Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 032

 

А.Нуржаны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Туяа, шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 329 дүгээр шийдвэртэй, тус аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт оршин суух Жадик какен овогт Амантайн Нуржаны нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлэгт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгч А.Нуржан, түүний өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн төлөөлөгч К.Сьезд, түүний өмгөөлөгч С.Алтай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2-р багийн бага эмчийн орон тоонд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Би 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Цэнгэл сумын Сум дундын эмнэлэгт тус сумын 2 дугаар багийн хүний бага эмчээр ажилд орсон бөгөөд ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаагүй. 2013 оны 09 дүгээр сард Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн Ерөнхий эмч К.Сьез надад Чи 3-4 сартай жирэмсэн учраас хөдөө ажиллаж чадахгүй юм байна, би чамайг аймгийн төвд ажиллуулна гэж хэлээд миний оронд Цэнгэл сумын 2 дугаар багийн хүний бага эмчээр Айбөпег томилсон. Тухайн үед би Ерөнхий эмч К.Сьезийн хэлсэн үгэнд итгэж 2014 он хүртэл ажилгүй байж байгаад 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус сумын 9 багийн хүний бага эмчээр томилогдсон. Цэнгэл сумын Сум дундын эмнэлэгт ажиллаж байсан сувилагч Амантай чөлөө авсан учраас Ерөнхий эмч К.Сьез намайг сувилагч Амантайгийн оронд ажиллуулна гэж хэлсэн боловч намайг Харшыгагийн оронд томилон ажиллуулах тухай тушаал гаргасан байна. Би уг орон тоонд 10 дугаар сарын сүүлчийн өдрүүд хүртэл ажиллаж байгаад 11 дүгээр сард ажил хийгээгүй, Өлгий сумын төвд ирж хагалгаанд орсон. Улмаар 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Цэнгэл сумын 1 дүгээр багийн хүний бага эмч Бибигүл ээлжийн амралт авахад тэр хүний оронд томилогдон 2014 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ажилласан. Би ажлаас халагдах үед 4 сартай жирэмсэн байсан бөгөөд 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүүхэд төрүүлсэн, одоо хүүхэд маань 2 нас 2 сартай. Би ажил үүргээ гүйцэтгэж байхад Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн Ерөнхий эмч К.Сьез нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт заасныг үндэслээд тушаал гаргасан боловч би хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас гарах тухай ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Бас Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн Ерөнхий эмч К.Сьез нь намайг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасныг баримталсан боловч би хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахад хүргэх ямар нэгэн ноцтой зөрчил гаргаагүй. Би ажлаас халагдах тухай тушаалаа 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гардаж авсан боловч намайг ажлаас халах тухай тушаалын эх хувийг гардуулж өгөөгүй. Мөн тухайн үед ажил олгогчийн надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг авсан боловч үүнд миний гарын үсэг байхгүй байсан. Би уг хөдөлмөрийн гэрээг Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн дүн бүртгэгч Дауренээс 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр авсан болно. Иймд намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох тухай шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: А.Нуржаныг Цэнгэл сумын 2 дугаар багийн хүний бага эмчээр 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 08 дугаар тушаалаар томилон ажиллуулсан. Улмаар А.Нуржанд Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 17 дугаартай тушаалаар сануулах арга хэмжээ авсан. Нэхэмжлэгч А.Нуржан тухайн үед ажил хийх сонирхолгүй, өөрийн хариуцсан Цэнгэл сумын 2 дугаар багт очихгүй, дандаа сумын төвд гэртээ явж байдаг бөгөөд уг асуудлаар Цэнгэл сумын 2 дугаар багийн Засаг дарга 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 03 дугаартай албан бичиг хүргүүлсэн. Улмаар би Цэнгэл сумын 2 дугаар багийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 34 дугаартай албан бичгийг үндэслээд 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 20 дугаартай тушаал гаргаж, нэхэмжлэгч А.Нуржаныг ажлаас чөлөөлсөн. Би А.Нуржанаас яагаад өөрийн хариуцсан багтаа очиж ажиллахгүй байна вэ? гэж асуухад Би хөдөө ажиллаж чадахгүй гэж хэлсэн. Тухайн үед А.Нуржан нөхөрт гараагүй болохоор түүнийг жирэмсэн гэдгийг мэдээгүй. 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр А.Нуржан ирсэн учраас түүнийг ажлаас халах тухай тушаал гаргаж, тушаалыг гардуулсан. А.Нуржан тушаалаа гардаж аваад ямар нэгэн маргаан гаргахгүй тушаалыг аваад явсан учраас А.Нуржан өөрөө ажлаас халагдахыг хүлээн зөвшөөрч байгаа юм байх гэж бодсон. Улмаар А.Нуржан нь 2014 онд шалгалт өгч лицензээ аваад надтай ирж уулзаад тухайн үед би жирэмсэн байсан боловч танд хэлж чадсангүй, одоо ажилгүй амьдрал хэцүү байна гэж хэлсэн. Уг хүсэлтийн дагуу Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн сувилагч Харшыга 1 сарын цалингүй чөлөө авахад би 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 34 дугаар тушаал гаргаж, А.Нуржаныг ээлжийн сувилагчаар ажиллуулсан. 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр А.Нуржан эмнэлэгт ээлжид гарахад Нарангэрэл гэдэг өвчтөнд хийх ёстой эмчилгээг хийгээгүй гэж өвчтөний ах нь болох Эрдэнэбаатар гэдэг хүн Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн үйлчилгээ нь муу, ээлжийн сувилагч ажил дээрээ унтаад байна гэж гомдол гаргасан. Улмаар Цэнгэл сумын 1 дүгээр багийн хүний бага эмч Бибигүл жирэмсний амралт авахад 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 39 дугаартай тушаал гаргаж, А.Нуржаныг түр томилж, 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ажиллуулсан. Тэгэхэд А.Нуржан мөн адил өөрийн хариуцан ажиллах ёстой багт очихгүй, сумын төвд гэртээ байгаад байсан бөгөөд Цэнгэл сумын 1 дүгээр багийн Засаг дарга нь хүний бага эмч багтаа ирээд ажиллахгүй байна гэж албан бичиг хүргүүлсэн. Тухайн үед А.Нуржан нь өөрийн хариуцсан ажлыг зохих ёсоор гүйцэтгэхгүй байгаа болохоор 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 1 сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Улмаар Цэнгэл сумын 1 дүгээр багийн хүний бага эмч нь ажилд орох хугацаа нь болоогүй байхад 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр шууд ажилд нь томилсон болно. Би нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 329 дүгээр шийдвэрээр: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч А.Нуржаны Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаартай Ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2-р багийн бага эмчийн орон тоонд эгүүлэн тогтоолгохыг тус эмнэлгийн эрхлэгчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай; 2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга: Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтыг зөрчсөн. Ажил олгогч А.Нуржаныг ажлаас чөлөөлсөн тушаалын нэг хувийг албан ёсоор түүнд гардуулж өгсөн гэдгээ баримтаар нотолж чадаагүй. Мөн ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтыг зөрчсөн. Ажил олгогч А.Нуржаныг 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөх тухайгаа албан ёсоор мэдэгдээгүй. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.1, 23.2.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3-т заасныг ноцтой зөрчсөн. Ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байгаа нь шүүхээс уг маргаанд хууль зүйн дүгнэлт өгч шийдвэрлэхэд хүндрэл учруулж байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байгаа нь ажил олгогчийн буруутай ажиллагаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга: А.Нуржанд 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 25 дугаар тушаалыг гардуулж өгсөн гэдгийг эмнэлгийн боловсон хүчин, дүн бүртгэл хариуцсан ажилтан Р.Даурен гэрчилсэн. Би 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр А.Нуржаны гэрт өөрийн биеэр очиж ажилдаа ирэхийг сануулж, уг зөрчлийг давтан гаргавал ажлаас чөлөөлөхийг сануулж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

А.Нуржан нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлэгт холбогдуулан эмнэлгийн эрхлэгчийн 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн бага эмчийн орон тоонд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргажээ.

 

Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 8 дугаар тушаалаар А.Нуржаныг тус эмнэлгийн 2 дугаар багийн бага эмчийн ажилд томилж, 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

А.Нуржан нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаар А.Нуржаныг ажлаас чөлөөлөх тухай тушаалд холбогдуулан, ажлаас буруу халагдсан тухай гомдол гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан хугацааг хэтрүүлсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон гэрч Р.Даурений мэдүүлгээр ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.-т заасан үүргээ биелүүлж, ажилтныг ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг халагдсан өдөрт нь гардуулсан, А.Нуржан нь тушаалыг тухайн үед хүлээн авсан нь тогтоогдсон байна гэж дүгнэв.

 

Шүүх А.Нуржаны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үндэслэсэн учраас Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 329 дүгээр шийдвэрийг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

С.ӨМИРБЕК