдэж ирэх хугацаандаа ямар ч ухаангүй, байнгын хүчилтөрөгчийн аппаратаар амьсгалж байгаад ирсэн. Бид нар хүчилтөрөгчийн аппаратыг моторт залган асааж ашиглаж явсан. Н нь Галт сумаас анх гарсан байдалтайгаа явсаар байгаад л Мөрөн суманд ирсэн” гэж мэдүүлсэн.

Гэвч талийгаач нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өглөө 09:00 цагийн орчимд намайг гэрт нь очиход баруун гар, хөл нь хөдлөхгүй, яриа нь сайн ойлгогдохгүй хэрнээ ухаан санаа нь зүгээр байсан. Эхнэр Г.Нямжав нь толгой чинь өвдөж байна уу гэхэд үгүй гэж толгой дохиж байсан, юм уух уу гэхэд тэгье гэж толгой дохиж байсан. Энэ тухай би анх мэдүүлэгтээ мэдүүлсэн. Мөн сумын Засаг дарга, Хурлын дарга, Тамгын дарга, бусад Засаг даргын тамгын газрын ажилчид аймаг руу явахад нь гаргаж өгсөн. Энэ үед талийгаач зүүн гараа зүгээр хөдөлгөн, зүгээр хэвийн ярьж байсан мэдээлэл байдаг. Энэ талаар мөрдөн байцаагч дарга нар болон хүмүүсээс мэдүүлэг авахдаа асуулт тавиагүй. Галт сумаас гараад 30 орчим километр яваад “Бумбат” гэх газар ухаан алдаж, хүчилтөрөгч залгаж Мөрөн сум орсон талаар хохирогч Д.Х аймгийн нэгдсэн эмнэлэг дээр олон хүмүүст ярьсан байдаг.

Прокурор П.Итгэл, мөрдөн байцаагч Н.Ганзориг нар нь хэргийн мөрдөн байцаалтын явцад илэрхий нэг талыг барьж хэргийг хянаж, мөрдлөг хийж байсан нь хэргийн материалд болон шүүхийн хоёр удаагийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд тодорхой байгаа. Прокурор П.Итгэлийг сольж өөр прокуророор хэргийг хянуулахаар би болон миний өмгөөлөгч Д.Содномдорж аймгийн Прокурорын газарт хүсэлт гаргасан боловч прокуророос татгалзах үндэслэл байхгүй байна гэсэн хариу өгсөн. Миний өмгөөлөгч Д.Содномдорж дээд шатны прокурорын газарт гомдол гаргана гэсэн боловч гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн.

2018 оны 11 дүгээр сарын 6-нд болсон анхан шатны шүүх хурлын дараа намайг цагдан хорьж байхад миний ээж Е.Тогтохбаяр надтай уулзахаар ирсэн. Би прокурорыг татгалзах үндэслэлүүдийн талаар ээжид ярьтал прокурор П.Итгэлтэй манайх төрөл садангийн холбоотойг хэлж, улмаар лавлагаа авч давж заалдах хуралд танилцуулж прокурор П.Итгэлийг татгалзаж шүүх хурал хойшилсон. Прокурор Л.Отгончимэг томилогдож давж заалдах хурал болсон ч хэргийг мөрдөн байцаалтад буцаагаагүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Хэрэв мөрдөн байцаалтад буцааж миний болон өмгөөлөгчийн хүсэлтийг хангасан бол П.Итгэл прокурорын хийсвэр дүгнэлт нь нотлох баримтаар няцаагдах байсан. Хэргийн материалд намайг талийгаачийг гадаа цохисон, зодсон гээд байгааг нотлох баримт байхгүй. Тийм байтал намайг хийсвэр дүгнэлтээр ялласанд маш их гомдолтой байна.

Хэрэгт байцаалт өгсөн гэрчүүдийн мэдүүлэгт намайг талийгаачийг цохиогүй, харин гаднаас орж ирэхдээ нүүрэндээ зулгарсан шархтай, хувцас нь шороо болсон байсан тухай мэдүүлгийг гадаа гараад “Зодож алсан” гэж хийсвэр дүгнэлт хийж намайг хэлмэгдүүлсэнд маш их гомдолтой байна.

Хэрвээ би талийгаачтай зодолдсон, аль эсвэл ядаж нэг удаа цохисон байсан бол өөрийгөө буруутай гэж үзэн хохирогч нартай уулзаж уучлалт гуйн буруугаа хүлээх ухамсар надад байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үнэн бодит байдалд нийцсэн шийдвэр гаргаж хэргийг мөрдөн байцаалтад буцаан дахин шалгаж өгнө үү” гэжээ.

 

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Талийгаач Д.Нын газар дээрх болон тээвэрлэлтийн үеийн эмчилгээ тодорхой бус, ухаангүй, биеийн байдал маш хүнд хүнийг аймгийн төв рүү 5-6 цаг тээвэрлэх шаардлага байсан эсэх, хол замд даваа, гүвээ ихтэй газарт автомашинаар зөөж тээвэрлэсэн нь өвчин хүндрэхэд нөлөөлсөн эсэхийг тогтоогоогүй бөгөөд тухайн үед ямар мэргэжлийн эмч замд эмчилгээ хийж, талийгаачийн биед хяналт тавьсан нь тодорхой бус байдаг.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Монгол улсын Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн нь шийтгэх тогтоол, магадлалаас харагддаг. Талийгаач Д.Ныг ялтан Н.Б цохисон гэдгийг харсан гэрч байхгүй, гэмтэл цохилтоос үүссэн гэдгийг хөдөлбөргүй тогтоож чадаагүй. Мөн гэрч Өлзийбаатарын мэдүүлэгт “...талийгаач нь Билэгдэмбэрэлийн нүүрэн тус газар 2 удаа цохисон...” гэж мэдүүлсэн байдаг. Мөн гэрч Нарантуяагийн мэдүүлэгт “...талийгаач гаднаас шороо болсон байдалтай орж ирсэн...” гэж мэдүүлсэн байхад талийгаач Ныг ялтан Н.Б зодож алсан гэж үзсэнд гомдолтой байна.

Гэрчүүдийн мэдүүлгээр талийгаач нь архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдаг ба ухсан нүх рүү унаж байсныг ялтан Н.Б гэрчилдэг. Шинжээчийн дүгнэлтэнд талийгаачийн гэмтэл уналт болон цохилт хоёрын алинаас үүссэн болохыг тогтоогоогүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж цохилтоос үүссэн гэмтэл гэж үзсэнд гомдолтой байна. Хэрэг учрал болсон гэх газарт байсан нүхийг шалгалгүй орхигдуулсан.

Талийгаач Ныг ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ амь нас нь хохирсон гэх шалтгаанаар Сангийн яамнаас 22.000.000 төгрөгийн тэтгэмж олгосон байдаг. Учир нь тэтгэмжийг талийгаачийн ар гэрийнхэн авахдаа талийгаачийг хүнд алуулсан бус ажил үүргээ гүйцэтгэх явцдаа зуурдаар нас барсан талаар материал бүрдүүлсэн. Тэтгэмж авсан талаар гэрч Галт сумын Засаг даргын тамгын газрын дарга Ганбаатарын яриа СД-гээр хавтаст хэрэгт хавсаргасан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл, 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хүнийг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэж түүнд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд ялтан Н.Б хүн алсан гэх шалтгаан тогтоогдохгүй байх тул  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 306 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 4 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Н.Бийг цагаатгаж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй. Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан.

Шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй/

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 5 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Галт сумын захиргааны байрны гадаа Д.Нтай маргалдан улмаар түүнийг зодож алсан гэмт хэргийг үйлдсэн” гэж дүгнээд уг дүгнэлтийнхээ үндэслэл болох нотлох баримтуудыг дурдсан байна. Гэвч шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн дээрх нотлох баримтууд дотор шүүхийн “Н.Б нь Д.Ныг Галт сумын захиргааны байрны гадаа “Зодож алсан” болохыг нотолсон нотлох баримт байхгүй байгаа болно.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын тэргүүлэх зэргийн шинжээч эмч Т.Амартүвшин, шинжээч эмч Ч.Эрдэмболор, С.Чулуунсүх нарын 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан 125 дугаартай дүгнэлтийн 3-т “Тархины аксоны тархмал гэмтэл гэдэг нь цохилт, доргилтын улмаас толгой хүчтэй эргэх хөдөлгөөнд ороход тархины багана хэсэг бэхэлгээ сайтай учир энэ хөдөлгөөнөөс хоцорч түүний эдэд гэмтлийн өөрчлөлт орохыг хэлнэ” гэжээ. Иймээс энэ гэмтэл нь тухайн хүний өөрийнх нь хөдөлгөөний улмаас үүсч болох эсэхийг болон энд дурдсан “хүчтэй эргэх хөдөлгөөн нь” хүний хүчин зүйлээс үүсэх боломжтой эсэхийг онцолж нарийвчлан тогтоох зайлшгүй шаардлагатай байсан ба энэ нь хэргийг шийдвэрлэхэд онцгой чухал ач холбогдолтой болно.

Талийгаач Д.Нын хүзүүний 5 дугаар нугалмын арын сэртэнгийн хугарал гэмтэл нь хэзээ, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр, ямар нөхцөл байдалд үүссэн болон тархины аксоны тархмал гэх гэмтэлтэй холбоотой эсэхийг нарийвчлан шалгаагүй /шинжээчийн шүүхийн хэлэлцүүлгийн явцад асуултанд хариулсан баримтаас өөр нотлох баримт үгүй/ байгаа.

Шүүгдэгч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгах талаар түүний өөрийнх нь болон өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хангаагүй, оролцогчийн эрхийг зөрчсөнөөс гадна “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1/, “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” /мөн зүйлийн 2/ гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Гэрч Ж.Өлзийбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хоёр удаагийн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй байдаг ба шүүгдэгч нь энэ талаар шүүхийн өмнөх шатанд “Гэрч Өлзийбаатар нь худал мэдүүлэг өгсөн байна, миний хэлээгүй үгийг хэлсэн болгож мэдүүлсэн байна” гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байсан, гэрч Ж.Өлзийбаатартай нүүрэлдэн байцаалт өгөх хүсэлт гаргасан, шүүхийн хэлэлцүүлэгт “Хохирогч нь гэрч Ж.Өлзийбаатарыг фургонд суулгаад голын зах руу аваачиж дарамталсан гэх яриа байсан” гэж мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэлийн 10 дугаар талд/, мөн хохирогчийн өмгөөлөгч Э.Ганбат шүүхийн хэлэлцүүлэгт “Өлзийбаатарын мэдүүлгийг хууль сануулж авсан. Нэмэлт мэдээлэл аваад мэдүүлэгтээ хэрэглэж байгааг хориглох боломжгүй чухал ач холбогдолтой ажиллагаа гэж үзэж байна” /шүүх хуралдааны тэмдэглэлийн 34 дүгээр тал/ гэснээс үзэхэд гэрч Ж.Өлзийбаатараас дахин мэдүүлэг авах, түүнд мэдүүлэг өгөхөд нь нөлөөлсөн эсэхийг тогтоох, Н.Бтэй нүүрэлдүүлэн байцааж, нотлох баримтыг  тэмдэглэлд тусган бэхжүүлж үнэлэх шаардлагатай байна.

Шүүх хурлын хэлэлцүүлгийн шатанд шинжээчид дүгнэхдээ шүүх хурлын тэмдэглэлийн 31 дүгээр талд “...хүзүүг мушгих, тархи доргих зэргээс хугарал үүссэн байх үндэслэлтэй байгаа. Гэмтлээр үхлийн шалтгаан тогтоогдсон тул шалтгаант холбоотой гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна” гэжээ. Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг зэргийг хуульд заасан шаардлагын дагуу харьцуулж үнэлээгүй.

Шинжээч нар шүүх хурлын хэлэлцүүлгийн шатанд талийгаачийн үхлийн шалтгааныг ямар нэг хордлого, үндсэн өвчин шалтгаалахгүй гэсэн боловч хавтаст хэргийн 277 дугаар хуудсанд байгаа шүүхийн нотлох баримтаар үнэлсэн баримтуудаар үхэлд нөлөөлж болно гэсэн дүгнэлт гарсан. Шүүхийн шийдвэрийн тодруулах хэсэгт яллах болон цагаатгах нотлох баримтыг бүх талаас нь үнэлсэн гэж дурдсан боловч шүүхийн шийдвэр үндэслэл гаргахдаа үнэлээгүй.

Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт болон шүүх хурлын тэмдэглэлд талийгаачийн үхлийн шалтгааныг эмгэг өвчин болон нурууны сэртэнгийн хугарал, тархины гэмтэл зэрэг хоорондоо холбоогүй гэж үзэж болох уу гэхэд шинжээч эмч Эрдэмболор “Болно” гэсэн хариулт өгсөн байна. Дээрх үхлийн шалтгааныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд нь нарийн мэргэжилтнүүдийн /Г.Цагаанхүү, Ц.Дэлгэрмаа АШУИС/ нийтлэлээр тодорхойлогдсон байх бөгөөд үүнийг нотлох баримтаар хавсаргаж, үнэлсэн боловч үгүйсгэх баримтыг шүүх хуралдаанаар нотлоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ”,

Мөн зүйлийн 2-т “Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийг тусгана. 2.1-т “Гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд  нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал” гэжээ. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт хэрэг үйлдсэн гэх арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэрийг нотолсон нөхцөл байдлууд, эдгээртэй холбогдох нотлох баримтуудыг дурдаж тусгаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т “Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн яллах дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана” гэсэн байхад анхан шатны шүүхийн шийдвэрт Н.Бийн өмгөөлөгчийн саналын үндэслэлийг няцаасан үндэслэлийг тусгаагүй байна.

Өмгөөлөгч болон улсын яллагчийн хоорондын мэтгэлцээний агуулгыг дурдаагүй. Хэн нь хэнийхээ талаас гаргаж байгаа нотлох баримтыг хэрхэн үгүйсгэж, хэрхэн баталж байгааг шүүхийн шийдвэрт тусгаагүй. Энэ нь дээрхи хуулийн заалтыг зөрчсөн. Мөн зүйлийн 3-т “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт дараах зүйлийг тусгана”, 3.1-т “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга...” гэсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд заасан дээрх хэлбэрээр үйлдэгдээгүй, өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь хуульд заасан дээрх хоёр хэсгээс бүрдээгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Н.Бийг цагаатгаж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Тэрбиш хэлсэн саналдаа: “Шүүгдэгч Н.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдалд нийцсэн ял шийтгэл оногдуулсан байх тул шийтгэл тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Б нь амь хохирогч Д.Нтай маргалдан улмаар түүнийг зодож  алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн биед учирсан гэмтэл нь урагш чигээрээ унахад үүсэх боломжгүй, харин баруунаас зүүн тийш чиглэлтэй толгой руу хүчтэй цохисноос хүзүү хойшоо огцом эргэх, савах үед тархины аксоны тархмал гэмтэл үүссэн болох нь тогтоогджээ. Мөн хүзүүний сэртэнгийн хугарал нь шинэ гэмтэл бөгөөд шүүгдэгчийн үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой болох нь нотлогдсон гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Содномдорж, В.Энхболд нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.Бд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 5 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Галт сумын захиргааны байрны гадаа хохирогч Д.Нтай маргалдан, түүнийг зодож “тархины аксоны тархмал гэмтэл” учруулж алсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзнэ.

Хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг өөрсдийн дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч Н.Бийг амь хохирогч Д.Нтай маргалдан улмаар түүнийг зодож алсан гэж хэргийн үйл баримтыг сэргээж тогтоосныг хяналтын шатны шүүхээс үгүйсгэх, өөрчлөн дүгнэх боломжгүй юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Нарантуяагийн өгсөн “...Н дарга гаднаас нүүр царай, хувцас хунар нь тэр чигээрээ цагаан саарал шороо болсоор орж ирсэн. Орж ирэхдээ Д шиг хүүхэд тэгдэггүй л байхгүй юу гэж хэлсээр ууртай орж ирсэн. ...Н даргын нүүрийг хальт арчихад хамар дээр нь шалбарчихсан байсан. ...Н даргын хувцсыг арчиж байхад дээгүүрээ өмссөн хүрэмнийх нь ханцуй хэсэг нь оёдлоо дагаад урагдчихсан байсан. ...Н дарга өрөөнөөс гарч ирээд манаачийн хаалгыг онгойлгоод намайг хүргээд өг гэж хэлээд эргэж байхад дотор талын ордог хаалгаар Б орж ирж таарсан, тэгээд тэр хоёр шууд барилцаад авсан. Тэр хоёрыг барилцаад авах үед нь би Баагий бушуу гарч ирээрэй гэж хэлсэн. ...Н дарга, Б хоёр үүдэнд таараад барилцаж аваад Бийн дээгүүр доогуур цохилцсон” /1хх-56-58/,

гэрч С.Өлзийжаргалын өгсөн “...Н дарга орж ирэхдээ Д гэж хэлсээр нүүр царай, үс, хувцаснууд нилэнхүйдээ битүү шороо болчихсон, өмсөж явсан пиджакны ханцуй нь урагдчихсан байдалтай орж ирсэн. ...Даргын нүүрийг арчихад хамарны зүүн хэсэгт нь шалбарчихсан, зүүн хөмсөгний дээд тал нь овойчихсон байдалтай байсан.” /1хх-60-62/,

гэрч Ж.Өлзийбаатарын өгсөн “... би босоод гутал, хувцасаа өмсөөд өрөөнөөс гарахад Н дарга, Бтэй хаалганы үүдэнд хоолойгоо боолцчихсон байдалтай зогсож байсан. ...Н дарга Б хоёр бараг 10 орчим минут өөд өөдөөсөө арцалдаад барилцаж авсан. ...Тэгэхээр нь би Наранбаатар даргыг шатаар буулгаад захиргааны урд талын сандал дээр аваачиж суулгасан... Н дарга сууж байснаа газарт доошоогоо хараад хэвтчихсэн. ...Б талийгаач Н даргыг өмсөж явсан пиджакны захыг нь гараараа мушгиад хоолойг нь ...нилээн удаан буюу 4-5 минут боочихсон, би тухайн үед тавиулах гэж нилээн ноцолдож байж арайчүү тавиулсан. ...Б талийгаач Ныг боож байхдаа чамайг ална, урдуур чинь шаагаад хойгуур чинь хошногоор чинь гаргана гэж хэлж байсан...” /1хх-68-71/ гэсэн мэдүүлгүүд, мөн амь хохирогч Д.Н нь тархины аксоны тархмал гэмтлийн улмаас тархи хавагнаж комд орж нас барсан болохыг тогтоосон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 906 болон 125 дугаар дүгнэлтүүд /1хх-192-195, 2хх-248-3хх-1-2/ зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх нөхцөл байдал анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Б, амь хохирогч Д.Н нар тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас гэрч С.Нарантуяа, С.Өлзийжаргал, Ж.Өлзийбаатар нарын дэргэд харилцан нэгнийгээ заналхийлж, ноцолдсон үйл баримт болон амь хохирогчийн биед учирсан гэмтлийн шинж байдал зэргээс харахад амь хохирогчийг нүхэнд хий гишгэж газар унасны улмаас тархины аксоны тархмал гэмтэл авч нас барсан гэж үзэх үндэслэлгүй байх тул энэ талаар шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзэв.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхээс тогтоосон үйл баримтыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Бийн хяналтын журмаар гаргасан “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үнэн бодит байдалд нийцсэн шийдвэр гаргаж хэргийг мөрдөн байцаалтад буцаан дахин шалгаж өгнө үү”, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж, В.Энхболд нарын “...шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү” гэх гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 306 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 4 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Д.Содномдорж, В.Энхболд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                           ДАРГАЛАГЧ                                                    Б.ЦОГТ

                                           ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН