Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/00872

 

О.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01534 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1852 дугаар магадлалтай,

О.Эын нэхэмжлэлтэй,

Т.Бт холбогдох,

Гэрээний үүрэгт 43,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Э, хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.Э нь хариуцагч Т.Бт холбогдуулан “Үл хөдлөх эд хөрөнгө болон тээврийн хэрэгслийн арилжааны гэрээ”-ний дагуу орон сууцны үнийн зөрүү 43,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01534 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.1, 274.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Бээс 43,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч О.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1852 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаар 183/ШШ2020/01534 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 297,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.1, 274.3 дахь хэсэгт заасныг үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж 2020.06.03-ны өдрийн 183/ШШ2020/01534 дугаартай шийдвэр гаргасан. Харин Нийслэлийн давж заалдах шатны шүүх нь “Хэргийн 60-74 дүгээр талд “Хаан банк” ХХК дахь О.Эын эзэмшлийн 5070320089 тоот дансанд М.Бумнасангаас 2018.04.24-ний өдөр 10,000,000 төгрөг, 2018.08.17-ны өдөр 3,000,000, 2,000,000 төгрөг шилжсэн баримт тус тус авагдсан байх болов ч Т.Бийн О.Эаас худалдаж авсан орон сууцны үлдэгдэл төлбөрийг М.Бумнасан төлөх үүрэг хүлээсэн буюу төлж барагдуулсан гэх байдал уг баримтаар хангалттай тогтоогдохгүй байна” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн 183/ШШ2020/01534 дугаартай шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, хэргийг мөн шүүхэд буцаах тухай 2020.08.31-ний өдрийн 1852 дугаартай магадлал гаргасан байдаг.

4.1 Нэхэмжлэгч О.Э нь анх М.Бумнасан гэх хүнтэй байр худалдах, худалдан авах хэлцлийг хийсэн. М.Бумнасан нь надад энэ байрны зөрүүг төлсөн тул чи тээврийн хэрэгслээ 95,000,000 төгрөгт бодож өгөөд боллоо бусдын би төлсөн гэж итгүүлсэн тул би тээврийн хэрэгслээ шилжүүлж өгсөн. Тухайн үед О.Э нар төлбөр тооцоо бүрэн дууссан болно гэж гэрээн дээр гарын үсэг зурагдсан гэрээ хэрэгт авагдсан байдаг. Т.Б нь орон сууцны талаар хийсэн гэрээ хэлцлийг огт мэдэхгүй тул энэ хэргийн хариуцагч биш юм.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

6. Нэхэмжлэгч О.Э нь хариуцагч Т.Бт холбогдуулан 43,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...орон сууцаа 138,000,000 төгрөгөөр худалдаж, 95,000,000 төгрөгт автомашин авсан, үлдэх төлбөрийг төлөөгүй тул гаргуулна” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн эс зөвшөөрч, “...М.Бумнасан зээлийн төлбөртөө О.Эын байрыг шилжүүлэн өгсөн, гэрээнд  төлбөр тооцоо бүрэн дууссан гэж заасан. О.Э нь М.Бумнасангаас авах тооцоогоо мэдэгдээгүй. М.Бумнасанг хариуцагчаар татах нь хуульд нийцнэ.” гэсэн тайлбар гаргасан байна.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

8. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болоогүйн улмаас тус шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болгож буй 2018.04.27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө болон тээврийн хэрэгслийн арилжааны гэрээнд “зөрүү 43,000,000 төгрөгийг төлсөн. Төлбөр тооцоо бүрэн дууссан” гэж бичигдсэн боловч нэхэмжлэгч уг мөнгө төлөгдөөгүй гэж шаардсан, хариуцагч М.Бумнасан төлсөн байх ёстой гэж маргаж, түүнийг гэрчээр асуулгах хүсэлт гаргажээ.

Түүнчлэн 2018.04.24, 2018.08.17-ны өдрүүдэд М.Бумнасан нийт 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгч О.Эт шилжүүлсэн тухай баримт хэрэгт авагдсан байна.

Анхан шатны шүүх хариуцагчийн гэрч асуулгах хүсэлтийг хүлээн авч, уг ажиллагааг хийхээр шийдвэрлэсэн боловч гэрч хаягтаа байгаагүйгээс мэдүүлэг авах ажиллагаа хийгдээгүй байна.

Хэргийг хэлэлцсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хариуцагч тал гэрч асуулгах хүсэлтийг дахин гаргасан, шаардлагатай бол албадан ирүүлэхийг хүссэн бөгөөд шүүх “гэрчийн хаяг тодорхой бус” тул хүлээн авах боломжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгожээ.

Тухайн гэрчээс  мэдүүлэг авах нь  хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байж болох тул гэрч асуулгах хүсэлтийг хангаагүй шүүгчийн захирамж үндэслэл муутай гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд магадлалыг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1852 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Т.Б /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбаяр/-ийн 2020.09.25-ны өдөр 372,950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Д.ЦОЛМОН