Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 720

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

     Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,

     Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт оршин суух, Жадик кененовогт Амантайн Нуржаны нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сум дундын эмнэлэгт холбогдох дахин шийдвэрлэх иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг шаарджээ.

     Нэхэмжлэгч А.Нуржан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн бага эмчийн орон тоонд 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн тус эмнэлгийн эрхлэгчийн дугаар 08 тоот тушаалаар бүр томилогдож, 2013 оноос хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж ажиллаж байсан билээ. Би 2011 онд МУЭМШУИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургуулийг Бага эмч,сувилагч мэргэжлээр төгссөн ба лицензээ 5 жилийн хугацаатайгаар шалгалт өгч хууль, журмын дагуу авсан, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болно.

     Ажилд томилогдсоноос хойш 2013 оны 9 дүгээр 20-ны өдөр хүртэлх ажилласан нийт хугацаанд өөрийн хариуцсан үүрэгт ажлаа ямар нэгэн зөрчил, дутагдалгүй, хариуцлагатай гүйцэтгэж байгаад эхний хүүхдээ 4 сартай жирэмсэн байх үед тус эмнэлгийн эрхлэгч К.Съез нь тухайн өдрөөс эхлэн чамд багт ажиллахад хүндрэлтэй юм байна гэж намайг 2013 оны 10 дугаар сарын 01-нээс сумын төвд ажиллуулна гэсэн санал хэлж, түр хугацаанд буюу 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилдаа ирэхгүйгээр хүлээж байгаарай гэхэд миний бие түүнд итгээд тэр хүртэл нь хүлээсэн. Тэр үед ажлаас чөлөөллөө гэж хэлээгүй, ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй байсан.

     Гэвч 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс сумын төвд ажиллуулаагүй тул намайг 9 дүгээр багийн эмчээр түр хугацаанд ажиллуулсан. Тус багийн эмчээр түр ажиллаж байгаад 2014 оны 10 дугаар сарын 25-нд аймгийн төвд очиж хагалгаанд орж ирээд, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс жирэмсний болон амаржсаны амралт авсан 1 дүгээр багийн эмчийн оронд дахиж түр хугацаагаар томилогдож 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад нөгөө ажилтан жирэмсний болон амаржсаны амралтын хугацаа нь дуусч ажилдаа эргэж ирснээр гарсан.

     Тухайн үед буюу 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр намайг сумын төвд шилжүүлэх талаар санал хэлснээс эхлэн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл бусдын оронд түр хугацаагаар ажиллуулж байх хооронд, түүний дараа 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөр ажлаас чөлөөлсөн тушаалаа олж мэдэх хүртэл намайг ажлаас чөлөөлсөн тухай нэг ч удаа дуулгаж байгаагүй. Чөлөөлөх ч боломжгүй, бодолгүй байсан. Гэвч ажлаас чөлөөлсөн тушаалыг хуульд нийцүүлэх үүднээс тушаалын он сар өдрийг албаар 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөрт тааруулж гаргасан ба энэ тушаал нь яг тухайн үед гараагүй, би сүүлдээ сумын төвд орон тоо гарахгүй юм шиг байна, би хуучин орон тоондоо ажилламаар байна, хэрвээ ажлаас чөлөөлсөн бол тушаалаа гардуулаач гэх зэргээр нэхэх үед л бичигдсэн гэж үзэж байна. Хэрвээ үнэхээр 2013 оны 9 дүгээр сарын 20-ны үеэр миний бие тус тушаалын үндэслэл хэсэгт дурдсан хөдөлмөрийн гэрээг шууд зогсоохоор сахилгын ноцтой зөрчил гаргасан, өөрийн санаачилгаар чөлөөлөгдөх хүсэлт өгсөн бол тухайн үед л тушаал гарч надад гардуулах ёстой байсан. Бүр надад сумын төвд шилжүүлэх санал ч хэлэхгүй, мөн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл бусдын орон тоонд түр хугацаагаар 2 удаа 4-5 сарын хугацаанд ажиллуулах ч үгүй байсан.

     Эмнэлгийн эрхлэгч К.Съезийн ийм хууль бус үйлдлийн улмаас миний бие жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхээ ч 2 удаа алдаж, хохирол амссан.

     Намайг ажилд эргүүлж авах шинжгүй болж, оронд маань өөр хүнийг бүр томилсон талаар олж мэдээд, тэгвэл ажлаас чөлөөлсөн бол би тушаалаа авмаар байна гэж араас нь хэд хэдэн удаа нэхэж байгаад 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр надад ажлаас чөлөөлсөн тушаалыг танилцуулсан. Тэрнээс биш ажлаас чөлөөлсөн тушаалыг албан ёсоор надад гардуулаагүй, танилцуулаагүй. Би тухайн үед л тус тушаалыг олж мэдээд, зургийг нь утсаараа авсан байсан.  Ийм тушаал гаргасан байсныг миний бие 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр л олж мэдсэн болно.

     Эмнэлгийн эрхлэгч К.Съез нь дээрх ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргахдаа Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг тус тус үндэслэл болгосон байна.

     Гэвч миний бие өөрийн хүсэлтээр буюу ажилтны санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт бичгээр болон амаар гаргаагүй, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй, бага эмчээр ажиллах бүрэн эрхтэй байхад дээрх үндэслэлүүдээр ажлаас чөлөөлөх тушаал гаргасныг ойлгохгүй байна.

     Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг зөрчиж Ажил олгогч нь жирэмсэн /ажлаас чөлөөлсөн тушаал гарсан 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр миний бие эхний хүүхэддээ 4 сартай жирэмсэн байсан/ эмэгтэй, гурав  хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд буюу ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, эсвэл мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсоноос бусад тохиолдолд ажлаас халахыг хориглосоор байтал намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

     Өнөөдрийг хүртэл намайг чирэгдүүлээд, хэд хэдэн газарт түр хугацаагаар ажиллуулаад, хүлээлтийн байдалтай явж байх зуур он сар өдөр нь ямар ч авцалдаагүй, зохиомол, хууль бус тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлсөн нь тухайн үед жирэмсэн, 3 хүртэлх насны 2 хүүхэдтэй эх миний эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байгаа хэрэг гэж үзэж байна.

     Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хөндөгдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маань сэргээж өгөхийг шүүхээс хүсэж байна гэжээ.

     Хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгч К.Сьезд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 1.А.Нуржаныг гуйлт хүсэлт болон зөрчилгүй ажиллах болно гэсэн амлалтыг нь харгалзаж 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 08 тоот тушаалаар тус Цэнгэл сумын 2 дугаар багийн хүний бага эмчээр бүр орон тоонд томилон ажиллуулсан ба багийн эмчид олгогдох мотоцикль, багийн төвд байдаг 5 ортой багийн эмнэлэг, контор байрыг нь хүлээлгэн өгч итгэл үзүүлэн ажиллуулсан юм.

     Тус 2 дугаар баг нь Цэнгэл сумаас 65 км алслагдсан Цагаан голын эх-Загастнуур гэдэг газарт байдаг ба багийн эмнэлгийн төвд 4 дүгээр багийн эмч бас л байрладаг халаалт, тохилог орон байр, тавилга, эм тариа, багаж хэрэгслээр хангагдсан ажиллах боломжтой газар юм.

     Тус багийн иргэд, хөдөлмөрчдөд эм, эмнэлгийн шуурхай үйлчилгээг  үзүүлэх  үүргийг бага эмч А.Нуржан хариуцсан байсан юм. Хууль журмаар бол: Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй бол эмчээр ажиллуулахгүй атал би А.Нуржаны 2012 ондоо багтаж шалгалт өгч зөвшөөрлийн гэрчилгээ авах болно гэсэн амлалтанд нь итгэж ажиллуулсан юм.

     Мөн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ хийж нэг хувийг нь түүнд өгсөн.

     2. Гэтэл 2 дугаар багийн иргэд, малчдаас 2013 оны 7, 8 дугаар сараас удаа дараа гомдол ирсэн. Тухайлбал, А.Нуржан нь 2 дугаар баг огт байдаггүй, дуудлагаар очиж ажилладаггүй, мэдлэг боловсрол тааруу байна. Өөр хүнээр /эмчээр/ сольж ажиллуулах зэрэг утгатай гомдлууд байсан, А.Нуржан нь 2 дугаар багт тогтвор, суурьшилтай байдаггүй, байнга Цэнгэл сумын төвд төрсөн гэртээ байдаг байсныг эрхлэгчийн хувьд би олон удаагийн шалгалтаар илрүүлэн тогтоож, байнга сануулан анхааруулж, зөвлөгөө өгч байсныг гэрчлэх олон хүн бий. Хамгийн сүүлд би иргэдийн гомдол хүсэлтээр 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр шалгахаар А.Нуржаны сумын төвд байдаг гэрт нь очиход тэр орон дотор хэвтэж байсан ба гэрт нь аав нь Амантай байсан. Би А.Нуржанд Та 2 дугаар багт цалин хөлс авч, эмчээр ажиллаж, иргэдийн итгэл, найдварыг хүлээсэн хүн. Ингэж ажил таслаад, сул цалин авч сумын төвд гэртээ байгаад байх юм бол чамайг ажлаас чөлөөлнө. Ажилдаа оч гэж шаардлагаа тавьсан.

     Гэтэл А.Нуржан нь Ажлаас чөлөөлбөл чөлөөл, би хөдөө ажиллаж амьдарч чадахгүй гэсэн юм. Би түүнийг ажилдаа очих байх гэж бүтэн нэг сар хүлээсэн ба ажилдаа очилгүй ажил таслаад байхаар нь түүнийг эмнэлэгт дуудаад 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 25 дугаар тушаалаар тасалбар болгон холбогдох хууль, дүрэм, гэрээг үндэслэн ажлаас чөлөөлснийг мэдэгдэж тушаалын нэг хувийг А.Нуржаны өөрт нь өгсөн юм. Үүнд:

     А. А.Нуржан нь олон өдөр, хоног, сараар ажил тасалсан бөгөөд энэ тухай өөрөө ч хүлээж хөдөлмөрийн гэрээг цуцлахыг зөвшөөрсөн юм.

     Б.Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг шалгалт өгч аваагүй болохоор цаашид А.Нуржаныг эмчээр ажиллуулах нь хууль зөрчсөн үйлдэл байсан юм. Эдгээр нөхцөл байдлыг А.Нуржаны өөрт нь нэг сарын өмнө мэдэгдэж сайн ойлгуулан хэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлөх тушаал гаргаж өгсөн.

     3. А.Нуржан нь ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг авч байхдаа өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч сумын төвд ажиллах орон тооны ажил гарвал авч ажиллуулахыг хүссэн ба би мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө авбал цаашид туслая гэж хэлж байсан юм. А.Нуржан нь ажлаа 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр сайн дураар 2 дугаар багийн бага эмчээр томилогдсон М.Айбөбед албаны унаа болох мотоцикль, албаны контор, эм тариа, бичиг баримтын хамтаар хүлээлгэн өгсөн. Энэ байдал нь гомдол гаргах хугацаа аль хэдийд нь өнгөрснийг нотолж байна.

     4. Харин А.Нуржаныг эмчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсны дараа түүний гуйлт, хүсэлтийг хүлээн авч 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 06-ны хооронд  тус сумын 1 дүгээр багийн бага эмч Ө.Бигүл болон Б.Харшига нар жирэмсний амралттай байх хугацаанд тэдний оронд түр хугацаагаар авч ажиллуулсан юм. Энэ бол түүнд үзүүлсэн туслалцаа байсан.

     5. А.Нуржан нь саяхан надад ирж: Би таны надад өгсөн ажлаас чөлөөлсөн тухай 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 25 тоот тушаалыг гээгдүүлсэн байна. Та нэг хувийг нь өгнө үү гэж хэд хэдэн удаа гуйгаад байхаар нь уг тушаалыг хуулбарлаж өгсөн.Гэтэл  шүүхэд  уг  тушаалын нэг хувийг дөнгөж сая авсан. Ажлаас чөлөөлөгдсөнөө мэдэнгүүт нэхэмжлэл гаргаж байна гэж ичих нүүргүй худал гүтгэж бичиж нэхэмжлэл гаргасан байна. Ингэж хандвал чи ажилд орж, цалингаа нөхөж авч амжилтанд хүрнэ гэсэн хэн нэгний муухай ятгалгаанд орж төөрөгдөж нэхэмжлэл гаргасан байх гэж бодож байна.

     6. А.Нуржан нь сахилгын зөрчил гаргаж, улмаар хөдөлмөрийн гэрээг өөрөө санаачлан ажлаас чөлөөлөгдсөнөө мэдэхгүй царайчилсан ч 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 2 дугаар багийн бага эмчээр шинээр томилогдсон Айбөбед ажлаа, албаны өрөө, бичиг баримт,  унаа мотоциклийг хүлээлгэж өгөхдөө эрүүл саруул байсан. Одоо 2016 оны 4 дүгээр сар буюу 3 жил шахуу болчихсон байхад ажлаас чөлөөлөгдсөнөө мэдэхгүй явжээ гэж байгааг нь сэрүүн зүүдэлж байна гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй юм.

     25 дугаартай тушаалыг би А.Нуржанд өгснийг гэрчлэх баримт бичиг байгаа ба тэд  нотолгоо болно. Ажилдаа очилгүй, санаатайгаар ажил тасалж ажлаас чөлөөлбөл чөлөөл гэж үйлдлээрээ илэрхийлсэн байдлыг ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэл болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

     Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн шинээр томилогдсон эрхлэгч К.Өмиргүл шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмч ажилтай К.Өмиргүл би Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сум дундын хүн эмнэлгийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд нэхэмжлэгч А.Нуржанаас Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн бага эмчийн орон тоонд эгүүлэн тогтоолгохыг тус эмнэлгийн эрхлэгчид даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч би хүлээн зөвшөөрч байгааг үүгээр албан ёсоор мэдэгдэж байна. А.Нуржаныг би 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Цэнгэл сумын 2 дугаар багийн хүний бага эмчийн ажилд эгүүлэн томилох тухай тушаал гаргах юм.

     Иймд А.Нуржаны нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сум дундын  эмнэлэгт холбогдох иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

     А.Нуржаны нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сум дундын эмнэлэгт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай дахин шийдвэрлэх иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгч К.Өмиргүл нь нэхэмжлэгч А.Нуржаны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

     Иймд энэ хэргийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгч К.Өмиргүл нь нэхэмжлэгч А.Нуржаныг Цэнгэл сумын 2 дугаар багийн бага эмчийн ажилд эгүүлэн тогтоохоор болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Нуржан нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

     Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

     1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгч К.Өмиргүл нь нэхэмжлэгч А.Нуржаныг Цэнгэл сумын 2 дугаар багийн бага эмчийн ажилд эгүүлэн тогтоохоор болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Нуржан нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгч К.Өмиргүл нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

      4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Х.МЕЙРАМБЕК