Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2016/01115

 

А.Нуржаны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 329 дүгээр шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 212/МА2016/00032 дугаар магадлалтай,

А.Нуржаны нэхэмжлэлтэй

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлэгт холбогдох

Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2-р багийн бага эмчийн орон тоонд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Цэнгэл сумын сум дундын эмнэлэгт тус сумын 2 дугаар багийн хүний бага эмчээр ажилд орсон бөгөөд ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаагүй. 2013 оны 9 дүгээр сард Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмч К.Сьез надад “Чи 3-4 сартай жирэмсэн учраас хөдөө ажиллаж чадахгүй юм байна, би чамайг аймгийн төвд ажиллуулна” гэж хэлээд миний оронд Цэнгэл сумын 2 дугаар багийн хүний бага эмчээр н.Айбөпег томилсон. Тухайн үед би ерөнхий эмч К.Сьезийн хэлсэн үгэнд итгэж 2014 он хүртэл ажилгүй байж байгаад 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус сумын 9 багийн хүний бага эмчээр томилогдсон. Цэнгэл сумын сум дундын эмнэлэгт ажиллаж байсан сувилагч н.Амантай чөлөө авсан учраас ерөнхий эмч К.Сьез намайг сувилагч н.Амантайгийн оронд ажиллуулна гэж хэлсэн ч намайг н.Харшыгагийн оронд томилон ажиллуулах тухай тушаал гаргаж, би уг орон тоонд 10 дугаар сарын сүүлчийн өдрүүд хүртэл ажиллаж байгаад 11 дүгээр сард ажил хийгээгүй, Өлгий сумын төвд ирж хагалгаанд орсон. 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Цэнгэл сумын 1 дүгээр багийн хүний бага эмч н.Бибигүл ээлжийн амралт авахад тэр хүний оронд томилогдон 2014 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ажилласан. Би ажлаас халагдах үед 4 сартай жирэмсэн байсан бөгөөд 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүүхэд төрүүлсэн, одоо хүүхэд маань 2 нас 2 сартай. Би ажил үүргээ гүйцэтгэж байхад Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмч К.Сьез нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1.-д заасныг үндэслээд тушаал гаргасан ч би хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас гарах тухай хүсэлт гаргаагүй. Намайг ажлаас чөлөөлөх тушаал гаргахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасныг баримталсан ч би хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахад хүргэх ямар нэгэн ноцтой зөрчил гаргаагүй.

Ажлаас халагдах тухай тушаалын хуулбарыг 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гардаж авсан ч эх хувийг нь надад гардуулж өгөөгүй. Тухайн үед ажил олгогчийн надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг авсан ч үүнд миний гарын үсэг байхгүй байсан. Би уг хөдөлмөрийн гэрээг Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн дүн бүртгэгч н.Дауренээс 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Нуржаныг Цэнгэл сумын 2 дугаар багийн хүний бага эмчээр 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 08 дугаар тушаалаар томилон ажиллуулсан. А.Нуржанд Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 17 дугаартай тушаалаар сануулах арга хэмжээ авсан. Нэхэмжлэгч нь тухайн үед ажил хийх сонирхолгүй, өөрийн хариуцсан Цэнгэл сумын 2 дугаар багт очихгүй, дандаа сумын төвд гэртээ байдаг бөгөөд уг асуудлаар Цэнгэл сумын 2 дугаар багийн Засаг дарга 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 03 дугаартай албан бичиг хүргүүлсэн. Цэнгэл сумын 2 дугаар багийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 34 дугаартай албан бичгийг үндэслээд 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 20 дугаартай тушаал гаргаж, А.Нуржаныг ажлаас чөлөөлсөн.

А.Нуржанаас яагаад өөрийн хариуцсан багтаа очиж ажиллахгүй байна вэ? гэж асуухад “Би хөдөө ажиллаж чадахгүй” гэж хэлсэн. Тухайн үед А.Нуржан нөхөрт гараагүй болохоор түүний жирэмсэн гэдгийг мэдээгүй. 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр А.Нуржан ирсэн тул ажлаас халах тухай тушаал гаргаж, тушаалыг гардуулахад ямар нэгэн маргаан гаргаагүй тул өөрөө ажлаас халагдахыг хүлээн зөвшөөрч байна гэж бодсон. А.Нуржан 2014 онд шалгалт өгч лицензээ аваад надтай ирж уулзаад учир байдлаа хэлэхэд нь тухайн үед би жирэмсэн байсан боловч танд хэлж чадсангүй, одоо ажилгүй амьдрал хэцүү байна гэж хэлсэн. Уг хүсэлтийн дагуу Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн сувилагч Харшыга 1 сарын цалингүй чөлөө авахад би 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 34 дугаар тушаал гаргаж, А.Нуржаныг ээлжийн сувилагчаар ажиллуулсан. 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр А.Нуржан эмнэлэгт ээлжид гарахад өвчтөнд хийх ёстой эмчилгээг хийгээгүй гэж өвчний ар гэрийнхэн Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан тул Цэнгэл сумын 1 дүгээр багийн хүний бага эмч н.Бибигүл жирэмсний амралт авахад 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 39 дугаартай тушаалаар А.Нуржаныг түр томилж, 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ажиллуулсан ч А.Нуржан өөрийн хариуцан ажиллах ёстой багт очоогүй тухай Цэнгэл сумын 1 дүгээр багийн Засаг дарга албан бичиг хүргүүлсэн. А.Нуржан нь өөрийн хариуцсан ажлыг зохих ёсоор гүйцэтгэхгүй байгаа болохоор 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 1 сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Цэнгэл сумын 1 дүгээр багийн хүний бага эмч нь ажилд орох хугацаа нь болоогүй байхад 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр шууд ажилд нь томилсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 329 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 зүйлийн 128.1.2.-д зааснаар нэхэмжлэгч А.Нуржаны Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаартай ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2-р багийн бага эмчийн орон тоонд эгүүлэн тогтоолгохыг тус эмнэлгийн эрхлэгчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 212/МА2016/00032 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 329 дүгээр шийдвэрийг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч А.Нуржан нь “2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Ажлаас чөлөөлсөн тухай” тушаалыг 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр надад танилцуулсан, ажлаас чөлөөлсөн тушаалыг албан ёсоор надад гардуулаагүй, танилцуулаагүй гэх боловч ажлаас чөлөөлсөн 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаартай тушаал гарсныг “би мэдээгүй, надад танилцуулаагүй” гэдэг нь үндэслэлгүй байна. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Р.Даурен нь “...А.Нуржан 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ирж, би ажлаас гарсан тушаалаа гээсэн байна, надад тушаал хэрэгтэй боллоо гэхээр нь тэр өдөр дахин канондож өгсөн. А.Нуржанд 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 25 тоот тушаалыг биеэрээ гардуулж өөрт нь өгсөн, өгөхөд ямар ч тайлбаргүй хүлээж авсан” гэж мэдүүлэг болон Р.Даурений хавтаст хэрэгт авагдсан нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт, хариуцагч Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн эрхлэгч нь “гомдол гаргагч А.Нуржанд ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг 2013 оны 8 дугаар сарын 03-ны өдөр албаны өрөөнд танилцуулан, дүн бүртгэлийн эмч Р.Даурен гардуулж өгсөн” гэх тайлбараар тус тус нэхэмжлэгч А.Нуржан нь 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Ажлаас чөлөөлсөн тухай” тушаалаа гардаж авч, танилцсан нь нотлогдож байна’’ гэж дүгнэжээ. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн заалтыг зөрчсөн. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.-т заасан үүргээ биелүүлж ажилтанг ажлаас чөлөөлсөн тушаалын нэг хувийг албан ёсоор гардуулан хүлээлгэн өгөх үүрэгтэй. Гэтэл хариуцагч нь ажилтанд тушаалын нэг хувийг албан ёсоор гардуулсан эсэхийг шүүхийн өмнө баримтаар нотолж чадаагүй. Гэрч Р.Даурен нь тушаал гардуулан өгөх эрх бүхий албан тушаалтан мөн эсэх нь эргэлзээтэй, түүний гараар үйлдсэн тодорхойлолт нь А.Нуржан шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш үйлдсэн баримт, тэрээр хариуцагчийн шууд удирдлагын дор, эрхлэгчээс хараат ажилладаг доод тушаалын албан тушаалтан учраас түүний мэдүүлгийг үнэн зөв гэхэд эргэлзээтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасныг зөрчсөн. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасныг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгчид ажлаас чөлөөлж байгаа тухайгаа албан ёсоор мэдэгдээгүй. Ажил олгогч нь А.Нуржаныг ажлаас чөлөөлөхөд эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй байна гэсэн үндэслэл зааж байгаа ч ажлаас чөлөөлөхөд 1 сарын өмнө мэдэгдээгүй нь буруу. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн Хөдөлмөрийн гэрээ ажил олгогч ажилтан нар хэзээ байгуулсан нь тодорхойгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23 зүйлд заасныг баримтлан гэрээний гол нөхцөлийг тусгаагүй байх тул уг хөдөлмөрийн гэрээг дүгнэх боломжгүй байна” гэжээ. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.1, 23.2.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3-т заасныг ноцтой зөрчсөн буруутай үйл ажиллагаа, А.Нуржантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь шүүхээс хууль зүйн дүгнэлт өгч шийдвэрлэхэд хүндрэл учруулж байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйд А.Нуржаны буруу байхгүй. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан бол маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байх байсан. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн маргаантай эрх зүйн харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх үндэслэлтэй байна.

А.Нуржан нь Цэнгэл сумын 2 дугаар багт хүний бага эмчээр ажиллаж байсан байх ба 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус сумын 9 дүгээр багт сувилагчаар томилогдон ажилласан, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1 дүгээр багт жирэмсэн хүний оронд багийн бага эмчээр ажиллаж байгаад 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр чөлөөлөгдсөн үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч нь 2 дугаар багийн хүний бага эмчийн ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн тушаалыг мэдээгүй, 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр мэдэж, тушаалыг гардаж авсан гэж 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.” гэж заасан.

Хөдөлмөрийн эрх зүйн маргаанд хөөн хэлэлцэх хугацааг богиносгон, тусгайлан зохицуулсан бөгөөд уг зохицуулалт нь аливаа хөдөлмөрийн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хэм хэмжээ мөн болно. Уг зохицуулалттай холбоотойгоор хөөн хэлэлцэх хугацааг тоолох Иргэний хуульд заасан журмыг хэрэглэх тул шаардах эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс шаардах эрх үүсэх нөхцөлийг шүүх бүрэн шалгаж, дүгнэх ёстой байна. Шүүх ажил олгогчийн тушаалыг ажилтан гардаж авсан үйл баримтыг үнэлэхдээ нэхэмжлэгч эрх зөрчигдсөнөө мэдэх ёстой байсан эсэхийг дүгнээгүй нь хуульд нийцээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь тус сумын 2 дугаар багт хүний бага эмчээр ажиллаж байсан боловч  2013 оны 9 дүгээр сараас ажиллахаа больсон атлаа 2014 оны 10 дугаар сарын 01, мөн оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өөр өөр газар ажиллаж байсан үйл баримтаас үзвэл 2013 оны 9 дүгээр сараас хойш эрх зөрчигдсөн байдлаа мэдэх боломжтой байсан эсэхийг  тодруулах нь зүйтэй байжээ. Нөгөө талаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй болохыг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.-т заасан тул маргаанд хэрэглэх эсэхийг дүгнэх шаардлагатай болно.

Хариуцагчийн зүгээс хяналтын шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн агуулгатай тайлбар ирүүлсэн боловч шүүх хуралдаанд биечлэн оролцоогүйгээс гадна маргааны ач холбогдол бүхий байдал тодорхой бус учир шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 329 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 212/ШШ2016/00032 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч А.Нуржан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд нар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Х.СОНИНБАЯР              

    ШҮҮГЧ                                                      П.ЗОЛЗАЯА