Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2020/01534

 

 

 

 

 

 

 

 

2020                06              03  

                                    183/ШШ2020/01534

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О.Э

 

Хариуцагч: Т.Б

 

  Гэрээний үүрэгт 43 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: ...........шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…О.Э миний бие өөрийн эхнэр Г.Ундрамын дундын өмчлөлийн ............тоот хаягт байршилтай 64.2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Т.Б т 138 000 000 төгрөгөөр худалдахаар үл хөдлөх эд хөрөнгө болон тээврийн хэрэгслийн арилжааны гэрээг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан. Гэрээнд заасан нөхцлийн дагуу орон сууцны үнэ 138 000 000 төгрөгийн 95 000 000 төгрөгт Т.Б  нь өөрийн эзэмшлийн Лексус-570 маркийн автомашиныг миний өмчлөлд шилжүүлж, зөрүү 43 000 000 төгрөгийг мөнгөөр төлж барагдуулахаар тохиролцсон. Гэтэл машиныг шилжүүлсэн боловч үлдэх төлбөрийг төлөөгүй, төлбөрөөс зайлсхийж олдохгүй байсаар өдийг хүрсэн тул 43 000 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү” гэв.

 

          Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”...Хариуцагч Б.Б  миний бие энэхүү арилжааны гэрээг хийх болсон шалтгаан нь М.Бумнасан гэх хүнд 110 000 000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд 3 хувийн хүүтэйгээр зээлэхээр харилцан тохиролцож, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээг байгуулсантай холбоотойгоор М.Бумнасан нь зээлэндээ уг байрыг би төлбөрийг бүрэн төлсөн гэж шилжүүлсэн. Нэхэмжлэгч О.Э нь М.Бумнасантай байр худалдах, худалдан авах хэлцлийг хийж төлбөрийг төлснөөр тухайн үед О.Э нь төлбөр тооцоо бүрэн дууссан болно гэж гэрээн дээр гарын үсэг зурсан байсан. Ингэхдээ би уг нотариатаас худалдах гэрээ хийх үедээ бидний хоорондын гэрээнд М.Бумнасанг оруулж өгөөч, би зээлсэн мөнгөндөө авч байгаа талаар хэлсэн ба энэ хүмүүсийн хоорондын хийсэн тохиролцоо, хэлцлийн асуудлыг би мэдэхгүй. 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө болон тээврийн хэрэгслийн арилжааны гэрээг би төлбөр тооцоо дууссан гэсний үндсэн дээр л гарын үсгээ зурсан. Гэтэл нэхэмжлэгч О.Э нь М.Бумнасангаас авах тооцоогоо хэдэн төгрөгийн тооцоотой талаар огт мэдээгүй намайг энэ хэрэгт хариуцагчаар татаж байгаа нь үндэслэлгүй. О.Э нь М.Бумнасантай анх тохиролцож, байрны зөрүү мөнгийг М.Бумнасан О.Энх-Амарт тооцоо хийсэн тул энэ хэргийн жинхэнэ хариуцагч М.Бумнасанг олж хэрэгт хариуцагчаар татах нь хуульд нийцнэ. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

О.Э нь хариуцагч Т.Б т холбогдуулан гэрээний үүрэгт 43 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан, О.Энх-Амар, Т.Б  нарын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө болон тээврийн хэрэгслийн арилжааны гэрээ”-гээр нэхэмжлэгч нь О.Энх-Амар, Г.Ундрам нарын өмчлөлийн ...................2 өрөө орон сууцыг хариуцагч Т.Б т 138 000 000 төгрөгөөр худалдахаар, Т.Б  нь өөрийн өмчлөлийн ..... ДАР улсын дугаартай, Лексус-570 маркийн автомашиныг хдалдан авч буй орон сууцны үнэ 138 000 000 төгрөгийн 95 000 000 төгрөгт тооцож нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр талууд харилцан тохиролцож, улмаар үл хөдлөх эд хөрөнгө Т.Б ийн өмчлөлд, тээврийн хэрэгсэл О.Энх-Амарын өмчлөлд шилжсэнээр гэрээний дээрх хэсэг биелэгдсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна.   

 

Харин нэхэмжлэгч нь “...Т.Б  гэрээгээр тохиролцсоны дагуу зөрүү 43 000 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний үүрэг шаардаж байна” гэж тайлбарласан,  

           хариуцагч “.... М.Бумнасанд 110 000 000 төгрөгийг зээлдүүлсэн, М.Бумнасан нь зээлэндээ уг байрыг би төлбөрийг бүрэн төлсөн гэж шилжүүлсэн. ...дээрх гэрээнд төлбөрийг төлсөн талаар харилцан тохиролцсон, тооцоо дууссан гэсний үндсэн дээр гарын үсгээ зурсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргасан.

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.1, 274.3-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг худалдан худалдан авах зорилготой арилжааны гэрээ байгуулагдсан байх бөгөөд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан болон гэрээгээр хүлээсэн тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүргээ зохигчид биелүүлсэн, мөн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан  болон гэрээний  2 дугаар зүйлийн 2.3-т заасан орон сууц болон автомашины зөрүү 43 000 000 төгрөгийг төлөх үүргээ Т.Б  биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т “Зөрүү 43 000 000 төгрөгийг төлсөн болно. Төлбөр тооцоо дууссан болно” гэх заалтаар тогтоогдохоос гадна нэхэмжлэгч нь Т.Б ийг зөрүү төлбөр 43 000 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл, шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байна.  

 

Иймд хариуцагч Т.Б  үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар түүний хууль болон гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.1, 274.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Б ээс 43 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч О.Энх-Амарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНГӨНТУУЛ