Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 01852

 

МАГАДЛАЛ

 2020.08.31                                    Дугаар 1852

 

 

 

 

 

 

О.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

              

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ний өдрийн 183/ШШ2020/01534 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Б-т холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 43 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Хариуцагчийн өмгөөлөгч Г.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 Хүннүгийн гудамж 216 байр, 18 тоотод байршилтай 64.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 138 000 000 төгрөгөөр худалдахаар үл хөдлөх эд хөрөнгө болон тээврийн хэрэгслийн арилжааны гэрээг байгуулсан. Гэрээнд заасан нөхцлийн дагуу орон сууцны үнэд 95 000 000 төгрөгт Т.Бнь өөрийн эзэмшлийн Лексус 570 маркийн автомашиныг шилжүүлж, зөрүү 43 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Гэтэл уг 43 000 000 төгрөгийг төлөөгүй тул уг мөнгөн хөрөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие энэхүү арилжааны гэрээг байгуулах болсон шалтгаан нь М.Б 110 000 000 төгрөгийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс мөн оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд 3 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. М.Буг зээлийн төлбөрт О.Э-ын байрыг шилжүүлэн өгсөн. О.Э нь М.Б-тай байр худалдах, худалдан авах гэрээ байгуулж төлбөр тооцоо бүрэн дууссан гэж гэрээнд заасан. 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө болон тээврийн хэрэгслийн арилжааны гэрээнд миний бие төлбөр тооцоо дууссан гэсний дагуу гарын үсэг зурсан. О.Э нь М.Бумнасангаас авах тооцоогоо хэдэн төгрөгийн тооцоотой талаар огт мэдээгүй. М.Бумнасанг хариуцагчаар татах нь хуульд нийцнэ. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.1, 274.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Б-ээс 43 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч О.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Т.Б-т зөрүү төлбөр 43 000 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээ нэхэмжлэгч нотлоогүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг зөвшөөрөхгүй. Учир нь Т.Б43 000 000 төгрөг төлсөн болохоо нотлох ёстой. Хариуцагч Т.Бүлдэгдэл 43 000 000 төгрөгийг М.Бтөлөх ёстой гэж татгалзлаа илэрхийлж байгаагаар 43 000 000 төгрөг төлөгдөөгүй гэдэг нь нотлогдоно. М.Бнь Т.Батцэцэгийн худалдаж авсан байрны урьдчилгаанд 15 000 000 төгрөгийг шилжүүлсэн байсныг Т.Бнадаас худалдаж авсан байрны төлбөрт шилжүүлсэн гэж тайлбарласан. Хэрэв М.Буг 15 000 000 төгрөгийг Т.Батцэцэгийн 43 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөрт тооцуулна гэвэл хасаж үлдэгдэл 28 000 000 төгрөгийг нэхэмжилнэ. Шүүх О.Эаас Т.Батцэцэгийн өмчлөлд орон сууцыг шилжүүлсэн. Т.Б-ээс О.Э-ын өмчлөлд тээврийн хэрэгсэл шилжүүлснээр гэрээний дээрх хэсэг биелсэн гэж үзсэн. Гэтэл шүүх үлдэгдэл 43 000 000 төгрөгийг төлөөгүй байхад төлсөн гэж дүгнэсэн. Гэрээ байгуулах үед 43 000 000 төгрөгийг төлөөгүй ч гэрээнд тооцоог төлсөн гэж тусгасан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж М.Бумнасангийн төлсөн 15 000 000 төгрөгийг хасаж үлдэгдэл 28 000 000 төгрөгийг Т.Б-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул  шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч О.Э нь хариуцагч Т.Б-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө болон тээврийн хэрэгслийн арилжааны гэрээний үүрэгт 43 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Т.Бнэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч  “Уг орон сууцны төлбөрт 46-71 ДАР улсын дугаартай Лексус 570 маркийн автомашиныг 95 000 000 төгрөг тооцож өгсөн, зөрүү 43 000 000 төгрөгийг М.Бтөлсөн. Төлбөрийн тооцоо байхгүй” гэж маргасан байна.

 

Зохигчид 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө болон тээврийн хэрэгслийн арилжааны гэрээ” байгуулж, О.Э нь Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 Хүннүгийн гудамж 216 дугаар байр, 18 тоот хаягт байршилтай 64.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Т.Батцэцэгийн өмчлөлд шилжүүлэх, Т.Бнь 01869321 тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, 46-71 ДАР улсын дугаартай, Лексус ЛХ 570 маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашиныг О.Э-ын өмчлөлд шилжүүлж, зөрүү 43 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч төлбөрийн зөрүү 43 000 000 төгрөгийг төлж, төлбөр тооцоо дууссан гэж гэрээндээ тусгажээ. /хх-5х/

 

Гэрээнд зааснаар автомашиныг О.Э-ын өмчлөлд шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй ба орон сууцны үнийн зөрүү 43 000 000 төгрөгийг төлсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Хэргийн 60-74 дүгээр талд “Хаан банк” ХХК дахь О.Э-ын эзэмшлийн 5070320089 тоот дансанд М.Бумнасангаас 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 10 000 000 төгрөг,  2018 оны оны 8 дугаар сарын 17-ны өдөр 3 000 000, 2 000 000 төгрөг тус тус шилжүүлсэн баримт авагдсан байх боловч Т.Батцэцэгийн О.Эаас худалдаж авсан орон сууцны үлдэгдэл төлбөрийг М.Бтөлөх үүрэг хүлээсэн буюу төлж барагдуулсан гэх байдал уг баримтаар хангалттай тогтоогдохгүй байна.

           Иймд шүүх “хариуцагч Т.Борон сууцны зөрүү 43 000 000 төгрөгийг  төлөх үүргээ биелүүлсэн” гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчжээ.

           

Хэрэг хянан шийлвэрлэх ажиллгааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс М.Бумнасанг гэрчээр асуулгах  хүсэлт гаргасан ба шүүх 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2020/08172 дугаар захирамжаар уг хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх журмыг зөрчсөн байна.

 

Учир нь шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрчийг дуудаж мэдүүлэг авах ба энэхүү гэрчийн мэдүүлэг нь өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэл болдог.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх боломжоор шүүх хангах үүрэгтэй. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэх боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаар 183/ШШ2020/01534 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 297 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдусгай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ

 

                                       ШҮҮГЧИД                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                 Д.БАЙГАЛМАА